Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2022/00550

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, У овогт С-ийн Н /рд:000000000, утас: 000000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг дарга /дарга Д, утас:0000000/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Өмгөөллийн хөлс 10382150 /арван сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н нь хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан өмгөөллийн хөлс 10382150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1) Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суудаг өмгөөлөгч У овогт С-ийн Н би 2015 оноос эхлээд Б аймагт өмгөөлөгчөөр тогтвор суурьшилтай ажиллаж байна.

2) 2019 оны 8 дугаар сарын сүүлд Б аймгийн Б сумын Засаг даргаас надад Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, шүүхэд өмгөөлөгчөөр нь төлөөлөн ажиллуулах санал тавьсан юм. Өмгөөлөгчөөр ажиллуулах саналыг хүлээн авч, бичгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж  ажилласан. Гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээс, шүүх ханган шийдвэрлэсэн үнийн дүнгийн 10 хувь байхаар тохиролцсон болно.

3) Сумын Засаг даргаас өмгөөлөгч авах болсон шалтгааныг “сум хөгжүүлэх сангаас зээл авсан зарим иргэн, аж ахуйн нэгжүүд нь ямар нэгэн барьцаа хөрөнгө байршуулаагүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд хэрэгсэхгүй болж байна, иргэд аж ахуйн нэгжүүд зээлдсэн мөнгөө буцаан авч чадахгүй байна” хэмээн тайлбарласан.

4) Миний бие гэрээ байгуулсны дараа иргэн М-аас 4 сая, Б-аас 14 сая, О, Ж нараас 14 сая, С-ээс 8 сая, Б, Ж нараас 17.821.500 төгрөг, К, Х нараас 12,5 сая, Б ХХК-аас 6.5 сая, Х орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 20 сая,  К ХХК-аас 15 сая төгрөг тус тус гаргуулан нийтдээ 103,821,500 төгрөг гаргуулан шийдвэрлүүлсэн юм. Тухайн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. Гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилсэн боловч Б сумын Засаг даргаас төлбөр төлөх боломжгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

2.Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга Д болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С нар хариу тайлбартаа: 1) Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, хяналтын талаар Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын дагуу зохицуулалт хийгдсэн бөгөөд тус тогтоолоос авч үзэхэд Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 1 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар сангаас олгох зээлийн хүүгийн тухайн жилийн орлогын 30 хувийг зээлдэгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад, 20 хувийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнгийн хяналт тавих үйл ажиллагаанд зориулан зарцуулна гэж зохицуулалт хийгдсэн бөгөөд бусад байдлаар хийх эрх хэмжээг тухайн журмаар зохицуулаагүй байна.

2) Сумын Засаг даргын эрх хэмжээнд бусад хэлбэрээр төсөв захиран зарцуулах эрх байхгүй болохыг тайлбарлаж байна. Тухайн үеийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнээсээ давсан гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээ нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.

3) Нэхэмжлэгч 9 маргаанд ажиллаж 103 сая төгрөг гаргуулсан тухай ярьж байна. Уг 9 маргааны зарим нь анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө эвлэрсэн асуудал байгаа. Көксеген, Хуанган нар нийтдээ 19 сая төгрөгийг анхан шатны шүүхэд эвлэрснээр шийдвэрлэсэн байна. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус гэрээний хөлсийг сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд зарцуулах хэсгээс хуваарилж өгөх тухай зохицуулсан байна. Тус сангийн үйл ажиллагааны зардлыг жил бүр Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтөө хуваарилж өгдөг байсан. Харин энэ жил дээд шатны байгууллагаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төсөв, хөрөнгө тусгагдаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн төгрөгийг гаргаж өгч чадахгүй байгаа. Эдгээр үндэслэлүүд болон санхүүгийн эх үүсвэр байхгүй нөхцөл байдлыг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний Монгол Улсын иргэний үнэмлэх болон өмгөөлөгчийн үнэмлэхийн хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/80 дугаартай албан бичиг, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00733 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00755 дугаар,  2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 130/ШШ2019/00709 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 130/ШШ2019/00708 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2020/00007 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 130/ШШ2019/00763 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 130/ШШ2020/00287 дугаар  шийдвэр, тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00734 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00696 дугаар шүүгчийн захирамж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00034 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/01436 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/01330 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/01337 дугаар, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2021/01221 дугаар, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00158 дугаар  тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н-ын хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргаас өмгөөллийн хөлс 10382150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 9135000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1247150 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Өмгөөлөгч Н надад 2019 оны 8 дугаар сарын сүүлд Б аймгийн Б сумын Засаг даргаас Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээлийг нөхөн төлүүлэх талаар нэхэмжлэл гаргах, шүүхэд өмгөөлөгчөөр нь төлөөлөн ажиллуулах санал тавьсны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж ажилласан. Гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээс, шүүх ханган шийдвэрлэсэн үнийн дүнгийн 10 хувь байхаар тохиолцсон болно. Миний бие гэрээ байгуулсны дараа нийт шүүхээс 103821500 төгрөгийг нэр бүхий этгээдүүдээс гаргуулан Б сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч Б сумын Засаг даргаас төлбөр төлөх боломжгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, хяналтын талаар Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын дагуу зохицуулалт хийгдсэн бөгөөд тус тогтоолоос авч үзэхэд “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 1 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтаар Сангаас олгох зээлийн хүүгийн тухайн жилийн орлогын 30 хувийг зээлдэгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад, 20 хувийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнгийн хяналт тавих үйл ажиллагаанд зориулан зарцуулна гэж зохицуулалт хийгдсэн, өөр бусад байдлаар зарцуулалт хийх эрх хэмжээг тухайн журмаар зохицуулаагүй байна. Сумын Засаг даргын эрх хэмжээнд бусад хэлбэрээр төсөв захиран  зарцуулах эрх байхгүй болно. Тухайн үеийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнээс давсан гэрээ байгуулсан байх бөгөөд тухайн гэрээ нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаас хэлэлцэгдсэн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгч Н болон Б аймгийн Б сумын Засаг дарга Х.Бахытхумар нар нь харилцан тохиролцож, өмгөөлөгч Н нь үйлчлүүлэгч болох Б аймгийн Б сумын Засаг даргад хууль тогтоомжид нийцсэн өмгөөлөл болон хууль зүйн туслалцааг үзүүлэх, үйлчлүүлэгч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг хангагдсан үнийн дүнгийн 10 хувь байхаар харилцан тохиролцож үүрэг хүлээсэн болох нь тогтоогдсон, мөн   Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00733 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00755 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00708  дугаартай, 130/ШШ2019/00709 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2020/00007 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00763 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 130/ШШ2020/00287 дугаартай шийдвэрүүдээр болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/01436 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/01330 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/01337 дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2021/01221 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00158 дугаартай тогтоолуудаар өмгөөлөгч Н  Б аймгийн Б сумын Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх ба дээрх шүүхийн шийдвэрүүдээр Б сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл болох хариуцагч Б-аас 16350000 төгрөг, М-аас 4000000 төгрөг, О-аас 10000000 төгрөг, Ж-аас 4000000 төгрөг, Б-аас 14000000 төгрөг, Х Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 20000000 төгрөг, С-ээс 8000000 төгрөг, К ХХК-аас 15000000 төгрөг тус тус гаргуулан Б аймгийн Б сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн, дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь тогтоогджээ.

5. Талууд  Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний талаар болон шүүхийн шийдвэрээр гаргуулсан зээлийн талаар маргаагүй, хариуцагч талаас өмгөөллийн хөлс төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй гэж маргажээ.

6. Нэхэмжлэгч Н болон Б аймгийн Б сумын Засаг дарга Б нар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж Б сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Б сумын Сум хөгжүүлэх сангийн зээл, авлагатай хэрэгт хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр, Б сумын Засаг дарга нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлсийг хангагдсан үнийн дүнгийн 10 хувь байхаар харилцан тохиролцжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнгийн 10 хувь байхаар тохиролцож үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч Н нь Б сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Б, М, О, Ж, Б, Х Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, Х, К ХХК нарт холбогдох иргэний хэргүүдэд нэхэмжлэгч Б сумын Засаг даргын өмгөөлөгч буюу төлөөлөгчөөр оролцож нийт 91350000 төгрөгийн нэхэмжлэл хангагдсан байх тул уг 91350000 төгрөгийн 10 хувь 9135000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Харин Б сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох 10000000 төгрөг гаргуулах тухай хэргийг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00696 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрснийг баталж шийдвэрлэсэн, мөн Б сумын Засаг даргын нэхэмжлэлтэй К-д холбогдох 12500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба тухайн хэргүүдэд нэхэмжлэгч Н нь хууль зүйн туслалцаа үзүүлж оролцсон нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчаас тухайн үеийн Б сумын Засгаг дарга нь хууль зүйн үндэслэлгүй гэрээ байгуулсан гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч Н, Б сумын Засаг дарга Б нар нь хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангаж, агуулгыг өөрсдөө тодорхойлон бичгээр гэрээ үйлдэж, түүнд хэн аль нь тамга дарж,  гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээг байгуулсанд тооцно. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ажлын хөлсийг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнгийн 10 хувь байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Н нь өмгөөллийн туслалцаа үзүүлж, хуульчийн хувьд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож үйлчилгээ үзүүлсэн байх ба шүүхийн шийдвэрээр Б сумын Засаг даргын нэхэмжлэлийг хангаж хариуцагч Б-аас 16350000 төгрөг, М-аас 4000000 төгрөг, О-аас 10000000 төгрөг, Ж-аас 4000000 төгрөг, Б-аас 14000000 төгрөг, Х Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 20000000 төгрөг, С-аа 8000000 төгрөг, К ХХК-аас 15000000 төгрөг, нийт 91350000 төгрөг гаргуулан Б сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэл хангагдсан үнийн дүнгийн 10 хувь болох 9135000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Харин К, Б ХХК нараас гаргуулж Б сумын Сум хөгжүүлэх санд олгосон нийт 19000000 төгрөгийн оногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183465 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргаас нэхэмжлэл хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 161110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Б аймгийн Б сумын Засаг даргаас 9135000 /есөн сая нэг зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулан Н-т олгож, илүү нэхэмжилсэн 1247150 /нэг сая хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183465 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргаас 161110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х