Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01983

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01983

Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * дүүрэг, * дугаар хороо, * гудамж төв, *, * центр, *тоот хаягт байрлах Ш ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б дүүрэг, *дугаар хороо, * тоот хаягт оршин суух ГА ХХК /РД:*/-д холбогдох

Гэрээний үүрэгт 19 824 900 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын * дугаарын утсанд 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн бөгөөд За ойлголоо гэх тайлбар өгсөн ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд шийдвэрлэв./

Нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Ш ХХК хариуцагч ГА ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 12 012 000 төгрөг, алданги 6 006 000 төгрөг, өмгөөллийн зардал 1 800 000 төгрөг, нотариат шуудангийн зарадл 6 900 төгрөг, нийт 19 824 900 төгрөгийг гаргуулж өгнө үү 19 824 900 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай компани нь 2021.06.28-ны өдөр ГА ХХК-тай 96 дугаар гэрээ байгуулж, ургамал хамгааллын бодисууд болох 70 литр форвард бодисыг нэг литрийг 66 000 төгрөг, мөн 120 литр Лорнет бодисыг нэг литрийг нь 104 500 төгрөгөөр тус тус тооцон, нийт 17 160 000 төгрөгийн үнэ бүхий бодисыг худалдан авагчид нийлүүлсэн. ГА ХХК нь барааны үнийн 30 хувь буюу 5 148 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл барааны үнэ 12 012 000 төгрөгийг 2021.11.15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч ГА ХХК-иас үлдэгдэл төлбөр 12 012 000 төгрөг, алданги 6 006 000 төгрөг, өмгөөллийн зардал 1 800 000 төгрөг, нотариат шуудангийн зардал 6 900 төгрөг, нийт 19 824 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 96 дугаар гэрээ, зарлагын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримтын шаардлага хангаагүй/, харилцагчийн дансны хуулга, байгууллагад очих баримт /хх-ийн 5-11, 20-21/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ГА ХХК нь барааны үнийн 30 хувь буюу 5 148 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл барааны үнэ 12 012 000 төгрөгийг 2021.11.15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. гэж тайлбарласан.

3. Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 96 дугаар гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч буюу Ш ХХК нь форвард 70 литрийг нэг бүрийн үнэ 66 000 төгрөг, Лорнет 120 литрийг нэг бүрийн үнэ 104 500 төгрөг байхаар, нийт 17 160 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /хх-6/

 

Дээрх гэрээний дагуу худалдан авагч болох ГА ХХК нь барааны 30 хувь буюу 5 148 000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор, үлдэгдэл 70 хувь буюу 12 012 000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлөхөөр тус тус тохиролцож, уг бодисыг хүлээн авсан болох нь зарлагын баримтаар тогтоогдож байна./хх-ийн 7,8/

Харин хариуцагч ГА ХХК нь нэхэмжлэгч Ш ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан боловч үнийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба талууд гэрээний үүрэгт 12 012 000 төгрөгийг төлөөгүйгээс маргаан үүссэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заажээ.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч ГА ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талуудын байгуулсан гэрээний 4.1.Б-д алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрөөс 0.5 хувиар алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

5. Харин нэхэмжлэгч талаас өмгөөллийн зардал 1 800 000 төгрөг, нотариат шуудангийн зардал 6 900 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй байх ба дээрх зардлууд нь гэрээний үүрэгт хамааралгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэгт 12 012 000 төгрөг, алданги 6 006 000 төгрөг, нийт 18 018 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГА ХХК-иас гэрээний үүрэгт 18 018 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 806 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГА ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 248 040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ