Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2022/01003

 

 

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2022/01003

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00980/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр ** тоотод оршин суух, утас: 9905****, ТЕ75******, Б овогт Цын Цы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар багт байрлах, утас: 7037****, 9914****, 26***** регистрийн дугаартай, Д............................ ХК-нд холбогдох,

Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2022 оны 3 болон 4 дүгээр сарын цалин 2,495,003.1 төгрөг гаргуулах, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Д............................ ХК-д 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тасралтгүй 21 жил ажилласан. Ажиллаж байх хугацаанд энэ компанийн төлөө зүтгэж, өөрийн залуу насаа зарцуулан ажилласан. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр захирал дуудаж уулзсан. Гэтэл намайг ажлаас халагдах тушаал танилцуулсан. Ямар шалтгаанаар ингэж байна гэхэд компанийн нууцыг задруулсан гэж хэлээд тушаал гаргасан. Энэхүү тушаалыг би үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандахад 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 441 дугаартай шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Ингээд Г.М хуулийн зөвлөх надтай холбогдож 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ажилд томилсон тушаал танилцуулан явж байж болно гэсэн. Яагаад би явах билээ явчих юм бол ажил тасалсан болно гэж хэлэхэд түр хүлээж бай гээд цаг гаран хүлээхэд надад эргээд орон тооны цомхотгол хийсэн гээд ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулсан. Тушаалыг аваад шүүхэд хандаж, эвлэрэх саналтайгаар хөдөлмөрийн маргаан таслах хороонд хандахад эвлэрэх саналыг хүлээн аваагүй. Дархан сумын хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд уг гомдлоо гаргасан. Гэтэл тус хороо нь үйл ажиллагаа жигдрээгүй байгаа тул миний гомдлыг хэлэлцэх боломжгүй гэж надад мэдэгдсэн.

Ингээд би шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 дугаартай ажилд эргүүлэн тогтоолгох тушаалыг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. Энэ нь өмнөх шүүхийн шийдвэрээр намайг ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцсон байхад ажилд томилох тушаал гаргах нь хууль зөрчсөн тушаал гарсан гэж үзэж байна. Надад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар бүх цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлж, нөхөн бичилтийг хийсэн. Одоо нэхэмжилж байгаа 2022 оны 3 дугаар сарын цалин 1,940,557.98 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх цалин 554,445.12 төгрөг, нийт 2,495,003.1 төгрөг гаргуулах, тухайн цалиндаа нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, Ажилтанд бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөхдөө 45 хоногийн өмнө мэдэгдэх байтал уг мэдэгдлийг надад өгөөгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн гаргасан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон гэж 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 14,710,800 төгрөгийн тэтгэмжийг надад олгосон. Эрчим хүчний байгууллагын онцлог байдаг. Үүнд нь компани дотроо ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээнд зааснаар 16 буюу түүнээс дээш ажилласан ажилтан бүтэц орон тооны өөрчлөлтөөр 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасны дагуу надад олгосон. Миний нэхэмжилж байгаа 31,862,591.52 төгрөг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д энэ тухай заасан байдаг. Хууль, дүрэм журмын эрэмбэ дарааллыг тусгаж, тухайн ажилтанд аль илүү сайн тусгасан зохицуулалтыг хэрэглэнэ гэж тусгасан. Тухайн надад олгосон тэтгэмжийг олгосон компани болон үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг баримтлахгүй, Эрчим хүчний салбарын хамтын тарифын хэлэлцээрийг баримталж олгох байсан. Үүнд 16 жилээс дээш ажилласан бол 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасны дагуу нийт 46,573,391 төгрөгөөс надад өгсөн 14,710,800 төгрөгийг хасаад 31,862,591.52 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ц нягтлан бодогч нь өмнө нь тус шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *** дүгээр шүүхийн шийдвэрээр Ц.Цыг эргүүлэн ажилд томилох шийдвэр гарсан. Үүний дагуу Ц.Цыг ажилд эргүүлэн томилж, 6,406,921.61 төгрөгийн цалин олговрыг олгож, татвар, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийсэн.

Манай компанийн гүйцэтгэх захирал 2021 оны 10 дугаар сард ажилд томилогдож, тухайн үед бүтэц орон тооны өөрчлөлт хийнэ гэдгийг ажилтнуудад мэдэгдэж байсан.

Энэ дагуу нэхэмжлэгч Ц.Ц ажлаас чөлөөлөгдсөний дараа тухайн бүтэц орон тоо өөрчлөгдөж, тухайн ажилтны ажлын байр байхгүй болсон. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ** тоот тушаалаар компанийн бүтэц орон тоо шинэчлэгдэн баталсан. Санхүүгийн эдийн засгийн үндсэн хөрөнгийн нягтлан бодогч Ц.Цы орон тоо хасагдсан. Үүнийг үндэслэн Ц.Цыг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-д зааснаар үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 2.3 дах заалтыг үндэслэн бүтэц орон тооны ажлын байр хасагдсан Ц.Цд 14,710,800 төгрөгийг Хаан банкны данс руу нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн.

Өмнө нь гарсан анхан шатны шүүхийн шийдвэрээр 5,891,095 төгрөгийн цалинг Ц.Цы данс руу мөн шилжүүлсэн. Компанийн бүтэц орон тоо өөрчлөгдөх тухай албан мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1047 тоотоор бүх салбар, нэгж, ажилтнууддаа мэдэгдэхийг дарга нарт мэдэгдсэн. Энэ бүтэц орон тоо хийгдэх үед Ц.Ц ажиллаж байсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсны дагуу нэхэмжлэгч Ц.Цыг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилд эргүүлэн томилсон. Компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн тул 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ц.Цыг ажлаас чөлөөлсөн.

2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл өгсөн. Уг өргөдөлд 24 сарын тэтгэмж авах тухай дурдсан байсан. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 06-ны 18:00 цагаас өмнө хариуг өгөхийг шаардсан. Хэрвээ энэ хугацаанд хариуг өгөхгүй бол шүүхэд хандах тухай бичсэн байдаг. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хуралдаж энэ тухай ярихад миний эрх зүйн байдлыг дордуулаад байна гэж ярьдаг. 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилд томилж, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн тул 1 өдрийн цалин олговор олгоход татгалзах зүйлгүй. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрийг манай байгууллага 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гардаж авсан. Гардаж авсны дараа шүүхийн шийдвэрийн дагуу захирал ажилд нь авах тушаал гаргасан. Шүүхийн шийдвэр дээр дундаж цалинг маш тодорхой тусгаж өгсөн. Үүнд сүүлийн 3 сарын дундаж цалинг 8 сард 1,217,037.73 төгрөг, 9 сард 1,503,568.02 төгрөг, 10 сард 2,084,590.43 төгрөг, нийт цалингаас дундаж цалинг тооцож 1,601,730.40 төгрөгөөр тооцсон. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр дээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цалин болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх тухай дурдсаны дагуу цалинг олгож, ажилд нь томилж, чөлөөлсөн. Ингэхээр энэ хооронд 1 хоногийн цалин гарч байгаа тул 1 өдрийн цалин олгоход татгалзах зүйлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ. Үүний 2.3.1.энэ хууль, 2.3.2. Монгол Улсын бусад хууль, 2.3.3.захиргааны хэм хэмжээний акт, 2.3.4. салбар, салбар дундын хамтын хэлэлцээр, 2.3.5. хамтын гэрээ, 2.3.6. хөдөлмөрийн гэрээ, 2.3.7. аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж эрэмбийг тодорхой заасан.

Нэхэмжлэгч Ц.Ц ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрсөн. Миний ажлын бүтэц орон тоо хасагдсан тул ажилдаа орохгүй тухайгаа хэллээ. Ингэхээр энэ хуулийг баримтлан тэтгэмжийн асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д зааснаар тухайн ажилтан 10 болон түүнээс дээш ажилласан бол 4 ба түүнээс сарын цалинг олгоно гэж заасны дагуу ажилтанд илүү ашигтай байдлыг харна гэсний дагуу хамтын гэрээнд заасны дагуу бизнес төлөвлөгөөндөө тусгаж хамтын гэрээг мөрдлөг болгон ажилладаг. Иймээс тус хамтын гэрээний 2.3-д зааснаар 16 ба түүнээс дээш ажилласан ажилтанд 12 сарын дундаж цалинг олгоно гэж заасны дагуу 14,710,800 төгрөгийг Ц.Цт олгосон.

Хамтын хэлэлцээр нь Эрчим хүчний салбар үүнийг дагаж мөрдөхөөр хийгддэг. Гэхдээ бүх компаниуд хамтын хэлэлцээрийг бүгдийг нь үг үсэггүй ёсчлон дагаж мөрдөнө гэх зүйл байхгүй. Хамтын хэлэлцээрийн 5.17-д байгаа боловч үүнийг бүх компани дагаж мөрдөнө гэх зүйл байхгүй. Тухайн бизнес төлөвлөгөө, мөнгөтэй холбоотой асуудлаар хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Манай компани өнөөдрийн хамтын гэрээг дагаж мөрдөж байгаа тул үүний дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон. Энэ хамтын хэлэлцээрт байгаа зүйлд хүрэхийн тулд зорилго болгон ажилладаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 3 дахь тал/, Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай Ажилд эргүүлэн томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 5 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн хуулбар /хавтаст хэргийн 6-10 дахь тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хавтаст хэргийн 11 дэх тал/, 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шиммтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 52 дахь тал/, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 77 дахь тал/, Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /хавтаст хэргийн 78-79 дэх тал/, Д............................ ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/** дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 80-83 дахь тал/, 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 90 дэх тал/, Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн хуулбар /хавтаст хэргийн 85-89 дэх тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан, хүргүүлсэн тухай баримтын хуулбар /хавтаст хэргийн 91 дэх тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Цаас Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хуулбар /хавтаст хэргрийн 25-26 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн хуулбар /хавтаст хэргийн 27-31 дэх тал/, Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай Ажилд эргүүлэн томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 32 дахь тал/, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаартай Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 33-37 дахь тал/, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 180 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 38 дахь тал/, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 43 дахь тал/, Д............................ ХК-ийн Ажил олгогч болон Үйлвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2020 оны хамтын гэрээний хуулбар /хавтаст хэргийн 39-42 дахь тал/, Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/**** дугаартай бүх салбар нэгжийн дарга, нийт ажилтнуудад мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, мэдэгдлийг бүх нэгжийн дарга нарт хүргүүлсэн талаарх баримт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, Д............................ ХК-аас Ц.Цд тэтгэмж, ажилгүй байсан хугацааны цалин олгосон тухай ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр нэхэмжлэгч Ц.Цы 2021 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2022 оны 01, 02 дугаар сарын цалингийн жагсаалтыг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Д............................ ХК-нд холбогдуулан компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, 2022 оны 3, 4 дүгээр сарын цалин нийт 2,495,003.1 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулахаар тус тус нэмэгдүүлжээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж гаргасан тайлбартаа ...Д............................ ХК-нд холбогдуулан компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-ныг хүртэлх хугацааны цалин 2,495, 003.1 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж,

Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болно.

Хариуцагч нь өмнө гарсан шийдвэрийн дагуу цалин бүрэн олгосон, ажилд аваад халсан 1 өдрийн цалин олгохыг зөвшөөрч байна, харин хөдөлмөрийн хамтын гэрээнд заасны дагуу ажилтан орон тооны бүтцийн өөрчлөлтөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зохицуулсны дагуу 14,710,800 төгрөгийг олгосон тул хариуцагчийн гаргасан 31,862,591.52 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Ц.Ц нь Д............................ ХК-нд холбогдуулан Д............................ ХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай тушаал хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8,610,766 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасныг тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүйд тооцож, Ц.Цыг тус компанийн Санхүү эдийн засгийн хэлтсийн Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 6,406,921.61 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Цыг Д............................ ХК-ийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай Ажилд эргүүлэн тогтоолгох тухай тушаалаар Санхүү эдийн засгийн хэлтсийн Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж, тус компанийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай тушаалаар Санхүү эдийн засгийн хэлтсийн Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч Ц.Цы ажлын байр хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хавтаст хэргийн 32, 38 дахь тал/

Ц.Ц нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Д............................ ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг талууд шийдвэрлэх боломжгүй талаар шийдвэрлэсэн байх ба дахин Дархан сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д заасан Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд болон Дархан-Уул аймагт байгуулагдаагүй байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгчээ. /хавтаст хэргийн 64-69, 77-79 дэх тал/

Нэхэмжлэгч Ц.Цы хариуцагч Д............................ ХК-нд холбогдуулан компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 2,495,003.1 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 188 тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх ба гомдол гаргагчаас хуулинд заасан урьдчилан шийдвэрлүүлэх хуулийг хангасан гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүйд тооцож, компанийн Санхүү эдийн засгийн хэлтсийн Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Д............................ ХК нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот Ажилд эгүүлэн тогтоох тушаалыг гаргасан нь үндэслэлгүй. Миний өмнө ажилд авсан тушаал хүчинтэй бөгөөд үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүйд тооцсон тул дахин тушаал гаргахгүй байсан гэж, мөн ажилгүй байсан хугацааны цалинг шүүх шийдвэрлэснээс хойш ажлаас чөлөөлсөн хүртэлх буюу 2022 оны 4 дүгээр сарын 08-ны *** дугаартай тушаал гарах хүртэлх хугацааны цалинг сарын 1,940,557.98 төгрөгөөр тооцож 2,495,003.1 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмнө гарсан шүүхийн шийдвэрт сарын цалинг 1,601,730.40 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй байсан. Ажлаас халагдсаны тэтгэмжийг хамтын хэлэлцээрт заасны дагуу 24 сараар бодох ёстой байсан. Гэтэл компани 12 сараар тооцож 14,710,800 төгрөг олгосны зөрүү 31,862,591.52 төгрөгийг гаргуулна гэж тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Ц.Цыг ажлаас чөлөөлсөн хариуцагч Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 421 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Ц.Цыг тус компанийн Санхүү эдийн засгийн хэлтсийн Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн дагуу түүнийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2-т зааснаар ажил олгогчид хуулиар тогтоосон үүрэг тул ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг хүчингүйд тооцуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдөр хүртэл тооцож олгосон байх ба дундаж цалин хөлсийг 1,601,730.40 төгрөг гэж дүгнэжээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалинг 1,601,730.40 төгрөгөөр тооцож, 1 сар 18 хоногийн цалин 2,942,713 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх цалин орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Д............................ ХК-д даалгах нь зүйтэй.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч нь Ц.Цыг ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-т тухайн аж ахуйн нэгж байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хуульчилсан. Гэтэл манай компани хамтын гэрээндээ 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын албан тушаалын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж олгохоор зохицуулсан тул энэ хугацаагаар тооцож 14,710,800 төгрөгийн тэтгэмжийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах тэтгэмжийг нэг удаа олгоно, 82 дугаар зүйлийн 82.1.4-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэжээ.

Д............................ ХК болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2020 оны хамтын гэрээний 2.3-д Ажил олгогчийн санаачилгаар орон тоо бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд 45 хоногийн өмнө ҮЭХороонд урьдчилан мэдэгдэж, ажилтны хууль ёсны эрх ашиг, нийгмийн баталгааг хангах зорилгоор халагдсан ажилтанд дараах хэмжээний тэтгэмж олгоно, ...16 ба түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг, Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 5.17-д Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд тус салбарт ... 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгоно гэж тусгасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Хөдөлмөрийн эрх зүйн хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ. 2.3.1 энэ хууль, 2.3.4 салбар, салбар дундын хамтын хэлэлцээр, 2.3.5-д хамтын гэрээ, 2.3.6 хөдөлмөрийн гэрээ, 2.3.7 аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж, 2.4-т Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь Д............................ ХК-д 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 21 жил 7 сар 23 хоног ажилласан байх ба 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай тушаалаар ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн байна.

Хариуцагч Д............................ ХК нь 2020 оны 3 сарын 09-ний өдрийн Ажил олгогч болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2020 оны хамтын гэрээндээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамтын хэлэлцээрийг үндэслэн байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт уг гэрээг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн байна.

Харин Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хэлэлцээрийг 2021 онд байгуулж, гэрээний 8.1-д Хэлэлцээр нь гарын үсэг зурж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчинтэй болохыг 8.7-д хэлэлцээрээр хүлээсэн үүрээ биелүүлээгүйгээс үүдсэн маргааныг Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэхийг тусгасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Салбар, салбар дундын хамтын хэлэлцээр нь тухайн хэлэлцээрт оролцогчдын төлөөлж байгаа нийт ажилтан,ажил олгогчид хамаарч үйлчилнэ, Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 1.1-д Салбарын хамт /тариф/ ын хэлэлцээрийг үндэслэн эрчим хүчний салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй бүх аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулан харьяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллана гэжээ.

Хариуцагч Д............................ ХК нь дээрх хамтын хэлэлцээрийн дагуу хамтын гэрээ байгуулаагүй байх ба хамтын хэлэлцээрт заасан тарифыг мөрдөөгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Цд олгох ажилгүйдлийн тэтгэмжийг Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 5.17-д 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгоно гэж зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин болох 1,601,730.40 х 24 сар = 38,441,529.60 төгрөг, үүнээс хариуцагч талын олгосон ажилгүйдлийн тэтгэмж 14,710,800 төгрөгийг хасаж 38,441,529.60 - 14,710,800 = 23,730,729.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгож, 8,131,861.92 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 82 дугаар зүйлийн 82.1.4-д тус тус зааснаар Д............................ ХК-аас 26,673,442.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цд олгож, Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, 7,684,152.02 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгчид олгох цалин орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д............................ ХК-нд даалгасугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь Д............................ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д............................ ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 291 317 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Д.АЛТАНТУЯА