Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 946

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, Б.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энх-Амар нарыг оролцуулан хийж, 

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох 

  Нэхэмжлэлийн шаардлага: “…“Бага Таян” ХХК-ийн МV******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, мөн Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын эргээс онцгой бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Бага Таян” ХХК нь анх “М*******” ХХК-ийн эзэмшиж байсан Дархан-Уул аймгийн шарын гол сумын “Хавчуугийн” алтны шороон ордны 91 гектар талбай бүхий, ашигт малтмалын МV******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2009 оны 227 дугаар шийдвэрийн дагуу шилжүүлэн авснаас хойш эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж байна. 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай Монгол Улсын хууль болон Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар голын хамгаалалтын бүсийг тогтоож, 150А дугаартай гэрчилгээгээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 91,44 гектар талбайг 28,4 гектар болгон, 63,04 гектар талбай хориглосон бүсэд давхцаж хасагдсан.

Манай байгууллагын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тус хуулийн үйлчлэлд хамрагдаж ашиглалтын талбайгаасаа хасуулсан нөхцөл байдалд хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлж, Засгийн газрын 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж, түүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан "Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу өргөдлөө гаргах эсэх талаар бидэнд өргөдлийн загварыг Ашигт малтмалын газраас ирүүлж, манай байгууллага ч өргөдлийг гарган үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг хүргүүлэн тус журмын 2 дугаар зүйлийн 2.8-д заасны дагуу нөхцөлийг хангуулах зэргээр  “Бага Таян” ХХК нь Засгийн газрын 174 тогтоолд заасан үндэслэлээр буцаан өгсөн ашиглалтын талбайдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсээр ирсэн. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” зэрэг эрх Ашигт малтмалын газарт олгогдсон тул  “Бага Таян” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хасах үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол хүчингүй болсон байх тул Засгийн газрын 2015 оны 120, 289 дүгээр тогтоолын дагуу талбайн хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтээ гаргасан.

 Энэхүү хүсэлтийн хариу Ашигт малтмалын газрын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр авсан. Тус албан бичигт “Танай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/08 дугаар албан бичигт Засгийн газрын 174 дүгээр тогтоолд хамрагдаж, хэсэгчлэн цуцалсан талбайг буцаан авах тухай хүсэлт ирүүлснийг судлан үзлээ. Танай байгууллага Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3.4.2-т заасан хугацаанд нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй байна. Иймд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших “Хавчуугийн” алтны шороон ордын MV******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн усны сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2 дахь заалтыг үндэслэн Кадастрын даргын 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 582 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайд солбицолд өөрчлөлт оруулсан байна” гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл бидний хүсэлтийн агуулгыг зөв тодорхойлж “Танай 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/08 дугаартай албан бичигт Засгийн газрын 174 дүгээр тогтоолд хамрагдаж, хэсэгчлэн цуцалсан талбайг буцаан авах тухай хүсэлт...” гэсэн атлаа дээрх асуудлаар шийдвэр гаргаагүй. Холбогдох хүмүүстэй уулзаж тодруулахад бидэнд өөрчлөлт оруулах эрх байхгүй, шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тайлбарыг өгдөг.

 “Бага Таян” ХХК нь нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэсэгчлэн цуцалсан талбайг буцаан авахаар хандсан. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зааж өгсөн бөгөөд тус хуулийн 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”-оор заажээ. Иймд эрх хэмжээ олгогдоогүй гэх тайлбар нь илт үндэслэлгүй юм. Ашигт малтмалын газар нь “Бага Таян” ХХК-ны ашигт малтмалын ашиглалтын талбайгаас хэсэгчлэн төрд буцаан авсан шийдвэрээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 гэж үздэг бөгөөд ...Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаас үзэхэд тухайн талбай нөөцөөс болон тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн тохиолдолд өмнө эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэх давуу эрхтэй байхаар хуульчилсан, иймд дээрх тохиолдолд ч мөн адил хасагдсан талбайгаас шинээр тогтоосон солбицолд хамаарахгүй хэсгийг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх “Бага Таян” ХХК-нд байна гэж үзэж байна.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд “Бага Таян” ХХК-ийн эзэмшилд байсан Засгийн газрын 2011 оны 174 тогтоолоор хасагдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 150А дугаартай талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй үлдэж буй талбайг буцаан олгох шийдвэрийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаар гаргуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4 дэхь заалтыг удирдлага болгон хариуцагчид даалгуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Б*******” ХХК-ийн МV******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, мөн Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын эргээс онцгой бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргуулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Ашигт малтмалын А******* дугаартай тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан 2011 оны 174 дүгээр тогтоол хүчингүй болж Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоол гарсан байдаг. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Б*******” ХХК нь Ашигт малтмалын газрын тосны газарт хүсэлт гаргасан. Манай хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын тосны газраас дараах хариуг өгсөн. Үүнд: “ ... танай хүсэлтийг судалж үзлээ. Гэхдээ уг асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учир бид үүнийг шийдвэрлэх боломжгүй болох талаар хариу тайлбарыг ирүүлсэн. Үүнийг бид эс хүлээн зөвшөөрч байгаа юм. Учир нь Ашигт малтмалын газар чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол иргэн, аж ахуй нэгж хаана энэ асуудлыг шийдвэрлүүлэх ёстой юм. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах болсон эс үйлдэхүй болсон юм. Иймд 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг олгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрх зүйн зохицуулалт байхгүй гэж эс үйлдэхүй гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна. Эрх зүйн ямар зохицуулалт байна вэ гэдгийг зайлшгүй үзэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэж заасны дагуу Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын биелэлтийг Ашигт малтмалын газар зохион байгуулж, иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтүүдийг шийдвэрлэх ёстой. Мөн тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь хэсэгт “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.1.19 дэх хэсэгт “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж тус тус заасан ажлууд нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүрэн эрхийн асуудал юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Өмнө нь тус газар дээр үйл ажиллагаа явуулж байсан компани нь үйл ажиллагаагаа явуулах, нөхөн сэргээлтээ хийх, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаагаа бүрэн гүйцэт явуулах хууль зүйн шаардлага “Б*******” ХХК-д үүсэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Иймд дээрх хуулийн заалтууд болон хариуцагчийн хариу тайлбараар тухайн талбайгаа буцаан олгохыг зөвшөөрөгдөж байгаа үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.  

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Б*******” ХХК-ийн МV******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын эргээс онцгой бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалттай бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараахь тайлбарыг хүргүүлж байна. АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр “Монголчехословак металл” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших “Хавчуугийн гол” нэртэй 91 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV******* тоот тусгай зөвшөөрлийг Б******* ХХК-д шилжүүлснийг бүртгэж, 2009 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 7-1496 тоотоор шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн байна. 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбилцолыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбилцолуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд МV******* тоот дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нэхэмжлэгч компанид 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно. Гэтэл “Б*******” ХХК нь нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэсэн заалтын дагуу 2012 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө МV******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй байна. “Б*******” ХХК-ийн эзэмшлийн MV******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан мөн нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй, Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг дурьдсан байна. Харин АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 579 дүгээр шийдвэрээр тус компанийн МV******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай хэсгийг цуцалж, үлдэх талбайн солбицолд өөрчлөлт оруулсан болохыг 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 6-5331 тоотоор Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн байна.

 Иймд дээрх шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж дээрх урт нэртэй хуулийн хилийн заагтай давхцалгүй болгосон байна. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсны дагуу 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 1947 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гол мөрний урсац бүрэлдэх, эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан байна. Дээрх тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсан боловч Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор давхцалтай гэж хассан тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгох асуудлыг шийдээгүй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн хилийн заагийн солбицолыг шинэчлэн тогтоосноор өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт хамаарахгүй болсон байна. Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын энэ тогтоолоор дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй байна. 

Иймд тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

“Багатаян” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МV*******А дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй үлдэж буй талбайг хэсэгчлэн буцааж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан байна. 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

“Монгол Чехсловак металл” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Хавчуугийн гол нэртэй 91 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын МV*******А дугаар тусгай зөвшөөрлийг “Монгол Чех металл” ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Геологи, уул, уурхайн кадастрын газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр “Багатаян” ХХК-нд шилжүүлэн олгосны дагуу “Багатаян” ХХК нь МV*******А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон ба энэхүү газрын хилийн заагийг Засгийн газар тогтоохоор мөн хуулийн 4.3-т заасан.

Үүний дагуу Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг тодорхойлсон ба “Багатаян” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын  МV*******А дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон 91 гектар талбайн 62.46 гектар нь уг тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон газарт хамаарсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон солбицолд хамрагдсан нийт 233 тусгай зөвшөөрөл бүхий талбайг чөлөөлөх буюу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмалын газраас Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №240 дугаарт зарлуулан, нийтэд мэдээлсэн ба “Багатаян” ХХК-нд 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 6-2228 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах болсон” тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

Улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 582 дугаар шийдвэрээр “Багатаян” ХХК-ийн МV*******А дугаар тусгай зөвшөөрөл бүхий 91 гектар талбайгаас гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан /62.46 гектар/ хэсгийг цуцалж, мөн шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулснаар “Багатаян” ХХК нь 28.4 гектар талбайд ашигт малтмал ашиглах эрхтэй болсон байна. 

Өөрөөр хэлбэл, “Багатаян” ХХК-ийн МV*******А дугаар тусгай зөвшөөрлийн талбайн гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай давхацсан хэсгийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 582 дугаар шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасантай нийцжээ. 

Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор гол, мөрний урсац бүрэлдэх эх хилийн заагийн солбицолыг шинэчлэн тогтоосноор уг хилийн заагт хамаараагүй  болсон талбайг “Багатаян” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор гол, мөрний урсац бүрэлдэх эх хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан ба үүгээр “Багатаян” ХХК-ийн MV*******А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөс цуцлагдсан 62.46 гектар талбайн 49.3 гектар нь энгийн хамгаалалтын бүсэд орж, хориглогдсон талбайгаас чөлөөлөгдсөн байна. 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Багатаян” ХХК-ийн захирал М.Болдбаатар 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн  01/08 дугаар албан бичгээр хасалт хийлгэсэн талбайг буцаан авах зорилгоор “...талбайн хэмжээг нэмэгдүүлэх” хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргажээ. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл .... геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдээс төрийн захиргааны байгууллагад хандан гаргах өргөдөлд тавигдах шаардлагыг тусгайлан заасан бөгөөд “Багатаян” ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01/08 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтдээ Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд тусгайлан заасан холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлээгүй болох нь нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газарт хандан гаргасан 2016 оны 01/08 тоот албан бичиг болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл холбогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хасагдсан 49.3 гектар талбайг буцаан олгох шийдвэр гаргахыг захиргааны байгууллагад даалгах хууль зүйн боломжгүй гэж шүүх үзлээ.  

Иймд, “Багатаян” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу өргөдлөө гарган захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус үндэслэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Бага Таян” ХХК-ийн МV******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, мөн Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын эргээс онцгой бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” шаардлага бүхий “Багатаян” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА