Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00010

 

Х.Б-ийн эхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2021/00976 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** оршин суух Х.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух М.С-д холбогдох,

“ажлын хөлсөнд төлсөн мөнгөнөөс 2200000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн танилцуулснаар тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.Б, хариуцагч М.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн үндэслэл:

1. Хариуцагч М.С нь миний барьж байсан байшингийн дотор гоёл засал чимэглэлийг хийж өгөхөөр утсаар тохирч, урьдчилгаанд 3,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкны ***** тоот данснаас М.С-ын ***** тоот дансанд шилжүүлсэн.

2. М.С 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгаас ирсний дараа шалны стачик хийж, 9 дүгээр сарын 08-нд хөлс болох 800,000 төгрөгийг шилжүүлж өгснөөр засал чимэглэлийн ажлыг эхэлсэн. Үүнийг нэг сарын дотор хийж өгөхөөр тохирсон ба “гэрээ хийх хэрэггүй, сарын дотор дуусгаж өгнө, та тохирсон ёсоор хөлсийг өгөөрэй” гэсэн.

3. Ажлыг эхэлсэн боловч дундуур нь “хот явж машин авч ирнэ, Ховд аймагт очиж онош тодруулах ажилтай гэснээр уг ажил сунжирч, хугацаа оройтсон тул би одоо хийсэн ажлыг хүлээн авч хоорондоо тохиролцъё.” гэсэн санал тавьсан.   

4. М.С та хийсэн ажилд үнэлгээ хийлгэ гэснээр мэргэшсэн төсөвчин Ж-ийн  хийсэн ажлын төсвийг хийлгэж, М.С-д танилцуулсан. М.С нь танд одоогоор 500,000 төгрөг шилжүүлье, үлдсэнийг нь дараа өгье гэсэн боловч мөнгө шилжүүлээгүй.

5. Дараа нь мессеж явуулахад “Би нэг ч төгрөг өгөхгүй” гэсэн тул мэргэшсэн төсөвчний гаргаж өгсөн цалингаас илүү өгсөн 2200000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал:   

1. Миний бие нэхэмжлэгчтэй нэхэмжлэгчийн бариулж буй 2 давхар байшингийн дотор засал чимэглэлийг 10 сая төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба шал цутгалт нь бэлэн гэсэн учир гүйцэтгэлийг 2 сарын дотор дуусгахаар харилцан тохиролцсон.

2. Гэвч 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа эхлэхээр нэхэмжлэгчийн бариулж буй байшинд тохиролцсоны дагуу дотор засал чимэглэл хийх боломжгүй шалны цутгалт (стачик) хийгдээгүй байсан ба нэхэмжлэгч нь тухайн шалыг цутгуулахаар тохирсон хүн нь хийх боломжгүй болсон гэсэн ба үүний улмаас 4 хоногийн турш тус 2 давхар байшингийн шалны цутгалтыг хийсэн ба мөн үүнийг хатаах гэж 5 хоног нийтдээ 9 хоног алдсан. Нэхэмжлэгч нь шал цутгалтыг та нараар гүйцэтгүүлье гэсэн ба засал чимэглэл хийхэд та нарт 10 сая төгрөгөөр тохирсон тул үнийн хөнгөлөлт үзүүлээрэй гэсэн учраас шал цутгалтыг 800000 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон. Мөн цонх суулгахад барилгын хананы өрлөг болон захиалгын дагуу хийлгэсэн гэх цонхны хэмжээ нь зөрүүтэй учир цонх багтахгүй байсан тул цонхны амлагааг нурааж, өрсөн тоосгыг зүсэх гэх мэт их ажилтай байсан.

3. Нэхэмжлэгч нь тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг бэлэн болгож нийлүүлэх үүрэгтэй байсан. Гэвч бидний зүгээс ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг шаардахад тус бараа материалуудыг хугацаанд нь авч ирдэггүй байсан бараа материалын талаар шаардахад чи очоод авчих хэмээн хугацаа алдуулдаг байсан. Тус худалдан авах шаардлагатай бараа материалуудыг бэлэн бусаар бичүүлж авдаг байсан тул худалдагч нь дургүйцэж худалдан авах гэж буй бараа материалыг түргэн шуурхай өгдөггүй байсны улмаас их хугацаа алддаг байсан.

4. Нэхэмжлэгчийн бариулж буй 240 м.кв бүхий 2 давхар байшинд таазны тэгшилгээ, таазны гипсийн мужааны ажил, цонх суулгах, шал цутгалт гэх мэт ажил гүйцэтгэсэн. Тухайн ажлуудыг миний бие бусад үед доорх байдлаар гүйцэтгэдэг байсан. Таазны тэгшилгээ 1920000, таазны гипсэн хавтангийн мужааны ажил 480000, 1 цонх суулгахдаа 45000 төгрөгөөр суулгадаг ба нийт 12 цонх суурилуулсан нь 540,000 төгрөг мөн 240 м.кв талбайн шал цутгалтыг 1920000 төгрөгөөр гүйцэтгэдэг байсан ба нийтдээ 4860000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн.

5. Нэхэмжлэгч нь надад нийтдээ 3800000 төгрөг төлсөн одоо 2200000 төгрөгийн авлагатай гэж байгаа боловч бодит байдал дээр би нэхэмжлэгчээс 1060000 төгрөгийн авлагатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2021/00976 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 343.1, 204.1, 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.С--с гүйцэтгээгүй ажлын хөлс 1500000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 700000 (долоон зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангасан нэхэмжлэлийн үнийн дүнд оногдох 38950 (гучин найман мянга есөн зуун тавин) төгрөгийг хариуцагч М.С-ээс гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

1. М.С би иргэн Х.Б хүсэлтээр өөр газар хийх гэж байсан ажлаа болиод, түүний шинээр барьсан 2 давхар өвлийн байшингийн дотор засал чимэглэлийг нийт 10,0 сая төгрөгөөр гүйцэтгэж өгөхөөр тохиролцож, эхний ээлжид урьдчилгаанд 3,0 сая төгрөгийг авч, байшинд нийт 12 ширхэг цонх тааруулж суулгах, мөн хоёр давхрын бүх өрөөнд таазны тэгшилгээ, таазны гипсэн хавтангийн мужааны ажлыг гүйцэтгэсэн.

2. Уг ажлуудыг одоогийн зах зээлийн дундаж ханшаар тооцоход Таазны тэгшилгээ 1 м/кв-ын үнэ 18,000 төгрөгөөр бүгд /хамгийн багаар тооцоход 200 м/кв талбай гэж бодоход/ 3.600.000 төгрөг, таазны гипсэн хавтангийн мужааны ажил 480,000 төгрөг, 1 цонх суулгахад 45,000 төгрөгөөр бодоход 540,000 төгрөг, бүгд 4.140.000 төгрөг болж байгаа.

3. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч А.С-д хандахад би үнэлгээ тогтоолгож өгнө, өмгөөлөл явуулж өгнө гэж хэлээд шүүх хурал болох дөхөхөд татгалзсан тул, би шүүх хурал дээр өмгөөлөгч авна гэж хурлыг хойшлуулаад, өөр өмгөөлөгч авъя гэж бодоод Д.А  гэх өмгөөлөгчөөр өмгөөлөл хийлгэхээр болж тохирсон боловч тэр хүн мөн л надад үйлчлээгүй тул шүүх хурал товлосон хугацаанд эхлэх үеэр буюу 1 дүгээр сарын 14-ний өдөр “би шинжээч томилуулан, хийсэн ажлынхаа үнэлгээг тогтоолгомоор байна" гэж хэлэхэд миний хүсэлтийг шүүх хүлээж авахгүйгээр хурлыг үргэлжлүүлэн надаас 1.500.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна

4. Дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгохдоо “хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн хуулийн заалтыг анхаараагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон шинжээч томилуулж, нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх эрхийг минь хангаагүй гэж үзэж байна.

5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ажил гүйцэтгэсний хөлсийг нэхэмжлэгч, хариуцагч нар гүйцэтгэвэл зохих ажлын төрөл, талбайн хэмжээгээр нарийвчлан тохиролцоогүй, мөн нэхэмжлэгчээс ажлын хөлсний урьдчилгаа 3.000.000 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажил болон гүйцэтгээгүй ажлыг дунджаар тооцон гүйцэтгэсэн ажлын хөлс 1500000 төгрөг, гүйцэтгээгүй үлдсэн ажлын хөлс төгрөг байна” гэж, мөн “...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагчаас ажлын хөлс 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь миний хийж гүйцэтгэсэн дээр дурдагдсан ажлуудыг ямар нэгэн нотлох баримтыг үндэслэл болгохгүйгээр аль аль талыг гомдоохгүйгээр дундыг баримтлан, тэнцүүлэн шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

6. Хэрвээ хийсэн ажлын хэмжилтийг хийлгэж, одоогийн зах зээлийн дундаж үнэлгээгээр тогтоолгосон бол 3.0 сая төгрөг бус 4 сая гаруй төгрөг гарах байсан гэж тооцоолж байгаа тул би хийсэн хөдөлмөрөө мөлжүүлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Хариуцагч хугацаа хожихын тулд ингэж байна.

2. Анх бид хоёр тохиролцохдоо “...чи тохирсон хөлсөө аваарай” гэж урьдчилгаа өгсөн. Хариуцагч тохирсноороо бүх ажлыг хийгээгүй. Мэргэжлийн төсөвчнөөр  үнэлгээ хийлгээрэй гэж өөрт нь хэлсэн. Өөрөө үнэлгээ хийлгүүлээгүй. Зөвхөн амаараа ийм ийм хийсэн гэж хэлээд байна.

3. Анхан шатны шүүх хуралдаанд өөрөө 1000000 төгрөг өгнө, шүүхийн шийдвэр ямар гарна тэрийг хүлээн зөвшөөрнө гэж  хэлсэн. Би анхан шатны шүүхээс 1500000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг өөрөө ч  хүлээн зөвшөөрсөн байсан.

4. Одоо анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа дахиад өөрчлөгдөөд хугацаа хожиж байна. Ер нь ингэж хүмүүсийг луйвардаад явдаг юм уу гэж бодож байна. Тийм учраас анхны нэхэмжилсэн 2200000 төгрөгөө нэхэмжилж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч М.С-ын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх” шаардлага гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар процессын болон материаллаг эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилтод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэгжүүлж, хэрэглэснийг ойлгоно.

 

3. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, харьцуулан шинжлэн дүгнэсний үндсэн дээр маргааны үйл баримт болон хуулийн зохицуулалт хоорондын нийцлийн талаар хууль тайлбарлах аргуудыг хэрэглэж шийдвэр, шийдэлд хүрэх байтал хэрэгт хуульд заасан журмаар цугларсан зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй буюу нотлох баримтад тулгуурлахгүйгээр хэргийн үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

4. Тодруулбал, шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох үйл баримтыг сэргээн тогтоох талаар хариуцагч М.С-ын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “...шинжээч томилуулж, өөрийнхөө хийсэн ажлын хөлсийг тогтоолгох хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад миний хийсэн зарим ажлуудад л дүгнэлт гаргасан боловч заримыг нь орхигдуулсан” гэсэн агуулгатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүх “үндэслэлээ тодорхой заагаагүй, холбогдох баримтаа гаргаж өгөөгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэлд “талууд гүйцэтгэвэл зохих ажлын төрөл, талбайн хэмжээг нарийвчлан тохиролцоогүй” талаар дүгнэж, “талуудын гүйцэтгэсэн ажил болон гүйцэтгээгүй ажлыг дунджаар тооцон, гүйцэтгэсэн ажлын хөлс 1500000 төгрөг, гүйцэтгээгүй үлдсэн ажлын хөлс 1500000 төгрөг байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн уг дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлжээ.

Энэ талаар хариуцагч М.С-ын гаргасан “миний хийж гүйцэтгэсэн ажлуудыг ямар нэгэн нотлох баримтыг үндэслэл болгохгүйгээр, аль аль талыг гомдоохгүйгээр, дундыг баримтлан, тэнцүүлэн шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтаар хэргийн оролцогч нь шинжээч томилуулахаар хүсэлт гаргах эрхтэй, харин мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд хэрэгжих учиртай. Гэтэл хариуцагчаас гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа уг хүсэлтийн үндэслэлд хамаарах асуудлаар шүүх нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн эсрэг талын тайлбар, үндэслэлийг няцаан үгүйсгэх, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзнэ.

 

6. Зохигчийн тайлбараас үзвэл, талууд анх Х.Б шинээр баригдсан байшингийн дотоод засал, чимэглэлтэй холбоотой болон бусад тодорхой ажил, үйлчилгээг М.С-р гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, ажлын хөлсний урьдчилгааг ажиллуулагчид төлсөн, харин ажиллуулагч нь тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн талаар зохигчийн хэн аль нь тайлбарлах бөгөөд хариуцагч М.С-ын гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ болон бусад ажлын төрөл, хэмжээ, ажлын хөлс зэрэг хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдлуудыг шүүх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тогтоох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, маргааны бодит байдлыг шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсний үндсэн дээр тогтоох суурь зарчимд нийцэх юм. Шүүх хэрэг, маргааны үйл баримтыг бодитой тогтоогоогүй атлаа “талуудын гүйцэтгэсэн ажил болон гүйцэтгээгүй ажлыг дунджаар тооцсон” нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй болжээ.

 

7. Анхан шатны шүүх Х.Б, М.С нарын хооронд үүссэн маргаанд материаллаг эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээг оновчтой зөв сонгож хэрэглээгүй буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг буруу хэрэглэснийг тэмдэглэх нь зүйтэй.

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дэх заалтад хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.000 төгрөгийг мөн зүйлийн 57.3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж хариуцагч М.С-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2021/00976 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцааж, хариуцагч М.С-ын давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж хариуцагч М.С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК