Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/02170

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/02170

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: * дүүрэг, * дүгээр хороо, *, * тоот хаягт байрлах БТӨСССТв НҮТББ /РД:*/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:* дүүрэг, * дугаар хороо, * тоот хаягт оршин суух Д.Г /РД:ДЕ*/,

Хариуцагч: * дүүрэг, 3 дугаар хороо, * 12 давхарт байрлах МРТ ХХК /РД:*/ нарт холбогдох

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т*с, өмгөөлөгч Ж.У*

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

  /Хариуцагч нарын төлөөлөгч Г.Ут шүүх хуралдааны товыг 2022 оны 07 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас мэдэгдсэн ба тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

Нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч БТӨСССТв НҮТББ хариуцагч Д.Г, МРТ ХХК нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг БТӨСССТв НҮТББ-ын эзэмшлийн газраас 3 222.3 м.кв давхцуулан хашаалсан газрыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгуулахаар тодруулсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай байгууллага нь Нийслэлийн Засаг даргын 2018.07.06-ны өдрийн *тоот захирамжаар 2019.11.29-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгж талбар * дугаар 0.4796 мкв талбай бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмших, ашиглах эрхтэй болсон. Манай газрын хажууд иргэн Д.Г болон түүний удирддаг МРТ ХХК газар эзэмшдэг бөгөөд эдгээр хүмүүс нь уг газар дээрээ хашаагаа хатгахдаа бид үйл ажиллагаанд саад хийж манай газрыг оруулж буюу 3 222,3 м.кв газрыг давхардуулан хашаалсан. Ингээд удаа дараа мэдэгдэл өгсөн боловч хашаагаа буулгахгүй бидний ажилд саад хийсээр байна. 2020.10.28-ны өдөр бид кадастрын зургийн дагуу цэг хатгана, та бүхэн эдэлбэр газрын дагуу хашаа барихыг мэдэгдэж, харилцан уялдаатай, эвсэг ажиллахыг хүсч буй албан бичгийг өгч, хашаагаа буулгахыг сануулж байсан. Хариуцагч албан бичигт хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл буулгахгүй байгаа нь бидний ажил удааширч байна. Иймд Буриадын соёлын төв, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар олгогдсон * дугаар гэрчилгээтэй газарт 3 222,3 м.кв газрыг давхардуулан хашаалсан газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч Д.Гын гаргасан хариу тайлбартаа: Д.Гын зүгээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, яармагийн дэнжид байрлах 70 га газрыг Морин тойруулга барьж ашиглах зориулалтаар ашиглах болсон ба өөрийн ашиглах, эзэмших эрх бүхий газрыг хашаа татсан байна. Гэтэл Д.Гын өөрийн эзэмших эрхийн дагуу хашаалсан хэсэг ба тухайн газартай холбоотой маргаан бүхий нөхцөл үүсч улмаар Улсын дээд шүүхийн 2017.06.19-ний өдрийн 95 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Г болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Улсын дээд шүүхийн 95 дугаар тогтоолоор Д.Гт 64.9 га газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэхээр шийдсэн боловч Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх хэмжээгээр газрын эзэмшил ашиглалтыг баталгаажуулж өгөөгүй, маргаан бүхий байдал үргэлжилж байгаа болно. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах * нэгж талбарын дугаар бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2018.10.18-ны өдрийн * тоот захирамжаар МРТ ХХК-д шилжсэн. Нэгэнт тухайн нэхэмжлэлийн шаардлага бүхий газар нь эзэмших эрхийн хувьд маргаан бүхий нөхцөлд байгаа ба би иргэн Д.Гт энэ талаарх мэдээлэл нь тодорхойгүй байгаа болно гэжээ.

 

3. Хариуцагч МРТ ХХК хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.11.29-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, /хх-ийн 6-2020.10.28-ны өдрийн 10/002 дугаар албан бичиг, 2020.10.30-ны өдрийн 10/003 дугаар албан бичиг, 2020.11.02-ны өдрийн 11/001 дүгээр албан бичиг, 2018.04.05-ны өдрийн 01 дүгээр тогтоол, сэргээн засах эмчилгээний карт, 2018.07.06-ны өдрийн *дугаар захирамж, захирамжийн хавсралт, 2021.10.15-ны өдрийн А10/01 дугаар албан бичиг, 2020.10.28-ны өдрийн 10/002 дугаар албан бичиг, 2021.09.28-ны өдрийн 1/6940 дүгээр албан бичиг, 2016.11.30-ны өдрийн 989 дүгээр шийдвэр, зураг зэрэг баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 6-13, 42-44-72/

5. Шүүхийн журмаар 2022.03.09-ний өдрийн албан бичиг, 2018.07.06-ны өдрийн албан бичиг, 2018.07.06-ны өдрийн жагсаалт, 2018.10.18-ны өдрийн * дүгээр захирамж, 2018.10.18-ны өдрийн жагсаалт, 2018.12.07-ны өдрийн А/1176 дугаар захирамж, 2018.12.07-ны өдрийн жагсаалт, 2021.07.22-ны өдрийн А/573 2021.07.22-ны өдрийн жагсаалт, кадастрын зураг, 2022.05.17-ны өдрийн 02-06/2543 дугаар албан бичиг, 2022.06.15-ны өдрийн албан бичиг, газрын зураг /хх-ийн 80-101, 118, 120-122/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор Төрийн бус байгууллага нь архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан барилга байгууламж барихаар бэлтгэл ажлаа хэдийн эхэлсэн боловч Д.Г болон түүний үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшин, гүйцэтгэх захирлаар нь бүртгэлтэй МРТ ХХК нь манай 4 796 мкв газрын тодорхой хэсэг буюу 3 222.3 м.кв газрыг хашаалан хууль бусаар эзэмшиж ирсний улмаас бид газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэгч талаас газар чөлөөлүүлэх, хашаа буулгуулах тухай мэдэгдлийг хариуцагч талд удаа дараа мэдэгдэж албан тоот явуулсан байсан боловч хариу өгөхгүй, газар чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа бөгөөд энэ хэрээр манай барилгын ажил хойшлогдон хохирол хүлээж байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандах боллоо.. гэж тайлбарлав.

3. Хариуцагч Д.Гын төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах * нэгж талбарын дугаар бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2018.10.18-ны өдрийн * тоот захирамжаар МРТ ХХК-д шилжсэн. Нэгэнт тухайн нэхэмжлэлийн шаардлага бүхий газар нь эзэмших эрхийн хувьд маргаан бүхий нөхцөлд байгаа ба би иргэн Д.Гт энэ талаарх мэдээлэл нь тодорхойгүй байгаа болно. Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх хэмжээгээр газрын эзэмшил ашиглалтыг баталгаажуулж өгөөгүй, маргаан бүхий байдал үргэлжилж байгаа болно. гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

БТӨСССТв НҮТББ-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орох сууц барих зориулалтаар 0.4796 м.кв, газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2018 оны *дугаар захирамжаар үнэгүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2019 оны 11 сарын 29-ний өдрийн дугаар 000013144 гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ./хх-ийн 6/

Мөн 2019.11.29-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх * гэрээг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон БТӨСССТв НҮТББ нарын хооронд байгуулагдаж, уг гэрээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

5. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 сарын 09-ны өдрийн 02-06/898 албан тоотод Нийслэлийн Засаг даргын 2018 оны * дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 541 400 м.кв газрыг МРТ ХХК-д морин тойруулгын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1176 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 000 м.кв газрыг Их монголын эзэнт гүрэн ТББ-д 15 жилийн хугацаатайгаар олгосон болохыг тодорхойлсон ба холбогдох баримтуудыг сансарын зургийн хамт ирүүлсэн./хх-ийн 80-101/

 

Хавтаст хэргийн 97-100 дугаар талд авагдсан сансарын зургаас үзэхэд дээрх хуулийн этгээдүүдийн эзэмшлийн газар давхцаагүй байх ба харин хариуцагч МРТ ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг хашаалахдаа нэхэмжлэгч БТӨСССТв НҮТББ-ын 4 796 м.кв эзэмшил газрын 3 222.3 м.кв газар дээгүүр хашаалсан болох нь сансарын зураг болон хавтаст хэргийн 149, 150 дугаар талд авагдсан Ханховд сүрвэй ХХК-ийн кадастрын зургаар тогтоогдож байна.

6. Хариуцагч тал ... нэхэмжлэлийн шаардлага бүхий газар нь эзэмших эрхийн хувьд маргаан бүхий нөхцөлд байгаа, ... Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх хэмжээгээр газрын эзэмшил ашиглалтыг баталгаажуулж өгөөгүй, маргаан бүхий байдал үргэлжилж байгаа болно. гэж тайлбар гаргасан хэдий ч энэ талаараа нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1.-д газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй. гэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. гэж, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхээр шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч БТӨСССТв НҮТББ нь хууль бус эзэмшлээс газраа чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч БТӨСССТв НҮТББ-ын эзэмшлийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 4 796 м.кв эзэмшил газрын 3 222.3 м.кв хэсэгт давхардуулан хашаалсан газрыг хариуцагч Д.Г, МРТ ХХК нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г, МРТ ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БТӨСССТв НҮТББ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

                                   

 

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ