Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2022/01870

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2022/01870

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * дугаар хэсэг, * гудамж, * таун * тоот хаягт оршин суух Б* овогт Ч.Н /РД:НЭ*/-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, өөрийн байранд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газар /РД:*/-т холбогдох

  Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.01.21-ний өдрийн * дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгож, хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2022.03.02-ны өдрийн * дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Ц,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Н хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.01.21-ний өдрийн * дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2022.03.02-ны өдрийн * дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, Хөрөнгө оруулалтын газрын даргаар 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс СЭЗХ, СХОГ-ын даргаар одоог хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа өөрийн чиг үүргийн ажлыг хангалттай сайн биелүүлж төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй төсөвлөх, зарцуулах, санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэхэд бүх хүч чадлаа дайчлан Ковид-19 халдварт өвчний үед ч гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд орж ажиллан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай шийдвэрийг гаргахад шөнө орой, амралтын өдөр дуудагдан ажиллаж ирсэн байдаг. 2022 оны 1 сарын 19-ний шөнө нөхрийн хоолой нь боогдон хар хөлс цутгаж, дотор нь давчдан унтаж чадахгүй сандарган анхан шатны тусламж үзүүлэн хоносон. 2022 оны 01 сарын 20-ны өглөө 7 цагт вайбэраар Гамшгаас хамгаалах штабын групп дээр хурал өглөөний 7.30 д зарласан болохыг харсан бөгөөд нөхрийг асрах зайлшгүй шаардлага байсан мөн өөрийн хоолой хөндүүртэй байсан тул цахимаар оролцох хүсэлтээ илэрхийлж, 2022 оны 1 сарын 18-ны өдрийн ГХШтабын 3 дугаар хурлын шийдвэрээр ажлын байранд олныг хамарсан хурал зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон байсан учраас цахимаар оролцъё, ковид шинж тэмдэг гэрт илэрсэн талаар уг групп дээр мэдээллээ оруулсан. Бусад гишүүд ч бас цахимаар оролцох саналаа өгсөн байсан. Гэтэл цахим хурлын линк ирээгүй, мөн танхимд хуралдана гэсэн учир 8 цагт ажилдаа ирээд хурлын танхимд ороход ИНЕГ болон ИНҮтөвийн ГХШтабын 30 орчим гишүүд хуралдаж байсан. Хурал 30 минут орчим үргэлжилж дууссан. 2022 оны 1 сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим ГХШтабын нарийн бичгийн дарга болон ХЭЗДБГ-ын мэргэжилтэн нар сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэж тэмдэглэл өгсөн. Сонсох ажиллагааны тэмдэглэлд хүндэтгэн үзэх шалтгаан байсан мөн хуралд хоцорч орж оролцсон талаар тайлбараа бичиж өгсөн байхад ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулан * тушаал гаргасан. Уг тушаалд дурдсанаар 2022 оны 1 сарын 20 өдрийн 7.30 товлосон хуралд ирээгүй гэсэн шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулсан. Гамшгаас хамгаалах штабын шийдвэрийг зөрчиж битүү агааргүй зааланд ажилчдыг бөөгнөрүүлж хурал зохион байгуулсан, хурлын товыг амрах цагаар буюу урьд оройн 22 цаг 28 минутад вайбэрын групп дээр тавьж албан ёсны мэдээллийн хэрэгслээр тараагаагүй, мэдээлэл авсан эсэхийг дахин нягталж ажиллаагүй юм. Дээрх шалтгааныг дурдан тус газрын маргаан таслах комисст гомдол гаргасан ч хуульд нийцээгүй хурлын тэмдэглэл гарсан. Иймд ИНЕГ-ын даргын 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн * дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 3 сарын 02-ны өдрийн * дугаартай Хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

2. Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газар даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн * дугаартай Ч.Нд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.19, Гамшгаас хамгаалах штабын удирдамжийн 1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нд Иргэний нисэхийн ерөнхий газрын Гамшгаас хамгаалах штабын гишүүний хувьд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 07:30 цагт товлогдсон хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь тус штабын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл, сонсох ажиллагааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байх тул түүнд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд, мөн зүйлийн 8.3.5 дахь заалтад хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах гэж, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гээд, мөн зүйлийн 123.2.1 дэх заалтад өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах гэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.19-д Тушаалаар үүрэг авсан ажилтан ажлын хэсгийн үйл ажиллагаанд биечлэн оролцох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ бусдад шилжүүлж, бусдаар гүйцэтгүүлэхийг хориглоно гэж, Гамшгаас хамгаалах штабын удирдамжийн 1.1 дэх хэсэгт ИНЕГ- ын Гамшгаас хамгаалах штаб нь ИНЕГ түүний харьяа салбар, нэгжийн Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, шийдвэр гаргах, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах, хяналт тавих ажпыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч Ч.Н нь ИНЕГ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн А/145 дугаар Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн, удирдамж шинэчлэн батлах тухай тушаалаар ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд багтаж, гишүүнээр ажилладаг байна. Гамшгаас хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гээд, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга удирдан зохион байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд тэдгээрийн удирдлага зохион байгуулж, хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байна. Тус хуульд зааснаар ИНЕГ-ын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг ИНЕГ-ын дарга зохион байгуулж, хэрэгжүүлдэг байна. Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасныг зөрчөөгүй байх тул ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд ИНЕГ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн * дугаартай Ч.Нд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Ч.Нгийн оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, ИНЕГ-ын даргын 2022.01.21-ни өдрийн * дугаар Ч.Нд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын 2022.03.02-ны өдрийн 04 дугаар тэмдэглэл, ИНЕГ-ын штабын вайбер чатын хэсэг, Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн баримтууд /хх-ийн 3-16, 80-85/

4. Хариуцагчаас ИНЕГ-ын 2022.06.10-ны өдрийн 04/1052 тоотыг ирүүлсэн байна.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас ИНЕГ-ын ТӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Ч.Нтэй 2018.07.18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт, 2022.01.20-ны өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл, ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабын 2022.01.17-ны өдрийн №02 хурлын шийдвэр, ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабын 2022.01.18-ны өдрийн №03 хурлын шийдвэр, 2021.12.01-ны А/145 дугаар ИНЕГ-ын даргын Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн, удирдамж шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт-1, 2, 3, Гамшгаас хамгаалах штабын удирдамж, Хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг гаргуулж авсан байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах групп вайбер чатад үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргав./хх-ийн 46, 52-68/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 1 сарын 19-ний шөнө нөхөрийн хоолой нь боогдон хар хөлс цутгаж, дотор нь давчдан унтаж чадахгүй сандарган анхан шатны тусламж үзүүлэн хоносон. 2022 оны 01 сарын 20-ны өглөө 7 цагт вайбэраар Гамшгаас хамгаалах штабын групп дээр хурал өглөөний 7.30 д зарласан болохыг харсан бөгөөд нөхрийг асрах зайлшгүй шаардлага байсан мөн өөрийн хоолой хөндүүртэй байсан тул цахимаар оролцох хүсэлтээ илэрхийлсэн. ... 8 цагт ажилдаа ирээд хурлын танхимд ороход ИНЕГ болон ИНҮтөвийн ГХШтабын 30 орчим гишүүд хуралдаж байсан. Хурал 30 минут орчим үргэлжилж дууссан. 2022 оны 1 сарын 20 өдрийн 7.30 товлосон хуралд ирээгүй гэсэн шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Ч.Н нь ИНЕГ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн А/145 дугаар Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн, удирдамж шинэчлэн батлах тухай тушаалаар ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд багтаж, гишүүнээр ажиллаж байсан. Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нд Иргэний нисэхийн ерөнхий газрын Гамшгаас хамгаалах штабын гишүүний хувьд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 07:30 цагт товлогдсон хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь тус штабын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл, сонсох ажиллагааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байх тул түүнд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь хууль зөрчөөгүй. гэж тайлбарлав.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах групп вайбер чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Н нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, Хөрөнгө оруулалтын газрын даргаар 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс одоог хүртэл ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, тус газрын даргын тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 52-56/

Харин тус газрын даргын 2022 оны 01 сарын 21-ний өдрийн * тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5.19, Гамшгаас хамгаалах удирдамжийн 1.1 дэх заалтуудыг үндэслэн Гамшгаас хамгаалах штабын гишүүний хувьд 2022 оны 01 сарын 20-ны өдрийн 07:30 цагт товлогдсон хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ноогдуулжээ.

Хариуцагч нь Ч.Нг Гамшгаас хамгаалах штабын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 07:30 цагт товлогдсон хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь тус штабын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдоно гэж тайлбарлаж, холбогдох тэмдэглэл, Гамшгаас хамгаалах штабын хурлын шийдвэрүүд зэрэг баримтуудыг гаргаж ирүүлсэн байх ба уг баримтуудаар дээрх тушаалын үндэслэлд дурдсан Ч.Нг Гамшгаас хамгаалах штабын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 07:30 цагт товлогдсон хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабаас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 07:30 цагт хийхээр зарласан байх ба уг хурлын зарыг ИНЕГ-ын штаб нэртэй вайбер группт 2022.01.19-ний оройны 22 цагт 28 минутад тус штабын нарийн бичгийн дарга Мишээл оруулсныг нэхэмжлэгч Ч.Н нь 2022.01.20-ны өглөөний 07 цаг 21 минутад хурал цахимаар зохион байгуулагдах талаар лавлаж, Хоолой хөндүүрлэх шинж тэмдэгтэй байна, гэрт шинж тэмдэгтэй шөнө сандаргасан талаар мэдэгдсэн хариуг бичсэн баримт хэрэгт авагдсан байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Ч.Н нь дээрх нөхцөл байдлыг мэдүүлсний дараа буюу хурлаас 30 минут хоцорч Гамшгаас хамгаалах штабын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралд 08 цаг 00 минутад ирж оролцсон талаараа тайлбарлаж байх ба энэ талаар 2022.01.20-ны өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдээлэлд өөрийн гараар тэмдэглэсэн баримт болон Гамшгаас хамгаалах штабын 2022.01.20-ны өдрийн №04 хурлын шийдвэрт ...100 хувийн ирцтэй зохион байгуулав. гэж тэмдэглэсэн зэргээс ИНЕГ-ын даргын 2022.01.20-ны өдрийн * дугаар тушаалын үндэслэлд заасан Ч.Н нь ...товлогдсон хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ... гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Эдгээрээс дүгнэхэд Ч.Нг сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авсан нь хуульд нийцээгүй байх тул * дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. гэснээр нэхэмжлэгч Ч.Н нь * тушаалын үндэслэлийг хянуулахаар гомдол гаргасныг ИНЕГ-ын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022.03.02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, маргааныг дуусгавар болгож шийдвэрлэсэн байх ба уг тэмдэглэлийг нэхэмжлэгч 2022.03.22-ны өдөр хүлээн авсан байна.

Дээрх тэмдэглэлээр * дугаар тушаал үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгсөн гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

7. Нэхэмжлэгч нь ИНЕГ-ын даргын 2022.01.20-ны өдрийн * дугаар тушаалыг хянасан 2022 оны 03 сарын 02-ны өдрийн тэмдэглэлийг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэсэн хуулийн шаардлагын дагуу 2022 оны 03 сарын 28-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 сарын 20-ны өдрийн * дугаар Ч.Нд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ