Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01697

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01697

 

 

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01775 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Э- нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр П ХХК-д хүнд даацын машины оператороор ажилд орж тус компанийн Орхон аймаг дахь Хүдэр тээврийн хэсэгт ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр П ХХК-ийн хуулийн зөвлөх Л.Төгөлдөр гэдэг хүн 18 цагийн үед дуудаад Таныг ажлаас халлаа, тушаалаа ав гэсэн. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/22-25 дугаартай, захирал С.Уламбаярын гарын үсэг бүхий тушаалыг гардуулж өгөөд ийм хоёр баримт ирсэн гэж үзүүлсэн. Уг баримтын нэг нь ээлжийн ахлагч Б.Б- гэдэг хүний илтгэх хуудас, нөгөө нь Д.А-гэдэг хүний гарын үсэггүй бичиг байсан. Д.А-гэдэг нэртэй бичиг дээр нэрийг нь дурдаагүй байсан. Харин Б.Б- гэдэг хүний илтгэх хуудсанд нэхэмжлэгчийг Тандагч үлээх бүрт хэл ам хийж байна, доромжилсон гэдэг агуулгатай зүйл бичсэн байсан. Өглөө болгон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг үлээлгэж шалгадаг. Үлээлгэхдээ зориулалтын бус хоолойгоор, арчиж цэвэрлэхгүй, дараагийн хүмүүсийг үлээлгэдэг байсан. Наадахаа ядаж арчаад үлээлгээч ээ гээд хууль ёсны шаардлага тавьсан. Гэтэл тэрийг хэл ам хийсэн гэж үзээд ажлаас халсан. Нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй. Мөн компанийн удирдлагаас ямар нэг үүрэг даалгавар, заавар зааварчилгаа өгөөд түүнийг нь биелүүлээгүй явдал байхгүй. Хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэж байна. Иймд хүнд даацын хүнд даацын машины операторын ажилд эргүүлэн тогтоож, П ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/22-25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинд 3,305,865 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Б.Э- нь 2021 оны 12 дугаар сард ажлаа гүйцэтгэж байх явцдаа ухрах үйлдэл хийж байгаад хоол хүргэлтээр ирж байсан харилцагч байгууллагын машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас манай компанид 250,000 төгрөгийн, харилцагч байгууллагад 7,500,000 төгрөгийн хохирол учруулан Практикал даатгал компаниар нөхөн төлүүлж хоёр талыг хохиролгүй болгосон. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэл, автозам замын байгууламж эвдэрч, гэмтсэн бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулсан нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болж байсан бөгөөд манай компанийн зүгээс ажилтнаа бодсон шийдвэр гаргаж захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/21/21 тоот тушаалаар сарын үндсэн цалингийн хэмжээг 1 сарын хугацаанд 20 хувь буруулах сахилгын шийтгэл оногдуулж байсан. Б.Э- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд хариуцсан ажилтандаа урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 удаа ажил тасалсан. Мөн П ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.11.3-т ажилтан 900 дээш минут тасалбал ажлаас халах хүртэл арга хэмжээ авах, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан, ажилд ирээгүй талаараа хуурамч баримт бүрдүүлсэн, удаа дараа ажлын цаг баримтлаагүй бол сахилгын шийтгэл оногдуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэж заасан. Б.Э-н дээрх асуудалд ямар арга хэмжээ авах талаар компанийн инженер техникийн ажилчдын хурал хийж байх үеэр хэлэлцэхэд манай ерөнхий гүйцэтгэгч компаниас и-мэйлээр ирүүлсэн албан шаардлагыг манай ажилтан танилцуулсан. Тус шаардлагад шалган нэвтрүүлэх пост дээр ажилчдын согтуурлын зэргийг шалгах зорилгоор тандагч багажаар үлээлгэх үед танай компанийн ажилчид удаа дараа согтуурлын зэргээ шалгуулахгүй зүй бусаар харьцаж байгаа гомдол санал харуул хамгаалалтын Бондхой ХХК-аас олон удаа ирсэн тул дотоод журмынхаа дагуу арга хэмжээ авна уу гэсэн байсан. Уг албан шаардлагад хавсарч ирсэн файлыг үзэхэд тус харуул хамгаалалтын албаны ээлжийн ахлах Б.Б- П ХХК-д ажилтай Б.Э- дамп 4 оператор удаа дараа өглөө бүр тандагч үлээх бүрт хэл ам хийж байна. Өнөөдөр өглөө ээлжийн ахлахын шаардлага биелүүлэхгүй хэрэлдэж, хэл амаар доромжилсон гэж гараар бичсэн материалыг хамтран ажиллагч байгууллагын ажилтны илтгэх хуудсыг хавсаргасан байсан. Манай компанийн инженер техникийн ажилчдын хурлаар Б.Э-н уг үйлдлүүдэд өмнө нь гаргаж байсан зөрчил дутагдал, мөн сахилгын шийтгэлтэй байгаа зэргийг харгалзан үзэж ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах нь зүйтэй гэж олонхын саналаар үзсэн учраас захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/22/25 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан. Манай компани дээрх шийдвэрийг гаргахдаа ажилтны хувийн харилцаа хандлага, зан байдал, урьд гаргаж байсан зөрчил зэргийг харгалзан үзэж Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн шийдвэр гаргасан тул П ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/22/25 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-г П ХХК-ийн Хүнд даацын өөрөө буулгагч машины ээлжийн жолооч /оператор/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч П ХХК-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,305,865 /гурван сая гурван зуун таван мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч П ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Б.Э- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч П ХХК-аас 138,043 /нэг зуун гучин найман мянга дөчин гурав/ төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзал болон тушаалын үндэслэлийг нотлох үүднээс холбогдох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүх дээрх баримтуудад ямар ч дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Персиммон ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/22-25 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэл болгосон байдаг. Иймд анхан шатны шүүхээс ажлаас халах тушаалд үндэслэл заагаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан, зам тээврийн осол гаргасан нь манай компанийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Гэвч нэхэмжлэгч Б.Э- нь ноцтой зөрчил гаргаагүй гэж тайлбарладаг боловч дээрх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан, зам тээврийн осол гаргасан гэх хариуцагчийн тайлбар болон холбогдох баримтуудыг няцаасан, өөрийн тайлбараа нотолсон баримт хэрэг нэг ч өгөөгүй, авагдаагүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, зөвхөн нэг талын ямар ч баримтгүй тайлбарыг үндэслэлээ болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч П ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч өмнөх сахилгын зөрчил гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын зөрчил гаргаж, ажил тасалсан, согтуурлын зэрэг шалгадаг харуул хамгаалалтын ажилтнуудын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, тэднийг хэл амаар доромжлох зэрэг зөрчлүүдийг гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Э- нь П ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21/10 тоот тушаалаар хүнд даацын машины операторын ажилд орж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус тус хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад, тус компанийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/22/25 дугаар тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч тал цуцалжээ. /хх 102-111, 117-125, 135/

 

3. Хариуцагч талын хөдөлмөрийн гэрээг цуцалсан дээрх тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг баримталсан байна. Тушаалын үндэслэлд хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж заажээ.

 

3.а. Дээрх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын үндэслэлд заасан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил нь тогтоогдоогүй байна. Тодруулбал, тушаалын үндэслэлд дурдсан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэдэгт гэрээний аль хэсэгт заасан ямар ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болохыг хариуцагч баримтаар нотлоогүй.

 

3.б. Мөн ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба энэ талаар талууд хөдөлмөрийн гэрээндээ тодорхой заан харилцан тохиролцсон байх шаардлагатай.

 

3.в. Гэтэл нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан дээрх тушаалын үндэслэл тодорхойгүй бус байна. Хариуцагчийн татгалзалд зааж буй согтуурлын зэрэг шалгуулахаас цааргалж, хэрүүл маргаан үүсгэж, хамгаалалтын ажилтнуудыг хэл амаар доромжилдог гэх нөхцөл байдал нь хуульд заасан шаардлага хангасан баримтаар нотлогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас ирүүлсэн илтгэх хуудас, ажилтны тайлбар гэх зэрэг баримтууд нь ноцтой зөрчил гаргасныг нотлоход шууд хамааралгүй байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг зам тээврийн осол гаргаж сахилгын сануулах шийтгэл авсан гэж маргаж байх боловч, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж дурдаагүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дуга ар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ