Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2022/00529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б. Хаяг: Баян-Өлгий аймаг, Ө сум 0 дугаар баг, 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух

 

Хариуцагч: С. Хаяг: Баян-Өлгий аймаг, Ө сум 0 дугаар багт оршин суух

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлсөнд илүү төлсөн 2,200,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б ,

Хариуцагч С ,

Хариуцагчийн өмгөөлөгч Б ,

Шинжээч Ч.Ж /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б  нь хариуцагч С д холбогдуулан ажлын хөлсөнд илүү төлсөн 2,200,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна.

 Үүнд:

1.1 Хариуцагч С  нь миний барьж байсан хоёр давхар байшингийн дотор засал чимэглэлийг 10 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Би ажлын хөлсөнд урьдчилгаа болгож 3,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкны 0 тоот данснаас С ы 0 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл дээврийн талыг хийгээд орхисон. Цонх суулгахад зөвхөн хөөсөө чихээд явсан. Амлагаа хийгээгүй. С  2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгаас ирсний дараа шалны стачик хийж, 9 дүгээр сарын 08-нд хөлс болох 800,000 төгрөгийг шилжүүлж өгснөөр засал чимэглэлийн ажлыг эхэлсэн. Үүнийг нэг сарын дотор хийж өгөхөөр тохирсон ба гэрээ хийх хэрэггүй, сарын дотор дуусгаж өгнө, та тохирсон ёсоор хөлсийг өгөөрэй гэсэн. Шалны суутгалын ажлын хөлсийг тусдаа тохирсон. Уг шалны суутгалын ажлын хөлс болох 800,000 төгрөг нь 10 сая дотор орохгүй.

1.2 Ажлыг эхэлсэн боловч дундуур нь хот явж машин авч ирнэ, Ховд аймагт очиж онош тодруулах ажилтай гэснээр уг ажил сунжирч, хугацаа оройтсон тул би одоо хийсэн ажлыг хүлээн авч хоорондоо тохиролцъё гэсэн санал тавьсан. С  та хийсэн ажилд үнэлгээ хийлгэ гэснээр мэргэшсэн төсөвчин Ж ээр хийсэн ажлын төсвийг хийлгэж, С д танилцуулсан. С  нь танд одоогоор 500,000 төгрөг шилжүүлье, үлдсэнийг нь дараа өгье гэсэн боловч мөнгө шилжүүлээгүй.

1.3 Хариуцагч евро засал хийгээгүй, зөвхөн ирмэг дээр евро засал хийсэн. Бүтэн евро засал хийгээгүй. Түүний хийсэн ажлыг аймгийн тэргүүлэгч төсөвчин болон мэргэшсэн төсөвчин 797908 төгрөгөөр тооцож гаргасан тул ажлын хөлсөнд илүү төлсөн 2200000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч С аас ажлын хөлсөнд илүү төлсөн 2,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч С ы хариу тайлбар, татгалзал: 

2.1 Нэхэмжлэгчийн надад холбогдуулан шүүхэд 2,200,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Миний бие нэхэмжлэгчтэй нэхэмжлэгчийн бариулж буй 2 давхар байшингийн дотор засал чимэглэлийг 10 сая төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба шал цутгалт нь бэлэн гэсэн учир гүйцэтгэлийг 2 сарын дотор дуусгахаар харилцан тохиролцсон.

2.3 Гэвч 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа эхлэхээр нэхэмжлэгчийн бариулж буй байшинд тохиролцсоны дагуу дотор засал чимэглэл хийх боломжгүй шалны цутгалт (стачик) хийгдээгүй байсан ба нэхэмжлэгч нь тухайн шалыг цутгуулахаар тохирсон хүн нь хийх боломжгүй болсон гэсэн ба үүний улмаас 4 хоногийн турш тус 2 давхар байшингийн шалны цутгалтыг хийсэн ба мөн үүнийг хатаах гэж 5 хоног нийтдээ 9 хоног алдсан. Нэхэмжлэгч нь шал цутгалтыг та нараар гүйцэтгүүлье гэсэн ба засал чимэглэл хийхэд та нарт 10 сая төгрөгөөр тохирсон тул үнийн хөнгөлөлт үзүүлээрэй гэсэн учраас шал цутгалтыг 800000 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон.

2.4 Мөн цонх суулгахад барилгын хананы өрлөг болон захиалгын дагуу хийлгэсэн гэх цонхны хэмжээ нь зөрүүтэй учир цонх багтахгүй байсан тул цонхны амлагааг нурааж, өрсөн тоосгыг зүсэх гэх мэт их ажилтай байсан.

2.5 Нэхэмжлэгч нь тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг бэлэн болгож нийлүүлэх үүрэгтэй байсан. Гэвч бидний зүгээс ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг шаардахад тус бараа материалуудыг хугацаанд нь авч ирдэггүй байсан. Бараа материалын талаар шаардахад чи очоод авчих хэмээн хугацаа алдуулдаг байсан. Тус худалдан авах шаардлагатай бараа материалуудыг бэлэн бусаар бичүүлж авдаг байсан тул худалдагч нь дургүйцэж худалдан авах гэж буй бараа материалыг түргэн шуурхай өгдөггүй байсны улмаас их хугацаа алддаг байсан.

2.6 Ингээд би Өлгий буцааж ирэхэд нэхэмжлэгч маань манай зуух болоогүй учраас энэ жилдээ орохгүй юм байна. Тиймээс чамд өгсөн урьдчилгаа мөнгөний талыг нь буцааж өгөөрэй, талыг нь хийсэн ажлынхаа хөлс хэмээн аваарай гэж хэлсэн. Тэгэхэд би түүний саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Би тухайн ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд аливаа зүйлийг буруу хийсэн, өөрөөс хамаарах шалтгаанаар зогсоосон зүйл байхгүй болно. Мөн таазны тэгшилгээг гаргасан гипсэн таазны метр квадратын үнэ нь 18000 төгрөг байдаг. Уналттай таазны ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэг цонхыг суурилуулах үнэ нь 40000 төгрөгөөр үнэлж, цонх суурилуулах ажил нийтдээ 600000 төгрөг болж байна. Гипсэн таазны метр квадратын үнэ нь 18000 төгрөг ба үүнийг нийт 120 метр квадраттай үржүүлэхэд 1440000 төгрөг болж байна. Иймд би тодорхой хийгдээгүй ажлууд үлдсэн болохоор буцаан төлбөл 100000 төгрөг төлнө, түүнээс биш нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн ХААН банкны 0 дугаартай дансны хуулга, мэргэшсэн төсөвчин Х.Ж ийн гаргасан цалингийн нэгтгэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, мэргэшсэн төсөвчин Х.Ж ийн гаргасан цалингийн нэгтгэлийг хянасан тэргүүлэгч төсөвчин К  гэж бичиж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан мөн нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмчийн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тэргүүлэгч төсөвчин К , мэргэшсэн төсөвчин Х.Ж , шинжээч А ХХК-ний гүйцэтгэх захирал Ч.Ж нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг,

4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хариу тайлбар, нэхэмжлэгчийн маргаан бүхий хоёр давхар сууцанд ажил хийж байсан 2 ширхэг фото зураг, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, уг гомдолдоо улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн шинжээч томилж өгөх тухай хүсэлт, Б  өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон А ХХК-ны  Баян-Өлгий аймаг дахь төлөөлөгчөөс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар тодруулсан тухай тэмдэглэл, 2018.04.02-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын байгууллагын нэгжийн 233/10-24 дугаартай гэрчилгээ, №5643768 дугаартай төлөөлөгчийн газрын гэрчилгээ,2018.04.02-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны даргын “төлөөлөгчийн газар нээх зөвшөөрөл олгох тухай” 255 дугаартай тушаал, шинжээчид эрх үүрэг, танилцуулсан баримт, “А” ХХК-ны 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний  дүгнэлт, маргаан бүхий хоёр давхар байшингийн фото зураг, нэхэмжлэгчийн хүсэлтээр тэргүүлэгч төсөвчин К ийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, шинжээч А ХХК-ний гүйцэтгэх захирал Ч.Ж ы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч С аас ажлын хөлсөнд илүү төлсөн 325,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,875,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч С  нь миний барьж байсан хоёр давхар байшингийн дотор засал чимэглэлийг 10 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Би ажлын хөлсөнд урьдчилгаа болгож 3,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Гэтэл дээврийн талыг хийгээд орхисон. Цонх суулгахад зөвхөн хөөсөө чихээд явсан. Амлагаа хийгээгүй. Хариуцагч евро засал хийгээгүй, зөвхөн ирмэг дээр евро засал хийсэн. Бүтэн евро засал хийгээгүй. Шалны суутгалын ажлын хөлсийг тусдаа тохирсон. Уг шалны суутгалын ажлын хөлс болох 800,000 төгрөг нь 10 сая дотор орохгүй. Хариуцагч С  миний барьж байсан хоёр давхар байшингийн дотрын гоёлын засал чимэглэлийг хийж өгөхөөр тохирсон боловч тогтоосон хугацаанд бүрэн гүйцэт хийгээгүй тул тус аймгийн тэргүүлэгч төсөвчин болон мэргэшсэн төсөвчин гаргасан цалингийн нэгтгэлээр 797908 төгрөгөөр тооцож гаргасан тул ажлын хөлсөнд илүү төлсөн мөнгийг хуулийн дагуу хариуцагч С аас гаргуулах хүсэлттэй байна гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч С  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Нэхэмжлэгчийн шинээр барьсан хоёр давхар байшингийн дотор засал чимэглэлийг 10 сая төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба шал цутгалт нь бэлэн гэсэн учир гүйцэтгэлийг 2 сарын дотор дуусгахаар харилцан тохиролцсон.

Гэвч нэхэмжлэгчийн бариулж буй байшинд тохиролцсоны дагуу дотор засал чимэглэл хийх боломжгүй шалны цутгалт (стачик) хийгдээгүй байсан ба нэхэмжлэгч нь тухайн шалыг цутгуулахаар тохирсон хүн нь хийх боломжгүй болсон гэсэн ба үүний улмаас 4 хоногийн турш тус 2 давхар байшингийн шалны цутгалтыг хийсэн мөн үүнийг хатаах гэж 5 хоног нийтдээ 9 хоног алдсан. Мөн цонх суулгахад барилгын хананы өрлөг болон захиалгын дагуу хийлгэсэн гэх цонхны хэмжээ нь зөрүүтэй учир цонх багтахгүй байсан тул цонхны амлагааг нурааж, өрсөн тоосгыг зүсэх гэх мэт их ажилтай байсан. Бидний зүгээс ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг шаардахад тус бараа материалуудыг хугацаанд нь авч ирдэггүй, барилгын дэлгүүрээс шаардлагатай бараа материалуудыг бэлэн бусаар бичүүлж авдаг байсан тул худалдагч нь дургүйцэж худалдан авах гэж буй бараа материалыг түргэн шуурхай өгдөггүй байсны улмаас их хугацаа алддаг байсан надаас шалтгаалаагүй. Нэхэмжлэгчийн шинээр барьсан хоёр давхар байшинд таазны тэгшилгээ, таазны гипсийн мужааны ажил, цонх суулгах гэх мэт төрлийн ажил гүйцэтгэсэн. Тухайн ажлуудыг зах зээлийн ханшаар тооцвол өндөр гарах тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

4.Зохигчийн тайлбараас үзвэл, талууд анх нэхэмжлэгч Б ы шинээр баригдсан хоёр давхар байшингийн дотоод засал, чимэглэлтэй холбоотой болон бусад тодорхой ажил, үйлчилгээг хариуцагч С аар гүйцэтгүүлэхээр ажлын хөлсийг 10 сая төгрөгөөр харилцан тохиролцож, ажлын хөлсний урьдчилгаанд нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийг ажиллуулагч С д төлсөн болох нь нэхэмжлэгчийн ХААН банкны 5197134624 дугаар дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд урьдчилгаанд 3,000,000 төгрөг авсан, өгсөндөө талууд маргаагүй байна.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харьцуулан шинжлэн судлахад талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба тэд гэрээгээ амаар тохиролцсоны дагуу захиалагчийн материалаар нэхэмжлэгч Б ы шинээр баригдсан хоёр давхар байшингийн дотоод засал, чимэглэлтэй холбоотой болон бусад тодорхой ажил, үйлчилгээ, ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.

 

6.Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд харилцан  тохиролцон тодорхойлж, ажил гүйцэтгэх гэрээнд тусгах ёстой байх боловч ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийгээгүй, зохигчид гүйцэтгэх ажлын төрөл, талбайн хэмжээ, үүнд ноогдох ажлын хөлсийг нарийвчлан тохиролцоогүй ба гэрээг амаар байгуулж нэхэмжлэгч Б ы шинээр баригдсан байшингийн дотоод засал, чимэглэлтэй холбоотой бусад ажил, үйлчилгээг хариуцагч С аар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, ажлын хөлсний урьдчилгааг ажиллуулагч С д төлсөн, харин хариуцагч С ы хийсэн ажлын гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлс дээр маргасан байна.

 

7.Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан. Харин ажил гүйцэтгэсний хөлсийг тохиролцоогүй тохиолдолд мөн зүйлийн 344.2-т ... гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж хуульчилжээ.

 

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх  маргаан бүхий нэхэмжлэгчийн шинээр барьсан хоёр давхар байшинд хариуцагч С  нь ямар ажил гүйцэтгэсэн эсэх болон хийсэн ажлын үнэлгээг тогтоолгохоор А ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-122/3542 дугаартай үнэлгээний дүгнэлтээр хариуцагч С  нь нэхэмжлэгчийн шинээр барьсан хоёр давхар байшинд 148 м.кв гипсэн тааз угсралтын мөн 13 ширхэг цонхыг суурилуулсан ажил хийж гүйцэтгэснийг тогтоож, уг гүйцэтгэсэн ажлын үнэлгээг 2,675,000 төгрөг гэж тогтоожээ.

Шинжээчийн дээрх дүгнэлт болон шинжээч А ХХК-ний гүйцэтгэх захирал Ч.Ж ы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон хийсэн ажлын гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын үнэлгээний талаар хэн аль нь гомдол гаргаагүй тул хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан судалбал хариуцагчийг 2,675,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9.Нэхэмжлэгч Б  нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын зардлыг 797908 төгрөг гэж маргаж байгаа боловч тайлбарын үндэслэлээ нотлоогүй мөн ажлын хөлсөнд урьдчилгаа болгож өгсөн 2,200,000 төгрөг нь хариуцагч С ы хийж гүйцэтгэсэн ажлын зардлаас илүү төлсөн болох нь тус аймгийн тэргүүлэгч төсөвчин болон мэргэшсэн төсөвчин гаргасан цалингийн нэгтгэлээр тогтоогдож байгаа гэж тайлбарлаж, тэргүүлэгч төсөвчин К ийг шүүхэд гэрчээр асуулгасан боловч тэргүүлэгч болон мэргэшсэн төсөвчин нар нь тухайн маргаан бүхий нэхэмжлэгчийн шинээр барьсан хоёр давхар байшинд биечлэн очиж хариуцагч С  нь ямар ажил гүйцэтгэснийг хэмжиж, хэмжилт хийж цалингийн нэгтгэлийг гаргаагүй болох нь тэргүүлэгч төсөвчин К ийн “...би цалингийн нэгтгэлийг гаргахдаа биечлэн газар дээр нь очоод хэмжилт хийгээгүй. Б ы өгсөн ажлын тоо хэмжээгээр цалингийн нэгтгэлээ гаргаж үнэлгээ хийсэн” гэх гэрчийн мэдүүлэг мөн нэхэмжлэгч Б ы “тэргүүлэгч болон мэргэшсэн төсөвчин нар нь тухайн маргаан бүхий хоёр давхар байшинд очоод хэмжилт хийгээгүй, миний бичиж өгсөн хэмжилтээр цалингийн нэгтгэл гаргасан” гэх тайлбараар тогтоогдож байгаа тул шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тэргүүлэгч болон мэргэшсэн төсөвчин нарын гаргасан цалингийн нэгтгэлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

10.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг ба гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан хэдий ч хариуцагч С  нь  ажлын хөлсний урьдчилгаанд 3,000,000 төгрөг хүлээн авч ажлыг эхлүүлсэн боловч, гэрээгээр хүлээсэн ажлын үр дүн хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан үүсэж, нэхэмжлэгч Б  нь гэрээ цуцалж байгаагаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар хариуцагчид мэдэгдэж гэрээгээ цуцалсан тул гэрээ цуцлах хүртэлх хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэл 2,675,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн 3,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 325,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

11.Нэхэмжлэгч Б аас хариуцагч С  нь 148 м.кв гипсэн тааз угсралтын ажил мөн 13 ширхэг цонхыг суулгах ажил хийсний дараа гэрээг цуцалж байгаагаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар хариуцагчид мэдэгдэж, улмаар  мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байхаар заасан байгаа тул нэхэмжлэгч Б  нь хариуцагч С аас ажлын хөлсөнд илүү төлсөн мөнгөө буюу хохирлоо шаардах эрхтэй байна.

 

12.Нэхэмжлэгч, хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэний дараа өөр хоорондоо тохиролцож засал чимэглэлийн ажлаас өөр нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч шалны стачки татаж өгөхөөр болж, хөлсийг 800000 төгрөгөөр тохиролцон уг мөнгөө тусдаа аваад шалны стачки татаж өгөөд ажил гүйцэтгэж дууссан тул энэ үйл баримт нь  нэхэмжлэгчийн засал чимэглэлийн ажлын хөлсний урьдчилгаа болгож хариуцагч С д шилжүүлсэн 3000000 төгрөгт хамааралгүй болохыг дурдав.

 

13.Иймд ажил гүйцэтгэсний хөлсийг нэхэмжлэгч, хариуцагч нар гүйцэтгэвэл зохих ажлын төрөл, талбайн хэмжээгээр нарийвчлан харилцан тохиролцсон талаарх бичгийн нотлох баримтгүй тул нэхэмжлэгчээс ажлын хөлсний урьдчилгаа болгож 3,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримтад талууд маргаагүй тул 3,000,000 төгрөгөөс шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаартай үнэлгээний дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 2,675,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд илүү төлсөн 325,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,875,000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсны тэмдэгтийн хураамжид төлсөн 50150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 325,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 10400 төгрөгийг хариуцагч С аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.6-д заасныг тус тус  баримтлан хариуцагч С аас ажлын хөлсөнд илүү төлсөн 325,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,875,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С аас улсын тэмдэгтийн хураамжид 10400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.ЖАРХЫНГҮЛ