Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2022/00081

 

С.Н-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00550 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух У овогт С.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга /Д.Е/-д холбогдох,

“Өмгөөллийн хөлс 10382150 /арван сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгч С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг өмгөөлөгч У овогт С.Н  би 2015 оноос эхлээд Баян-Өлгий аймагт өмгөөлөгчөөр тогтвор суурьшилтай ажиллаж байна.

1.2. 2019 оны 8 дугаар сарын сүүлд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас надад Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, шүүхэд өмгөөлөгчөөр нь төлөөлөн ажиллуулах санал тавьсан. Өмгөөлөгчөөр ажиллуулах саналыг хүлээн авч, бичгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж ажилласан. Гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээс, шүүх ханган шийдвэрлэсэн үнийн дүнгийн 10 хувь байхаар тохиролцсон.

1.3. Сумын Засаг даргаас өмгөөлөгч авах болсон шалтгааныг сум хөгжүүлэх сангаас зээл авсан зарим иргэн, аж ахуйн нэгжүүд нь ямар нэгэн барьцаа хөрөнгө байршуулаагүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд хэрэгсэхгүй болж байна, иргэд аж ахуйн нэгжүүд зээлдсэн мөнгөө буцаан авч чадахгүй байна хэмээн тайлбарласан.

1.4. Миний бие гэрээ байгуулсны дараа иргэн Ш.М-с 4 сая, 3.Б-с 14 сая, С.О, О.Ж нараас 14 сая, Х.С-с 8 сая, Х.Б, Б.Ж нараас 17.821.500 төгрөг, К, Х.Х нараас 12,5 сая, “Б” ХХК-аас 6.5 сая, Х-Ө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 20 сая, “К” ХХК-аас 15 сая төгрөг тус тус гаргуулан нийтдээ 103,821,500 төгрөг гаргуулан шийдвэрлүүлсэн. Тухайн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. Гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилсэн боловч Өлгий сумын Засаг даргаас төлбөр төлөх боломжгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, хяналтын талаар Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын дагуу зохицуулалт хийгдсэн бөгөөд тус тогтоолоос авч үзэхэд Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 1 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар сангаас олгох зээлийн хүүгийн тухайн жилийн орлогын 30 хувийг зээлдэгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад, 20 хувийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнгийн хяналт тавих үйл ажиллагаанд зориулан зарцуулна гэж зохицуулалт хийгдсэн бөгөөд бусад байдлаар хийх эрх хэмжээг тухайн журмаар зохицуулаагүй байна.

2.2. Сумын Засаг даргын эрх хэмжээнд бусад хэлбэрээр төсөв захиран зарцуулах эрх байхгүй болохыг тайлбарлаж байна. Тухайн үеийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнээсээ давсан гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээ нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.

2.3. Нэхэмжлэгч 9 маргаанд ажиллаж 103 сая төгрөг гаргуулсан тухай ярьж байна. Уг 9 маргааны зарим нь анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө эвлэрсэн асуудал байгаа. К, Х нар нийтдээ 19 сая төгрөгийг анхан шатны шүүхэд эвлэрснээр шийдвэрлэсэн байна. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус гэрээний хөлсийг сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд зарцуулах хэсгээс хуваарилж өгөх тухай зохицуулсан байна. Тус сангийн үйл ажиллагааны зардлыг жил бүр Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтөө хуваарилж өгдөг байсан. Харин энэ жил дээд шатны байгууллагаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төсөв, хөрөнгө тусгагдаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг гаргаж өгч чадахгүй байгаа. Эдгээр үндэслэлүүд болон санхүүгийн эх үүсвэр байхгүй нөхцөл байдлыг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00550 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын Засаг даргаас 9135000 /есөн сая нэг зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулан С.Н-т олгож, илүү нэхэмжилсэн 1247150 /нэг сая хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183465 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас 161110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н-т олгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Нэхэмжлэгч Өлгий сумын Засаг даргатай байгуулсан гэрээнээс авч үзэхэд гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “Өмгөөлөгчид төлөх хөлсийг сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой мөнгөн хөрөнгөөс гаргах болно” хэмээн харилцан тохиролцсон байх бөгөөд шийдвэрээс авч үзэхэд Засаг даргаас гаргуулахаар тогтоогдсон байна. Мөн Сум хөгжүүлэх сангийн төсвийг жил бүр Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталдаг бөгөөд 2019 оноос хойш тус төсөвт өмгөөлөлд өгөх хөлсний талаар тусгагдаагүй бөгөөд өмгөөлөлд төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  

5.1.  Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, шүүхэд өмгөөлөгчөөр нь төлөөлөн ажиллуулах санал тавьсны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж ажилласан.

5.2. Тухайн үед Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Б нь Сум хөгжүүлэх сангаас зээл авсан зарим иргэн, аж ахуйн нэгжүүд нь ямар нэгэн барьцаа хөрөнгө байршуулаагүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд хэрэгсэхгүй болж байна, иргэд аж ахуйн нэгжүүд зээлдсэн мөнгөө буцаан авч чадахгүй байгаа тул хууль зүйн туслалцаа авах шаардлагатай болсон, хэрэв нэхэмжилж байгаа үнийн дүнг шүүх ханган шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэлийн хангагдсан хэсгийн 10 хувийг өмгөөллийн хөлсөнд олгоно гэж надтай тохиролцсон байсан.

5.3. Би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж, үйлчлүүлэгчдээ мэргэжлийн хууль зүйн туслалцааны үйлчилгээ үзүүлж, шүүхийн шийдвэрээр Өлгий сумын Засаг даргад их хэмжээний мөнгө гаргуулан өгсөн. Шүүхээр шийдвэрлэгдсэн энэхүү хэргүүд хяналтын шатны шүүх хүртэл яваад эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл төлбөр авахгүй хүлээж байхад сонгууль явагдаад Өлгий сумын Засаг дарга солигдсон. Хэргүүд эцэслэн шийдэгдсэний дараа одоо ажиллаж байгаа Өлгий сумын Засаг даргаас төлбөрөө нэхэмжлэхэд энэ асуудлыг би мэдэхгүй, өмнөх Засаг даргын байгуулсан гэрээний үүргийг би хариуцахгүй, танд ямар нэгэн төлбөр төлөх боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн учраас шүүхэд хандсан.

5.4. Анхан шатны шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн хэргүүдийн мөнгөн дүнг хасаж тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийг миний бие үндэслэл бүхий гарсан гэж үзээд ямар нэгэн гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.  

 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн аргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан өмгөөллийн хөлс 10.382.150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2019 оны 8 дугаар сарын сүүлд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас надад Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, шүүхэд өмгөөлөгчөөр нь төлөөлөн ажиллуулах санал тавьсан. Өмгөөлөгчөөр ажиллуулах саналыг хүлээн авч, бичгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж ажилласан. Гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээс, шүүх ханган шийдвэрлэсэн үнийн дүнгийн 10 хувь байхаар тохиролцсон” гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...өмнөх Засаг даргатай гэрээ байгуулсан, хууль зүйн туслалцаа үзүүлэх мөнгө төсөвт тусгагдаагүй, төсвөөс санхүүждэг байгууллага учраас төлөхийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлажээ. /хэргийн 1, 15 дахь тал/

 

9. Талууд хоорондоо 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Сум хөгжүүлэх сангийн зээл, авлага”-тай холбоотой иргэний хэрэгт хууль зүйн зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлэх, ажиллуулагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг хангагдсан үнийн дүнгийн 10 /арав/ хувь байхаар харилцан тохиролцож,  гэрээний 3.1 дэх заалтад тусгажээ. /хэргийн 6 дахь тал/

 

10. Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, энэ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

11. Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба нэгэнт байгуулагдсан гэрээ хуульд нийцсэн бол түүгээр хүлээсэн үүргийг талууд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

 

12. Хэргийн 20-76, 82-85 дахь талд авагдсан баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00733 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00755 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00708 дугаартай, 130/ШШ2019/00709 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2020/00007 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00763 дугаартай, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00287 дугаартай шийдвэрүүд болон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/01436 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/01330 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/01337 дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2021/01221 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00158 дугаартай тогтоолуудаар өмгөөлөгч С.Нургайып нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, гэрээнд зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлсэн байх ба дээрх шүүхийн шийдвэрүүдээр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл болох хариуцагч Х.Б-с 16.350.000 төгрөг, Ш.М 4.000.000 төгрөг, С.О-с 10.000.000 төгрөг, О.Ж-с 4.000.000 төгрөг, З.Б-с 14.000.000 төгрөг, “Х-Ө” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 20.000.000 төгрөг, Х.С-с 8.000.000 төгрөг, “К ” ХХК-аас 15.000.000 төгрөг нийт 91.350.000 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн, дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

 

13. Нэхэмжлэгч С.Н нь дээрх байдлаар гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэн шүүх хуралдаанд биечлэн оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласан байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 91.350.000 төгрөгийн 10 хувь болох 9.135.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн болон бодит үндэслэлд нийцсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн “...өмнөх Засаг даргатай гэрээ байгуулсан, хууль зүйн туслалцаа үзүүлэх мөнгө төсөвт тусгагдаагүй, төсвөөс санхүүждэг байгууллага учраас төлөхийг зөвшөөрөхгүй” гэх хариу тайлбар болон дамж заалдах гомдол нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Хариуцагч тал нэхэмжлэлийн үнэ болон шүүхийн тооцооллын талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

14. Хариуцагчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК