Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/02017

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/02017

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: * дүүрэг, * 19, * дүгээр хороо байрлах ХХБ ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дүгээр хороо, *, *байр, *тоотод оршин суух Б.Т/РД:ХЖ*/-т холбогдох

  Зээлийн гэрээний үүрэгт 148 086 365 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс болон ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал оролцов. 

 

  /Хариуцагч Б.Тт шүүх хуралдааны товыг 2022 оны 06 сарын 10-ны шүүх хуралдаанаар мэдэгдсэн ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

  Нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч ХХБ ХХК хариуцагч Б.Тт холбогдуулан Зээлийн гэрээнүүдийг цуцалж, нийт 148 086 365 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс болон ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

а/ Зээлдэгч Б.Т нь ХХБтай 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр * тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ байгуулан 79 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 1.6 хувийн хүүтэйгээр, 180-н сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Тийн өмчлөлийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн* тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаа гэрээний дагуу Нийслэлийн * дүүргийн 29 дүгээр хороо, * гудамж, *, 147 тоот хаягтай, 129.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр * тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу Нийслэлийн * дүүргийн 29 дүгээр хороо* урд 130 м.кв газрыг холбогдох хууль тогтоомжид хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Зээлийн 1-ийн хувьд үндсэн зээл 78 793 749.22 төгрөг, зээлийн үндсэн хүү 37 771 179.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120 208.02 төгрөг нийт 113 685 137.18 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь 2020 оны 2 сараас хойш уг зээлийн төлөлтийг хийгээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

б/ Б.Т нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус банктай * тоот зээлийн гэрээ, * тоот Баталгааны гэрээг тус тус байгуулан 30 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө барьцаалсан. Зээл 2-ын хувьд үндсэн зээл 21 811 727.08 төгрөг, зээлийн үндсэн хүү 6 773 007.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146 974.77 төгрөг нийт 28 731 709.68 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг зээлийн төлөлтийг 2022 оны 02 сар хүртэл төлж байсан боловч мөн хугацаандаа төлөхгүй өнөөдрийг хүрч хугацаа хэтрүүлсэн ба гэрээний хугацаа 2022 оны 03 сарын 25-ны өдөр дууссан.

в/ Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус банктай * тоот Кредит карт эзэмших гэрээ, * тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан худалдан авалтын гүйлгээнд сарын хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 427006464 тоот данс бүхий 3 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн. Зээлдэгч нь дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ХХБны * тоот харилцах дансны орлогыг барьцаалсан. зарцуулсан дүн 2 993 333.04 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 31 372.49 төгрөг, шимтгэлийн авлага 2 365.52 төгрөг, хүүгийн авлага 2 601 447.09 төгрөг, нийт 5 628 518.14 төгрөгийн өр төлбөр үүссэн байна.

Хариуцагчаас Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, зээлийн гэрээ болон Кредит карт эзэмших гэрээгээр хүлээсэн биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, мөн манай талаар хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй тул талуудын хооронд байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр * тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус банктай * тоот Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус банктай * н тоот Кредит карт эзэмших гэрээний 6 дугаар сарын 6.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар сарын 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. ХХБ * тоот гэрээний 7.1.1, * тоот гэрээний 7.1.1, *-н тоот гэрээний 4.2.2 заасны дагуу үндсэн төлбөр, түүний хүү, хугацаа хэтрэлтийн шимтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй бол хариуцагч * тоот гэрээний 6.2.4, * тоот Баталгааны гэрээг байгуулан үүргийн биелэлтийг баталгаажуулсан. Зээлдэгч нь зээл зээлийн хүүгийн төлөлт хийгээгүйгээс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн 103 598 809.3 төгрөг /78 793 749.22 + 21 811 727.08 + 2 993 333.04 /, зээлийн хүү 44 145 634.86 төгрөг / 34 771 179.94 + 6 773 007.83 + 2 601 447.09/ нэмэгдүүлсэн хүү 267 182.79 төгрөг /120 208.02 + 146 974.77/, кредит картны хугацаа хэтрэлтийн шимтгэл 31 372.49 төгрөг, шимтгэлийн авлага 2 365.52 төгрөг, нийт 148 045 365 төгрөг, нотариатын зардал 41 000 төгрөг, нийт 148 086 365 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ,зээлийн гэрээ, кредит карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож №ЗБ/BCC190827037-3-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан Нийслэлийн * дүүргийн 29 дүгээр хороо, * гудамж, Москва хороолол/18076/, 147 тоот хаягтай, 129.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр * тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу Нийслэлийн * дүүргийн 29 дүгээр хороо* урд 130 м.кв газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, *, * тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан. Ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө болон ХХБны * тоот харилцах дансны орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ХХБны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие нь Улаанбаатар хотод Солонгос хоолны газар, караоке, * дүүргийн Драгон худалдааны төвд ачаа, тээш хадгалах зориулалтаар объект түрээслүүлэн ажиллуулж, эдгээр бизнесийн үйл ажиллагаанууд хэвийн явагддаг байсан. Бизнесийн үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор ХХБнаас эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг төлөх ёстой гэдгийг ойлгож байсан. Гэтэл зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Үүнд: Солонгос хоолны газрын түрээслүүлэгч түрээсийн гэрээгээ цуцласнаас болж хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд орсон. Мөн дэлхий даяар ковид цар тахал дэгдснээс болж Монгол улсын Засгийн газраас хоолны газрын үйл ажиллагаанд хязгааралт тогтоосон. Караоке бар түрээслэн ажиллуулдаг байсан боловч ковид цар тахалын нөхцөл байдлаас болж караоке барны үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газраас 2020 оны 2 дугаар сараас 7 дугаар cap хүртэл бүрэн зогсоож, олон удаа хязгааралт тогтоож бизнесийн орлогогүй болсон. * дүүргийн Драгон худалдааны төвд ачаа, тээш агуулах чиглэлээр түрээслэдэг талбайнуудын түрээсийн үйл ажиллагаа мөн л ковид цар тахалын улмаас доголдож эхэлсэн. Хөдөө, орон нутаг руу явах зорчигч тээврийг хааснаас болж энэхүү бизнесийн үйл ажиллагаа доголдсон. Энэхүү давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлуудаас болж Худалдаа. хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн ба яг надтай адилхан мянга, мянган зээлдэгч ийм нөхцөл байдалд хүрсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Би ХХБинд зээл хойшлуулах талаар хүсэлтээ амаар болон бичгээр олон удаа тавьж байсан. Монгол банкнаас ч гэсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, тухайн зээлдэгчийг хохироохгүй байх талаас нь асуудлыг шийдвэрлэх талаар олон удаа арилжааны банкуудад мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Гэтэл ХХБнаас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-ний барьцаа * дүүргийн 29 дүгээр хороо* урд байрлах 130 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж ирэх талаар надтай ярилцаж, зээлийн эргэн төлөлтийн асуудлыг дараа шийдвэрлэж болно гэж удаа дараа тайлбарлаж байсан. Ингээд би Драгон худалдааны төвийн урд байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар газрын албанд хүсэлт гаргаж хөөцөлдөж явсаар жилийн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч чадсан. Энэ нь мөн ковидын нөхцөл байдлаас үүдэж зайнаас ажиллаж шийдвэр гаргах албан хаагч нар хуралдаж шийдвэр гаргахгүй нөхцөл байдлаас үүдэж хугацаа шаардсан билээ. Энэ талаар ХХБны ажилчид мэдэж байсан боловч ажилчин, албан хаагч нар нь олон удаа солигдсоноос болоод ярьсан зүйлээ мэдэхээ больж миний зээлийн эргэн төлөлтийн асуудлыг шийдвэрлэж өгч чадаагүй. Би Худалдаа Хөгжил Банкинд зээл хойшлуулах хүсэлт гаргаж өгсөн болохоос тухайн салбарын дотоод процесс өөрчилөгдөж /эдийн засагч захирал солигдсон/ миний хүсэлтийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Эдгээр нөхцөл байдлаас болж миний бие нь зээлийн гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлэх нөхцөл байдалд хүндрэл учирсан байгаа. ХХБ ковид цар тахалын нөхцөл байдлын хугацааг харгалзан үзэх байтал зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн болон барцааны гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 хувийг хасуулах хүсэлтэй байна.

3. Нэхэмжлэгчээс ХХБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн хүсэлт, 2019 оны 08 сарын 28-ны өдрийн * тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, *-2.3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 10 сарын 22-ны өдрийн * Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 08 сарын 28-ны өдрийн * Баталгааны гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн * Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *-1 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн * Баталгааны гэрээ, Кредит карт эзэмших хүсэлт, 2017 оны 12 сарын 11-ны өдрийн Кредит карт эзэмших гэрээ *, 2017 оны 12 сарын 11-ны өдрийн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ *, ХХБ ХХК-иас 2021.08.12-ны өдрийн 6/6878, 6/6879 тоот зээлдэгч Б.Тт хүргүүлсэн мэдэгдэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатчийн нэхэмжлэл, баримтууд зэргийг ирүүлсэн./хх-ийн 5-49/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагчаас Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, зээлийн гэрээ болон Кредит карт эзэмших гэрээгээр хүлээсэн биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, мөн манай талаар хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний дагуу төлбөрийг гаргуулна гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Бизнесийн үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор ХХБнаас эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Гэтэл зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Үүнд: Солонгос хоолны газрын түрээслүүлэгч түрээсийн гэрээгээ цуцласнаас болж хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд орсон. Мөн дэлхий даяар ковид цар тахал дэгдснээс болж Монгол улсын Засгийн газраас хоолны газрын үйл ажиллагаанд хязгааралт тогтоосон. Караоке бар түрээслэн ажиллуулдаг байсан боловч ковид цар тахалын нөхцөл байдлаас болж караоке барны үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газраас 2020 оны 2 дугаар сараас 7 дугаар cap хүртэл бүрэн зогсоож, олон удаа хязгааралт тогтоож бизнесийн орлогогүй болсон. Би Худалдаа Хөгжил Банкинд зээл хойшлуулах хүсэлт гаргаж өгсөн ...миний хүсэлтийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Эдгээр нөхцөл байдлаас болж миний бие нь зээлийн гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлэх нөхцөл байдалд хүндрэл учирсан байгаа. ХХБ ковид цар тахалын нөхцөл байдлын хугацааг харгалзан үзэх байтал зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. гэж тайлбарласан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр * тоот зээлийн гэрээ байгуулагдаж, ХХБанк нь 30 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна.

Дээрх зээлийн гэрээний баталгаа болгон * тоот Баталгааны гэрээ, *-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. /хх-ийн 26-33/

 

Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нь үндсэн зээл 8 188 272.92 төгрөг, зээлийн хүү 8 052 511.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 750 033.54 төгрөг, нийт 16 990 818.27 төгрөгийг төлсөн байх ба хариуцагч нь 2022 оны 02 сарын 26-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба зээл төлөх мэдэгдлийг хүргүүлж байсан баримт хэрэгт авагдсан байх ба зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 сарын 25-ны өдөр дууссан байна. /хх-ийн 42-44/

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх тул хариуцагч Б.Тээс үндсэн зээлийн 21 811 727.08 төгрөг, үндсэн хүүгийн 6 773 007.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 146 974.77 төгрөг, нийт 28 731 709.68 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй.

3б. Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус банктай * тоот Кредит карт эзэмших гэрээ, * тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан худалдан авалтын гүйлгээнд сарын хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 427006464 тоот данс бүхий 3 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн байна.

Зээлдэгч нь дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ХХБны * тоот харилцах дансны орлогыг барьцаалсан байх ба дээрх картын зарцуулсан дүн 2 993 333.04 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 31 372.49 төгрөг, шимтгэлийн авлага 2 365.52 төгрөг, хүүгийн авлага 2 601 447.09 төгрөг, нийт 5 628 518.14 төгрөгийн өр төлбөр үүссэн болох нь кредит картын зээлийн хүүгийн тооцоололын баримтаар тогтоогдож байна./хх-ийн 34-39, 42-44/

 

3в. Мөн талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр * тоот Зээлийн гэрээ байгуулан 79 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 1.6 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна.

Дээрх зээлийн гэрээний баталгаа болгон 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн* тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаа гэрээний дагуу Б.Тийн өмчлөлийн Нийслэлийн * дүүргийн 29 дүгээр хороо, * гудамж, *, 147 тоот хаягтай, 129.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр * тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу Нийслэлийн * дүүргийн 29 дүгээр хороо* урд 130 м.кв газрыг холбогдох хууль тогтоомжид хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан байна.

Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нь үндсэн зээл 206 250.78 төгрөг, зээлийн хүү 5 401 703.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 002.3 6 төгрөг, нийт 5 608 956.23 төгрөгийг төлсөн байна.

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байх ба талууд гэрээний хүчинтөгөлдөр байдалд маргаагүй.

4. Дээрх урт хугацааны зээлийг авсны дараа буюу 2020 оны 2 сараас дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахал гарсны улмаас хариуцагч Б.Т бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон талаараа тайлбарласан байх ба дээрх зээлийн төлбөрийг хойшлуулах талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргаж байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч Б.Т нь 79 000 000 төгрөгийн зээлийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн зориулалтаар авч, уг хөрөнгийг барьцаалсан байх ба дээрх зээлийн гэрээний баталгаа болгож 2021 оны 10 сарын 22-ны өдрийн * тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр Нийслэлийн * дүүргийн 29 дүгээр хороо* урд 130 м.кв газрыг барьцаалсан гэрээг нэмэлтээр байгуулсан байна.

 

Эдгээрээс дүгнэхэд Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахал үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, улмаар зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байх тул 2019 оны 8 сарын 28-ны өдрийн * тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж, зээлийн гэрээ хэвийн үргэлжлэх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүүгийн үндсэн төлбөрт 34 891 387.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120 208.2 төгрөг, нийт 35 011 596.16 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Б.Тээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24 805 060 төгрөг /21 811 727+2 993 333/, үндсэн хүүгийн 44 145 636 төгрөг /34 771 180 +6 773 008+2 601 448/ нэмэгдүүлсэн хүүгийн 300 921 төгрөг, /120 208+146 975+33 738/, нийт 69 251 616 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 47-49 дүгээр талд нэхэмжлэгч нь нотариатын зардлын нэхэмжлэхийг баримтын хамт ирүүлсэн хэдий ч уг баримтаар тухайн зардлыг шилжүүлсэн гэх үндэслэлгүй тул 41 000 төгрөгийн зардлыг хангах үндэслэлгүй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Тээс зээлийн гэрээний үүрэгт 69 251 616 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, ХХБ ХХК болон Б.Т нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан * тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 78 834 753 төгрөг, нотариатын зардалд 41 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл ХХБны * тоот харилцах дансны орлогоос болон ирээдүйд орж ирэх мөнгө хөрөнгө, борлуулалтын орлогоос хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 968 581.9 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамжинд 504 208 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ