Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2022/00823

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2022/00823

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/01386/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж, ** дүгээр байр, ** давхарт, *** тоотод байрлах, утас: 7012****, 9972****, 28***** регистрийн дугаартай, В.................. ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ** дүгээр баг, Шар дэрс ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, утас: 9902****, РФ83****** регистрийн дугаартай, Ц овогт Бийн М,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Дэлгэрэх хотхон ** байр, ** дүгээр орц, **** тоотод оршин суух, утас: 9989****, МТ98****** регистрийн дугаартай, Ш овогт Бийн М нарт холбогдох,

15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т /цахимаар/,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В................... ХХК болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

В................... ХХК нь Б.Мийн нагац дүү Б.Мтай 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын ЗГ-19/** тоот гэрээг байгуулж, тус сургууль руу суралцуулахаар явуулсан болно. Зуучлалын гэрээгээр В................... ХХК нь Б.Мыг БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуульд элсэн суралцуулахад зуучлах, Б.М нь БНСУ-д визний зөвшөөрлийн дагуу суралцах үүргийг тус тус хүлээсэн. Зуучлалын гэрээг үндэслэн түүний нагац Б.Мятэй 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар №ҮХХГ-19/** тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 1. Дархан-Уул аймаг, Орхон сум, ** дүгээр баг, Хүрээлэн гудамж ** тоотод хаягтай, Ү-2004****** тоот улсын бүртгэлийн дугаартай, Ү-24.0 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2. Дархан-Уул аймаг, Орхон сум, **дүгээр баг, Хүрээлэн гудамж ** тоотод хаягтай, Г-2004****** тоот улсын бүртгэлийн дугаартай, Г-2000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт-ай газрыг тус тус барьцаалсан.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр Б.Мя нь Б.Мыг БНСУ-д сургалтын визний зөвшөөрлийн дагуу хууль ёсоор оршин суухыг баталж, БНСУ-д харлаж хууль бусаар оршин суусан тохиолдолд В................... ХХК-д 15.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Гэтэл Б.М нь сургалтын гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг зөрчиж, сургуульдаа суралцалгүй, БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуулийн визээр одоог хүртэл хууль бусаар оршин сууж байна. Үүнээс үүдэж тус сургууль нь гадаадаас оюутан авах эрхээ хаалгаж, олон мянган оюутан залуусын эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Бид Б.Мын ар гэр болон барьцааны өмчлөгч Б.Мя нарт гэрээний үүргээ биелүүлэх 5-6 сарын нэмэлт хугацаа тогтоож удаа дараа утсаар болон албан бичгээр шаардах бичиг явуулж байсан болно.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, ЗГ-19/** тоот зуучлалын гэрээний 2.4, 6.3 дахь хэсэг, ҮХХГ-19/** тоот барьцааны гэрээний 1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Б.Мя, Б.М нараас 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Мя, Б.М нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

В................... ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн татгалзал болон тайлбараа шүүх хуралдааны явцад гаргаж өгнө гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ19/* зуучлалын гэрээ байгуулсан. Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БНСУ руу онгоцоор ниссэн. Б.М нь Солонгос улсад очоод 1 жилийн хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдах ёстой байсан. 2020 оны 02 дугаар сараас эхлэн БНСУ-д Ковид-19 цар тахал гарсны улмаас 3 удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоохдоо олон нийтийн цуглааныг хориглосон. Үүний улмаас Б.М нь тухайн сургуульд суралцах боломж байгаагүй. Б.М нь суралцах боломжгүй бол буцаж Монгол улс руу орж ирэх байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолоор Монгол улсын хилийн боомтыг хэсэгчилж хааж эхэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Уг зарлигаар бүх нийтээрээ цагаан сар тэмдэглэхийг хориглосон зарлиг гарсан. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаартай засгийн газрын тогтоолын 1 дүгээр хэсэгт 2021 оны 11 дүгээр сараас хилийн боомтыг бүтнээр нь хааж эхэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дугаартай Засгийн газрын тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол улсын хилийг хаах шийдвэр гарсан. 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаартай Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хэсэгт 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол улсын хилийг хаах тогтоол гарсан. 2020 оны 02 дугаар сарын 19-ний 64 дугаартай Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хэсэгт 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Монгол улсын хилийг хаах, уг тогтоолын 5 дугаар хэсэгт засгийн газрын өмнө гаргасан 39, 62, 63 тогтоолууд хүчин төгөлдөр үргэлжилж байгаа агуулгыг бичсэн байсан. Дээрх шалтгааны үүднээс Б.М нь гадаад улсаас Монгол улс руу ирэх зайлшгүй шаардлага гарсан. Хүсэлтээ элчин сайдын яаманд өгсөн боловч тусгай үүргийн нислэгт багтаж чадаагүй. Б.М дотуур байранд 1 жилийн хугацаанд амьдраад тухайн байрнаасаа гарч өөрийн мөнгөөр Солонгос улсад байр түрээслэх болсон. Б.Мын гадаад паспорт дээр хар тамга дарагдаагүй. Хар тамга нь харласан, хууль зөрчсөн тохиолдолд хар тамга дарагддаг. Хар тамга даруулсан тохиолдолд 10 жилийн хугацаанд тухайн улс руу нэвтрэх эрхгүй болдог. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хавтаст хэргийн 6-8 дахь талд авагдсан 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зуучлалын гэрээний 7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт давагдашгүй хүчин зүйлийг хуульчилсан. Гэрээний 7.1 дэх хэсэгт давагдашгүй хүчин зүйл гэдэгт байгалийн гамшигт үзэгдэл болсон тохиолдолд хоёр тал харилцан хариуцлага хүлээхгүй байхаар заасан байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас force majest буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журмыг гаргасан. Уг журам нь хэм хэмжээний акт уг журмын 1.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт дараах таван зүйлийг ойлгон гэж заасан байдаг. Бүх төрлийн хязгаар хориг, хорио цээр, өвчин тахал зэргийг ойлгоно гэж заасан байдаг. Ковид-19 цар тахал нь БНХАУ-ын Ухань хотоос хүн сармагчин идсэнээс болж анх бүртгэгдсэнийг ДЭМБ тогтоосон. Дэлхийн ихэнх улсуудад тархаж олон сая хүн амь насаа алдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний давагдашгүй хүчин зүйлд хамаарч байна. Цар тахлаас шалтгаалж Б.М сурч чадаагүй ба Монгол улсын хилээр орж ирж чадаагүй. Нэхэмжлэгчийн тал хариуцагч Б.Мыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. 2019 оны 01 дүгээр сараас Солонгос улсад очоод 3 сарын дараа Солонгос улс хилээ хаасан ба Монгол улс мөн адил хилээ хаасан. Иймд Б.Мыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хохирол ярьдаг нэхэмжлэгч Б.М Солонгос улсын урлагийн сургуульд очоогүйн улмаас манай В................... ХХК-д хохирол учирсан гэх зүйл ярьдаг. Нэхэмжлэгч талд эдийн болон эдийн бус ямар хохирол учирсан талаа нотолж чадахгүй байна. Хохиролтой холбоотой баримт хэрэгт хавсаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Яаж хэрхэн хохирсноо нотлоогүй. Хавтаст хэргийн 70-73 дахь тал дээр Солонгос хэл дээр хамтран ажиллах гэрээ байна. Уг гэрээг хавтаст хэргийн 74-75 дахь тал дээр Монгол хэл дээр хөрвүүлсэн уг гэрээ дээр 2013-2014 оны хоорондын гэрээ байдаг. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний 2 дугаар талд А талын эрх, үүргийг заасан байдаг. Уг гэрээн дээр нэхэмжлэгч тал эрхтэй болохоос ямар ч үүрэггүй байдаг. 3 дугаар талаас эхлээд хариуцагчийн үүрэг байдаг. Хариуцагч эрхгүй зөвхөн үүрэгтэй уг гэрээний 3.7 дугаар зүйлд Б тал үүрэг, хариуцлагыг заасан. Уг 9 төрлийн торгуулийг Б.Мын хувьд аль нэг зөрчлийн гаргаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 15,000,000 төгрөг нь хууль бус шударга ёсонд нийцэхгүй гэж миний хувьд үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. 15,000,000 гаргуулах гэж байгаа юм уу аль эсвэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдэл хүргүүлсэн гэж ярьдаг тухайн мэдэгдлийг гардаж авсан эсэх нь тодорхойгүй байна. Хавтаст хэргийн 48 дахь талд Б.М гэрээний үүрэг болох 15,000,000 төгрөгийг төлнө гэх баримт байдаг боловч тухайн баримт дээр Б.Мын гарын үсэг байдаггүй. Уг гараар бичсэн зүйлийг хариуцагч Б.М огт бичээгүй гэж хэлдэг. Б.М гэрээг санаатайгаар зөрчсөн үйлдэл харагдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 3 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 4, 28 дахь тал/, БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын гэрээ /хавтаст хэргийн 5-7 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хавтаст хэргийн 89 дэх тал/, Ү-2004****** тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 10 дахь тал/, Г-2004****** тоот улсын бүртгэлийн дугаартай газар өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 11 дэх тал/, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-** дугаартай мэдэгдэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А-** дугаартай шаардлага /хавтаст хэргийн 13 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 14 дэх тал/, Монгол шуудан ТӨХК-ийн баримтууд /хавтаст хэргийн 15-16 тал/, Солонгос болон Монгол хэл дээрх Korea university of media arts их сургуулийн хэлний бэлтгэлд суралцагч элсүүлэх хамтран ажиллах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 70-77 дахь тал/, Б.Мын БНСУ-ын визний хуулбар, БНСУ-ын их, дээд сургуульд элсэн суралцахаар визээ авсан оюутны санал сэтгэгдлийн хуулбар /хавтаст хэргийн 78 дахь тал/ зэргийг,

Хариуцагч талаас хариу тайлбартай холбогдуулан нотлох баримтаар 2019**9, 2019**5, 2019**6 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримтууд /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, Б.Мын Е1691***, Е2855*** дугаартай гадаад паспортын эх хувь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай зарлиг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дугаартай, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаартай тогтоолууд /хавтаст хэргийн 94-101 дэх тал/, цахим хуудаст нийтэлсэн мэдээ бүхий баримт /хавтаст хэргийн 102-107 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В................... ХХК нь хариуцагч Б.Мяд холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Мыг татан оролцуулсан байна.

Хариуцагч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 22-нд Солонгос явсан, 2020 оны 2 дугаар сард Ковид-19 өвчин гарсны улмаас суралцах боломжгүй болсон. Засгийн газрын тогтоолоор хил хаасан тул орж ирэх боломжгүй байснаас болж 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголд ирсэн. Гэрээнд давагдашгүй хүчний талаар тусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ тодруулсан шаардлагадаа ...В................... ХХК нь хариуцагч Б.Мягийн дүү Б.Мтай БНСУ-ын Солонгосын Урлагийн их сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын гэрээ байгуулж, Б.Мд сургуулийн виз авч өгч Солонгос улс руу хэлний бэлтгэлд явуулсан. Б.Мтай байгуулсан сургалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Мятэй 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Б.М нь сургалтын гэрээгээр БНСУ-д хууль ёсны дагуу оршин суух, хэрэв гэрээний үүргээ зөрчиж хууль бусаар оршин суусан тохиолдолд сургалтын гэрээнд зааснаар 3 семестрийн төлбөр дээр 1000 долларын төлбөр буюу 4425$ нэмж нийт 5425$ төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч Б.Мятэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хариуцагч Б.Мтай байгуулсан барьцааны гэрээний салшгүй хэсэг тул барьцааны гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч В................... ХХК нь Korea university of media arts их сургуультай хэлний бэлтгэлд суралцагч элсүүлэх хамтран ажиллах гэрээ /2013-2014/-г байгуулж, уг гэрээг үндэслэж хариуцагч Б.Мтай Солонгосын урлагийн их сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын гэрээ байгуулсан байна. /хавтаст хэргийн 70-77/

Хэрэгт авагдсан 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-19/** БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын гэрээгээр нэг талаас БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуулийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газар В................... ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал албан тушаалтай З.Ю, нөгөө талаас Монгол Улсын иргэн Б.М нар суралцагч Б.Мыг БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуулийн хэлний бэлтгэл, цаашид үргэлжлүүлэн суралцахад зуучлахаар, суралцагч нь сургалтын визээр олгогдсон хугацаанд асуудал үүсгэн эх орондоо эргэн ирсэн тохиолдолд А талд барьцаалуулагч үл маргах журмаар 3.7.1-3.7.9-д заасан торгуулыг төлж барагдуулах, суралцагч нь сургалтын визээр олгогдсон хугацааг санаатай болон санамсаргүйгээр хэтрүүлэн сургалтын визний зөрчил үүсгэн харлаж, эх орондоо эргэн ирсэн тохиолдолд А талд барьцуулуулагч үл маргах журмаар 3.8.1-3.8.9-д заасан торгуулыг төлж барагдуулах, суралцагч нь сургалтын визээр олгогдсон хугацаанд 3.7-3.8-д заасан үндэслэлээр сургалтын визээр олгогдсон хугацааг хэтрүүлэн визний зөрчил үүсгэн харлаж, эх орондоо эргэн ирэхээс татгалзсан тохиолдолд барьцаалуулагч нь үл маргах журмаар 3 семестрийн төлбөр дээр 1000 долларын торгуулийг төлж барагдуулахаар... тус тус тохирсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч Б.Мас үйлчилгээний хураамж 850,000 төгрөг, эрүүл мэнд, эмнэлэгт үзүүлэх даатгалын хураамжид 400$, дотуур байрны төлбөрт 1500$ тус тус төлсөн байна. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Дээрх гэрээний дагуу Б.Мятэй 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр №ҮХХГ-19/65 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Б.Мыг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй БНСУ-ын хууль дүрэм зөрчин визний хугацаа хэтрүүлэн БНСУ-д харласан тохиолдолд 15,000,000 төгрөг төлж барагдуулахаа амлан өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Хүрээлэн гудамжны 10 тоот, 24 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт барьцаалж, гэрээ байгуулсан байна.

Хэдийгээр талууд гэрээгээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нэршилтэйгээр байгуулсан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээсэн батлан даалтын гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч талаас хариуцагч Б.Мд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны виз олгоход зуучласан байх ба хариуцагч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Буянт ухаа олон улсын нисэх онгоцны буудлаас нисэж, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаар Монгол Улсад орж ирсэн үйл баримт тогтоогдож байна.

Талууд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-19/** БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын гэрээний 7.1-д Байгалийн гамшигт үзэгдэл болсон тохиолдолд хоёр тал харилцан хариуцлага хүлээхгүй талаар тусгажээ.

Хариуцагч Б.Мыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Солонгос Улс руу гарснаас хойш Ковид-19 өвчний улмаас Монгол Улсын хил, гааль хаасан үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд уг үйл явдлын улмаас визний хугацаа сунгуулж чадаагүй, хилээр орж ирж чадаагүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх ба талууд хэдийгээр гэрээнд байгалийн гамшигт үзэгдэл гэж тусгасан боловч давагдашгүй хүчин зүйлсийн улмаас бий болсон нөхцөл байдлын үед гэрээ биелэгдэхгүйд хүрвэл хэн аль нь хариуцлага хүлээхгүй байхаар тусгасан байх тул хариуцагчийг гэрээний дагуу үүсэх төлбөрөөс чөлөөлөх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний 3.9-д заасан сургалтын визний хугацааг хэтрүүлэн визний зөрчил үүсгэн харлаж, эх орондоо эргэн ирэхээс татгалзсан зөрчил гаргасан гэж тайлбар гаргасан боловч визний зөрчил гаргаж харласан гэж юуг хэлэх, эх орондоо эргэн ирэхээс татгалзсан гэж ямар тохиолдлыг хэлж байгаа энэ нь Б.Мын ямар үйлдлээр илэрсэн нь тогтоогдохгүй байна.

Хэдийгээр хариуцагч Б.Мя нь батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Б.Мыг гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс хариуцлага хүлээх үүргийг гэрээгээр хүлээсэн боловч гэрээнд заасан давагдашгүй хүчний улмаас үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байх тул В................... ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мя, Б.М нарт холбогдох зуучлалын гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1-д тус тус зааснаар В................... ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мя, Б.М нарт холбогдуулан гаргасан 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА