Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/01955

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/01955

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: * дүүрэг, * дүгээр хороо, *дугаар хороолол, * гудамж, * дүгээр барилгын * тоотод байрлах КХТБӨХ ГҮТББ-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дугаар хороо, *гудамж, * байрны * тоотод оршин суух С* овогт Н.Б /РД: /д холбогдох

Ашиглалтын төлбөрт төлөгдсөн 50 305 751 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б,

хариуцагчийн төлөөлөгч А.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов. 

 

Нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч КХТБӨХ ГҮТББ хариуцагч Н.Бд холбогдуулан цахилгаан ашиглалтын төлбөр 5 340 013 төгрөг, дулаан ашигласны төлбөх 4 080 565 төгрөг, ус ашигласны төлбөр 841 050 төгрөг, барилга өмчлөгчдийн холбооны дундын өмч ашигласны төлбөр 40 874 124 төгрөг, нийт ашиглалтын төлбөрт төлөгдсөн 50 305 752 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

КХТБӨХ ГҮТББ нь *дүүргийн * хороо * гудамж, * барилга болох КХТд оффисын өрөө, худалдаа үйчилгээний талбай түрээслэгч, өмчлөгч нартай ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж, тухайн барилгын ашиглалт үйлчилгээг хариуцаж, сар бүрийн төлбөр болон бусад засвар, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. Бид хангагч байгууллагуудтай тус тусын гэрээг байгуулж, улмаар тухайн саруудад бичигдсэн төлбөрийг нэгдсэн журмаар өмчлөгч, түрээслэгч нарын эзэмшиж ашиглаж байгаа талбайн хэмжээнд хувааж, төлбөрийг хуваарилж төлүүлдэг. Гэтэл хариуцагч Н.Б нь манай байгууллагатай Ашиглалтын гэрээ байгуулдаггүй, ашигласан цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөр болон дундын өмчлөлийн ашиглалтын төлбөрийг 2017 оноос хойш төлөөгүй өдийг хүрсэн бөгөөд бид өмнөөс нь төлбөр тооцоог нь төлж барагдуулсан. Иргэн Н.Б нь *дүүрэг, 9 хороо, 7 хороолол, *гийн гудамжинд байрлах * барилгын 8 давхрын 8001, 8002, 8003, 8004, 8006, 8009, 8010, 8011, 8012, 8013, 8014, 8015, 8016, 8017, 8021, 8022, 8023, 8025, 8026 тоот 19 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд дээрх зардлуудыг төлөөгүй байна. Манай байгууллага тухайн барилгын хэвийн үйл ажиллагааг хангаж, тог цахилгаан, халаалт, цахилгаан шат, харуул хамгаалалт, кабель, харилцаа холбоо зэргийг хэвийн байлгах үүднээс өмчлөгч нарын өмнөөс төлөгдөөгүй төлбөрүүдийг төлж ирсэн. Мөн тус барилгад үйл ажиллагаа явуулж буй өмчлөгч, түрээслэгч, иргэн, ААН байгууллагуудын аюулгүй ажиллах нөхцөл, тав тухтай байдал, төрийн эрх бүхий байгууллагатай тэдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх, дундын өмчлөлийн талбай болон ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллах үүднээс үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилчид, инженер техникийн ажилчид, өдөр тутмын үйл ажиллагаа байгууллагын дотоод асуудлыг шийдвэрлэхэд гүйцэтгэх захирал, менежер, нягтлан бодогч, хуулийн зөвлөх зэрэг ажилтан албан хаагч нар өдөр тутмын ажилд хяналт тавин ажиллаж, зохицуулж байдаг. Манай байгууллага нь 17 ажилтантай, тэдгээрийн цалин НДШ, татвар, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, багаж төхөөрөмж, ажлын хувцас, засвар үйлчилгээ хийх зэрэгт шаардлагатай сэлбэг хэрэгсэл гэх мэт гарсан зардлыг 200 гаруй өмчлөгч түрээслэгч нарын өмнөөс төлж барагдуулдаг болно. Иймд хариуцагч Н.Бгээс үйл ажиллагаа явуулахдаа ашигласан ашиглалтын төлбөр тооцоо болох цахилгаан ашиглалтын төлбөрт 5 340 013 төгрөг, дулаан ашигласны төлбөрт 4 080 565 төгрөг, ус ашигласны төлбөрт 841 050 төгрөг, БӨХ-ны дундын өмч ашигласны төлбөрт 40 874 124 төгрөг, бүгд 50 305 752 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа:  Н.Б нь *, 9-р хороо, * хороолол, * 54 барилгын 8 давхарын оффисийн зориулалттай 545 мкв бүхий 19 өрөөг 2017 оны 1 сараас эхлэн өмчилж байгаа болно. Гэтэл өөрсдийгөө офиссийн зориулалттай байрны Сууц өмчлөгчдийн холбоо гэж нэрлэсэн КХТБӨХ нь нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ контракт байгуулаагүй байж СӨХ-ийн мөнгө гэдэг нэрээр өөрсдийн зохиосон үнэ тарифаар хуулийг төсөөтэй хэрэглэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь өөрийн өмчийн байрандаа cap бүр түрээсийн мөнгө төлж буй мэт санхүүгийн дарамт, шахалтыг үүсгэсэн. Ингээд миний зүгээс хариуцагчид хандан ...гэрээгээ байгуулая, үнэ хэтэрхий өндөр байна, би байр өмчилж авчихаад дээрээс нь хүнээс түрээсэлж буй мэт мөнгө төлөх нь зохимжгүй байна...би бас нилээд судалгаа хийлээ... хэмээн учирлахад тэр хамаагүй та манайхаас зохиосон тарифаар мөнгөө төл гэж дарамталж эхэлсэн. Хариуцагч нь өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд миний байрууд байрладаг 8 давхрын тог, цахилгааныг дур мэдэн тасалж, өөрсдийн мэдэлд байгаа лифтээр үйлчлэхгүй хэмээн зогсоож, дарамталж эхэлсэн. Ингээд 2017 оны 08 сараас 2017 оны 12 cap хүртэл, 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 08 сарын 05-ныг хүртэл 8-р давхрын цахилгааныг тэр чигт нь тасалж, лифтийг 8 давхарт зогсохыг болиулсан. Ингэхдээ бусад давхруудын явган шатны хаалгыг цоожилсон байдаг болохоор 1 давхраас эхлэн 8 давхар хүртэл хүмүүс шатаар алхахаас өөр аргагүй байдалд хүрдэг байсан тул миний байрыг түрээслэж байсан иргэд, хуулийн этгээдүүд түрээсийн гэрээгээ цуцалж мөнгөө буцааж нэхэн намайг санхүүгийн алдагдалд оруулж эхэлсэн. Хариуцагч 2018 оны 10 сараас эхлэн 2018 оны 12 cap хүртэл cap гаруйн хугацаанд дахин 8-р давхарын тог цахилгааныг тэр чигт нь тасалсан ба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, зөрчлийн хэрэг үүсгүүлэн 2 жил орчим маргаж байж шийдвэрлүүлсэн байдаг. Хариуцагч тал дахиад л 2020 оны 02 сарын 10-наас эхлэн 2020 оны 06 cap хүртэл 4 сарын турш тог цахилгаан тасалсан. Ингэхдээ давхар цэвэр ус, бохирын системийг салгаж, 00 ашиглах боломжгүй болгож нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн оффисийг ямар ч байдлаар ашиглах боломжгүй, зүгээр л нүхэн оромж болгож орхисон. Хариуцагч нийтдээ 1 жил 1 сарын /13 сар/ турш үндэслэлгүйгээр тог цахилгаан таслах, лифт гацаах, цэвэр бохир зогсоох зэргээр миний өмчлөх эрхэнд халдаж эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй, зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс КХТБӨХ ГҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Бгийн ашиглалтын авлагын тооцоо, УБЦТС ТӨХК-ийн *ХҮТ, КХТийн БӨХ нарын хооронд байгуулагдсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон КХТийн БӨХ нарын хооронд байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах гэрээ, Ус сувгийн удирдах газар болон КХТийн БӨХ нарын хооронд байгуулагдсан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Азийн топ эхлэл ХХК-иас 2019.01.17-ны өдөр ирүүлсэн мэдэгдэл, КХТБӨХны удидах зөвлөлийн даргын 2017.06.02-ны өдрийн Ашиглалтын төлбөрийг тогтоох тухай №17/01 тушаал, 2017 оны КХТБӨХны ашиглалтын төсөв, КХТБӨХны /БӨХ/-ны дүрэм, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтууд, МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.03.23-ны өдрийн 258 дугаар тогтоол, тооцооны үлдэгдлийн баталгаанууд /хх-ийн 5-43,84-86/

4. Хариуцагчаас 2021.06.30-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 359 дугаар магадлал, 2021.05.19-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 332 дугаар шийдвэр, С ХХК-ийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол 2020.03.20-ны өдрийн 07-102/0281 дугаар, Н.Бгээс КХТБӨХнд хүргүүлсэн бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт С ХХК-ийн гаргасан гомдол, шилжүүлгийн баримт, орлогын мэдүүлэг, дотоод шилжүүлгийн баримтыг ирүүлсэн./хх-ийн 141-143,152-164/

5. Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.08.23-ны өдрийн албан тоотоор *дүүргийн 9-р хороо, 7 дугаар хороолол/14182/ * гудамж, 54 дугаартай барилгын 8 дугаар давхарын 8001, 8002, 8003, 8004, 8006, 8009, 8010, 8011, 8012, 8013, 8014, 8015, 8016, 8017, 8021, 8022, 8023, 8025, 8026 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх иргэн Н.Бгийн /ЦЖ69051312/-ийн өмчлөлд бүртгэлтэй гээд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлсэн ба хариуцагчийн хүсэлтээр *дүүргийн 9-р хороо, 7 дугаар хороолол /14182/ * гудамж, 54 дугаартай барилгын 8 дугаар давхарт очиж үзлэг хийж, тэмдэглэлийг, фото зургийн хамт хавсаргасан, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэгдэл, /хх-ийн 58-76, 119-127/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Бид хангагч байгууллагуудтай тус тусын гэрээг байгуулж, улмаар тухайн саруудад бичигдсэн төлбөрийг нэгдсэн журмаар өмчлөгч, түрээслэгч нарын эзэмшиж ашиглаж байгаа талбайн хэмжээнд хувааж, төлбөрийг хуваарилж төлүүлдэг. Гэтэл хариуцагч Н.Б нь манай байгууллагатай Ашиглалтын гэрээ байгуулдаггүй, ашигласан цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөр болон дундын өмчлөлийн ашиглалтын төлбөрийг 2017 оноос хойш төлөөгүй өдийг хүрсэн бөгөөд бид өмнөөс нь төлбөр тооцоог нь төлж барагдуулсан. Иргэн Н.Б нь *дүүрэг, 9 хороо, 7 хороолол, *гийн гудамжинд байрлах 54 барилгын 8 давхрын ...19 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд дээрх зардлуудыг төлөөгүй тул гаргуулж өгнө үү. гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Сууц өмчлөгчдийн холбоо гэж нэрлэсэн КХТБӨХ нь нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ контракт байгуулаагүй байж СӨХ-ийн мөнгө гэдэг нэрээр өөрсдийн зохиосон үнэ тарифаар мөнгө нэхэмжилж эхэлсэн. Энэ нь өөрийн өмчийн байрандаа cap бүр түрээсийн мөнгө төлж буй мэт санхүүгийн дарамт, шахалтыг үүсгэсэн. Ямар ч баримтгүйгээр төлбөр төлсөн үндэслэлээр үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. гэж тайлбарлав.

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч КХТБӨХ нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан байна./хх-ийн 5/

Тус төрийн бус байгууллага нь гишүүдийнхээ болон тус төвийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцлийг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан байх ба тус холбооны 2017 оны 05 сарын 05-ны өдрийн дүрмийн 1.3, 1.4-т энэ талаар заасан байна./хх-ийн 31-35/

КХТБӨХ ГҮТББ-ын дүрмийн 2.6-д Удирдах зөвлөлийн 11 гишүүн, хяналтын зөвлөлийн 5 гишүүн, мөн гүйцэтгэх гүйцэтгэх захиралтайгаар удирдлагын бүтцээ батлан үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар тусгасан байх ба удирдах зөвлөлийн гишүүнээр хариуцагч Н.Б нь сонгогдон ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр, нэр бүхий нэхэмжлэгч нар КХТБӨХ ГҮТББ нь Компьютер молл худалдааны төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, албадан татан буулгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01610 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1702 дугаар магадлал, УДШ-ийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.03.23-ны өдрийн 258 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Тогтоолын үндэслэлд ...Хариуцагч байгууллага нь үйл ажиллагааны хүрээнд тус төвд худалдаа, аж ахуйн эрхлэгч өмчлөгч нартай худалдааны төвийн ашиглалтын гэрээ, мөн өмчлөгч нарын нэрийн өмнөөс төвийн барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор харуул хамгаалалт, эрчим хүч цахилгаан, дулаан худалдан авах, хог тээвэрлэх, цэвэр усаар хангах, бохир татан зайлуулах зэрэг гэрээг холбогдох газруудтай хийж дүрмэнд заасан ажил үүргээ хэрэгжүүлж байгаа нь хэргийн баримтаар тогтоогджээ. гэж, мөн ...КХТБӨХ ГҮТББ-ыг КХТийн барилгын өмчлөгч нарын санаачилгаар сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдаж, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн эрхтэй байгууллага мөн. гэж дүгнэсэн байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд КХТБӨХ ГҮТББ-ын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон тус байгууллагын бүрэн эрхийг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтад хамаарч байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3"сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч КХТБӨХ ГҮТББ нь хуульд заасан дээрх чиг үүргийг хэрэгжүүлж, холбогдох зардлыг хариуцагч Н.Бгээс шаардах эрхтэй байна.

5. Харин хариуцагч Н.Б нь ямар нэг гэрээ контракт байгуулаагүй байж СӨХ-ийн мөнгө гэдэг нэрээр өөрсдийн зохиосон үнэ тарифаар хуулийг төсөөтэй хэрэглэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үүнийгээ нотолсон баримтгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаадлагаас барилга өмчлөгчдийн холбооны дундын өмч ашигласны төлбөр 40 874 124 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч КХТБӨХны удирдах зөвлөлийн даргын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн №17/01 дугаар тушаалаар Компьютер центр цогцолборын ашиглалтын төлбөрийг 1м2 талбайг 3 300 төгрөгөөр тогтоож, уг төлбөрийг уг цогцолборт үйл ажиллагаа явуулдаг, өмчлөгч, түрээслэгч, эзэмшигч нараас сар бүр хураана авч байхаар тогтоосон байх ба хариуцагч Н.Б нь 8 давхрын 19 үл хөдлөх эд хөрөнгийн БӨХ-ны төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй /8001, 8002, 8003, 8004, 8006, 8009, 8010, 8011, 8012, 8013, 8014, 8015, 8016, 8017, 8021, 8022, 8023, 8025, 8026/ болох нь хэрэгт авагдсан авлагын тооцоогоор тогтоогдож байна./хх-ийн 6-15, 29/

Харин нэхэмжлэгч нь ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлөөгүй гэж шаардсан хэдий ч дээрх төлбөрийн тооцооллыг хэрхэн тооцож гаргасан баримтгүй, түүнчлэн сар бүр дээрх тооцооны үлдэгдлийг баталгаажуулан нэхэмжилж байсан нь тогтоогдохгүй байх тул дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй.

Талуудын хооронд дээрх ашиглалтын зардлыг төлөөгүйгээс маргаан үүсч, улмаар дээрхээс шалтгаалсан тог цахилгаан тасалсан, лифт зогсоосон, цэвэрлэгээ үйлчилгээг өөрсдөө хийдэг болсон гэх үндэслэлээр хариуцагч нь дээрх төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бгээс дундын өмч ашигласны төлбөр 40 874 124 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч КХТБӨХ ГҮТББ-д олгож, илүү нэхэмжилсэн 9 431 628 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 409 479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгээс улсын тэмдэгтийн хураамжинд 362 320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч КХТБӨХ ГҮТББ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ