Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01677

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01677

 

 

Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02017 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х банк ХХК

Хариуцагч Б.Тт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 148,086,365 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Т нь Х банк ХХК-тай 3 удаагийн зээлийн гэрээ байгуулсан.

1.а. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/BCC190827037-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ байгуулан 79,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 1.6 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Москвагийн гудамж, Москва хороолол /18076/, *** тоот хаягтай, 129.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд 130 м.кв газрыг тус тус барьцаалсан. Үндсэн зээл 78,793,749.22 төгрөг, зээлийн хүү 37,771,179.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,208.02 төгрөг нийт 13,685,137.18 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь 2020 оны 2 сараас хойш уг зээлийн төлөлтийг хийгээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1.б. Б.Т нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус банктай ЗБ/BCC190322038-2 тоот зээлийн гэрээ, ЗБ/BCC-190322038-2 тоот Баталгааны гэрээг тус тус байгуулан 30,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө барьцаалсан. Үндсэн зээл 21,811,727.08 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,773,007.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,974.77 төгрөг нийт 28,731,709.68 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дууссан.

1.в. Б.Т 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ККЭГ-RCC2017126003 тоот Кредит карт эзэмших гэрээ, БГ/RCC20171206003-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан худалдан авалтын гүйлгээнд хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 427006464 тоот данс бүхий 3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Х банк ХХК-ийн 411014091 тоот харилцах дансны орлогыг барьцаалсан. Б.Т нь нийт 2,993,333.04 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 31,372.49 төгрөг, шимтгэлийн авлага 2,365.52 төгрөг, хүүгийн авлага 2,601,447.09 төгрөг, нийт 5,628,518.14 төгрөгийн өр төлбөр үүссэн байна.

Иймд зээлдэгчээс дээрх 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 148,086,365 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Бизнесийн үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор Х банк ХХК-аас эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Дэлхий даяар ковид цар тахал дэгдсэнээс болж Монгол Улсын Засгийн газраас хоолны газрын үйл ажиллагаанд хязгааралт тогтоосон. Би Х банк ХХК-д зээл хойшлуулах хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн болон барцааны гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 50 хувийг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Тээс зээлийн гэрээний үүрэгт 69,251,616 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, Х банк ХХК болон Б.Т нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №ЗГ/BCC190827037-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 78,834,753 төгрөг, нотариатын зардалд 41,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Х банк ХХК-ийн 411014091 тоот харилцах дансны орлогоос болон ирээдүйд орж ирэх мөнгө хөрөнгө, борлуулалтын орлогоос хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 968,581.9 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 504,208 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,375,583.58 төгрөг, үндсэн хүү 34,771,179.94, нэмэгдүүлсэн хүү 120,208.32 төгрөгийн хуримтлагдсан өрийн дүн байна. Энэ нь нэхэмжилсэн 113,685,137.18 төгрөгийн 33.6 хувь болж байгаа нь ялимгүй зөрчил гэж авч үзэх үндэслэл болохгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу дээрх зээлийн гэрээг цуцлахгүй үргэлжлүүлэхэд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны хүү нэмж хуримтлагдан тооцогдож байх тул энэ нь зээлдэгчийн өрийн дарамтыг улам нэмэгдүүлэх нөхцөл болох юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар ЗГ/ВСС190827037-3 тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас өмнө цуцалж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Зээл хойшлуулах тухай хүсэлтийг Б.Т нь Х банк ХХК-д амаар болон бичгээр удаа дараа гаргасан. 2019 оны 02 дугаар сараас хойш зээл төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Монгол банкнаас зээлдэгчийг хохироохгүй талаас нь зээлийг хойшлуулж, хүүний хөнгөлөлт, чөлөөлөлт, мөн хуваарьт өөрчлөлт оруулах талаар заавар зөвлөгөө ирүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ялимгүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

  2. Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Б.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 148,086,365 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр болон ирээдүйд бий болох мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 28ы өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Х банк ХХК нь 79,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 19,2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай Б.Тт зээлдүүлэх, Б.Т нь  гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээж, /хх.11-15/

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ЗБ/BCC19082703-3-2.3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Тийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Москвагийн гудамж, Москва хороолол /18076/, *** тоот хаягтай, 129.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, /хх. 16-17, 23/

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  ЗБ/BCC19082703-3-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Б.Тийн эзэмшлийн нэгж талбарын 1800200069 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Драгон төвийн урд байрлах 130 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаалжээ. /хх. 18-21, 24/

3.б. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ЗБ/BCC190322038-2 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Х банк ХХК нь 30,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын  хугацаатай Б.Тт зээлдүүлэх, Б.Т нь  гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээж, /хх. 26-29/

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ/BCC-190322038-2-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Б.Тийн ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого 40,400,000 төгрөгийг барьцаалсан. /хх. 30-31/

3.в. Талууд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр банктай №ККЭГ-RCC2017126003 тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдан авалтын гүйлгээнд хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 427006464 тоот данс бүхий 3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн байна. /хх. 34-37/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БГ/RCC20171206003-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Тийн 411014093 тоот харилцах дансны орлого 4,600,000 төгрөгийг барьцаалахаар тохиролцсон байна. /хх. 38-39/

3.д. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

4.а. Хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 28ы өдрийн зээлийн гэрээний үүрэгт 206,250 төгрөг, зээлийн хүүд 5,401,703 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,002 төгрөг төлж, гэрээ байгуулсан хугацаанаас хойш үүргийн зөрчил гаргасан байх тул гэрээг цуцалж, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 78,793,749 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 34,771,179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,208 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

Анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 28ы өдөр зээлийн гэрээ байгуулснаас шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд үүргийн зөрчил гарсан байхад уг зөрчлийг ялимгүй буруу дүгнэж, маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

Хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн зөрчил нь Ковид-19 цар тахлын хугацаанд хамаарч байх боловч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд зээлдүүлэгч байгууллага нь хүсэлтийг шийдвэрлэх, зээлийн гэрээний хугацааг сунгах, зээл төлөх хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээ авч байсан.

Хариуцагч Б.Т нь Х банк ХХК-д зохих ёсоор бичгээр хүсэлтийг гаргаагүй байна. Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдалд хүндрэл гарсан, зээлийн гэрээний үүргийг хойшлуулах хүсэлтийг Х банк ХХК-д гаргасан боловч шийдвэрлээгүй гэх тайлбараа хариуцагч Б.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

4.б. Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн зөрчил нь 2019 оны 09 дүгээр сараас хойш графикт зөрчил гарсан байхад дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, улмаар зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байх тул 2019 оны 08 сарын 28-ны өдрийн №ЗГ/BCC190827037-3 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу.

4.в. Б.Т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасан учир зээлдүүлэгч нь зээлдэгчид 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 6/6879 дугаартай албан бичгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан тул мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлийн гэрээг цуцлах эрхтэй байна. /хх. 40/

4.г. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26ы өдрийг хүртэлх хугацааны зээлийн хуримтлагдсан хүү 35,532,021 төгрөгөөс зээлийн хүүд зориулж төлсөн 5,401,703 төгрөгийг хасч тооцоход зээлийн хүүгийн 31,130,138 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Ковид-19 цар тахлын хугацаанд хамаарч байх боловч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141дүгээр зүйлийн 141.4-д зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх тул нэмэгдүүлсэн хүү 120,208 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй холбоотой зээлийн гэрээг цуцалж, мөнгөн хөрөнгө буцаан шаардсан хэмжээнд үндсэн зээл 78,793,749 төгрөг, зээлийн хүү 31,130,138 төгрөг, нийт 109,923,887 төгрөгийг хариуцагч Б.Тээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

4.д. Анхан шатны шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЗБ/BCC19082703-3-2.3  тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  ЗБ/BCC19082703-3-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар тус тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

Иймд нэхэмжлэгч Х банк ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

5. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Тээс дээрх 3 зээлийн гэрээний үүрэгт 144,284,114 төгрөг гаргуулж, хариуцагч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,802,251 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Т нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол түүний гэрээний дагуу барьцаалсан харилцах дансны орлого, ирээдүйд ирэх мөнгөн хөрөнгө, борлуулалтын орлого, үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. ЗБ/BCC-190322038-2, ККЭГ-RCC2017126003 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл  24,805,060 төгрөг, зээлийн хүү 9,374,456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,974 төгрөг, хэтэрсэн хугацааны шимтгэл 31,372 төгрөг, шимтгэлийн авлага 2,365 төгрөг, нийт 34,359,731 төгрөгөөр тооцож Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдэгч Б.Тээс гаргуулж Х банк ХХК-д олгож, хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв. Энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02017 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 69,251,616 гэснийг 144,284,114 гэж, 78,834,753 гэснийг 3,802,251 гэж өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол

Х банкны 411014091 тоот харилцах дансны орлогоос болон ирээдүйд орж ирэх мөнгө хөрөнгө, борлуулалтын орлого

Улсын бүртгэлийн Ү-2201020524 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Москвагийн гудамж, Москва хороолол /18076/, *** тоот хаягтай, 129.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга,

Нэгж талбарын 1800200069 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Драгон төвийн урд 130 м.кв газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,

3 дахь заалтын 504,208 гэснийг 949,571 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 622,324 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР