Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01752

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01752

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/02119 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Э ТӨААТҮГ

Хариуцагч: Б ТӨХК

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: з ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан хохиролд 78,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэлэгмаа, Ч.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д ХХК нь Эийн захиалагчаар оролцсон тендерийн дагуу 2018 оны 4 дүгээр улиралд Б ТӨХК-ийн дулааны станцад суурилагдсан ОХУ-ын Биробиджанк заводад үйлдвэрлэгдсэн, КТП-2500*2-6/4 трансформатор иж бүрнээр, мөн түүний хуваарилах байгууламжийг нийлүүлсэн. Тендерийн гүйцэтгэгч болох з ХХК нь цахилгаан байгууламжуудыг доголдолтой гэж үзэн гэрээг хэсэгчлэн цуцлахаар манай компанид холбогдуулсан нэхэмжлэл гаргасан.

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/02468 дугаартай шийдвэр гэрээг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэсэн ба нам хүчдэлийн иж бүрэн бууруулах байгууламж /04кв/ 400-аас 5000А хүртэл тоноглогдсон мөн холбох шинэ зэс 150*10-ын 25 ширхэг буюу 160 кг зэс биет байдлын бүрэн бүтэн байдлаар Д ХХК-д буцааж олгох зүйтэй гэж үзсэн.

1.2. Дээрх цахилгаан хуваарилах төхөөрөмжүүдийг буцааж өгөхгүй байгаа бөгөөд Б ТӨХК дулааны станцад албан бичгээр буцааж авах тухай хүсэлт хүргүүлэхэд байхгүй гэдэг. Мөн тендерийн гүйцэтгэгч з ХХК нь манайд байхгүй, манай компани аваагүй гэж хариу хэлдэг.

1.3. Иймд дээрх эд хөрөнгийн захиалагч буюу Э манай зөвшөөрөлгүйгээр өөр зүйлтэй холих, нийлүүлэх, эсвэл дахин боловсруулж ашиглаж байгаагаас уг эд зүйлийг бүрэн бүтэн байдлаар нь хүлээн авах боломжгүй болсон. Иймд шүүхийн шийдвэрт манай цахилгаан хуваарилах төхөөрөмжүүдийг 78,000,000 төгрөгтэй дүйцэхүйц дүгнэсний дагуу хариуцагч Э ТӨААТҮГ-аас 78,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Э ТӨААТҮГ-ийн тайлбар, татгалзлын агуулга: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-1/1504 дугаартай зөвлөмж ирүүлсний дагуу захиалагч болох Эрчим хүчний яамтай ЭХА-002/2018 дугаартай гэрээг байгуулж, захиалагчийн хяналт хийсэн. Хяналт хийх явцад гүйцэтгэгч з ХХК-ийн төслийн талбайд угсрахаар захиалсан тоноглол болох хүчний трансформатор болон ячейкуудыг шалгаж үзэхэд уг трансформаторууд нь 2007 онд үйлдвэрлэгдэж, 2016 онд Монгол Улсад импорлогдож ирсэн гэсэн мэдээлэл өгсөн боловч хадгалалтын горим хангаагүй, хуучралд орсон, гаалийн бүрдүүлэлт, техникийн паспорт, ашиглалтын заавар зэрэг гарал үүслийн баримт бичиггүй, мөн техникийн нөхцөлд тусгагдсан IEC 6000076-10 стандарт, КЕМА гэрчилгээтэй байх, өмнө ашиглагдаж байгаагүй, шинэ байх зэрэг шаардлагыг хангахааргүй, ячейкүүдийн автомат, хянах, хэмжих хэрэгсэл нь ажиллагаагүй байсан тул солих шаардлагыг албан бичгээр хүргүүлсэн. Үүнд ЭХХТ-ийн 2018.07.09-ны өдрийн 2а/827 тоот албан бичиг, ЭХХТ-ийн 2018.08.03-ны өдрийн 2а/910 тоот албан бичиг болно.

2.1. Гүйцэтгэгч з ХХК нь шаардлага хангахгүй 0,4 кв-ын тоног төхөөрөмжийг бусдаас худалдан авч ажлыг гүйцэтгэснээс үүсэх үр дагаврыг манай байгууллага хариуцахгүй. Д ХХК-тай энэ асуудлаар аливаа гэрээ, хэлцэл байгуулж, хамтарч ажиллаагүй. Иймд Э ТӨҮГ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн ажлын техник хяналтыг үндсэн дүрмийн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд энэ ажлын захиалагч биш тул хариуцагч биш гэжээ.

3. Хариуцагч Б ТӨХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагч тал болох Э болон шалгарсан гүйцэтгэгч тал болох з ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Багануурын станцын ерөнхий цахилгаан тэжээлийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинээр суурилуулах ажлыг эхлүүлэхээр болсон. Э нь хуульд заасны дагуу тухайн тендертэй холбоотой асуудлыг бүрэн хариуцаж, тендер шалгаруулалтыг зохион байгуулж, гэрээ байгуулан гүйцэтгэлийг хянаж, улмаар ашиглалтад хүлээн авах хүртэлх асуудлыг бүрэн хариуцах ёстой юм. Манай байгууллага нь дэд станцын байр талбайг чөлөөлж дээрх тендерийн гүйцэтгэгчийн ажилтнуудыг ажил үүргээ саадгүй явуулах нөхцөл боломжоор хангаж өгсөн.

3.1. Э болон з ХХК-ийн хооронд Барилга угсралтын ажлын гэрээ байгуулагдсан боловч тендерийн баримт бичигт тусгагдсан чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн бөгөөд транспорматорын ячейкууд хуучин, залгуурууд ажиллахгүй, гаалийн баримт бичгүүд байхгүй гэх мэт биет байдлын болон эрхийн зөрчилтэй байсан гэсэн шалтгаанаар Э нь ашиглалтад хүлээж аваагүй бөгөөд дээрх хуучин тоног төхөөрөмжийг сольж өгөхийг з ХХК-д үүрэг болгосон байна. Энэ байдлыг Э нь техникийн комиссын хуралд танилцуулснаар нам хүчдэлийн байгууламжийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэх шийдвэр гарч, з ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр биет байдлын доголдолтой чанар стандартын шаардлага хангахгүй байгаа ОХУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжөө буцаан авч, шинээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн микропроцессорон хамгаалалттай автомат таслуур бүхий нам хүчдэлийн байгууламжаар бүрэн сольсон болно. Одоо БНХАУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү төхөөрөмж нь станцын шуурхай ажиллагаанд ашиглагдаж байна.

3.2. Манай байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажиллаж манай байгууллагад дээрх тоног төхөөрөмжийг албан ёсоор акт үйлдэн хүлээлгэн өгсөн нөхцөлд өөрийн эзэмшилд бүртгэх ёстой бөгөөд одоо болтол Улсын комисс ажиллаагүй байна. Энэ талаар Эд хандахад энэхүү ажлын гүйцэтгэгч тал нь шүүхэд нэхэмжлэл гаргасан учир асуудал шийдэгдтэл хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай байгууллага нь дээрх тендерийн захиалагч болон гүйцэтгэгч биш, нэхэмжлэгч Д ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулаагүй, ашиглаагүй тул манай байгууллагыг хариуцагчаар татсан нь эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Э, Б ТӨХК нарын гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Д ХХК-аас болж манай компани хохирсон бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Учир нь, Д ХХК нь доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлснээс болж гэрээг хэсэгчлэн цуцалж, тухайн доголдолтой эд хөрөнгүүдийг манай компаниас гаргуулж, буцаан олгохоор шийдвэрлэсэн. Уг тоног төхөөрөмжүүд нь Бын хашаанд байсныг бид тухайн үед шүүхийн үзлэгээр очиж үзсэн бөгөөд энэ хүмүүс өөрсдөө очиж уг тоног төхөөрөмжөө авах ёстой. Гэтэл одоо үндэслэлгүйгээр уг тоног төхөөрөмжийн үнэ гэж 78,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу авах боломжтой байсан гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ТӨААТҮГ, Б ТӨХК нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохирол 78,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 547,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасны дагуу Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэгт 78,000,000 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон. Учир нь, дээрх манай эд хөрөнгө онц чухал объектод тооцогддог газраас алга болох үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээд з ХХК аваагүй гэх утга бүхий тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргадаг. Үүнээс үзвэл манай дээрх эд хөрөнгийг өөрийн тоног төхөөрөмжийг засаж сэлбэн ашиглаж байгаа гэж үзэхэд хүргэж байна.

6.1. Иймд анхан шатны шүүх манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянаагүйгээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг хангаагүй нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б ТӨХК-ийн хариу тайлбарын агуулга: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагч Э ТӨААТҮГ, гүйцэтгэгч з ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан. Даурскые золотые сопки ХХК-ийн талаар хэргийн материалтай танилцах үеэр мэдсэн. з ХХК болон Даурскые золотые сопки ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Б ТӨХК нь нэхэмжлэгч Даурскые золотые сопки ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй буюу гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас хариуцагчаар татсан нь үндэслэлгүй.

7.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, з ХХК болон Даурскые золотые сопки ХХК-ийн хооронд үүссэн гэрээний харилцааг үндэслэл бүхий зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Э ТӨААТҮГ, Б ТӨХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохиролд 78,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд з ХХК Уг тоног төхөөрөмжүүд нь Бын хашаанд байсан бөгөөд өөрсдөө очиж уг тоног төхөөрөмжөө авах ёстой. Гэтэл одоо үндэслэлгүйгээр уг тоног төхөөрөмжийн үнэ гэж 78,000,000 төгрөг нэхэмжилж байна гэсэн тайлбар гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/02468 дугаар шийдвэрээр з ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээг хэсэгчлэн цуцалж, гэрээний үүрэгт төлөх 78,000,000 төгрөгийг хүчингүй болгуулах, хохиролд 120,595,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Д ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 89,856,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд 0,4кВ-ийн ячейкнуудыг з ХХК-аас гаргуулж, Д ХХК-д, Д ХХК-аас хохиролд 1,787,632.77 төгрөгийг гаргуулж, з ХХК-д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хх. 49-55/

4. Э ТӨААТҮГ болон Б ТӨХК-ийг хариуцагчаар татан цахилгааны тоног төхөөрөмжийн үнэ шаардсан боловч тухайн цахилгааны тоног төхөөрөмж нь хариуцагч нарт байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Б ТӨХК-д шинээр суурилуулсан болон өмнөх хэвийн ажиллаж байсан, нэхэмжлэгчээс нийлүүлсэн ОХУ-д үйлдвэрлэгдсэн КТПН-2500 ква 6//0,4 дэд өртөөний нам талын иж бүрэн хуваарилах байгууламжид үзлэг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

4.1. Өөрөөр хэлбэл, үзлэг хийх нь маргааны үйл баримтыг тогтоох болон хэргийн бодит нөхцөл байдлын талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.

5. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэм хорын хохирол учруулсан, эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж буйг тодруулах шаардлагатай байна.

6. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/02119 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

М.БАЯСГАЛАН