Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01532

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01532

 

 

Ж.М-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01780 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МААЭХ-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34,470,159 төгрөг гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ж.М- би МААЭХ-д 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тооцооны нягтлан албан тушаалд ажилд орж, гүйцэтгэх захирлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай тушаалаар Ерөнхий санхүүчийн албан тушаалд томилогдон ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай жирэмсний амралт эдлүүлэх туxай, ажилд авах тухай тушаалаар жирэмсний амралт авч, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 129 дугаартай хүүxэд асpаx чөлөө олгоx туxай тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх xугацаанд хүүхэд асpаx чөлөө авсан. Би 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан бөгөөд гүйцэтгэх захирлын зүгээс түр хүлээж байхыг хүссэн.

Улмаар гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 91 дугаартай тушаалаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эргэн томилогдсон. Гэтэл гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон Б.Б- нь гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дугаартай тушаал хүчингүй болгох тухай тушаалыг өгсөн. Уг тушаалаар тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Найданхүүгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хэд хэдэн тушаалийг хүчингүй болгосон.

Иймд би 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс МААЭХ-гийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,199,892 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 840 дугаартай тогтоолоор тус тус хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2021 оын 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 4065 дугаартай захирамж, мөн өдрийн 183/ГХ2021/00339 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. Хариуцагчид шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлүүдийг МААЭХ- болон түүний гүйцэтгэх захирал Т.Б-эд удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулсаар байна.

Иймд хариуцагч МААЭХ-гээс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 34,470,159 төгрөг гаргуулж, мөн энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МААЭХ-гээс урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 31,816,647 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,653,512 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.М-гийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МААЭХ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 400,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МААЭХ-гээс 387,233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.М-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа ноцтой зөрчсөн.

4.б. Төлөөлөх эрх бүхий этгээд болох нь тодорхойгүй хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, мөн 35.2 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж тус тус заасан. Гэтэл МААЭХ-гийн хүний нөөцийн ажилтан Ш.Д- нь тус хүрээлэнг хуульд зааснаар төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд ийм эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаар ямар нэг баримтгүй байхад нэхэмжлэлийг гардуулж, хариуцагчийн төлөөлөгч гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Хэрэгт дугаарлагдаагүй авагдсан МААЭХ-гээс олгосон гэх 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 111 дугаартай итгэмжлэл байх ба уг итгэмжлэлийг МААЭХ-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгоогүй, тус хүрээлэнгийн захирал Т.Б-ийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох агуулга бүхий итгэмжлэл байна. Тухайн итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй, хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхийг олгоогүй байхад уг итгэмжлэлийг үндэслэн Ш.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь хуульд нийцээгүй. Дээрх итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангаагүй, хариуцагчаас олгогдоогүй болохыг шүүгч мэдэж байсан нь шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хүсэлт хянан шийдвэрлэх, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх тухай захирамжид дурдагдсан байна. Өөрөөр хэлбэл шүүх итгэмжлэлийг хууль ёсны шаардлагыг хангаагүй гэдгийг мэдэж байсан нь тодорхой байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш этгээд болох Ш.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох хариуцагчийн эрхийн ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хууль зөрчсөн.

Түүнчлэн шүүх хэргийн оролцогч биш этгээд болох Ш.Д-д 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гардуулах, оролцогчийн эрх, үүргийг танилцуулах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж гарын үсэг зуруулах, хэрэг танилцуулах ажиллагаануудыг явуулж, хариуцагч байгууллагад нэхэмжлэл гардуулах, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах ажиллагааг явуулаагүй гэж үзэхээр байна.

4.в. Мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар МААЭХ- нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 121 дугаартай албан тоотоор Ж.М-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгчтэй оролцож хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах хүсэлт гаргасан байхад талуудыг мэтгэлцэх зарчмаар хангаагүй, хүсэлтийг үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүйгээс хариуцагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн байна.

4.г. Шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэх үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, мөн хуулийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгч талын нотлох баримтыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчиж, талуудын зарчмыг хэрэгжүүлээгүй, хариуцагчийн эрхийг удаа дараа ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч байгууллага 3 шатны шүүхийн шийдвэр биелүүлэхгүй 2 жил гаруй болж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зөрчлийн хэрэг үүсгэсэн. Шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч байгууллагын хүний нөөцийн ажилтан нэхэмжлэлийг нэлээн удаж байж гардаж авсан боловч анхан шатны шүүхэд тайлбар болон татгалзал, нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Шүүх хуралдааны товыг талуудад утсаар мэдэгдсэн. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч байгууллагын захирал шүүхэд албан бичиг ирүүлснийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр талуудад танилцуулсан. Хариуцагч байгууллагаас тухайн хүний нөөцийн ажилтандаа олгосон итгэмжлэл нь зөвхөн нэхэмжлэл гардаж авах журмаар олгосон итгэмжлэл байгааг шүүхээс удаа дараа мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох талаар удаа дараа сануулж хэлж байсан. Хариуцагч байгууллагаас шүүх хуралдаанд ирээгүй атлаа өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Мөн өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг эзгүйд шийдвэрлэх хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэнтэй санал нэг байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй, зарим хэсгийг хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хурлын товыг мэдээгүй гэж хариуцагч тал тайлбарладаг боловч товыг мэдээд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан. Хариуцагч талын тайлбар үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулах зорилготой гэж харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Ж.М-гаас хариуцагч МААЭХ-д холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд 34,470,159 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч талаас шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

 

2. Анхан шатны шүүхээс хариуцагч МААЭХ-гийн хүний нөөцийн ажилтан Ш.Д-д гэх хүнд нэхэмжлэлийн хувийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан байна. Хариуцагч талаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 111 тоот албан бичгээр Ш.Д-д олгосон итгэмжлэлд зөвхөн нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардаж авах эрх олгож, тухайн хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрхгүй итгэмжлэлийг олгосон байна. Энэ тохиолдолд уг этгээд зохигчийн эрх үүрэг, хэргийн материалыг танилцуулсан байгааг хариуцагчид танилцуулсан гэж үзэх боломжгүй байна.

/хх 25, 26, 29, 30/

 

2.а. Тухайн шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргаж, шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 13:30 цагаас товлож, хариуцагч МААЭХ-гийн хүний нөөцийн ажилтан Ш.Д-д шүүх хуралдааны товыг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр утсаар мэдэгдсэн тухай баримт үйлджээ. /хх33/

 

2.б. Хариуцагч талаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 121 дугаартай албан бичгээр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх35/

 

2.в. Анхан шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтийг хэлэлцээд итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, итгэмжлэл авчрах талаар мэдэгдсэн, өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж дүгнээд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

3. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа хуульд заасан шаардлага хангасан, хариуцагч хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх итгэмжлэлтэй этгээдэд эрх үүрэг, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжийг олгосон гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01780 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,233 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ