Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 221/MA2017/0107

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 02 өдөр

  Дугаар 221/МА2017/0107

         Улаанбаатар хот

 

 

“Бага таян” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 946 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Бага таян” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 946 дугаар шийдвэрээр: Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус үндэслэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Бага таян” ХХК-ийн MV-000150 дугаар дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, мөн Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын эргээс онцгой бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” шаардлага бүхий “Бага таян” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл ...геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж заасан" гэх үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Дээрх хуулийн зохицуулалт нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл гэж зааснаас үзэхэд тус хуулийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ нь хэсэгчлэн болон бүрэн цуцлагдаагүй тусгай зөвшөөрлөө эзэмшиж байгаа этгээдэд хамаарахаар байна.

Харин "Бага таян" ХХК-ийн хувьд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа тус хуулийн 4.3-д заасантай давхцалтай хэсгийг буцаан олгосон байдаг. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 2011 оны Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг тогтоосон тухай дүгнээд, мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 04 -ний өдрийн 582 дугаар шийдвэрээр "Бага таян" ХХК-ийн MV-000150А дугаар тусгай зөвшөөрөл бүхий 91 гектар талбайгаас гол мөрний урсац бүрэлдэх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан 62.46 гектар хэсгийг цуцалж, мөн шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулснаар Бага таян ХХК нь 28,4 гектар талбайд ашигт малтмал ашиглах эрхтэй болсон байна" гэж дүгнэсэн байдаг.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл нэгэнт тус хуульд заасан хориглосон хилийн заагт давхацсан талбайгаа цуцлуулсан аж ахуйн нэгжийг цуцлуулаагүй байсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарах хуулийн зохицуулалтад оруулан дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлжээ.

Харин Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор гол мөрний урсац бүрэлдэх эх хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан ба үүгээр "Бага таян" ХХК-ийн      MV-000150А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөс цуцлагдсан 62,46 гектар талбайгаас 49,3 гектар нь энгийн хамгаалалтын бүсэд орж, хориглогдсон талбайгаас чөлөөлөгдсөн байна" гэж хавтас хэрэгт авагдсан баримтуудад зөв дүгнэлт хийсэн байна. Гагцхүү шүүхээс Бага Таян ХХК-ийн талбайг цуцлагдсан байгаад одоо зарим хэсэг нь чөлөөлөгдсөн гэж дүгнэсэн атлаа цуцлагдаагүй этгээдэд хамааралтай хуулийн заалтыг хэрэглэн, өөрөөр хэлбэл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл холбогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хасагдсан 49,3 гектар талбайг буцаан олгох шийдвэр гаргахыг захиргааны байгууллагад даалгах хууль зүйн боломжгүй гэж шүүх үзлээ” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаагүй асуудлаар шүүхээс дүгнэлт хийсэн байна. Хавтас хэрэгт болон шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн хариу тайлбар, татгалзал нь авагдсан бөгөөд хариуцагч нь өргөдлийн бүрдүүлбэрийн талаар огт маргаагүй байна.

Учир нь хариуцагч “Засгийн газрын 2015.07.07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн хилийн заагийн солбицлыг шинэчлэн тогтоосноос өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт хамаарахгүй болсон байна” гэжээ. Харин цуцлагдсан талбайг буцаан олгох эрх зүйн зохицуулалт байхгүй, Засгийн газрын 289-р тогтоолоор буцааж олго гэж шийдээгүй учраас буцаан олгох боломжгүй гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг Анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн хариу тайлбарт "Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын энэ тогтоолоор дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй байна" гэж маргаснаас бус өргөдлөө хуульд заасан шаардлагад нийцүүлэн гаргаагүй гэсэн хариу тайлбар хийгээгүй юм. Иймээс нэхэмжлэгчийн хувьд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Захиргааны хэргийн шүүхээс Ашигт малтмалын хуулийн дагуу өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах бүрэн эрхтэй бөгөөд, захиргааны байгууллага тухайн салбарын хууль журмын дагуу өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой юм.

Тухайлбал Ашигт малтмалын газар болон кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д "Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах" гэж, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх" гэж, 11.1.19-д "Түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох" гэж заасан байдаг.

Мөн ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.1-д “Засгийн газар тухайн талбайг хугацаанаас нь өмнө чөлөөлөх шийдвэр гаргасан бол чөлөөлнө” гэж заасан ба 13.5-д "нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмшиж давуу эрх эдэлнэ" гэж заасан бөгөөд хуулиар захиргааны байгууллагуудад дээрх эрхүүд олгогдсон байна.

Нэгэнт Засгийн газрын тогтоолын дагуу чөлөөлөгдсөн талбайг өмнө эзэмшиж байсан Бага Таян ХХК буцаан авах хүсэлтэй байхад Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс буцаан олгох эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн тайлбар хийсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд тус компанийн тусгай ашиглалтыг тусгай зөвшөөрлийн талбайг хуучин хэмжээнд нь нэмэгдүүлж тухайн зөвшөөрөл бүхий талбайн нөөцийг бүрэн ашиглах боломжоор хангах хууль эрх зүйн бүрэн боломжтой юм.

Дээрхээс дүгнэхэд Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн нь зөв байна.

Геологи, уул, уурхайн кадастрын газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Хавчуугийн гол нэртэй 91 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын МV-000150А дугаар тусгай зөвшөөрлийг “Бага таян” ХХК нь “Монгол Чехсловак металл” ХХК-иас шилжүүлэн эзэмших эрхтэй болжээ.

Дээрх шийдвэрийн дагуу эзэмшиж байгаа “Бага таян” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын МV-000150А дугаар тусгай зөвшөөрлийн 91 гектар талбайгаас 62.46 гектар талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын    08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон газарт хамаарч байгаа тул Ашигт малтмалын газраас 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 6-2228 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах болсон” тухай мэдэгдлийг “Бага таян” ХХК-д хүргүүлж, Геологи, уул, уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 582 дугаар шийдвэрээр “Бага таян” ХХК-ийн  МV-000150А дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт давхацсан 62.46 гектар талбайг цуцалсан байна.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч “Бага таян” ХХК-ийн дээрх цуцлагдсан 62.49 гектар талбайн 49.3 гектар талбайн энгийн хамгаалалтын бүсэд орж, хориглогдсон талбайгаас чөлөөлөгджээ.

Дээрх Засгийн газрын 289 тогтоолоор чөлөөлөгдсөн ашигт малтмалын ашиглалтын талбайгаа буцаан авахаар Ашигт малтмалын газарт хандаж “...талбайн хэмжээ нэмэгдүүлэх” тухай хүсэлтийг нэхэмжлэгч “Бага таян” ХХК-ийн захирал М.Болдбаатар 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/08 дугаар албан бичгээр гаргасан байна.

2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заажээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй” гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч “Бага таян” ХХК нь /өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүссэн/ өргөдлөө Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан хүчин төгөлдөр болсон хугацаа буюу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаагүй болох нь тогтоогдож байгаа.

Тодруулбал, дээрх хууль хүчин төгөлдөр болсон хугацаа буюу 2015 оны            02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гурван сарын дотор биш түүнээс хойш 1 жил         3 сарын дараа нэхэмжлэгч “Бага таян” ХХК-ийн захирал М.Болдбаатар нь албан ёсоор Ашигт малтмалын газарт хандаж 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “ашигт малтмалын ашиглалтын талбайгаа буцаан авах” тухай хүсэлтээ гаргасан. Тиймээс нэгэнт хуулийн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар хүсэлтээ гаргаагүй тохиолдолд дээрх хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон байх тул хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах боломжгүй юм.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан тул нэхэмжлэгч “Бага таян” ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандаж гаргасан хүсэлтийг болон өөр бусад төрийн захиргааны байгууллагад хандаж гаргасан хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу гаргасан өргөдөл гэж үзэх үндэслэлгүй юм.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн баримталсан хуулийн заалтад зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 946 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “...Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус үндэслэн...” гэснийг хасч, “4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР