Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00066

 

“Ворлд кореа” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/01386/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 20-ны өдрийн 823 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ворлд кореа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зуучлалын гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд цахимаар: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа,

Шүүх хуралдаанд танхимаар: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

“Ворлд кореа” ХХК нь *******гийн нагац дүү *******тай 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын ЗГ-19/65 тоот гэрээг байгуулж, тус сургууль руу суралцуулахаар явуулсан болно. Зуучлалын гэрээгээр “Ворлд кореа” ХХК нь Б.Мөнхтулгыг БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуульд элсэн суралцуулахад зуучлах, ******* нь БНСУ-д визний зөвшөөрлийн дагуу суралцах үүргийг тус тус хүлээсэн. Зуучлалын гэрээг үндэслэн түүний нагац *******тэй 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар №ҮХХГ-19/65 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж,  ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, Г-2000 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр ******* нь Б.Мөнхтулгыг сургалтын визний зөвшөөрлийн дагуу хууль ёсоор оршин суухыг баталж, БНСУ-д харлаж хууль бусаар оршин суусан тохиолдолд 15.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.

Гэтэл ******* нь сургалтын гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг зөрчиж, сургуульдаа суралцалгүй, БНСУ-ын Солонгосын урлагийн их сургуулийн визээр одоог хүртэл хууль бусаар оршин сууж байна. Үүнээс үүдэж тус сургууль нь гадаадаас оюутан авах эрхээ хаалгаж, олон мянган оюутан залуусын эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Бид Б.Мөнхтулгын ар гэр болон барьцааны өмчлөгч ******* нарт гэрээний үүргээ биелүүлэх 5-6 сарын нэмэлт хугацаа тогтоож удаа дараа утсаар болон албан бичгээр шаардах бичиг явуулж байсан.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, ЗГ-19/92 тоот зуучлалын гэрээний 2.4, 6.3 дахь хэсэг, ҮХХГ-19/92 тоот барьцааны гэрээний 1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн *******, ******* нараас 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч нарын  татгалзал, тайлбарын агуулга:

“Ворлд кореа” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1-д тус тус зааснаар “Ворлд кореа” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.а. ...******* нь 2 жил 1 сар 7 хоногийн дараа МУ-ын хилээр орж ирсэн. *******д БНСУ-ын ЭСЯ-аас Э-4-1 буюу хэлний бэлтгэлийн визний ангиллаар 6 сарын хугацаатай виз олгогдсон бөгөөд ******* нь БНСУ-ын ЭСЯ-ын виз сунгуулах журам, ЗГ-19/65 тоот зуучлалын гэрээний 3.6-д заасны дагуу визний зөвшөөрлийн дагуу, визээ сунгуулан оршин суух үүргээ зөрчсөн.

4.б. Талуудын хооронд байгуулсан сургалт зуучлалын гэрээгээр гэнэтийн болон болон давагдашгүй хүчин зүйлийн талаар гэрээний 7.1-т “Байгалийн гамшигт үзэгдэл болсон тохиолдолд хоёр тал харилцан хариуцлага хүлээхгүй” гэж тусгасан байсныг анхаарч үзээгүй.

4.в. ******* нь нэг ч удаа тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлт, болон виз сунгуулах хүсэлтээ БНСУ-ын ЭСЯ-нд өгөөгүй. 2020 оны 03 сарын 15-ны өдрөөс БНСУ-аас МУ-руу тусгай үүргийн нислэг хуваарийн дагуу үйлдэгдэж МУ-ын иргэдийг тусгай үүргийн нислэгээр тогтмол явуулж байсан.

4.г. МУ-ын Засгийн газрын 2021 оны 03 сарын 25 өдрийн Дугаар 77 тогтоолд хилийн бүх боомтуудыг 2021 оны 06 сарын 02 өдөр хүртэл хааж, 2022 оны 06 сарын 02 өдрөөс Чингис хаан боомтын хилийг бүрэн нээсэн байдаг. Гэтэл суралцагч ******* нь дээрх хугацаанаас хойш 6 сар 27 хоног хил нээлттэй байхад орж ирэх боломж байсаар байтал гэрээний үүргээ зөрчиж, сургалтын виз харлуулж, хууль бусаар оршин сууж байсныг шүүх анхаарч үзэлгүй.

4.д. Анхан шатны шүүх хил хаасны улмаас Б.Мөнхтулгыг гэрээний үүргээ зөрчсөн, энэ нь гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлоор хэргийг хүлээн авч хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Ворлд кореа” ХХК нь хариуцагч *******д холбогдуулж  үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны  гэрээгээр хүлээсэн үүрэг 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд манай компани БНСУ-ын Урлагийн их сургуультай байгуулсан гэрээний дагуу хариуцагч *******гийн дүү Б.Мөнхтулгыг  тус сургуулийн хэлний бэлтгэлд суралцуулах гэрээ байгуулж, БНСУ-ын виз гаргуулж өгч, суралцуулахаар явуулсан. *******тай байгуулсан сургалтын гэрээний үүрэг хангуулахаар түүний нагац эгч *******тэй 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд суралцагч ******* сургалтын визний дагуу хууль ёсоор оршин суухыг баталж, хэрэв харласан буюу хууль бусаар оршин суусан тохиолдолд “Ворлд кореа” ХХК-нд 15.000.000 төгрөг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл суралцагч ******* сургалтын гэрээ болон барьцааны гэрээг зөрчиж сургуульдаа суралцалгүй БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, зуучлалын гэрээний 2.4, 6.3, барьцааны гэрээний 1.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

            3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Мөнхтулгыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нийтийг хамарсан  Ковид-19 цар тахлын улмаас сургуульдаа суралцаж чадаагүй гэж  татгалзлын үндэслэлээ тодорхойлсон байна.

 4. Анхан шатны шүүх хариуцагч нарыг давагдашгүй  хүчний улмаас зуучлалын болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт Хамтран ажиллах болон Зуучлалын гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг 3 гэрээ нотлох баримтаар авагджээ.

Нэхэмжлэгч “Ворлд кореа” ХХК нь БНСУ-ын Урлагийн их сургуультай хэлний бэлтгэлд суралцагч элсүүлэх, хамтран ажиллах гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, гэрээний 10 дугаар зүйлийн 1 дэх заалтаар гэрээний хугацаа автоматаар сунгагдахаар тохиролцжээ.

Тус гэрээг үндэслэж хариуцагч *******тай хийсэн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ-19/65 дугаартай Зуучлалын гэрээгээр суралцагч *******  БНСУ-д хэлний бэлтгэл, цаашид үргэлжлүүлэн суралцахад зуучлахаар, суралцагч нь сургалтын визээр олгогдсон хугацаанд ямар нэгэн асуудал үүсгэн эх орондоо эргэн ирвэл нэхэмжлэгч талд торгууль төлөх тохиолдол бүрийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх,зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.

6. Дээрх гэрээний дагуу хариуцагч *******тэй 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.Мөнхтулгыг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалуулагчид 15.000.000 төгрөг төлөхөөр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан байна.

Энэхүү гэрээ нь барьцааны гэрээ нэртэй боловч гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.3-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох баталгаа гэж үзэхээр байна.

Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд баталгаа гаргаж болохыг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлээр зохицуулсан.

Талуудын хооронд байгуулагдсан баталгааны гэрээ бичгээр хийгдсэн нь  хуулийн 234.1-д “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд  үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно”, 234.2-т  “Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасантай нийцэж байна.

7. Хэргийн болсон үйл баримтаас үзвэл суралцагч ******* 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд олгогдсон сургалтын визээр 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсын хилээр гарч, БНСУ-руу нэвтэрсэн ба 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын хилээр орж ирсэн байна.

8. Б.Мөнхтулгыг БНСУ-ын хил нэвтэрсний дараагаас эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин Ковид-19 тархаж, улс орон бүр дотооддоо хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоож байсан нь нийтэд илэрхий үйл баримт болно.

Энэ талаар Монгол улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай зэрэг удаа дараагийн зарлиг, тогтоолууд гарч байсан талаарх нотлох баримтууд хэргийн 92-101 дүгээр талд авагджээ.

9. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэг нь тухайн гэрээ хэлцэл  байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл тухайн нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, түүнийг даван туулах боломжгүй болсон нөхцөл байдал юм.

10. Гэрээний талуудын хооронд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг давагдашгүй хүчин зүйл гэж ойлгох бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19, түүний улмаас тогтоосон хорио цээр нь давагдашгүй хүчин зүйл мөн байна.

11. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй  онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж зохицуулсан.

12. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал өвчин тархаж,  үүний улмаас улс орон бүр дотооддоо хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоож, улс хоорондын хил, гааль хаагдсан  үйл баримт нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал буюу хүндэтгэн үзэх үндэслэл болно.

Мөн талуудын хооронд байгуулагдсан Зуучлалын гэрээний 7 дугаар зүйлийн гарчиг нь “Давагдашгүй хүчин зүйл”, 7.1-д Байгалийн гамшигт үзэгдэл... гэж тодорхойлсон байх бөгөөд энэ тохиолдолд  дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчин тархсаны улмаас хөл хорих тогтоосон нөхцөл байдал нь  давагдашгүй хүчин зүйл  болсон  гэж үзэхээр байна.

13. Иймд зуучлуулагч ******* цар тахлын улмаас гэрээгээр тохиролцсон сургуульдаа сурч чадаагүй, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д  энэ тохиолдолд хоёр тал харилцан хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагч талын  татгалзал  үндэслэлтэй гэж үзлээ.

14. Нэхэмжлэгч “Ворлд кореа” ХХК хариуцагч Б.Мөнхтулгыг визний зөрчил үүсгэн харлаж, эх орондоо ирэхээс татгалзсан зөрчил гаргасан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бөгөөд хариуцагч ******* 2021 оны 12 дугаар сард эх орондоо ирсэн бөгөөд “харлах”, “эх орондоо ирэхээс татгалзсан” гэдгийг хэрхэн юу гэж ойлгох, энэ нь хариуцагчийн ямар идэвхтэй үйлдлээр илэрсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн ямар эрх, хэрхэн зөрчигдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

15. Мөн хариуцагч ******* нь Зуучлалын гэрээгээр хүлээсэн ямар үүргийг зөрчсөн талаар нэхэмжлэлд тодорхой тусгагдаагүй, гэрээг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй  байна.

16. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч “Ворлд кореа” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 20-ны өдрийн 823 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1-д тус тус зааснаар” гэснийг,

“Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 410 дугаар зүйлийн 410.1-д тус тус заасныг баримтлан” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА

                                                        ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                         Л.АМАРСАНАА