Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01780

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01780

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ж.м нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МААЭШХ холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34.470.159 төгрөг гаргуулах, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Ж.М  нь хариуцагч М-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34.470.159 төгрөг гаргуулах, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.М  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Ж.М  би м-д 2001 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тооцооны нягтлан албан тушаалд ажилд орж, гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай тушаалаар Ерөнхий санхүүчийн албан тушаалд томилогдон ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай жирэмсний амралт эдлүүлэх туxай, ажилд авах тухай тушаалаар жирэмсний амралт авч, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 129 дугаартай хүүxэд асpаx чөлөө олгоx туxай тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх xугацаанд хүүхэд асpаx чөлөө авсан. Xөдөлмөрийн туxай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2- т заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан бөгөөд гүйцэтгэх захирлын зүгээс түр хүлээж байхыг хүссэн. Улмаар гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 91 дугаартай тушаалаар 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эргэн томилогдсон. Гэтэл гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон Б.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр надтай хамтарч ажиллах боломжгүй тул ажлаас халсан талаар хэлсэн. Улмаар түүнийг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлж, халсан тушаалыг авахыг хүсэхэд гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дугаартай тушаал хүчингүй болгох тухай тушаалыг өгсөн. Уг тушаалаар тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Н 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хэд хэдэн тушаалийг хүчингүй болгосон ба нэг нь намайг ажилд эргүүлэн томилсон 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 91 дугаартай тушаал байна. Хөдөлмөрийн тухай хууль (1999.05.14)-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т Ажилтан хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй боловч, өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд буцаан авах үүрэгтэй гэж заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэн орсон байхад ажилд орсон тушаалыг хүчингүй болгосон гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр ажлаас гэж үзэж 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг тус шүүхээс 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Ж.М  намайг М-ийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4.199.892 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 840 дугаартай тогтоолоор тус тус хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагчийн зүгээс уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу биелээгүй тул 2021 оын 3 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 4065 дугаартай захирамж, мөн өдрийн 183/ГХ2021/00339 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. Уг захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21290470 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж албадан гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн болно. Шүүхийн шийдвэр албалан гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 4-186/9930 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 4-180/14790 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 4-180/16453 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 4-180/23171 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 4-180/2867 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлүүдийг тус тус Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болон түүний гүйцэтгэх захирал Т.Батсүхэд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулсаар байна. Энэ хугацаанд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон тооцсон цалин 4.199.892 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, ажиллагааны зардлыг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2.310.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын14-ний өдөр 1.960.000 төгрөгийг тус тус төлсөн боловч Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлж, нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг биелүүлэлгүй, миний эрх ашгийг ноцтой хохироож байна. Хэдийгээр дээр дурдсанчлан төлбөр төлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс тасалбар болгосон ажилгүй байсан хугацааны цалинг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлсөн боловч Ажилд эргүүлэн тогтоох шийдвэрийг биелүүлэхгүй байгаагийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон тооцоход 34.470.159 төгрөг болж байгаа бөгөөд цаашид энэ байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсээр байвал энэ мөнгөн дүн нэмэгдсээр байхаас гадна энэ хугацаан дахь нийгмийн даатгал болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлөх мөнгөн дүн ч нэмэгдсээр байна. Иймд хариуцагч Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 34.470.159 төгрөг гаргуулж, мөн энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 400.600 төгрөг төлсөн баримт, Ж.М  иргэн Э.Б-д олгосон итгэмжлэл, Ж.Мөнхтуяагийн ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоо, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00840 дугаар тогтоол зэргийг хавсарган ирүүлсэн байна.

4. Хариуцагч М-с хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн Ш.Д-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.М би шүүхийн шийдвэрийн дагуу М-ийн Ерөнхий нягтлан бодогчоор эгүүлэн тогтоогдсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 34.470.159 төгрөг гаргуулж, мөн энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

3. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00840 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ж.М-г М-ийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4.199.892 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан.

Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойших хугацаа болох 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй.

Энэхүү хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хууль болон 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шинэчилсэн найруулгыг тус тус хэрэглэх бөгөөд шинэчилсэн найруулга нь өмнө үйлчилж байсан хуулийг дордуулаагүй, тодруулбал, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг хянан шийдвэрлэх хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдсан учир шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох зохицуулалтыг баримталсан болно.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д-д 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан боловч хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

 

5. Нэхэмжлэгчээс 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 34.470.159 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

5.1. Нэхэмжлэгчийн өөрийн гаргаж ирүүлсэн цалингийн тооцоололд олговол зохих цалингийн хэмжээг 2020 оны 1 дүгээр сард 1.109.548 төгрөг, 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 1.165.025 төгрөг, Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын дагуу 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 1.202.883 төгрөг, нийт 31.816.647 төгрөг гэснийг хангаж,

5.2. Харин Ээлжийн амралтын олговор гээд 2020 оны 1.313.187 төгрөг, 2021 оны 1.340.325 төгрөг, нийт 2.653.512 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгч ажиллаагүй, мөн бүтэн жилийн хугацааны цалинг түүнд тооцон олгосон учир ээлжийн амралтын олговор гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Ж.М-ийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлнэ.

7. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч М-д даалгаж шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 400.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-с даалгах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, олговор 31.816.647 төгрөгт ногдох 317.033 төгрөг, нийт 387.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч М  урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 31.816.647 /гучин нэгэн сая найман зуун арван зургаан мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.653.512 /хоёр сая зургаан зуун тавин гурван мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.М  2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М-д даалгасугай.

 

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 400.600 /дөрвөн зуун мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-с 387.233 /гурван зуун наян долоон мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.М-д оруулсугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА