Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2022/00989

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2022/00989

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00900/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, М........ төв 2, 3 дугаар давхарт байрлах, утас: 7037****, 7037****, 9919****, 20***** регистрийн дугаартай, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ** дугаар баг, ** гудамж, хөдөө тоот хаягт бүртгэлтэй, утас: 8805****, МА85****** регистрийн дугаартай, Б овогт Дийн А,

Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Ухаа хошуу ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, утас: 9973****, ТБ76****** регистрийн дугаартай, Г овогт Хийн Н нарт холбогдох,

16,888,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г,

Хариуцагч Х.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Д.А, Х.Н нар нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банктай ЗГ4315****** тоот зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн ЗГ4315**** дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, Д.Аын 4335****** тоот цалингийн дансыг барьцаалсан болно. Зээлдэгч Д.А, Х.Н нар нь ЗГ4315****** дугаартай гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй байна. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 11,206,474 төгрөг, хүүгийн төлбөр 5,158,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 523,534 төгрөг, нийт 16,888,282 төгрөгийн төлбөртэй байна. Хариуцагч нараас 16,888,282 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Д.А, Х.Н нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Ааас татгалзаж байна. Учир нь Д.А нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа учраас зээлдэгч Х.Нгаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.. Х.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банктай ЗГ4315****** тоот зээлийн гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Д.Аын 4335****** тоот цалингийн дансыг барьцаалсан. Үүргээ биелүүлээгүй, Х.Нд удаа дараа мэдэгдсэн, банкин дээр ирээд уулзсан гэрээг цуцална гэдгийг анхааруулж хэлээд байхад үр дүнд хүрэхгүй байгаа тул шүүхэд хандсан. Гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх буюу тухай мэдэгдсэн боловч төлөөгүй байна. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 11,206,474 төгрөг, хүүгийн төлбөр 5,158,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 523,534 төгрөг хугацаа хэтэрсэн хоног 1015, нийт 16,888,282 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Х.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Улаанбаатар төмөр замд Д.Атай хамт ажилладаг байсан ба би гармын жижүүр, Д.А нь замчин хийж байсан. Бид нэг газарт хамт ажилладгаас өөр төрөл садан, ойр дотнын холбоогүй. Тухайн үед буюу 2018 оны 11 дүгээр сард Голомт банк дээр Д.Атай таарсан. Д.А нь би нэг зээл хөөцөлдөж байгаа юм, бараг бүх юм болсон, хамтран зээлдэгч л хэрэгтэй байгаа юм, та надад тус болоод хэдэн гарын үсэг зураад өгөөч, өөр бичиг баримт хэрэггүй, би өөрөө зээлээ цаг тухайд нь төлчих юм гэж намайг шалгаж, элдэв зовлон ярьсан учир түүний хүсэлтээр хэд хэдэн гарын үсэг зурсан юм. Тухайн үед Д.Аыг өөр шигээ санаад тус болчих үүднээс гарын үсэг зурсан. Гэтэл эргүүлээд ийм их зээлийн төлбөрт унана гэж огт төсөөлсөнгүй. Миний бие одоог хүртэл Улаанбаатар төмөр замдаа замчин хийж байгаа, Д.А нь зээл аваад удаагүй ажлаа гарч Солонгос улс руу явсан. Би Д.Атай холбоогүй байдаг. Д.Аыг ажлаас гарах гэж байгааг ч тухайн үедээ мэдээгүй. Д.А нь эдийн засагч н.Баар тойрох хуудас зуруулаад гарч байх үед нь ажлаасаа гарч байгааг нь мэдсэн. Тэгээд би н.Баас Д.А ажлаасаа гарч байгаа юм уу? Банкнаас зээл авсан биз дээ? Тэрийг тойрох хуудастаа оруулдаг юм уу? гэхэд тэр хүн зээлээ төлдгөөрөө төлөөд л явна, тойрох хуудаст огт зээлийн талаар дурддаггүй гэж хэлж байсан. Үндсэн зээлдэгч нь миний нөхөр, ах, эгч, дүү, төрөл садан байсан бол бид учраа ололцоод төлье гэхсэн. Гэтэл ажлын танил залуугийн энэ их мөнгө банкнаас зээлж авсныг би төлнө гэхэд үнэхээр хэцүү байна. Тухайн зээлийн 15,000,000 төгрөгөөс би нэг төгрөгийг ч авч хэрэглээгүй. Д.Аыг юун зарцуулах гэж банкнаас зээл авч байгааг ч мэдэхгүй. Миний бие нөхрөө алдаж 2 хүүхдээ өдий зэрэгт нь ганцаараа өсгөж ирсэн өрх толгойлсон эмэгтэй. Авсан цалингаа аргацааж амьдарч байтал гэнэт шүүхэд дуудагдаж их хэмжээний зээлийн төлбөр ирж байгаад ихээхэн хямарч байна. Би өрөвч, бусдад туслах гэсэн сэтгэлээр хандсанаас болж эцэст нь иймд зүйлд хүрлээ. Тухайн мөнгийг авч хэрэглэсэн зүйлгүй учир би энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодитоор зээлж авсан хүнээс нь мөнгийг нь нэхэмжилж гаргуулж авах нь зүйтэй... гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтас хэргийн 3 дахь тал/, Голомт банк, Д.А, Х.Н нарын хооронд байгуулсан ЗГ4315****** дугаартай зээл болон барьцааны гэрээний хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, зээл эргэн төлөлтийн хуулбар /хавтаст хэргийн 5 дахь тал/, Д.А, Х.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 6 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 9-11 дэх тал/, Д.Аын цалингийн зээлийн дансны хуулга /хавтаст хэргийн 28-31 дэх тал/ зэргийг,

Хариуцагч Х.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар Дархан-Уул аймгийн 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 22 дахь тал/, Б.Нын нас барсны гэрчилгээний хуулбар, Б.Н, Х.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 23 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь анх хариуцагч Д.А, Х.Н нарт холбогдуулан 4335****** дугаартай зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн төлбөр 11,206,474 төгрөг, хүүгийн төлбөр 5,158,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 523,534 төгрөг, нийт 16,888,282 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.А нь Солонгос улсад ажиллаж байгаа үндэслэлээр зээлийн төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч Х.Нгаас 16,888,282 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч Х.Н нь ажлын газрын танил Д.Ат тус болж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, миний бие 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, тухайн зээлийн 15,000,000 төгрөгөөс нэг төгрөг ч авч хэрэглээгүй учир зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.

Голомт банк ХХК нь хариуцагч Д.А, Х.Н нартай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4335****** дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан, 15,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараа тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4-5 дахь тал/

Хариуцагч нар нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 28-31 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь зээлдэгч Д.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Н нартай зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн төлбөрийг зээлдэгч Д.Аын 4335****** тоот дансанд бэлэн бусаар шилжүүлэхээр зээлийн гэрээнд тусгасны дагуу төлбөрийг шилжүүлсэн болох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд хариуцагч Х.Нтай зээлийн гэрээ байгуулсан боловч түүнд зээлийг олгоогүй, зээлийг эргэн төлөх чадвартай эсэх талаар зээлийн судалгаа хийгээгүй болох нь тогтоогдож байх тул зээлийн төлбөрийг хариуцагч Х.Нгаас шаардах эрхгүй байна.

Учир нь дээрх гэрээгээр зээлдэгч Д.Аын цалин хөлсний орлогоос төлөх зорилгоор олгогдсон байх бөгөөд цалин хөлсний орлого нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ, 104.4-д Талууд тохиролцсоны үндсэн дээр ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно гэж зааснаар ажилтны хөдөлмөрлөж олж байгаа орлого юм. Энэ нь тухайн хүний хөдөлмөрлөх эрхтэй салшгүй холбоотой бөгөөд энэ эрхийн дагуу олж байгаа орлогоо барьцаалж зээл авч байгаа нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүсгэж байна.

Иймд дээрх гэрээ нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан Д.Атай холбогдолтой болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгчтэй холбоогүй, зээлдэгч Д.Аын хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүргийг хариуцагч Х.Нгаас шаардах эрхгүй байх тул Х.Нгаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Энэхүү шийдвэр нь цаашид Д.Ат холбогдуулан зээлийн төлбөр шаардах нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Голомт банк ХХК-аас Х.Нд холбогдуулан гаргасан 16,888,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,391.41 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА