Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/02119

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/02119

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * дүүрэг*дүгээр хороо * 2-53 тоотод байрлах ДЗС ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг * дугаар хороо * 14 дүгээр байрны өргөтгөлдөх ЭХХТ ТӨААТҮГ /РД:*/

Хариуцагч: * дүүрэг, БДСТӨХК /РД:*/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ЗОӨ ХХК /РД:*/

Эд хөрөнгөнд учирсан хохиролд 78 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З*,

хариуцагчийн төлөөлөгч Ч.О*, Н.Г*, Ч.А*

гуравдагч этгээдийн төлөөлөгч: Д.Н*

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

    Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгч ДЗС ХХК хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ, БДСТӨХК нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохирол 78 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай ДЗС ХХК нь ЭХХТийн захиалагчаар оролцсон тендерийн дагуу 2018 оны 4 дүгээр улиралд * ТӨХК дулааны станцад суурилагдсан Оросын холбооны Улсын Биробиджанк заводад үйлдвэрлэгдсэн КТП-2500*2-6/4 трансформатор иж бүрнээр мөн түүний хуваарилах байгууламж нийлүүлсэн. Дээрх тендерийн гүйцэтгэгч болох ЗОӨ ХХК нь цахилгаан байгууламжуудыг доголдолтой гэж үзэн гэрээг хэсэгчлэн цуцлахаар манай компанид холбогдуулсан нэхэмжлэл гаргасан. Уг иргэний хэрэг маргаанд ЭХХТ нь гуравдагч этгээдээр оролцсон. Нэхэмжлэлийг Нийслэлийн * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд * дугаартай шийдвэр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 сарын 03 ны 299 тоот магадлалаар гэрээг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэж харин нам хүчдэлийн иж бүрэн бууруулах байгууламж /04кв/ 400- аас 5000 А хүртэл тоноглогдсон мөн холбох шинэ зэс 150*10-ын 25 ширхэг буюу 160 кг зэс биет байдлын бүрэн бүтэн байдлаар ДЗС ХХК д буцааж олгох зүйтэй гэж шийдвэрлэсэн. Ингээд дээрх эд хөрөнгө буюу дээр дурдсан маркийн цахилгаан хуваарилах төхөөрөмжүүдийг буцааж өгөхгүй байгаа бөгөөд * ТӨХК дулааны станцад албан бичгээр буцааж авах тухай хүсэлт хүргүүлэхэд байхгүй гэдэг. Мөн тендерийн гүйцэтгэгч ЗОӨ ХХК нь манайд байхгүй манай компани аваагүй гэж хариу хэлдэг. Иймд дээрх эд хөрөнгийн захиалагч буюу ЭХХТ манай зөвшөөрөлгүйгээр өөр зүйлтэй холих нийлүүлэх эсвэл дахин боловсруулж ашиглаж байгаагаас уг эд зүйлийг бүрэн бүтэн байдлаар нь хүлээн авах боломжгүй болсон гэж үзэж байгаа хохирлоо шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрт манай цахилгаан хуваарилах төхөөрөмжүүдийг 78 000 000 төгрөгтэй дүйцэхүйц дүгнэсний дагуу хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ-аас 78 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ тайлбартаа: ДЗС ХХК компанийн ирүүлсэн нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн захиалагч нь ЭХХТ ТӨҮГ гэж ойлгож, шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага тавьсан байна. ЭХХТ ТӨҮГ нь Эрчим хүчний салбарт Улсын төсвийн болон гадаадын дотоод хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөр арга хэмжээнд захиалагчийн буюу Эрчим хүчний яамны хяналтыг тавих, Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах, эрчим хүчний хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг болно. Энэ чиг үүргийн хүрээнд ирүүлсэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 оны 05 сарын 14-ны өдрийн А-1/1504 тоот зөвлөмж ирүүлсний дагуу захиалагч болох Эрчим хүчний яамтай ЭХА-002/2018 тоот гэрээг байгуулж, захиалагчийн хяналт хийсэн. Хяналт хийх явцад Гүйцэтгэгч ЗОӨ ХХК-ийн төслийн талбайд угсрахаар захиалсан тоноглол болох хүчний трансформатор болон ячейкуудыг шалгаж үзэхэд уг трансформаторууд нь 2007 онд үйлдвэрлэгдэж, 2016 онд Монгол Улсад импорлогдож ирсэн гэсэн мэдээлэл өгсөн боловч хадгалалтын горим хангаагүй, хуучралд орсон, гаалийн бүрдүүлэлт, техникийн паспорт, ашиглалтын заавар зэрэг гарал үүслийн баримт бичиггүй мөн техникийн нөхцөлд тусгагдсан IEC 6000076-10 стандарт, КЕМА гэрчилгээтэй байх, өмнө ашиглагдаж байгаагүй, шинэ байх зэрэг шаардлагыг хангахааргүй, ячейкүүдийн автомат, хянах, хэмжих хэрэгсэл нь ажиллагаагүй байсан тул солих шаардлагыг албан бичгээр хүргүүлсэн. Үүнд: ЭХХТ-ийн 2018.07.09-ны өдрийн 2а/827 тоот албан бичиг, ЭХХТ-ийн 2018.08.03-ны өдрийн 2а/910 тоот албан бичиг болно. Гүйцэтгэгч ЗОӨ ХХК нь шаардлага хангахгүй 0,4 кв-ын тоног төхөөрөмжийг бусдаас худалдан авч ажлыг гүйцэтгэсэнээс үүсэх үр дагаварыг манай байгууллага хариуцахгүй бөгөөд ДЗС ХХК-тай энэ асуудлаар аливаа гэрээ, хэлцэл байгуулж, хамтарч ажиллаагүй болно. Иймд Эрчим хүчний хөгжпийн төв ТӨҮГ нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн ажлын техник хяналтыг үндсэн дүрмийн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд энэ ажлын захиалагч биш тул харицагч биш болохыг албан ёсоор мэдэгдье гэв.

3. Хариуцагч БДСТӨХК гаргасан хариу тайлбартаа:  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагч тал болох ЭХХТ болон шалгарсан гүйцэтгэгч тал болох ЗОӨ ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар *ын станцын ерөнхий цахилгаан тэжээлийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинээр суурилуулах ажлыг эхлүүлэхээр болсон. ЭХХТ нь хуульд заасны дагуу тухайн тендертэй холбоотойасуудлыг бүрэн хариуцаж, тендер шалгаруулалтыг зохион байгуулж, гэрээ байгуулан гүйцэтгэийг хянаж, улмаар ашиглалтад хүлээн авах хүртэлх асуудлыг бүрэн хариуцах ёстой юм. Манай байгууллага нь дэд станцын байр талбайг чөлөөлж дээрх тендерийн гүйцэтгэгчийн ажилтнуудыг ажил үүргээ саадгүй явуулах нөхцөл боломжоор хангаж өгсөн болно. ЭХХТ болон ЗОӨ ХХК-ийн хооронд Барилга угсралтын ажлын гэрээ байгуулагдсан боловч тендерийн баримт бичигт тусгагдсан чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн бөгөөд транспорматорын ячейкууд хуучин, залгуурууд ажиллахгүй, гаалийн баримт бичгүүд байхгүй гэх мэт биет байдлын болон эрхийн зөрчилтэй байсан гэсэн шалтгаанаар ЭХХТ нь ашиглалтад хүлээж аваагүй бөгөөд дээрх хуучин тоног төхөөрөмжийг сольж өгөхийг ЗОӨ ХХК-д үүрэг болгосон байна. Энэ байдлыг ЭХХТ нь техникийн комиссын хуралд танилцуулснаар нам хүчдэлийн байгууламжийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэх шийдвэр гарч, ЗОӨ ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр биет байдлын доголдолтой чанар стандартын шаардлага хангахгүй байгаа ОХУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжөө буцаан авч, шинээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн микропроцессорон хамгаалалттай автомат таслуур бүхий нам хүчдэлийн байгууламжаар бүрэн сольсон болно. Одоо БНХАУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү төхөөрөмж нь станцын шуурхай ажиллагаанд ашиглагдаж байна. Манай байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажиллаж манай байгууллагад дээрх тоног төхөөрөмжийг албан ёсоор акт үйлдэн хүлээлгэн өгсөн нөхцөлд өөрийн эзэмшилд бүртгэх ёстой бөгөөд одоо болтол Улсын комисс ажиллаагүй байна. Энэ талаар ЭХХТ-д хандахад энэхүү ажлын гүйцэтгэгч тал нь шүүхэд нэхэмжлэл гаргасан учир асуудал шийдэгдтэл хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай байгууллага нь дээрх тендерийн захиалагч болон гүйцэтгэгч биш, нэхэмжлэгч ДЗС ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулаагүй, ашиглаагүй тул манай байгууллагыг хариуцагчаар татсан нь эрх зүйн үндэслэлгүй байна гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гаргасан тайлбартаа: ЭХХТ, БДСТӨХК нарын гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч ДЗС ХХК-иас болж манай компани их хохирсон бөгөөд яг энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн гэж үзэж байна. Учир нь ДЗС ХХК нь доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлснээс болж гэрээг хэсэгчилэн цуцалж, тухайн доголдолтой эд хөрөнгүүдийг манай компаниас гаргуулж, буцаан олгохоор шийдвэрлэсэн. Уг тоног төхөөрөмжүүд нь * дулааны станцын хашаанд байсныг бид тухайн үед шүүхийн үзлэгээр очиж үзсэн бөгөөд энэ хүмүүс өөрсдөө очиж уг тоног төхөөрөмжөө авах ёстой. Гэтэл одоо үндэслэлгүйгээр уг тоног төхөөрөмжийн үнэ гэж 78 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн дагуу авах боломжтой байсан гэв.

5. Нэхэмжлэгчээс ДЗС ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.06.12-ны өдрийн ДЗС ХХК болон ЗОӨ ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, ЗОӨ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2468 дугаар шийдвэр зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-9, 49-55/

6. Хариуцагчаас ЭХХТ ТӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, ЭХХТ-ийн 2018.07.09-ны өдрийн 2а/827 тоот *ын дулааны станцад ТӨХК-д хүргүүлсэн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, ЭХХТ-ийн 2018.08.03-ны өдрийн 2а/910 тоот Эрчим хүчний яамны бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлсэн Ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг, 2018.07.03-ны өдрийн 1/574 тоот БДСТӨХК-иас ЭХХТ-д хүргүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 26-28/

7. Шүүх БДСТӨХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг opendata.burtgel.gov.mn/lesinfo/2688794/ гаргуулж авсан болно. /хх-ийн 81/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...ЭХХТ болон БДСТӨХК нь манай зөвшөөрөлгүйгээр өөр зүйлтэй холих нийлүүлэх эсвэл дахин боловсруулж ашиглаж байгаагаас уг эд зүйлийг бүрэн бүтэн байдлаар нь хүлээн авах боломжгүй болсон гэж үзэж байгаа хохирлоо шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрт манай цахилгаан хуваарилах төхөөрөмжүүдийг 78 000 000 төгрөгтэй дүйцэхүйц дүгнэсний дагуу хохирлоо шаардаж байна. гэж тайлбарласан.

3. Хариуцагч нар зөвшөөрөхгүй үндэслэлээ ...бид гэрээний оролцогчид биш бөгөөд ямар нэг үүрэг хүлээгээгүй. Эд хөрөнгийн үнийг бид хариуцах үндэслэлгүй тул хариуцагч биш. гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ДЗС ХХК болон ЗОӨ ХХК нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн байх ба уг гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаан үүсч, улмаар ЗОӨ ХХК нь * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2468 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Дээрх маргаан бүхий хэрэгт нэхэмжлэгч ЗОӨ ХХК нь худалдах, худалдан авах гэрээг хэсэгчилэн цуцалж, гэрээний үүрэгт төлөх 78 000 000 төгрөгийг хүчингүй болгуулах, хохиролд 120 595 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч ДЗС ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 89 856 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байх ба шүүх ...гэрээ хэсгээр цуцлагдсан тул доголдолтой 0,4кВ-ийн ячейкнуудыг ЗОӨ ХХК-иас гаргуулж, ДЗС ХХК-д, ДЗС ХХК-иас хохиролд 1 787 632.77 төгрөгийг гаргуулж, ЗОӨ ХХК-д тус тус олгож, ...сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шийдвэрийн үндэслэлд ... ЗОӨ ХХК 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 197,500,000 төгрөгийг ДЗС ХХК-д төлж, мөн өдөр тоног төхөөрөмжийг хадгалуулж байсан газраас нь * дулааны станцад аваачиж 10 хоногийн хугацаанд суурилуулах явцад трансформаторын цахилгаан хуваарилах байгууламж /ячейк/-ийн зарим автоматууд, залгуур ажиллахгүй байсан байдал тогтоогдож байна. ...хариуцагч буюу худалдагч ДЗС ХХК нь доголдолтой цахилгаан хуваарилах байгууламж бүхий трансформаторыг нэхэмжлэгч буюу худалдан авагч ЗОӨ ХХК-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. гэж дүгнэсэн байна./хх-ийн 49-55/

5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд ДЗС ХХК-ийн доголдолтой 0,4кВ-ийн ячейкнуудыг ЗОӨ ХХК-иас гаргуулж, ДЗС ХХК-д олгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтад хамаарч байна.

Тодруулбал, нэхэмжлэгч уг нэхэмжлэлээр шаардсан ...манай цахилгаан хуваарилах төхөөрөмжүүдийг 78 000 000 төгрөгтэй дүйцэхүйц дүгнэсний дагуу хариуцагч нараас 78 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэж, эд хөрөнгийг буцаан олгосон гэж үзэхээр байх ба уг шийдвэрийн дагуу эд хөрөнгийг буцаан авах ажиллагааг холбогдох байгууллагад хандаж, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх ажиллагааг хийсэн талаар хэрэгт баримтыг ирүүлээгүй байна.

6. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

Дээрх хуулийн заалтуудаас дүгнэхэд хариуцагч нарын гэм буруутай хууль бус үйлдлээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсан гэх үндэслэлгүй, хэрэгт энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь энэ талаараа нотлоогүй байна.

7. Шүүх 2022.04.19-ний өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын А/108 дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч Ч.Бэгз, Ц.Буянхишиг, О.Одгэрэл нарт шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шлатгаангүйгээр ирээгүй ба зохигч талууд иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх ба энэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭХХТ ТӨААТҮГ, БДСТӨХК нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохирол 78 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ДЗС ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ДЗС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 547 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

Г.СОЛОНГО