Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01699

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01699

 

 

КХТБӨХ ГҮТББ--ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01955 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч КХТБӨХ ГҮТББ--ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Б-д холбогдох,

Ашиглалтын төлбөрт төлөгдсөн 50,305,751 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

КХТБӨХ ГҮТББ- нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Их тойруу гудамж, 54 дүгээр барилга болох Компьютер худалдааны төвд оффисын өрөө, худалдаа үйлчилгээний талбай түрээслэгч, өмчлөгч нартай ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж, тухайн барилгын ашиглалт үйлчилгээг хариуцаж, сар бүрийн төлбөр болон бусад засвар, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд өмчлөгч, түрээслэгч нарын эзэмшиж ашиглаж байгаа талбайн хэмжээнд хувааж, төлбөрийг хуваарилж төлүүлдэг. Гэтэл хариуцагч Н.Б- нь тус барилгын 8 давхрын 19 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд манай байгууллагатай ашиглалтын гэрээ байгуулдаггүй, ашигласан цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөр болон дундын өмчлөлийн ашиглалтын төлбөрийг 2017 оноос хойш төлөөгүй өдийг хүрсэн бөгөөд бусад үйлчилгээг хэвийн явуулахын тулд бид түүний өмнөөс төлбөр тооцоог нь төлж барагдуулсан. Иймд хариуцагч Н.Б-гээс үйл ажиллагаа явуулахдаа ашигласан ашиглалтын төлбөр тооцоо болох цахилгаан ашиглалтын төлбөрт 5,340,013 төгрөг, дулаан ашигласны төлбөрт 4,080,565 төгрөг, ус ашигласны төлбөрт 841,050 төгрөг, СӨХ-ны дундын өмч ашигласны төлбөрт 40,874,124 төгрөг, бүгд 50,305,752 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Н.Б- нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 54 барилгын 8 дугаар давхарын оффисийн зориулалттай 545 м.кв бүхий 19 өрөөг 2017 оны 01 дүгээр сараас эхлэн өмчилж байгаа болно. Гэтэл өөрсдийгөө оффисийн зориулалттай байрны Сууц өмчлөгчдийн холбоо гэж нэрлэсэн Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ контракт байгуулаагүй байж СӨХ-ийн мөнгө гэдэг нэрээр өөрсдийн зохиосон үнэ тарифаар хуулийг төсөөтэй хэрэглэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь өөрийн өмчийн байрандаа cap бүр түрээсийн мөнгө төлж буй мэт санхүүгийн дарамт, шахалтыг үүсгэсэн. Миний зүгээс хариуцагчид хандан ...гэрээгээ байгуулья, үнэ хэтэрхий өндөр байна, би байр өмчилж авчхаад дээрээс нь хүнээс түрээсэлж буй мэт мөнгө төлөх нь зохимжгүй байна...би бас нилээд судалгаа хийлээ... хэмээн учирлахад тэр хамаагүй та манайхаас зохиосон тарифаар мөнгөө төл гэж дарамталж эхэлсэн. Хариуцагч нь өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд миний байрууд байрладаг 8 дугаар давхрын тог, цахилгааныг дур мэдэн тасалж, өөрсдийн мэдэлд байгаа лифтээр үйлчлэхгүй хэмээн зогсоож, дарамталж эхэлсэн. 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 12 дугаар cap хүртэл, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 08 дугаар сарын 05-ныг хүртэл 8 дугаар давхрын цахилгааныг тэр чигт нь тасалж, лифтийг 8 дугаар давхарт зогсохыг болиулсан. Ингэхдээ бусад давхруудын явган шатны хаалгыг цоожилсон байдаг болохоор 1 дүгээр давхраас эхлэн 8 дугаар давхар хүртэл хүмүүс шатаар алхахаас өөр аргагүй байдалд хүрдэг байсан тул миний байрыг түрээслэж байсан иргэд, хуулийн этгээдүүд түрээсийн гэрээгээ цуцалж мөнгөө буцааж нэхэн намайг санхүүгийн алдагдалд оруулж эхэлсэн. Хариуцагч 2018 оны 10 дугаар сараас эхлэн 2018 оны 12 дугаар cap хүртэл cap гаруйн хугацаанд дахин 8 дугаар давхрын тог цахилгааныг тэр чигт нь тасалсан ба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, зөрчлийн хэрэг үүсгүүлэн 2 жил орчим маргаж байж шийдвэрлүүлсэн байдаг. Хариуцагч тал дахиад л 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар cap хүртэл 4 сарын турш тог цахилгаан тасалсан. Ингэхдээ давхар цэвэр ус, бохирын системийг салгаж, 00 ашиглах боломжгүй болгож нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн оффисийг ямар ч байдлаар ашиглах боломжгүй болгосон. Хариуцагч нийтдээ 1 жил 1 сарын /13 сар/ турш үндэслэлгүйгээр тог цахилгаан таслах, лифт гацаах, цэвэр бохир зогсоох зэргээр миний өмчлөх эрхэнд халдаж эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй, зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-гээс дундын өмч ашигласны төлбөр 40,874,124 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч КХТБӨХ ГҮТББ--д олгож, илүү нэхэмжилсэн 9,431,628 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 409,479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжинд 362,320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч КХТБӨХ ГҮТББ--д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ, сууц өмчлөгч болон сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хоёрын дундах харилцааг зохицуулдаг болохыг харуулж байна. Гэтэл үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгч болон Төрийн бус байгууллагын дунд болсон харилцааг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах гэж оролдон буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.в. Улсын Дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаар тогтоолын үндэслэх хэсгийг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл, тухайн тогтоолын үндэслэлд ... КХТБӨХ ГҮТББ- нь гишүүддээ үйлчилж, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага мөн гэснийг гэрээ байгуулаагүй өмчлөгчөөс мөнгө авах эрхтэй гэж шийдвэрлэсэн мэтээр үндэслэл хэсэгтээ дурдсан нь тогтоолын агуулгыг шүүх сайн ойлгоогүй байгааг харуулна. Уг тогтоолд дурдсанаар гишүүддээ үйлчлэх байгууллага гэсэн байгаа нь ГҮТББ-ийн гишүүн болоогүй хариуцагчид тухайн нэхэмжлэлийн шаардлага ямар ч хамааралгүй болохыг нотолно. Мөн нэхэмжлэгч байгууллагын гишүүнээр хариуцагч Н.Б- нь сонгогдон ажиллаагүй, харин түүнийг төлөөлөн уг Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбооны удирдлагуудын хэн нэг нь гарын үсгийг дуурайлган зурсан байгаа нь Н.Б-г зурснаар нотлогдож байгааг шүүх дутуу үнэлсэн байна.

4.г. Хэрэв Шүүх нэхэмжлэгчийг СӨХ гэж үзээд хариуцагчийг нийтийн зориулалттай орон сууц өмчлөгч гэж үзсэн бол Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг баримталж байгаа нь буруу бөгөөд тухайн нийтийн зориулалттай орон сууцны харилцааг нарийвчлан зохицуулсан дагнасан хууль болох Иргэний хуулийн 142-149 дүгээр зүйлд заасан нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрх гэсэн хэсгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй байсан. Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч нар нь энэхүү хуулийн зүйл заалтад хамаарах уг харилцаагаар зохицуулагдах субъектүүд биш байгааг шүүх анзаарч үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч КХТБӨХ ГҮТББ-, хариуцагч Н.Б-д холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Их тойруу гудамж, 54 дүгээр барилга болох Компьютер худалдааны төв оффисын 8 давхрын 19 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд ашигласан цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөр болон дундын өмчлөлийн ашиглалтын төлбөрийг 2017 оноос хойш төлөөгүй бөгөөд уг төлбөрүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн төлсөн тул түүний цахилгаан ашиглалтын төлбөрт 5,340,013 төгрөг, дулаан ашигласны төлбөрт 4,080,565 төгрөг, ус ашигласны төлбөрт 841,050 төгрөг, СӨХ-ны дундын өмч ашигласны төлбөрт 40,874,124 төгрөг, бүгд 50,305,752 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч талтай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, уг барилга өмчлөгчдийн холбооны гишүүн бус, 19 үйлчилгээний талбайн өмчлөгч атлаа түрээслэгч мэт төлбөр төлөхгүй, цахилгаан, лифт зэргийг бүрэн ашиглуулдаггүй, цэвэр бохир усны системийг салгаж, 00 өрөөг ашиглах боломжгүй болгосон гэх үндэслэл заан маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 54 барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтын найдвартай байдал, худалдаа үйлчилгээ явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх барилга өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны чиглэлтэй талаар Холбооны дүрмийн 1.4-т тодорхойлжээ. /хх 31-32/

 

3. Нэхэмжлэгч нь дээрх чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, уг барилгын өмчлөгч болон түрээслэгч нартай ашиглалтын гэрээ байгуулан ажилладаг гэх ба хариуцагч талаас холбооны гишүүн бус, уг барилгын 8 давхрын үйлчилгээний талбайд 19 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч учраас тул уг холбооны үйл ажиллагаа өөрт хамааралгүй гэсэн тайлбарыг хийсэн байна.

 

4. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн газраас хариуцагчийг уг барилгад 19 үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг тухай лавлагаа ирүүлсэн байх боловч, хавсарган ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээс 8023 тоот хаягт байршилтай талбайн гэрчилгээ ирээгүй байх тул уг талбайн хэмжээ, өмчлөгч нь хэн болох зэрэг асуудлууд тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан 545 м.кв талбайг хариуцагч өмчилж ашигладаг эсэх нь тодорхойгүй байна. /хх 58-76/

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн өмнөөс цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, цахилгаан шат, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий газруудад төлсөн гэх боловч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй байх ба, хэрхэн тооцоолсон нь тодорхой баримтгүй, нэхэмжлэгч өөрсдийн гаргасан тооцооллыг үндэслэн нэхэмжлэлийг гаргасан байхад анхан шатны шүүхээс хариуцагчийг хичнээн хэмжээний талбайг өмчилж ашигладаг гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. /хх 12-17/

 

6. Зохигчдын маргааныг бусад хуулийг төсөөтэй хэрэглэн шийдвэрлэх эсхүл хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа буюу дундын өмчөөс үүсэх үүрэгт хамааруулах эсэх, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн гаргуулах зэрэг ажиллагааг явуулах нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс явуулах боломжгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01955 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,321 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ