Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01639

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01639

 

2022 09 02 210/МА2022/

 

 

Ч.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01870 дугаар шийдвэртэй, Ч.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ИНЕ газарт холбогдох, ИНЕ газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №4 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Ц, Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие ИНЕ газрын Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд орж ажиллах болсон бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 7 цагт Гамшгаас хамгаалах штабын вайбэр групп дээр хурал өглөөний 7 цаг 30 минутад зарласан болохыг харсан. Гэвч нөхрөө асрах зайлшгүй шаардлагатай, миний хоолой хөндүүртэй байсан тул цахимаар оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч цахим хурлын линк ирээгүй, 8 цагт ажилдаа ирээд хурлын танхимд ороход Гамшгаас хамгаалах штабын хуралдаж, 30 минут орчим үргэлжилж дууссан. Сонсох ажиллагааны тэмдэглэлд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд хоцорч оролцсон талаар тайлбараа бичиж өгсөн байхад 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7 цаг 30 минутанд товлосон хуралд ирээгүй гэх шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч хуульд нийцээгүй хурлын тэмдэглэл гарсан. Иймд ИНЕ газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №4 дугаартай Хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ИНЕ газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай Ч.Нд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалт, ИНЕ газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.19, Гамшгаас хамгаалах штабын удирдамжийн 1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нд ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Иймд ИНЕ газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай Ч.Нд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан ИНЕ газрын даргын 2022 оны 01 сарын 20-ны өдрийн Б/15 дугаар Ч.Нд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын өдрийн №4 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж хянан шийдвэрлээгүй, шууд шүүхэд хандаж, улмаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэсэн. Шүүхээс нэхэмжпэгч Ч.Нгийн нэхэмжлэлийн шаардлагын бүрэн шийдвэрлээгүй бөгөөд ИНЕ газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгож, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №4 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв гэсэн атлаа зөвхөн дээр дурдагдсан тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг шийдвэрлээгүй үлдээсэн гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Сум дунд болон гурван талт хөдөлмөрийн маргаанд хандаагүй бөгөөд уг хороо нь одоог хүртэл байгуулагдаагүй болохыг шүүхэд илэрхийлсэн. Мөн нотлох баримтыг буруу үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь тухайн хуралд ирц 100 хувь авагдсан бөгөөд хоцорсон тохиолдолд ирээгүй гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч ИНЕ газарт холбогдуулан ИНЕ газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №4 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг харьцуулан дүгнэхгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

ИНЕ газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга ИНЕ газрын Гамшгаас хамгаалах штабын гишүүний хувьд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07:30 цагт товлогдсон хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь тус штабын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №4 дугаар хурлын шийдвэр, сонсох ажиллагааны тэмдэглэлээр тус тус нотлогдсон гэх үндэслэлээр Ч.Нд ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. /хх. 6/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар нэхэмжлэгч нь ИНЕ газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж, уг комиссын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл-ээр Ч.Нд ногдуулсан ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

ИНЕ газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/145 дугаар Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн, удирдамж шинэчлэн батлах тухай тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нг Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд оруулжээ.

Ч.Н 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 07 цаг 30 минутад товлогдсон гамшгаас хамгаалах штабын хурлын товыг мэдсэн атлаа 30 минут хоцорч, 8 цагт ирсэн үйл баримт талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантай байсан буюу нөхрийн эрүүл мэндийн байдал хүнд байсан, өөрт сэжигтэй шинж тэмдэг ажиглагдсан гэж тайлбарлах боловч уг шалтгааныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх ИНЕ газрын Гамшгаас хамгаалах штабын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 цаг 30 минутад товлогдсон хуралд 30 орчим минут үргэлжилсэн, Ч.Н нь 8 цагт хурлын зааланд ирж, ирцэд бүртгүүлсэн үйл баримтад талууд маргаагүй байхад Гамшгаас хамгаалах штабын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №04 хурлын шийдвэрт ...100 хувийн ирцтэй зохион байгуулав гэж тэмдэглэсэн зэргээс ... Ч.Н нь ...товлогдсон хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй... гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу.

Иймд хариуцагч ИНЕ газрын даргын Ч.Нд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал болон хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №4 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ч.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. Энэ талаар хариуцагчийн гаргасан гомдлыг хангав.

Хариуцагч ИНЕ газрын маргаан таслах комисс Ч.Нгийн гомдлыг хэлэлцэн, хурлын тэмдэглэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан журамд нийцэж байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №4 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын орхигдуулсан талаар мэтгэлцүүлсэн атлаа шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01870 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан ИНЕ газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №4 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР