Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2022/00078

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00900/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж,  шүүгч Я.Туул,  Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 28-ны өдрийн 989 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 16,888,282 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд тахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

*******, ******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банктай ******* тоот зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлийн ******* дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, *******ын ******* тоот цалингийн дансыг барьцаалсан.

Зээлдэгч *******, ******* нар нь ******* дугаартай гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж,
 зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй байна. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 11,206,474 төгрөг, хүүгийн төлбөр 5,158,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 523,534 төгрөг, нийт 16,888,282 төгрөгийн төлбөртэй байна. Хариуцагч нараас 16,888,282 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие *******тай нэг газарт хамт ажилладгаас өөр төрөл садан, ойр дотнын холбоогүй.

2018 оны 11 дүгээр сард Голомт банк дээр *******тай таараад зээл хөөцөлдөж байгаа, хамтран зээлдэгч л хэрэгтэй байна гэж гуйсан учраас гарын үсэг зурж өгсөн.

Миний бие одоог хүртэл Улаанбаатар төмөр замдаа замчин хийдэг. ******* нь зээл аваад удаагүй ажлаасаа гарч Солонгос улс руу явсан. Би *******тай холбоогүй байдаг. *******ыг ажлаас гарах гэж байгааг ч тухайн үедээ мэдээгүй. ******* нь эдийн засагч н.Болормаагаар тойрох хуудас зуруулаад гарч байх үед нь ажлаасаа гарч байгааг нь мэдсэн.

Тухайн зээлийн 15,000,000 төгрөгөөс би нэг төгрөгийг ч авч хэрэглээгүй учир би энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Голомт банк ХХК-аас *******д холбогдуулан гаргасан 16,888,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,391.41 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хариуцагч *******гаас шаардах эрхгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь ******* нь анх гэрээ байгуулж байх үед зээлийн эргэн төлөлтийн үүргийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан.

            Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар банк аль ч зээлдэгчээс өөрийн үзэмжээр нэхэмжлэх эрхтэй байхаар зохицуулсан байна.         

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч *******гаас зээлийн гэрээний дагуу 16,888,282 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Голомт банк ХХК хариуцагч *******, ******* нарт холбогдуулж үндсэн төлбөр 11,206,474 төгрөг, хүүгийн төлбөр 5,158,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 523,534 төгрөг, нийт 16,888,282 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд  хариуцагч ******* нь Солонгос улсад ажиллаж байгаа үндэслэлээр хариуцагчаас хасуулах хүсэлт гаргаж,  зээлийн төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгч *******гаас дангаар гаргуулахаар нэхэмжилсэн байх ба  хариуцагч ******* тухайн зээлийн мөнгөнөөс “нэг ч төгрөг авч хэрэглээгүй, ******* гуйсан учраас зээлийн гэрээнд гарын үсэг зурсан”  тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж  маргажээ.

3.Анхан шатны шүүх талуудын гэрээ нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан *******тай холбогдолтой болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгчтэй холбоогүй, зээлдэгч *******ын хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүргийг хариуцагч *******гаас шаардах эрхгүй гэж дүгнэн *******гаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэргээс судлан үзвэл:

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч ******* нь анх гэрээ байгуулж байх үед зээлийн эргэн төлөлтийн үүргийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу банк аль ч зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийн нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүх үзэв. 

5. Голомт банк ХХК нь хариуцагч *******, ******* нартай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан, 15,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах нь зээл болон зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 4-5 дугаар тал/

6. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэг хүлээлгэж өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч ******* хамтран үүрэг гүйцэтгэгч юм. /хх 4-6 дугаар тал/

 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаар зээлдэгч нар хамтран хүлээх үүргээ гэрээгээр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Хүлээх үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх ба үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” талаар хуульчлан зохицуулсан байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо... Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг үндэслэн хариуцагчаа тодорхойлсон гэжээ. /хх-33-34, 41 дүгээр тал/

Иймээс нэхэмжлэгч  тал үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч *******д холбогдуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй.

Мөн хариуцагч ******* нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай  тул түүний “*******ын гуйлтаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан” гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

8. Зээлдэгч ******* 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндсэн зээл 3,793,525.70 төгрөг, хүү 1,549,695.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,557.33 төгрөг нийт 5,347,778.97 төгрөгийг төлсөн байх ба 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхээ больсон байна. /хх 28-31 дүгээр тал/

9. Зээлийн гэрээний 3.3.3-д “Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг хугацаа дууссан өдрөөс эхлэн банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж,

Гэрээний 3.3.4-д “Зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна гэж заасан.

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, төлбөрийг хугацаанаас өмнө шаардах эрхтэй байсан.

10.Гэтэл Голомт банк ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тооцон /2 жил 08 сар 25 хоногийн дараа/  гэрээний үүргийн гүйцэтгэлийг  шаардсан байна.

 Өөрөөр хэлбэл, Голомт банк ХХК нь хариуцагчийг зээлийн гэрээнд заасан хугацааг биелүүлээгүй үеэс буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гэрээ дуусах өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байтал  2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар тооцон үндсэн төлбөр 11,206,474 төгрөг, хүүгийн төлбөр 5,158,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 523,534 төгрөг, нийт 16,888,282 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

11. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хууль болон зээлийн гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байх тул  гэрээний  үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон, үндсэн зээл 11,206,474.30 төгрөг, зээлийн хүү 1,266,174.78 төгрөг нийт 12,472,649.08 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,415,632.92 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 28-ны өдрийн 989 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Голомт банк ХХК-аас *******д холбогдуулан гаргасан 16,888,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дүгээр зүйлийн 242.3-д заасныг тус тус баримтлан хамтран хариуцагч *******гаас үндсэн зээлийн төлбөрт 11,206,474.30 төгрөг, зээлийн хүү 1,266,174.78 төгрөг, нийт 12,472,649.08 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,415,632.92 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай”  гэж,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,391.41 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” гэснийг,

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  242,391.41 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас  214,512 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                          

       

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АМАРСАНАА

                                                          ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                        Х.БАЙГАЛМАА