Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01616

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01616

 

2022 08 29 210/МА2022/01616

Б.Б-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02100 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ий, хариуцагч Н.Б-д холбогдуулан төлбөрт шилжүүлсэн 2,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээнээс учирсан хохиролд 2,666,666 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.Б-ын өмчлөлийн гэх Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Grand window нэр бүхий 300 м.кв үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн хугацаатай сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэхээр болж урьдчилгаа 2,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Н.Б-ын эзэмшлийн Төрийн банк дахь 370400063741 тоот дансанд шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг шилжүүлсний дараа хуульд заасан ажиллагаа явагдаагүй тул гэрээ байгуулагдаагүй. Н.Б бид хоёрын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан баталгааны харилцаа үүсээгүй. Иймд урьдчилгаанд шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн * дугаар хороонд байрлах Grand window үйлчилгээний төвийн В-1 давхарт буюу хагас подвалд бүх өрөө нь дотроо ариун цэврийн өрөөтэй VIP караокены зориулалттай талбай, тохижилт, тавилга, тоног төхөөрөмж, эд хогшилын хамт сарын 10 саяаар түрээслэж байгаад түрээслэгч нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарч тэр оройноос зар өгсөн. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олон хүн залгаж үзсэн ба Б.Б нь 2 эмэгтэйн хамт ирээд бид засвар хийнэ, үзэж байгаа хүмүүсээ болиулчих, бүх зар сурталчилгааг зогсоочих гээд үзэж байсан хүмүүст бид тохирсон гэж хэлээд явуулсан. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөр хүнд битгий өгөөрэй бүх зар зогсоосон баталгаа болгоод 2,000,000 төгрөг хийе гээд данс руу шилжүүлсэн. Тэр үед мөнгөө бүрэн төлсний дараа гэрээ байгуулна гээд түрээсийн гэрээ бичгээр байгуулаагүй. Тухайн үед та нар манай зарыг зогсоож ажил алдуулахгүй биз дээ. Хэрэв тийм тохиолдолд өдрийн түрээсийн төлбөрт суутгана гэж хэлсэн. Улмаар та гэрээгээ бэлдэж бай гээд утсаа ч авахгүй сураггүй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулах дуудлага буюу харилцан тохиролцсоны дагуу гэрээ байгуулна гэж хэлээд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн боловч тохирсон хугацаандаа гэрээ байгуулаагүй сураггүй алга болсон. Тэр өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шууд өөр хүнтэй гэрээ байгуулах боломжтой байсан. Үүнээс хойш 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөр хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Энэ хооронд түрээсийн төлбөрийн 7 хоногт олох байсан орлого алдаж хохирсон. Түрээсийн төлбөр нэг хоногт 333,333.3 төгрөг, 8 хоногт 2,666,666. 6 төгрөгийг хохиролд гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь үнэн бодит байдалд нийцэхгүй байна. Түрээсийн обьектыг бусад этгээдэд түрээслэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Учирсан гэх бодит хохирол нь үндэслэлгүй, баримт нотолгоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-аас 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч Н.Б-ын хохиролд 2,666,666.66 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,950 төгрөгийг, хариуцагч Н.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57,618 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Б нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр санал тавьж, урьдчилгаанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн тул дахин өөр хүнтэй гэрээ байгуулж чадалгүйгээр Б.Б-ийг 8 хоног хүлээсэн. Энэ хугацаанд өөр хүнд түрээслүүлэх боломжтой байсан хэдий ч урьдчилгаа авсан тул дараагийн гэрээг байгуулж чадаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээ байгуулах саналыг хүлээн авсан хэдий ч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүйд талуудыг буруутай гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээнээс үүдэлтэй хохирол шаардах үндэслэлгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Б нь урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Б эс зөвшөөрч, олох ёстой байсан орлого 2,666,666 төгрөг гаргууулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Баянгол дүүрэгт байрлах 300 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай, сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Түрээсийн гэрээг хуульд зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар шаардлага тавьсан боловч биелүүлээгүй. Бидний хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан баталгааны харилцаа үүсээгүй гэж тайлбарласан.

3.б. Хариуцагч Гэрээ байгуулна гэж манай зарыг зогсоож ажил алдуулсан. Хэрэв тийм тохиолдолд өдрийн түрээсийн төлбөрт суутгана гэж хэлсэн. Гэрээгээ бэлдэж бай гээд утсаа ч авахгүй сураггүй болсон. Тухайн үед өөр хүнтэй түрээсийн гэрээ байгуулах боломжтой байсан. Энэ хооронд түрээсийн төлбөрийн 7 хоногт олох байсан орлогоо алдаж хохирсон. гэх үндэслэлээр маргасан.

4.а. Талууд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Grand window /гранд виндов/ үйлчилгээний төвийг караокены зориулалтаар түрээслүүлэхээр амаар тохиролцож, улмаар нэхэмжлэгч Б.Б- 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг караоке түрээс гэх гүйлгээний утгатай хариуцагч Н.Б-ын данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх4/

4.б. Нэхэмжлэгч нь дээрх хөрөнгийг түрээслэх зорилгоор тохиролцон урьдчилан 2,000,000 төгрөг төлсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчин гэж үзэхээр байна.

4.в. Анхан шатны шүүх 2,000,000 төгрөгийг гаргуулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэхдээ хууль буруу хэрэглэсэн байна.

Зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгө шилжүүлснийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймд гэрээний харилцаа үүсгэх хүсэл зоригийг илэрхийлэн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхийн үндэслэлд хамаарах нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх шаардлагатай.

Мөнгийг шилжүүлсэн нэхэмжлэгчид хариуцагчийн өмнө хүлээх үүрэг үүссэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, талууд гэрээг хуулиар тогтоосон хэлбэрээр хийгээгүй тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс урьдчилан авсан 2,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй.

5.а. Хариуцагч нь Гэрээ байгуулахаар 2,000,000 төгрөг төлсөн боловч тохирсон хугацаандаа гэрээ байгуулаагүй, сураггүй алга болсон. Тэр өдөр өөр этгээдтэй гэрээ байгуулах боломжтой байсан. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бусдад түрээсэлсэн. Энэ хугацаанд 7 хоногт олох байсан орлогоор хохирсон. Түрээсийн төлбөр нэг хоногт 333,333 төгрөг, 8 хоногт 2,666,666 төгрөгийн хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж, нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээ байгуулах хүсэлтэй байсан бөгөөд түрээсийн гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангуулах гэтэл арга хэмжээ аваагүй тул гэрээ байгуулагдаагүй гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

5.б. Зохигчид гэрээг хуульд заасан журамд нийцүүлэн байгуулаагүй ирсэн баримтад хэн аль нь нөгөө талаа буруутган маргасан.

5.в. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр М.Этэй Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. /хх. х54/ Хариуцагч нь урьдчилгаа төлбөр шилжүүлснээс хойш 8 хоногийн хугацаанд хөрөнгө түрээслэх тухай зараа зогсоосон байх боловч нэхэмжлэгчийн буруугаар гэрээ байгуулагдаагүй гэж үзэх, мөн нэмэлт зардал гарсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй.

5.г. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3 дахь хэсэгт зааснаар хэлэлцээний шатанд зардал гарсан, гэрээ байгуулаагүй нь аль нэг талын хайхрамжгүй үйлдэлтэй холбоотой бол хохирол шаардах эрх үүснэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.д. Хэрэгт гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан талаар баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүх ...Түрээсийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүйд талуудыг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээнээс үүсэлтэй хохирол шаардах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь зөв байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 187 дугаар зүйлийн 187.3, 233 дугаар зүйлийн 233.2 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,546 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР