Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01880

 

Б- НҮТББ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/02170 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б- НҮТББ-ын, нэхэмжлэлтэй,

Хариуцагч М- ХХК, Д.Г- нарт холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Манай байгууллага нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/618 тоот захирамжаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгж талбар 00000000 дугаар 0.4796 м.кв талбай бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмших, ашиглах эрхтэй болсон. Манай газрын хажууд иргэн Д.Г-болон түүний удирддаг М- ХХК газар эзэмшдэг. Эдгээр хүмүүс нь уг газар дээрээ хашаагаа хатгахдаа манай газрыг оруулж буюу 3.222,3 м.кв газрыг давхардуулан хашаалсан. Ингээд удаа дараа мэдэгдэл өгсөн боловч хашаагаа буулгахгүй бидний ажилд саад учруулсаар байна. Бид 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бид кадастрын зургийн дагуу хашаагаа барих талаар мэдэгдэж, хашаагаа буулгахыг сануулж байсан. Хариуцагч албан бичигт хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл буулгахгүй байгаа нь бидний ажил удааширч байна. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Г-ын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо,Я-ийн дэнжид байрлах 70 га газрыг Морин тойруулга барьж ашиглах зориулалтаар өөрийн эзэмших, ашиглах эрх бүхий газрыг хашаа татсан. Гэтэл миний эзэмших эрхийн дагуу хашаалсан хэсэг ба тухайн газартай холбоотой маргаан бүхий нөхцөл үүсэж улмаар Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Д.Г-болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Улсын дээд шүүхийн 95 дугаар тогтоолоор 64.9 га газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэхээр шийдсэн боловч Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх хэмжээгээр газрын эзэмшил ашиглалтыг баталгаажуулж өгөөгүй, маргаан бүхий байдал үргэлжилж байгаа болно. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 00000000нэгж талбарын дугаар бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/991 тоот захирамжаар М- ХХК-д шилжсэн. Нэгэнт тухайн нэхэмжлэлийн шаардлага бүхий газар нь эзэмших эрхийн хувьд маргаан бүхий нөхцөлд байгаа ба надад энэ талаарх мэдээлэл нь тодорхойгүй байгаа болно гэжээ.

3. Хариуцагч М- ХХК хариу тайлбар ирүүлээгүй болно.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б- НҮТББ-ын эзэмшлийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 4 796 м.кв эзэмшил газрын 3,222.3 м.кв хэсэгт давхардуулан хашаалсан газрыг хариуцагч Д.Г-, М- ХХК нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-, М- ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б- НҮТББ-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Маргаан бүхий газар нь өнөөдрийн байдлаар "М-" ХХК-ийн эзэмшилд шилжсэн. Газрын маргаан бүхий асуудлыг Нийслэлийн Засаг даргатай холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж байх үед газрын эзэмшигч нь иргэн Д.Г-байсан. Тухайн маргаан бүхий гэх 3,222.3 м.кв талбайд хариуцагчийн хэдий хэмжээний хашаа байгаа нь тодорхойгүй буюу газрын аль хэсгээр хэрхэн байрласан ямар хэмжээ, хэдэн м.кв талбай бүхий ямар хэмжээний хашаа эсхүл өмч /хөдлөх, үл хөдлөх/ хөрөнгийг албадан чөлөөлүүлэх талаар тухайлан дурдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-гийн хариу тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 4,796 м.кв эзэмшил газрын 3,222.3 м.кв хэсэгт давхардуулан хашаалсан газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албан чөлөөлсүгэй гэж тодорхой оруулсан байхад яагаад тодорхойгүй гэж үзэж байгааг ойлгохгүй байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

2:Нэхэмжлэгч Б- НҮТББ нь хариуцагч М- ХХК, Д.Г-нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Г-нь эс зөвшөөрч, Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 00000000нэгж талбарын дугаар бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/991 тоот захирамжаар М- ХХК-д шилжсэн. Маргаан бүхий газрын эзэмших эрхийн хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа. Энэ талаарх мэдээлэл нь тодорхойгүй байгаа гэж тайлбарлажээ. Хариуцагч М- ХХК-ийн хувьд нэхэмжлэлийг гардаж аваад шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, маргаагүй гэж үзнэ.

3.Б- НҮТББ нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орох сууц барих зориулалтаар 4,796 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх бүхий этгээд болох, мөн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01122-2018/01029 гэрээг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Б- НҮТББ нарын хооронд байгуулагдаж, уг гэрээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

4.Хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 000013144 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Х- ХХК-ийн кадастрын зураг, талуудын тайлбар зэрэг баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж хариуцагч М- ХХК,Д.Г-нар нь эзэмшлийн газраа хашаалахдаа нэхэмжлэгч Б- НҮТББ-ын эзэмших эрх бүхий 4,796 м.кв талбай бүхий газраас 3,222.3 м.кв газар дээгүүр хашаалсан үйл баримтыг зөв тогтоосон. Харин нэхэмлэгчийн шаардах эрхийн талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.2 болон Газрын тухай хуулийг хэрэглэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх залруулах замаар шийдвэрт өөрчлөлт оруулна. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх арга журмыг заах шаардлагад нийцнэ гэж үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Б- НҮТББ-ын эзэмшиж буй Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 4,796 м.кв талбай бүхий газар хариуцагчийн татсан хашааны координат нь 1 дүгээр цэг /0-0, 2 дугаар цэг /00-00, 3 дугаар цэг /000-000/, 4 дүгээр цэг /0000-0000/, хашаалсан газрын талбайн хэмжээ нь 3,222,3 м.кв болох нь хэргийн 129-130 дахь талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хашааны координат буюу 3,222.3 м.кв талбайн хэмжээгээр газар чөлөөлөхийг хариуцагч М- ХХК,Д.Г-нарт даалгах нь зүйтэй байна. /хх 129-130/ Энэ талаар гаргасан хариуцагч М- ХХК-ийн хариуцагчийн ямар хэмжээний хашаа байгаа нь тодорхойгүй, ямар хэсгийг чөлөөлөх нь тодорхойгүй гэх гомдол үндэслэлтэй.

5.Анхан шатны шүүх хариуцагч Д.Г-ыг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнээд нэхэмжлэгчийн эзэмшил газарт хашаалсан газрыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

6.Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч Д.Г-/РД:УС69020410/-ын регистрийг /РД:ДЕ99082901/ гэж буруу бичиж техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхийн магадлалд залруулан бичих нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт нийцнэ.

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М- ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/02170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б- НҮТББ-ын Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 4,796 м.кв талбай бүхий эзэмшил газарт хашааны координат 1 дүгээр цэг /0-0, 2 дугаар цэг /00-00, 3 дугаар цэг /000-000/, 4 дүгээр цэг /0000-0000/ буюу 3,222.3 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөхийг хариуцагч М- ХХК, Д.Г-нарт даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Г-аас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч М- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД