Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01676

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01676

 

 

Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01983 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш ХХК-ийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,824,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Г ХХК-тай 96 дугаар гэрээ байгуулж, ургамал хамгааллын бодисууд болох 70 литр форвард бодисыг нэг литрийг 66,000 төгрөг, мөн 120 литр лорнет бодисыг нэг литрийг 104,500 төгрөгөөр тооцон, нийт 17,160,000 төгрөгийн бодисыг нийлүүлсэн. Г ХХК нь барааны үнийн 30 хувь буюу 5,148,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл барааны үнэ 12,012,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч Г ХХК-аас үлдэгдэл төлбөр 12,012,000 төгрөг, алданги 6,006,000 төгрөг, өмгөөллийн зардал 1,800,000 төгрөг, нотариат шуудангийн зардал 6,900 төгрөг, нийт 19,824,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас гэрээний үүрэгт 18,018,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,806,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 248,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг алдангийн хамт хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Алданги 6,006,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэлийн алданги тооцоогүй үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн шийдвэр болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд зааснаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр маргааныг шийдвэрлүүлнэ гэж талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 17,824,900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 96 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ш ХХК нь форвард 70 литр, Лорнет 120 литр, нийт 17,160,000 төгрөгийн бодис нийлүүлэх, Г ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 6 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Хэрэгт авагдсан зарлагын баримтаас үзэхэд Ш ХХК нь гэрээний форвард 70 литр, Лорнет 120 литр бодисыг нийлүүлсэн, Г ХХК бодисын үнийн 30 хувь буюу 5,148,000 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй./хх 7,8/

Хариуцагч Г ХХК нь 12,012,000 төгрөгийг Ш ХХК-д төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч маргаагүй болно.

5. Анхан шатны шүүх 96 дугаартай гэрээний алдангид хариуцагчаас 6,006,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь алдангийн хэмжээг 2,006,000 төгрөгөөр багасгаж, алданги 4,000,000 төгрөг шаардсан болно.

Талууд гэрээний 4.1.Б-д Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги нэмж төлнө гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн багасгасан хэмжээгээр алданги 4,000,000 төгрөгийг хариуцагч Г ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгох нь хуульд нийцнэ. Харин, гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилсөн байна. Иймд шүүхийн харьяалал зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01983 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 18,018,000 гэснийг 16,012,000 гэж, 1,806,900 гэснийг 3,812,900 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР