Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2022/00887

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2022/00887

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 184/2021/03567/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Т............. худалдааны төв, *** тоотод байрлах, утас: 8587****, 62***** регистрийн дугаартай, Ю.................... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** дүгээр байр, *** тоотод оршин суух, утас: 8812****, ТА98****** регистрийн дугаартай, Б овогт Оын Ст холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,642,523 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.................... ХХК нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

О.С нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ю.................... ХХК-тай *** дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12,300,000 төгрөгийг 12 дугаар сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан байдаг.

Зээлдэгч О.С нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтөд 2018 оны 11 сарын 13-ны өдөр 20,000 төгрөг;

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 25,000 төгрөг;

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 50,000 төгрөг;

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20,000 төгрөг;

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,681,068 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байдаг. Зээлдэгч О.Сын зээлийн гэрээний хугацаанд төлсөн дээрх төлөлтийн нийлбэр нь 2,776,068 төгрөг болсон бөгөөд зээл ашигласан 12 сарын буюу 365 хоногийн хүү 5,237,750 төгрөгийн хүү хуримтлагдсанаас 2,776,068 төгрөгийн хүүг хуримтлагдсан хүүгээс хасаж зээл ашигласан хугацааны хүүгийн үлдэгдэл гэрээний хугацаа дуусах үед 2,461,682 төгрөг болж үлдсэн. Зээлдэгч О.С нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн эргэн төлөлтөд ямар нэгэн төлөлт хийж байгаагүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөгийг зээлдэгч О.С нь зээлдүүлэгч Ю.................... ХХК руу шилжүүлсэн байдаг. Уг 8,000,000 төгрөгөөс 2,461,682 төгрөгийг хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл төлбөрт, суутгаж зөрүү 5,538,318 төгрөгийг 12,300,000 төгрөгийн үндсэн зээлийн төлөлтөд суутгасан. Ингээд үлдсэн зээлийн үлдэгдэл 6,761,682 төгрөг болсон. Зээлийн гэрээний 2.11-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,761,682 төгрөгт 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 100 хоногийн 3,380,841 төгрөгийн алдангийг зээлдэгч зээлийн гэрээ болон Иргэний хуулийн дагуу зээлдүүлэгч талд төлөх үүрэг үүссэн. Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй учраас алдангийг 100 хоногоор тооцсон бөгөөд 1 өдрийн алданги нь 33,808.41 төгрөг болж байгаа юм.

Зээлдэгч О.С нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 50,000 төгрөгийг тус тус зээлдүүлэгч талд өгсөн. Уг 1,500,000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн төлбөл зохих 3,380,841 төгрөгийн алдангид суутгаж хасалт хийж бодсон. Одоо төлбөл зохих алдангийн хэмжээ нь 1,880,841 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл дүн 6,761,682 төгрөг байна. Иймд зээлдэгч О.Саас зээлийн гэрээний үүрэгт 8,642,523 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.................... ХХК-нд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нь шүүх хуралдаанд гаргасан талбартаа:

Иргэн О.С нь 4*0* УБН улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг бусдаас худалдан авч, 12,300,000 төгрөгийн зээлийг Ю.................... ХХК-аас гаргуулж авсан. Компанийн зүгээс тухайн зээлдэгчийн худалдаж авах гэж байгаа тээврийн хэрэгслийг шалгасны үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 158 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1 жилийн сарын 3.5 хувийн хүүтэй байх нөхцөлөөр зээл олгосон байдаг. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу бусдаас худалдан авч байгаа тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг Ю.................... ХХК-д шилжүүлэн өгсөн байдаг. Зээлийн гэрээний хавсралт заасан графикийн дагуу зээлийг төлөх үүргийг хүлээсэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 25,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 50,000 төгрөгийг хүүгийн төлбөрт, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20,000 төгрөгийг хүүгийн төлбөр, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,681,0068 төгрөгийг зээл, зээлийн хүүд төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгчийн хувьд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс ямар нэгэн эргэн төлөлтийг төлөөгүй байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хүүд төлсөн, 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус эргэн төлсөн байгаа. Зээл, зээлийн гэрээний нөхцөлд заасан журмын дагуу хүү болон алдангиа тооцож журамласан байдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8,642,523 төгрөг бөгөөд нийт үнийн дүнгийн 1,888,841 төгрөгийг хугацаа хэтэрсэн алдангид, 6,761,680 төгрөгийг үндсэн зээлд тус тус нэхэмжилж авсан байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ю.................... ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Ст холбогдох 8,642,523 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч буюу нөхөр О.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г миний бие нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч О.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу эхнэр Н.Г миний бие 2018 оны зун Ю...................." ХХК-д анх ажилд орж байсан ба 2018 оны 10 дугаар сард тухайн үед ажиллаж байсан тус компанийн эдийн засагч, ахлах менежер нар манай компани ажилчдадаа нэг удаа хүүгүй зээл олгохоор болсон чи энэ боломжийг ашиглаж болно шүү гэж хэлсний үндсэн дээр миний бие өөрийн нөхөр О.Стай ярилцаж түүний нэр дээр 12,300,000 төгрөгийн зээлийг зохих журмын дагуу гаргуулж, импортоор орж ирсэн Приус-20 маркийн машин худалдан авсан. Ингээд бид авсан зээлээ 2020 оны 9 дүгээр сард бүрэн төлж барагдуулсан ба улмаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон юм.

Гэтэл бүх төлбөр тооцоо дууссан байхад Ю.................... ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж 8,642,523 төгрөг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус хэрэгт нэхэмжлэгч талаас хавсаргаж өгсөн 158 дугаартай зээлийн гэрээ нь нөхөр О.Стай байгуулсан гэрээ биш байна. Өөрөөр хэлбэл анхнаасаа хүү, алдангигүй зээл олгосон боловч хэрэгт хавсаргасан гэрээнд хүү, алданги тооцсон, түүнчлэн гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагч О.Сын гарын үсэг биш байх тул нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 8,642,523 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч О.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй талуудын хооронд байгуулагдсан гэх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөх гэрээнүүд нь бодит байдал дээр хийгдсэн гэрээ биш, тус гэрээнүүд болон тус гэрээнүүдийн хавсралтад дурьдагдсан О.Сын зурсан гарын үсэг гэх 8 удаагийн бичвэрүүд нь хариуцагч О.С зурсан гарын үсэг биш бөгөөд тус гарын үсгүүд бүхий гэрээнүүдийг Ю.................... ХХК зориудаар нөхөн гаргаж, гарын үсгүүдийг хуурамчаар үйлдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, итгэмжлэл Солонгос болон Монгол хэл дээр /хавтаст хэргийн 5-6/, кассын орлогын ордер /хавтаст хэргийн 7 дахь тал/, 158 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 8-10/, 158 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хавтаст хэргийн 11-12/, Ю.................... ХХК-ийн ХААН банк дахь 5178****** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13, 18-22/, Ю.................... ХХК-ийн Голомт банк дахь 2705****** тоот дансны хуулга /хавтаст хэргийн 14-17 дахь тал/, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх *** дугаартай гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 91-92 дахь тал/, Ю.................... ХХК-аас Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн хүсэлтийн хуулбар хавтаст хэргийн 93, 99 дэх тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт хавтаст хэргийн 94-96/, Авто машин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 97 дахь тал/, 4*-0* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 98 дахь тал/, 4*-0* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дахь тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 61 дэх тал/-ыг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч талын хүсэлтээр Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 9/**** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 11 дэх тал/, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/*** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 114 дэх тал/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ю.................... ХХК нь хариуцагч О.Ст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 6,761,682 төгрөг, алданги 1,880,841 төгрөг нийт 8,642,523 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай Барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.С нь зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй амаар байгуулагдсан. 12,300,000 төгрөг зээлж авсан, буцаагаад 2018 оны 11 дүгээр сарын 16-нд 25,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-нд 50,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-нд 20,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-нд 2,681,068 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-нд 8,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлж зээлийн төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

Нэхэмжлэгч Ю.................... ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх ба гэрчилгээнд G овогтой T-г захирлаар томилсныг бүртгэсэн байна. /хавтаст хэргийн 4 дэх тал/

Нэхэмжлэгч Ю.................... ХХК-ийн захирал G овогтой T нь компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Т.Ут олгосон ба уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. /хавтаст хэргийн 5-6 дахь тал/

Хэрэгт авагдсан Ю.................... ХХК, О.С нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан *** дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр 12,300,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, Тоёота Приус-20, 4*-0* УБМ автомашин барьцаалсан ба зээлдэгч, зээлийг хүүг буцаан төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн үлдэгдэлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч нь зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээнд талуудын эрх, үүрэг, гэрээ дуусгавар болох цуцлах үндэслэлийг тусгасан байна. /хавтаст хэргийн 8-12 дахь тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь дээрх гэрээг бичгээр байгуулагдаагүй, О.Сын гарын үсгийг хуурамчаар зурсан талаар маргаж шинжээч томилуулсан боловч Барьцаат зээлийн гэрээний эх хувийг ирүүлээгүй үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан байна. /хавтаст хэргийн 65-68 дахь тал/

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 2 хувь үйлдэж нэг хувийг нь зээлдэгчид өгсөн, үлдсэн хувийг нь нотариатаар гэрчлүүлж яваад машинаасаа цүнхтэйгээ алдсан гэж тайлбарлаж байгаа ба зээлийн гэрээнд зээлдэгч гарын үсэг зурсныг хууль бус, түүний гарын үсэг биш гэдгийг тогтоосон байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагч маргааны үйл баримтын талаар баримтаар нотлоогүй байна.

Хэдийгээр зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй боловч талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Уг гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч О.Сын дансанд зээлийн төлбөр 12,300,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн төлбөрт 7 удаагийн үйлдлээр 12,276,068 төгрөг төлсөн болох нь Ю.................... ХХК-ны ХААН банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Голомт банк дахь дансны хуулгууд, G T-ийн хаан банкны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно. /хавтаст хэргийн 13-22/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүүг гэрээгээр харилцан тохирсон, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, алдангийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар Үүргийг тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь О.Сын эхнэр Н.Г манай компанид нягтлан бодогчоор ажилладаг байсан. Бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, О.Сын Тоёота Приус-20 автомашиныг компаны нэр дээр шилжүүлсэн боловч Н.Г нь албан тушаалаа ашиглаж компанийн захирлаар гарын үсэг зуруулж автомашиныг буцаан шилжүүлсэн байсан гэсэн тайлбар гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Ю.................... ХХК-наас Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст О.Сын нэр дээрх Тоёота Приус-20 автомашиныг компаны нэр дээр шилжүүлэх хүсэлт, Ю.................... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Автомашин худалдах, худалдан авах гэрээ, дээрх машиныг компаны нэр дээр шилжүүлсэн техникийн тодорхойлолт, уг автомашиныг О.Сын нэр дээр шилжүүлэхийг хүссэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Ю.................... ХХК-ийн хүсэлт, тээврийн хэрэгсэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн ба уг баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд Фидуцийн гэрээ байгуулж, улмаар уг автомашиныг буцаан О.Сын нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь дээрх фидуцийн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй ба хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх *** дугаартай гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж, үндэслэлийг уг гэрээнд хариуцагч О.С гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, мөн хуулийн 56.1.8-д зааснаар Ю.................... ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж тайлбарлаж байна.

Талууд хэлцэл хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-д заасан хууль зөрчсөн хэлцэл хийсэн бол уг хэлцлүүд хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байхыг хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч нь талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулж байгаа талаар тайлбар гаргаж байгаа боловч уг хэлцлийн улмаас хариуцагчийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн эсэх, уг үр дагаврыг хэрхэн арилгуулах талаар тодорхойлж ирүүлээгүй байна.

Мөн хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч фидуцийн гэрээг нотлох баримтын шаардлага ханган ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтууд, өөрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар фидуцийн гэрээний дагуу бусдад шилжүүлсэн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд буцаан авч бусдад худалдан борлуулсан нь тогтоогдож байх ба уг гэрээний харилцаа дуусгавар болсон байх тул уг гэрээний дагуу гэрээний талуудын хэн аль нь шаардах эрхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгч Ю.................... ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй талаар албан бичгийг ирүүлсэн боловч энэ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон зээлийн гэрээ хэлцлийг хийсэн байдалд хамааралгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 6,761,682 төгрөг, түүний алданги 1,880,841 төгрөг нийт 8,642,523 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ю.................... ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч О.Саас 8,642,523 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю.................... ХХК-д олгож, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай Барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,230 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,750 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 153,230 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.АЛТАНТУЯА