Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/02100

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/02100

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: * дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байр, * тоотод оршин суух Б* овогтой Б.Б /РД: УК*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хэсэг, * гудамж, * дугаар байр, * тоотод оршин суух Х* овогтой Н.Б /РД: ЧК*2/-д холбогдох

 

Төлбөрт шилжүүлсэн 2 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Гэрээнээс учирсан хохиролд 2 666 666 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А,

хариуцагч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Н.Бд холбогдуулан 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч гэрээнээс учирсан хохиролд 2 666 666 төгрөг гаргуулахаар шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Бын өмчлөлийн гэх * дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *нэр бүхий 300 м.кв үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн хугацаатай сарын 10 000 000 төгрөгөөр түрээслэхээр болж урьдчилгаа 2 000 000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 9-ний өдөр Н.Бын эзэмшлийн Төрийн банк дахь * тоот дансанд шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг шилжүүлсний дараа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хэлбэрийн шаардлагыг хангуулах зорилгоор түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг тавьсан боловч биелүүлээгүй. Урьдчилгаа төлбөрийг шилжүүлсний дараа хуульд заасан ажиллагаа явагдаагүй тул гэрээ байгуулагдсан гэж тооцогдоогүй учраас тухайн объектын эзэмшлийг Б.Б миний бие өөртөө олж авч чадаагүй. Тиймээс урьдчилгаа төлбөрөө Н.Баас буцаан шаардсан боловч ажил алдуулсан тул баталгаа буцаагдахгүй гэж хэлсэн шүү гэсэн хариу өгсөн. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж заасан бөгөөд Н.Б бид хоёрын хооронд ямар нэгэн баталгааны харилцаа үүсээгүй байхад баталгаа болгож авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд урьдчилгаанд шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: * дүүргийн 3 дугаар хороонд байрлах *үйлчилгээний төвийн В-1 давхарт буюу хагас подвалд бүх өрөө нь дотроо ариун цэврийн өрөөтэй VIP караокены зориулалттай талбай, тохижилт, тавилга, тоног төхөөрөмж, эд хогшилын хамт сарын 10 саяаар түрээслэж байгаад түрээслэгч нь 2022.02.07-ны өдөр гарч тэр оройноос зар өгсөн маргааш нь буюу 2022.02.08-ны олон хүн залгаж үзсэн тэр өдөр бараг 20 гаруй хүн үзэж түрээслэхээр эхэлсэн зарим хүн хагас жилээр түрээсийн төлбөрөө өгнө гэсэн би хамгын гол нь сэтгэлтэй өөд нь татаад засаж сайжруулаад аваад явах хүн хэрэгтэй гэсэн гэвч Билгүүн гэх залуу ремаксд хандаж нийт 2 эрэггэй 2 эмэгтэй ирж үзсэн 1 эмэгтэй нь ремаксын зуучлагч гэж байсан. Зуучлагч гэрээний үнийн 88% авна гэсэн бид зуучлагчид хандаагүй гэснээр тэр эмэгтэй явж Б.Б гэх залуу мөн найз нь гэх 1 залууэхнэр нь гэх 1 эмэгтэй гурвуулаа гуйж бид засвар хийнэ гээд утаснаасаа сая бид тохижуулсан гэх зураг үзүүлж ийм гоё болгож гоё ажилуулна мөнгө асуудалгүй урдаас юань ирсэн гэж хэлсэн. Тухайн үед дэд захирал Ө*, нягтлан Н* нар байсан тэр гурван хүн өдрөөс ооой болтол гуйсан тэгээд үзэж байгаа хүмүүсээ болиулчих маргааш мөнгөө авчираад гэрээ хийе гээд бүх зар сурталчилгааг зогсоочих гээд үзэж байсан хүмүүст бид тохирсон гэж явуулсан маргааш нь буюу 2022.02.09-ний өдөр өчигдөр үзсэн хүмүүс түрээслэх гээд ирсэн байна гэж хэлтэл 17 цагийн орчим ирээд өөр хүнд битгий өгөөрэй бүх зар зогсоосон баталгаа болгоод 2 000 000 төгөг хийе гээд 17:17 цагт шилжүүлсэн. Тэр үед гэрээ хийе гэхээр нь мөнгөө бүрэн төлж байж гэрээ хийн гээд ямар ч түрээсийн гэрээ бичгээр байгуулаагүй юм. Маргааш мөнгө авч ирээд гэрээ хийе гэж хэлээд явах үед нь манайх ковидын 2 жил түрээсийн төлбөр авалгүй цоожтой байсан банкны өр хуримтлагдсан байгаа, та нар манай зарыг зогсоож ажил алдуулахгүй биз дээ. Хэрэв тийм тохиолдолд өдрийн түрээсийн төлбрө суутгана гэж хэлсэн. За за гээд яваад маргааш, нөгөөдөр нь утсаа авсангүй. 2022.02.12-ны өдөр өөрсдөө залгаад банкнаас мөнгөө авч байна, та гэрээгээ бэлдэж бай гээд тэр өдрөө ирсэнгүй, 2022.02.13-ны өдөр залгатал урдаас юань ирсэн, одоо солиулаад очлоо. Та гэрээгээ бэлдэж бай гээд утсаа ч авахгүй сураггүй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2022 оны 02 сарын 08-ны өдөр гэрээ байгуулах дуудлага буюу харилцан тохиролцсоны дагуу гэрээ байгуулна гэж хэлээд 2022 оны 02 сарын 09-ны өдөр 2 000 000 төгрөг шилжүүлсэн боловч тохирсон хугацаандаа гэрээ байгуулаагүй сураггүй алга болсон. Тэр өдөр буюу 2022 оны 02 сарын 08-нд шууд өөр хүнтэй гэрээ байгуулах боломжтой байсан. Үүнээс хойш 2022 оны 02 сарын 16-нд өөр хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Энэ хооронд түрээсийн төлбөрийн 7 хоногт олох байсан орлого алдаж хохирсон. Түрээсийн төлбөр нэг хоногт 333 333.3 төгрөг, 8 хоногт 2 666 666. 6 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь үнэн бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд огт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч би түрээсийн гэрээг байгуулах хүсэлтэй байсан бөгөөд түрээсийн гэрээг гагцхүү хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байдлаар байгуулахыг удаа дараа шаардсан ч хариуцагч нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Түрээсийн обьектыг бусад этгээдэд түрээслэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсан бөгөөд учирсан гэх бодит хохирол нь үндэслэлгүй, баримт нотолгоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, дансны хуулга, 2022.03.22-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2022.04.18-ны өдрийн хамтран ажиллах гэрээг ирүүлсэн. /хх-ийн 3-4, 39-43/

6. Хариуцагчаас 2022.02.16-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээ, зураг зэргийг ирүүлсэн./хх-ийн 54-59/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Урьдчилгаа төлбөрийг шилжүүлсний дараа хуульд заасан ажиллагаа явагдаагүй тул гэрээ байгуулагдсан гэж тооцогдоогүй учраас тухайн объектын эзэмшлийг Б.Б миний бие өөртөө олж авч чадаагүй. Тиймээс урьдчилгаа төлбөрөө Н.Баас буцаан шаардсан боловч ажил алдуулсан тул баталгаа буцаагдахгүй гэж хэлсэн шүү гэсэн хариу өгсөн. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж заасан бөгөөд Н.Б бид хоёрын хооронд ямар нэгэн баталгааны харилцаа үүсээгүй байхад баталгаа болгож авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. гэж тайлбарласан.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: манайх ковидын 2 жил түрээсийн төлбөр авалгүй цоожтой байсан банкны өр хуримтлагдсан байгаа, та нар манай зарыг зогсоож ажил алдуулахгүй биз дээ. Хэрэв тийм тохиолдолд өдрийн түрээсийн төлбрө суутгана гэж хэлсэн. За за гээд яваад маргааш, нөгөөдөр нь утсаа авсангүй. 2022.02.12-ны өдөр өөрсдөө залгаад банкнаас мөнгөө авч байна, та гэрээгээ бэлдэж бай гээд тэр өдрөө ирсэнгүй, 2022.02.13-ны өдөр залгатал урдаас юань ирсэн, одоо солиулаад очлоо. Та гэрээгээ бэлдэж бай гээд утсаа ч авахгүй сураггүй болсон гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Талууд хооронд 2022 оны 2 сарын 08-ны өдөр * дүүргийн 3 дугаар хороонд байрлах *үйлчилгээний төвийн VIP караокены зориулалттай талбай түрээслүүлэхээр амаар тохиролцож, улмаар нэхэмжлэгч Б.Б нь нийт 2 000 000 төгрөгийг /караоке түрээс/ хариуцагч Н.Бын данс руу шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч мөнгө авсан эсэх дээр маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б өөрийн Хаан банкны * тоот данснаас 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлах бөгөөд уг мөнгийг шилжүүлэх болсон шалтгааныг хариуцагч тал үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр урьдчилгаа өгсөн ба үлдэгдэл мөнгийг өгөөгүй өөрөө сураггүй алга болсон гэж тайлбарлаж, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулах саналыг хүлээж авснаар гэрээ байгуулагдсан тооцоно гэж маргаж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. 318.3-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж заажээ.

Талуудын хоорондох дээрх тохиролцоог хуульд заасан шаардлага хангасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байх ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасан гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүйн дээр, талуудын хооронд үүрэг үүсээгүй байна.

5. Хариуцагч Н.Б нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ., мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.3-т Хэлэлцээний явцад аль нэг талын хайхрамжгүй үйлдлээс болж гэрээг байгуулаагүй бол хэлэлцээ хийхтэй холбогдон гарсан зардлыг хайхрамжгүй хандсан тал нөгөө талд нөхөн төлөх үүрэг үүсч болно. гэснийг үндэслэж, Н.Б гэрээ байгуулаагүйгээс хугацаа алдсанаас үүдэлтэй хохиролд 2 666 666.66 төгрөг гаргуулахаар шаардсан нь дараах үндэслэлгүй байна.

Хуулийн дээрх агуулгаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б нь гэрээ байгуулах саналыг хүлээн авсан хэдий ч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан түрээсийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүйд талуудыг буруутай гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээнээс үүдэлтэй хохирол шаардах үндэслэлгүй байна.

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр нэхэмжлэгч Б.Б нь 2 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Баас 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, хариуцагч Н.Бын хохиролд 2 666 666.66 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46 950 төгрөгийг, хариуцагч Н.Бын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57 618 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Н.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 46 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ