Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01775

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01775

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Э  нь хариуцагч П ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Э  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Б.Э  нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр П ХХК-д хүнд даацын машины оператороор ажилд орж тус компанийн Орхон аймаг дахь Хүдэр тээврийн хэсэгт ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр П  ХХК-ийн хуулийн зөвлөх Л.Т  гэдэг хүн 18 цагийн үед дуудаад Таныг ажлаас халлаа, тушаалаа ав гэсэн. Би Яагаад халж байгаа юм бэ гэхэд Та байнга хэл ам хийдэг юм байна, тэгээд хал гэсэн гэж хэлээд надад хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2022 ооны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/22-25 дугаартай, захирал С.У  гарын үсэг бүхий тушаалыг гардуулж өгсөн.Тэгээд надад Ийм хоёр баримт ирсэн гэж үзүүлсэн. Уг баримтын нэг нь ээлжийн ахлагч Б.Б  гэдэг хүний илтгэх хуудас, нөгөө нь Д.А  гэдэг хүний гарын үсэггүй бичиг байсан. Д.А  гэдэг нэртэй бичиг дээр миний нэрийг дурьдаагүй байсан. Харин Б.Б  гэдэг хүний илтгэх хуудсанд намайг Тандагч үлээх бүрт хэл ам хийж байна, доромжилсон гэдэг агуулгатай зүйл бичсэн байсан. Өглөө болгон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг үлээлгэж шалгадаг. Үлээлгэхдээ зориулалтын бус хоолойгоор, арчиж цэвэрлэхгүй, дараагийн хүмүүсийг үлээлгэдэг байсан. Би Наадахаа ядаж арчаад үлээлгээч ээ гээд хууль ёсны шаардлага тавьсан. Гэтэл тэрийг намайг хэл ам хийсэн гэж үзээд ажлаас халсан. Миний бие байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй. Мөн надад компанийн удирдлагаас ямар нэг үүрэг даалгавар, заавар зааварчилгаа өгөөд түүнийг нь биелүүлээгүй явдал байхгүй. Миний бие хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэж байна. Иймд намайг хүнд даацын хүнд даацын машины операторын ажилд эргүүлэн тогтоож, П ХХК-ийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/22-25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинд 3.305.865 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т  шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2021 оны 12 дугаар сард ажлаа гүйцэтгэж байх явцдаа ухрах үйлдэл хийж байгаад хоол хүргэлтээр ирж байсан харилцагч байгууллагын машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас манай компанид 250.000 төгрөгийн харилцагч байгууллагад 7.500.000 төгрөгийн хохирол учруулан Практикал даатгал компаниар нөхөн төлүүлж хоёр талыг хохиролгүй болгосон. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэл, автозам замын байгууламж эвдэрч, гэмтсэн бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулсан нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болж байсан бөгөөд манай компанийн зүгээс ажилтнаа бодсон шийдвэр гаргаж захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/21/21 тоот тушаалаар сарын үндсэн цалингийн хэмжээг 1 сарын хугацаанд 20 хувь буруулах сахилгын шийтгэл оногдуулж байсан. Б.Эрдэнэбамбуурай нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрүүдэд хариуцсан ажилтандаа урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 удаа ажил тасалсан. Мөн П компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10.11.3-т Ажилтан 900 дээш минут тасалбал ажлаас халах хүртэл арга хэмжээ авах, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан, ажилд ирээгүй талаараа хуурамч баримт бүрдүүлсэн, удаа дараа ажлын цаг баримтлаагүй бол сахилгын шийтгэл оногдуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэж заасан. Б.Э дээрх асуудалд ямар арга хэмжээ авах талаар компанийн инженер техникийн ажилчдын хурал хийж байх үеэр хэлэлцэхэд манай ерөнхий гүйцэтгэгч компаниас и-мэйлээр ирүүлсэн албан шаардлагыг манай ажилтан танилцуулсан. Тус шаардлагад шалган нэвтрүүлэх пост дээр ажилчдын согтуурлын зэргийг шалгах зорилгоор тандагч багажаар үлээлгэх үед танай компанийн ажилчид удаа дараа согтуурлын зэргээ шалгуулахгүй зүй бусаар харьцаж байгаа гомдол санал харуул хамгаалалтын Б  ХХК-иас олон удаа ирсэн тул дотоод журмынхаа дагуу арга хэмжээ авна уу гэсэн байсан. Уг албан шаардлагад хавсарч ирсэн файлыг үзэхэд тус харуул хамгаалалтын албаны ээжлийн ахлах Б.Б  П  ХХК-д ажилтай Б.Э  дамп 4 оператор удаа дараа өглөө бүр тандагч үлээх бүрт хэл ам хийж байна. Өнөөдөр өглөө ээлжийн ахлахын шаардлага биелүүлэхгүй хэрэлдэж, би чамайг дээрээс хойш хараад байгаа шүү гэх мэт хэл амаар доромжилсон гэж гараар бичсэн материалыг хамтран ажиллагч байгууллагын ажилтны илтгэх хуудсыг хавсаргасан байсан. Манай компанийн инженер техникийн ажилчдын хурлаар Б.Э  уг үйлдлүүдэд өмнө нь гаргаж байсан зөрчил дутагдал, мөн сахилгын шийтгэлтэй байгаа зэргийг харгалзан үзэн ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах нь зүйтэй гэж олонхын саналаар үзсэн учраас захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/22/25 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан. Манай компани дээрх шийдвэрийг гаргахдаа ажилтны хувийн харилцаа хандлага, зан байдал урд гаргаж байсан зөрчил зэргийг харгалзан үзэж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн шийдвэр гаргасан тул П  ХХК-ийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/22/25 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн мараан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн П ХХК-ийн ажилд авах тухай 21/10 тоот захирлын тушаал, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/22-25 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Б.Э  болон П  ХХК нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, П  ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хуулбар/, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудас /хуулбар/, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн 228 тоот албан бичиг, нэхэмжлэгч Б.Э  өмгөөлөгчөөр Д.О-г оролцуулах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагч талаас П  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, П  ХХК-иас иргэн Л.Т-т олгосон итгэмжлэл, Л.Т-ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21/21 дугаартай тушаал, иргэн Б.Б-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудас /хуулбар/, П  ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хуулбар/, П ХХК-иас Б.Л-д олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /хх-74-76/, П  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ээлжит бус хурлын тогтоол /хх-77/, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн П ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл /хх-78-80/, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ /хх-81-85/, П  ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-86-97/, Хүнд даацын өөрөө буулгагч машин механизмын жолооч /оператор/-ын ажлын байрны тодорхойлолт /хх-98-101/, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдийн 21/10 тоот ажилд авах тухай тушаал /хх-102/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7 тоот хөдөлмөрийн гэрээ /хх-103-111/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-112-114/, SANY.SKT90S маркийн машин механизмын техникийн тодорхойлолт /хх-115-116/, 2022 оын 1 дүгээр сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-117-125/, П  ХХК-ийн Эрдэнэт хотын салбар хариуцсан менежер М.Б  тайлбар /хх-126/, 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хүдэр тээврийн мэдээ /хх-127-128/, 2021 оны 12 болон 2022 оны 1-3 дугаар сарын цалингийн хүснэгт /хх-129-130/, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн иргэн Б.Б  илтгэх хуудас /хх-131/, П  ХХК-ийн Эрдэнэт хотын салбар хариуцсан менежер М.Баяртогтохын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тайлбар /хх-132/, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрүүдийн хүдэр тээврийн мэдээний хуулбар /хх-133-134/, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/22/25 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /хх-135/, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-136-139/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Д-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-142/ зэргийг тус тус ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Биднийг ажилд гарах бүрт ундааны жижиглэж тайрсан соруул өгөөд тандагч руу үлдээлгэдэг бөгөөд түүнийгээ цэвэрлэхийг шаардсан шаардлага тавьсаны төлөө намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан шиг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн зүйлгүй, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, заавар зааварчилгааг биелүүлээгүй гэх үйлдэл гаргаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Өмнөх сахилгын шийтгэл хүлээсэн хугацаа дуусгавар болоогүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан. 2 удаа ажил тасалсан. Ажилчдын согтуурлын зэргийг шалгах зорилгоор тандагч багажаар үлээлгэх үед харуул, хамгаалалтын ажилчдыг хэл амаар доромжилсон нь тэдний илтгэх хуудсаар тогтоогдсон гэж тус тус маргасан.

3. Нэхэмжлэгч Н.Э  нь түүнийг ажлаас чөлөөлсөн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/22-25 дугаар тушаалыг гардан аваад Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандсан боловч тухайн хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар албан бичгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул дараагийн шатны зохих байгууллагад хандахыг зөвлөсөн байх тул Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн /цаашид Хөдөлмөрийн тухай хууль гэх/ 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

4. Нэхэмжлэгч Н.Э-г 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн П  ХХК-ийн Хүнд даацын машины операторын ажилд томилсон[1] байх ба мөн компанийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/22-25 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн[2] байна.

5. П  ХХК-ийн захирлын 2022 оны Б/22-25 дугаар тушаалд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/22/01 дугаар тушаалаар батлагдсан тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын[3] 10 дугаар зүйлийн 10.1.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай зохицуулалт, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлана гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос нэхэмжлэгч Н.Э-г хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн ажээ.

Хэргийн 117-125 дугаар талд авагдсан 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 9.2-т нийт 26 төрлийн зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байх бөгөөд тушаалд чухам аль ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн болохоо тодорхой дурдаагүй байна.

Түүнчлэн хэргийн 131 дүгээр талд авагдсан Ээлжийн ахлах Б.Б  илтгэх хуудаст Үлээлгийн гуурсыг авахгүй, та нар ямар ч гараар барьсан юм байгаа юм, би авахгүй, өвчин авна гэж доромжилсон гэж дурдсан баримтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа дурдсан байгаа боловч хариуцагч талаас ажилчдын согтуурлын зэргийг шалгах тухай холбогдох дүрэм, журмыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт хангасан хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангах үүрэгтэй гээд мөн зүйлийн 120.5-д Ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар ажил олгогчоос тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, хэний баталсан, ямар журмын дагуу ажилчдын согтуурлын зэргийг хэн шалгах, ямар багаж, тоног төхөөрөмж ашиглах, эрүүл ахуйн шаардлагыг хэрхэн хангах талаар тусгасан журмыг баталсан байх, уг журмын дагуу согтуурлын зэргээ шалгуулаагүй, эсэргүүцсэн аливаа этгээдэд хэн, хэрхэн хариуцлага тооцох талаар тусгасан баримтыг үндэслэх нь зүйтэй бөгөөд хэрэгт ийм баримт ирүүлээгүй.

Нөгөө талаар, дээрх журам, заавар байхгүй тохиолдолд нэхэмжлэгчийг ажилдаа гарахаас өмнө удирдлагаас тогтоосон дүрэм, журам, зааврыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон хоёр болон гурав дахь үндэслэлд Сахилгын шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байхад дахин зөрчил гаргасан, түүнчлэн 2 буюу түүнээс дээш удаа ажил тасалсан гэх үндэслэл хамаарсан гэж тайлбарласан боловч ажлаас чөлөөлөх тухай тушаалд энэхүү үндэслэлүүдийг заагаагүй, уг үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй байх тул энэхүү нөхцөл байдлыг нотлох зорилгоор гаргаж ирүүлсэн иргэн М.Б  илтгэх хуудас[4], хүдэр тээврийн мэдээ гэх баримтуудад[5], сахилгын шийтгэл ногдуулах тухай захирлын 2021 оны Б/21/21 дүгээр тушаал[6] зэрэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэгч Н.Э-г ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нотлогдож, тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийг П ХХК-ийн Хүнд даацын өөрөө буулгагч машины жолооч /оператор/-ийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн 2022 оны 1 дүгээр сард бодогдсон цалин 2.275.053 төгрөг, 2022 оны 2 дугаар сард бодогдсон цалин 1.985.600 төгрөг, 2022 оны 3 дугаар сард бодогдсон цалин 1.504.666 төгрөг байх ба нийт 5.765.319 төгрөг ба дунджаар нэг сард 1.921.773 төгрөгийн цалин хөлс олгогдохоор байна.

Тэгэхээр нэхэмжлэгч 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан ба 3 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ээлжээр ажиллах хугацааг тооцоход ажлын 2 хоног, харин 6 дугаар сарын 2-3-ны өдрийн хооронд ажлын 1 хоногоор тооцов.

Дээрх журмын 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг бодоход 5.765.319 төгрөгийг 3 сарын хугацаанд ажилласан, ажиллах байсан нийт 52 хоногт хуваахад нэг өдрийн цалин 110.871 төгрөг болох ба 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаанд ажлын 2 өдрийн цалин 221.742 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 1.921.773 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 1.921.773 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажлын нэг өдрийн цалин 110.871 төгрөг, нийт 4.176.160 төгрөг олгогдохоор байна.

Гэвч нэхэмжлэгч шүүх хуралдааны үеэр ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3.305.865 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийн хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

7. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Н.Э 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлнэ.

8. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Пэрсиммон ХХК-д даалгаж шийдвэрлэлээ.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Э  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч П  ХХК-иас ажилд эгүүлэн тогтоолгох тухай, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацаааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.305.865 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67.843 төгрөг, нийт 138.043 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Э  П  ХХК-ийн Хүнд даацын өөрөө буулгагч машины ээлжийн жолооч /оператор/-ийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч П  ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.305.865 /гурван сая гурван зуун таван мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-д олгосугай.

 

3.    Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Э  2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч П  ХХК-д даалгасугай.

 

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Э  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч П ХХК-иас 138.043 /нэг зуун гучин найман мянга дөчин гурав/ төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 102 дугаар тал,

[2] Хэргийн 135 дугаар тал,

[3] Хэргийн 86-97 дугаар тал,

[4] Хэргийн 126 дугаар тал,

[5] Хэргийн 127-128, 133-134 дүгээр тал,

[6] Хэргийн 46 дугаар тал,