Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00060

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00596/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 27-ны өдрийн 653 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэг болон алданги нийт 3,750,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд цахимаар: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа,

     Шүүх хуралдаанд танхимаар: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2012 оны 8 дугаар 03-ны өдрийн Дугаар 32 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл 1 ширхийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн өр 2,500,000 төгрөг байна.

Иймд хугацаа хэтэрсэн өр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2012 онд урьдчилгаанд 2,500,000 төгрөг төлөөд трактор авсан. Үлдсэн 2,500,000 төгрөгийг Засгийн газраас хөнгөлөлт болгон төлнө гэж бидэнд ойлгуулсан. Ингээд тэр үеэс хойш 10 жилийн дотор хэн ч, хаанаас ч мөнгөө төл гэж хэлээгүй, шаардаагүй болохоор анх авахад хэлсэн ярьснаараа юм байна гээд мартах шахсан.

Бидэнд тэр үед төлнө гээд ойлгуулсан бол одоогоос 10 жилийн өмнө арай эрүүл байсан болохоор яаж ийгээд төлөх л байсан. Одоо бидэнд нөхөн төлөх мөнгө даанч алга. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэдийн дууссан учир төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 3,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 74,950 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

... “2012 онд бага оврын трактор FM-250 г анжисны хамт 2,500,000 төгрөг төлөөд авсан. Үлдсэн 2,500,000 төгрөгийг иргэд төлөхгүй, төрөөс буюу Хөдөө аж ахуйг дэмжих сангаас төлнө гэсэн ойлголтоор авсан. 10 жилийн дотор хэн ч, хаанаас ч үлдэгдэл төлбөрийг төлөх тухай шаардаагүй болохоор дээр ярьснаар болж гэж ойлгоод орхисон. Гэтэл гэнэт  нэхэмжлэл гаргасан нь бие муутай бидэнд хүнд цохилт болсон.

Арван жилийн өмнө бие гайгүй, ариа залуу, өвчин зовлонгүй  байсан учир төлчих л байсан. Тэр үед ард түмэндээ буруу ойлголт өгч, биднээр тоглосон сайд, дарга нарын бурууг тооцож төлөх мөнгийг хөнгөлж өгнө үү. 

Гэхдээ эх орныхоо одоогийн байдлыг бодож авсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл  2,500,000 төгрөгийг бүх боломжоо ашиглан төлье гэж шийдлээ.

Харин  сайн ойлгуулаагүй, учрыг нь ойлгуулалгүй гэрээгээр зөвшөөрүүлсэн хүү, алданги болох 1,250,000 төгрөгийг аль аль талын гаргасан алдааг нь харгалзан үзэж хасаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх  хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг  бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд  мэтгэлцэх  эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна. 

3. Хариуцагч ******* нь ... “2012 онд бага оврын трактор FM-250 г анжисны хамт 2,500,000 төгрөг төлөөд авсан. Үлдсэн 2,500,000 төгрөгийг иргэд төлөхгүй, төрөөс буюу Хөдөө аж ахуйг дэмжих сангаас төлнө гэсэн ойлголтоор авсан. 10 жилийн дотор хэн ч, хаанаас ч үлдэгдэл төлбөрийг төлөх тухай шаардаагүй болохоор дээр ярьснаар болж гэж ойлгоод орхисон. Гэтэл гэнэт  нэхэмжлэл гаргасан нь бие муутай бидэнд хүнд цохилт болсон. Арван жилийн өмнө бие гайгүй, ариа залуу, өвчин зовлонгүй  байсан учир төлчих л байсан. Тэр үед ард түмэндээ буруу ойлголт өгч, биднээр тоглосон сайд, дарга нарын бурууг тооцож төлөх мөнгийг хөнгөлж өгнө үү.  Гэхдээ эх орныхоо одоогийн байдлыг бодож авсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл  2,500,000 төгрөгийг бүх боломжоо ашиглан төлье гэж шийдлээ. Харин  сайн ойлгуулаагүй, учрыг нь ойлгуулалгүй гэрээгээр зөвшөөрүүлсэн хүү, алданги болох 1,250,000 төгрөгийг аль аль талын гаргасан алдааг нь харгалзан үзэж хасаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэсэн  агуулга бүхий гомдол гаргажээ.

3. Давж заалдах шатны шүүх гомдолд заасан үндэслэл, хэргийн үйл баримт, нөхцөл байдал зэргийг харгалзан “алданги”-ийг багасгаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

4. Хэргээс судлан үзвэл:  нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон  шаардлагадаа:  5 000,000 сая төгрөгийн үнэ бүхий FT-250 маркын бага оврын трактор, анжисны хамт урьдчилгаа 50 хувь болох  2,500,000 төгрөгийг төлж, зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр  авсан, гэрээний үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,0000 төгрөг  гаргуулна  гэж, 

Хариуцагч ******* нь 5 000,000 сая төгрөгийн үнэтэй FT-250 маркын бага оврын трактор, анжисны хамт урьдчилгаа  болох 2,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 5/таван/ жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ хийж худалдаж авсан үнэн.

Гэхдээ Засгийн газраас хөнгөлөлт болгон төлнө гэж бидэнд ойлгуулсан. Тэр үеэс хойш 10 жилийн дотор нэг ч , хаанаас ч мөнгөө төл гэж хэлээгүй, шаардаагүй. Тэр үед төлнө гэж ойлгуулсан бол яаж ийгээд төлөх л байсан. Тэр үеийн Засгийн газар, Хүнс,хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудад гомдож байна хэмээн  татгалзлын үндэслэлээ тодорхойлж,

Тэрээр тэгээд ч энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир энэ төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэж  маргажээ.

5. Хариуцагч ******* нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5,0 сая төгрөгийн үнэтэй FT-250 маркын бага оврын трактор, анжисны хамт урьдчилгаа  болох 2,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй  “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ” бичгээр байгуулсан /хх-4-6/,  тэрээр урьдчилгаа 2,500,000 төгрөг төлж FT-250 маркын бага оврын трактор, анжисны хамт худалдан авсан үйл баримт тогтоогдсон, энэ  талаар талууд маргаагүй.

6. Харин тэрээр Засгийн газраас хөнгөлөлт болгон төлнө гэж бидэнд ойлгуулсан. Тэр үеэс хойш 10 жилийн дотор нэг ч , хаанаас ч мөнгөө төл гэж хэлээгүй, шаардаагүй. Тэр үед төлнө гэж ойлгуулсан бол яаж ийгээд төлөх л байсан. Тэр үеийн Засгийн газар, Хүнс,хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудад гомдож байна.  Тэгээд ч энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир энэ төлбөрөөс чөлөөлж өгнө үү  гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ.

7. Энэхүү хэргийн маргааны үйл баримт тогтоогдсон, маргааны зүйл нь худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй, тухайлбал, худалдагч нь худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин худалдан авагч ******* нь эд хөрөнгийн үнийн урьдчилгаа төлбөр 2,500,000 төгрөгийг төлж, үлдэх 2,500,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс маргаан үүссэн  байна.

 8. Анхан шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон,

Мөн хэрэгт авагдсан Засгийн газрын 16 дугаартай тогтоол, Хүнс, хөдөө  аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-134 дугаартай тушаал, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ зэрэг бичгийн баримтуудыг харьцуулан үнэлж, зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссанаар зээлийн гэрээ дуусгавар болохыг талууд гэрээгээр тохирсон   байх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэж энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

9. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

10. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан “бага оврын ракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизингийн/-ийн гэрээ гэж нэрлэсэн гэрээний 3.3-д “ ...алданги төлөх”-өөр тохирсон, энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй, нийцсэн байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 1,250,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

11. Гэвч хэргийн 4-6 дугаар  талд авагдсан  гэрээний 5.2-т “Түрээслэгчээс түрээсийн үнэ, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгчийн лизинг хариуцсан ажилтан түрээслэгчийн бүх орлогод хяналт тавьж төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авна” гэсэн,   

5.4-т “гэрээний 3.2-т заасан графикт хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд түрээслэгчийн  бизнесийн нэр хүндэд халдах, өрийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, /худалдах/ болон шаардлагатай гэж үзвэл түрээслэгч, хамтран  түрээслэгчийн  эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг өр төлбөрийг Иргэний хуулийн 315 дугаар зүйлийг баримтлан төлүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэсэн  үүргийг   нэхэмжлэгч тал хүлээсэн байх боловч уг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр  байна.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

12. Хариуцагч *******гийн анхан шатны шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлын үндэслэлийн талаар гаргасан тайлбар зэргээс үзвэл: 

Тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэл, шалтгаанаа тухайн үед Засгийн газар төлнө гэсэн ойлголт өгсөн, гэрээгээ сайн тайлбарлаж ойлгуулаагүй, тухайн үед нь нэхэж шаардсан бол аль эрт төлөх боломж байсан, гэтэл гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хэн ч, хаанаас ч шаардаж байгаагүй, үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлнө, харин аль аль талын гаргасан алдааг харгалзан үзэж  “алданги”-г багасгаж өгнө үү гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн.   

Мөн талууд гэрээндээ “үнэ, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд  хариуцсан ажилтан нь хяналт тавьж, төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авна” гэж тохирсон байх боловч энэ талаар  ямар арга хэмжээ авагдаж  байсан нь тодорхойгүй  зэрэг нөхцөл байдлууд болон хэргийн үйл баримтыг харгалзан давж заалдах шатны шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзлээ.

13. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, хариуцагч *******гээс гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг, алданги 625,000 төгрөг, нийт 3,125,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгохоор  шийдвэрлэв.

14. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2020.04.24-ны өдрийн А-134 тоот тушаал/хх-11/, Монгол Улсын засгийн Газрын 2020.01.8-ны өдрийн 16 дугаартай “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоол/хх-10/, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба-ны улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-9/ зэрэг бичгийн баримтуудаар  нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан гэрээний үүргийг  шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй.

15. Харин хариуцагч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан байхад анхан шатны шүүх түүний зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр бус бүхэлд нь гэж ойлгож улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д заасанд нийцэхгүй байгааг анхаарах нь зүйтэйг магадлалд тэмдэглэв.

Тодруулбал, гомдол гаргагч нь “алданги” 1,250,000 төгрөгийг багасгуулах буюу хэрэгсэхгүй болгуулах гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байх тул энэ хэмжээгээр 34,550 төгрөг төлүүлэх байтал “74,950 төгрөг” төлүүлжээ.

16. Гэвч давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч *******гээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 27-ний өдрийн 653 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... хариуцагч *******гээс “3,750,000 төгрөг гаргуулж ...” гэснийг “гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг, алданги 625,000 төгрөг, нийт 3.125,000 төгрөг гаргуулж ... “ гэж,

           Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ..., “хариуцагч *******гээс  улсын тэмдэгтийн хураамжид “74,950 төгрөг” гэснийг “64,950 төгрөг”  гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

        

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                      ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                  Х.БАЙГАЛМАА