Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э* Э* Э* К****** ХХК/РД:*******/, К************ ХХК /РД:*******/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б**********, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж***********, С.Ч********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Э** Э**** Э* К****** ХХК болон К********** ХХК-иуд нь тус шүүхэд хандан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн хавсралтын 17-д бичигдсэн К************ ХХК, 19-д бичигдсэн Э******* ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Э* Э* Э* К****** ХХКнь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаартай захирамжаар 18******* нэгж талбарын дугаар бүхий 24519 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр[1], 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 01110-2018/21203 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.[2]

2.2. Нэхэмжлэгч К************ ХХК нь нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаартай захирамжаар[3] 18******* нэгж талбарын дугаар бүхий 29863 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр[4], 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01110-2018/21202 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.[5]

2.3. Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд газрын талбайн хэмжээ нь 24519 м.кв байдаг бол 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд 24499 м.кв болсон, нэхэмжлэгч К************ ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд газрын талбайн хэмжээ 29863 м.кв байдаг бол 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээнд 29839 м.кв болсон байдаг.

2.4. Гэхдээ дээрх үйл баримттай нэхэмжлэгч нар ямар нэгэн агуулгаар маргаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс газрын мэдээллийн сангийн программын шинэчлэлтээс болж ийнхүү өөрчлөгдөж гарсан гэж тайлбарладаг.

2.5. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр маргаж буй А/369 дугаартай захирамжийг гаргасан.[6]

2.6. Уг захирамжийн хавсралтын[7] 17-д К************ ХХК-ийн, 19-д Э*** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

2.7. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулснаар хариуцагч нь нэхэмжлэгч компаниудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэл болгосон.

2.8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан үндэслэлийг хариуцагчаас тодруулахад нэхэмжлэгч компаниуд нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж газар эзэмших эрх олж авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан гэсэн зөрчил гаргасан гэж үзжээ.

2.9. Нэхэмжлэгч компаниудын зүгээс ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамж хууль бус, учир нь нэхэмжлэгч компаниудад газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх талаар тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас албан ёсны нэхэмжлэх ирж байгаагүй, ямар хэмжээний төлбөрийг ямар үндэслэлээр төлөх байсан нь тодорхой бус байтал дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж газар эзэмших эрх олж авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй, газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан гэдэг нь ноцтой зөрчил биш, энэ зөрчлийг нэхэмжлэгч компаниудад холбогдох эрх бүхий байгууллагаас шаардлага тавьж, мэдэгдсэн бол засах боломжтой зөрчил юм, нэхэмжлэгч компаниуд 2018-2019 оны газрын төлбөрийг бүхэлд нь төлсөн, харин 2020-2021 оны газрын төлбөрийн тодорхой хувиудыг төлсөн боловч бүрэн төлөөгүй нь үнэн, эдгээр нь ковид-19 цар тахлын хүндэтгэн үзэх шалтгаантай, газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч компаниуд газраа ашиглах талаар тодорхой үйл ажиллагаа явуулж байсан, харин ковид-19 цар тахлын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.10. Хариуцагчийн зүгээс ... нэхэмжлэгч компаниуд нь анхнаасаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж газар эзэмших эрх олж авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан нь Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, газрын төлбөрөө Газрын тухай хууль болон газар эзэмших эрхийн гэрээнд заасан үүргийн дагуу хугацаандаа бүрэн төлөөгүй, төлөөгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг, анх 2014 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан атлаа түүнээс хойш 8 жил өнгөрөхөд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, энэ нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдоно ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө********* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч Э***** ХХК, К**** ХХК-ууд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/319 дугаартай захирамжийн хавсралтын 17 дугаарт К*** ХХК, 19 дугаарт бичигдсэн Э*** ХХК-иудын газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч Нийслэлийн засаг дарга Д.С***** 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан бөгөөд НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Э****** ХХК-д 03-06/5843 дугаартай албан бичиг, "К******" ХХК-д мөн өдрийн 03-06/5846 дугаартай албан бичгээр тус тус Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хууль хяналтын байгууллагад хандах шийдвэрлүүлэхээр хариу өгсөн болно.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. "Э**** ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаартай захирамжаар 18******* нэгж талбарын дугаар бүхий 24519м2 газрыг Аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 01110-2018/21203 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулсан байдаг. "Э****** ХХК нь эзэмшиж байсан газартаа Худалдааны төв барьж байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд уг зорилгын дагуу Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байдаг.

Уг олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд ерөнхий төлөвлөгөө болон загвар зургийг "К******** ХХК-иар боловсруулж Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаар 2020 оны 09-р сарын 18-ны өдөр батлуулсан. Ажлын дэс дарааллын хүрээнд төсөлтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд, барилгын бүрэн зураг хийгдэж дууссан бөгөөд Барилга хот, байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвд хянагдаж батлагдах шатандаа явж байна.

Мөн "К*******" ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаартай захирамжаар 18******* нэгж талбарын дугаар бүхий 29863 м2 газрыг Амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус олгосон.

"Э*****" ХХК, "К********" ХХК-иудын эзэмшиж буй газрууд нь зэргэлдээ байрладаг бөгөөд тухайн аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд харилцан тохиролцсоноор гэрээний дагуу газрыг эзэмших хугацааны цахилгааны эх үүсвэрийг хамтран шийдвэрлэхээр харилцан тохиролцсон бөгөөд Цахилгааны техникийн нөхцөлийг "Э******" ХХК-ийн нэр дээр авч улмаар 150 КВА цахилгааны дэд станцыг барьсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохих зөвшөөрлийг авч төслүүдийн усан хангамжийг шийдэх зорилгоор стандартын шаардлагад нийцсэн гүний худгийн ажлыг Э*****" ХХК-иар гүйцэтгүүлж ашиглаж байгаа юм. Түүнчлэн "К*****" ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр С****" ХХК-тай газрын төлөв байдал, чанарын хянан талгааг хийлгүүлэхээр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан болно.

Ковидын үеийн нөхцөл байдлын улмаас "Э****" ХХК, "К******* ХХК-иудын хэвийн үйл ажиллагаа нь удаа дараагийн хөл хорионы улмаас Архитектор төлөвлөлтийн даалгаврын хүрээнд хийгдэх төслийн иж бүрэн зураг удааширч хянагдаж, батлагдах шатандаа явж байгаа болон ажиллах хүч, санхүүгийн хямрал улмаар Газрын тухай хуульд заасан хугацаанд багтаж Газар эзэмших гэрээнд заасан зориулалтаар бүрэн ажиллах хэмжээний бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэн төгс үр дунд хүрээгүй боловч Газар эрхийн хүрээнд дээр дурьдсан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.

Э****** ХХК, "К**** ХХК-иуд нь Газрын тухай хуульд заасны дагуу 2018 он, 2019 оны эцэст газрын төлбөрийн үлдэгдэлгүй болно.

2020 он, 2021 оны газрын төлбөрүүдийн тодорхой хувиудыг төлсөн бөгөөд Ковидын нөхцөл байдлын улмаас цаг хэтэрсэн нөхцөл байдал гарсан болохыг тайлбарлах нь зүйтэй. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө Дуудлага худалдааны анхны үнийг төлөх талаар манай компаниудад Баянзүрх дүүргийн Газрын албанаас нэхэмжлэл албан ёсоор ирээгүй болно.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаартай газар эзэмших эрх цуцалсан тухай захирамж гарсан талаар Баянзүрх дүүргийн холбогдох ажилтан мэдэгдсэний дараа "Э**** ХХК, "К****** ХХК-иуд нь Газрын Дуудлага худалдааны анхны үнэ төлөх ёстой талаарх шаардлагыг өөрсдөө очиж мэдэж авсан болно.

Ковидын улмаас аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаа жигд үргэлжлэх боломж хязгаарлагдмал байгаа оноогийн нөхцөлд санхүүгийн хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй ч бидний хувьд газрын төлбөртэй холбоотой асуудлыг аль болох хурдан шуурхай төлж байхаа илэрхийлж байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс газар эзэмшигч нарын Газрын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн дээрх нөхцөл хянан үзэлгүйгээр, мөн эзэмшигч нарт сонсгох ажиллагааг хийлгүйгээр, аж ахуйн нэгжүүдэд Газрын тухай хуульд заасан аль зөрчил гаргасан эсэхийг тодорхой заалгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан.

Газар эзэмших эрхийн хүрээнд Барилгын ажлыг Барилгын тухай хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд олон процессын ажиллагаа явагддаг /хугацаа ордог/ бөгөөд үүн дээр Ковид-19-ийн нөхцөл байдлын улмаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаа удаашрах, мөн компаниудын санхүүгийн үйл ажиллагаанд тодорхой хүндрэлүүд учирсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/319 дугаартай захирамжийн хавсралтын 17 дугаарт "Капитал фактори" ХХК, 19 дугаарт "Эм эм жи капитал" ХХК-иудын газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч********** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/149 дүгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, баталгаажуулах тухай захирамжаар тус дүүргийн 11 дүгээр Э***** ХХК-д аж ахуйн зориулалтаар 24000м2 газрыг, К************ ХХК-д амины орон сууцны зориулалтаар 30000м2 газрыг тус бүр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2018 оны А/22 дугаар газар эзэмших, ашиглах гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар Э******* ХХК-д аж ахуйн зориулалтаар 24519м2 газрыг, К**** ХХК-д амины орон сууцны таар 29863м2 газрыг тус бүр 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших сунгасан байна.

Дээрх аж ахуй нэгж байгууллагууд нь тус газраа эзэмших эхэлснээс буюу 2012 оноос хойш гэрээнд заасан зориулалтын дагуу аж ахуйн, орон сууцны зориулалтаар ашиглаж байгаагүй нь 2013 оны 6 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх сансрын зургаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн зүйлийн 40.1.6 дахь заалт /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-ын дагуу 2021 оны А/369 дүгээр захирамжийн үндэслэл бүрдэж байна.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт "Хүчин төгөлдөр гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалт эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэхийг хориглоно", иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.12. "Эдлэн газрын эргэлтийн цэгүүдийг хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн, устгахгүй байх" тус тус зөрчин зохих зөвшөөрөлгүй эзэмшил газраа хэтрүүлэн ойролцоогоор 4200м2 илүү ашиглаж байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалт "Газрын төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын урьдчилан төлж болно", иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5. "Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нь төлөх" гэж заасан бөгөөд тус аж ахуй нэгж байгууллагууд нь 2020, 2021 оны газрын төлбөр төлөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудын үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрх нь хүчингүй болсон байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамж, 2016 оны А/967 дугаар захирамжаар 2003 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш гаргасан захирамжийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх-ээр даалгасан тул дээрх аж ахуй нэгж байгууллагаас дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжилсэн болно. гэжээ.

3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*********** шүүхэд ирүүлсэн бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч нар нь "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/319 дугаар захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

"Э***** ХХК болон "К****** ХХК-иуд нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүртээ 24000, 30000 м.кв газруудыг 5 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/149 дугаар захирамжаар эзэмшсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Засаг даргын А/22 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгуулсан байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг заасан бөгөөд 4.1.2-т "газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.3-т "газар өмчлөх эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчмыг баримтална гэж заасан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох. 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол" гэж заасан.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн ба 35.3-т "Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх"-ийг үүрэг болгосон байна. Харин хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ.

Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгч нартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.5-д "Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх", 4.6-д "Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх" заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна. Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар Капиталфактори" ХХК нь 2020, 2021 онуудын төлбөрт 12,214,084 төгрөгийг төлөөгүй, "Эм эм жи капитал" ХХК нь 2020, 2021 онуудын төлбөрт 17,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/149 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Засаг даргын А/22 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарах хүртэл 3 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон байна. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т "Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна" гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин 33.1.2-т "энэ хуулийн 29.1. 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ..." гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн.

Мөн хуулийн 36 дугаар зүйлд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөхөөр зохицуулсан бөгөөд 36.2-т "Дуудлага худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна" гэж заасан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан "Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай" А/697 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэгт нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх,зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг Нийслэлийн газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон байна.

Сонсох ажиллагааны тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нарт хүргүүлэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021.03.05-ны өдөр 13/503, 13/550 дугаартай албан бичгүүдээр газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг гаргасан боловч хүлээн авахаас зориуд зайлсхийж татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар тайлбар саналаа ирүүлээгүй болно. Мөн нэхэмжлэгч нарт мэдэгдсэн ч хариуцагчаас гарах шийдвэр, түүний үр дагавар өөрчлөгдөхгүй, энэ нь шийдэлд нөлөөлөхгүй байх тул энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч компаниудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. К************ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаж буй А/369 дугаартай захирамжийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжаар К************ ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэжээ.

1.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гээд мөн зүйлийн 40.1.1 дэх заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;, 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэжээ.

1.3. Тодруулбал, К************ ХХК-ийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж газар эзэмших эрх олж авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан гэж үзжээ.

1.4. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж газар эзэмших эрх олж авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.9 дэх заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан " удаа дараа " гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно.

Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна.

Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино. гэж тайлбарлажээ.

1.5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж газар эзэмших эрх олж авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан гэх зөрчлүүд нь удаа дараа гаргасан бөгөөд ноцтой зөрчилд хамаарна гэх үндэслэл тогтоогдсонгүй.

1.6. Учир нь, нэхэмжлэгч К************ ХХК-ийн газар эзэмшүүлэх гэрээ /2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр[8], 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01110-2018/21202 дугаартай[9]/-нд дээрх зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцох талаар талууд харилцан тохиролцоогүй, хариуцагчийн зүгээс дуудлага худалдааны анхны үнийг шаардсан гэх боловч ямар хэмжээний төлбөрийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхой бус, түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс дээрх зөрчлүүдийг 2 буюу түүнээс дээш удаа буюу удаа дараа гаргасан гэж үзэх боломжгүй байна.

1.7. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: гээд мөн зүйлийн 34.6.6 дахь заалтад газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: гээд мөн зүйлийн 35.3.3 дахь заалтад газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх; гэж зохицуулжээ.

1.8. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл хуулийн этгээдийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр байх нэг үндэслэл нь газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан байх явдал бөгөөд энэхүү гэрээнд талууд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тохиролцох, улмаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байхаар заажээ.

1.9. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч К************ ХХК-ийн зүгээс газар эзэмшүүлэх гэрээгээр тохиролцсон газрын төлбөр төлөх үүргээ 2020, 2021 онуудад зохих ёсоор буюу бүрэн гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар[10] тус тус тогтоогдож байна.

1.10. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

1.11. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

1.12. Мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.

1.13. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

1.14. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч К************ ХХК нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд энэхүү өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг тоолоход 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусахаар байна.

1.15. Гэтэл хариуцагчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий А/369 дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

1.16. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. гэж заасны дагуу маргаж буй А/369 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдсэн, мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд маргасан байх тул хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах боломжгүй гэж үзлээ.

1.17. Хэдийгээр нэхэмжлэгч К************ ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан үйл баримт тогтоогдохгүй байх боловч мөн зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан зөрчил гаргасан байх тул тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Э*** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаж буй А/369 дугаартай захирамжийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжаар Э****** ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэжээ.

2.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гээд мөн зүйлийн 40.1.1 дэх заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;, 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэжээ.

2.3. Тодруулбал, Э****** ХХК-ийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж газар эзэмших эрх олж авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан гэж үзжээ.

2.4. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж газар эзэмших эрх олж авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.9 дэх заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан " удаа дараа " гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно.

Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна.

Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино. Гэж тайлбарлажээ.

2.5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж газар эзэмших эрх олж авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан гэх зөрчлүүд нь удаа дараа гаргасан бөгөөд ноцтой зөрчил болох нь тогтоогдсонгүй.

2.6. Учир нь, нэхэмжлэгч Э*** ХХК-ийн газар эзэмшүүлэх гэрээ /2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр[11], 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 01110-2018/21203 дугаартай[12]/-нд дээрх зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцох талаар талууд харилцан тохиролцоогүй, хариуцагчийн зүгээс дуудлага худалдааны анхны үнийг шаардсан гэх боловч ямар хэмжээний төлбөрийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхой бус, түүнчлэн дээрх зөрчлүүдийг 2 буюу түүнээс дээш удаа буюу удаа дараа гаргасан гэж үзэх боломжгүй байна.

2.7. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: гээд мөн зүйлийн 34.6.6 дахь заалтад газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: гээд мөн зүйлийн 35.3.3 дахь заалтад газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх; гэж зохицуулжээ.

2.8. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл хуулийн этгээдийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр байх нэг үндэслэл нь газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан байх явдал бөгөөд энэхүү гэрээнд талууд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тохиролцох, улмаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байхаар заажээ.

2.9. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э***** ХХК-ийн зүгээс газар эзэмшүүлэх гэрээгээр тохиролцсон газрын төлбөр төлөх үүргээ 2020, 2021 онуудад зохих ёсоор буюу бүрэн гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар[13] тус тус тогтоогдож байна.

2.10. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2.11. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

2.12. Мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.

2.13. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

2.14. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э* Э* Э* К****** ХХКнь газар эзэмших эрхийг аж ахуйн зориулалтаар олж авсан байх боловч тухайн зориулалтаар газрыг ашигласан гэж үзэх үйл баримт газрын үзлэгээр болон талуудын тайлбараас тогтоогдсонгүй.

2.15. Хэдийгээр нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр МЗХ2018/12-16 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг[14] батлуулан авсан байх боловч бодит байдал дээр тухайн 2 давхар худалдааны төв баригдаагүй болох нь газрын үзлэгээр тогтоогдсон бөгөөд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас хамаарахгүйгээр газрыг аж ахуйн зориулалтаар ашиглаж, төлөвлөсөн обьектоо барьж байгуулах боломжтой байсан байна гэж шүүх үзлээ.

2.16. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд энэхүү өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг тоолоход 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дууссан байна.

2.17. Иймд хариуцагчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий А/369 дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2.18. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. гэж заасны дагуу маргаж буй А/369 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдсэн, мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд маргасан байх тул хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах боломжгүй гэж үзлээ.

2.19. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлсэн ... дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ашиглаж чадаагүй ... болох нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээгээр[15] нотлогдоно ... гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

2.20. Учир нь, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн. гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Танхим нь улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ. гэж заажээ.

2.21. Дээрх хуулийн хэм хэмжээнүүдийг зорилгын үүднээс нь тайлбарлавал Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар зааснаас үзэхэд нийтийн эрх зүйн гэрээ гэхээс илүүтэй хувийн болон олон улсын эрх зүйн шинжтэй гэрээ, хэлцэлд хамаарах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцохоор байна.

2.22. Тодруулбал, дээрх зорилтын хүрээнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад заасны дагуу гаргасан давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх гэрчилгээ нь нийтийн эрх зүйн гэрээнд бус, харин хувийн эрх зүйн гэрээнд үйлчилнэ гэж ойлгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.23. Хэдийгээр нэхэмжлэгч Э******** ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан зөрчил гаргасан үйл баримт тогтоогдохгүй байх боловч мөн зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан байх тул тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 40.2 дахь хэсэг, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э* Э* Э* К****** ХХК болон К************ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ