Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 39

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02468 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т” ХХК , “У” ХХК-д  холбогдох

 

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль зөрчин хувьцаа худалдан авсан болохыг, худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.М,

Хариуцагч “Т” ХХК  -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Хариуцагч “У” ХХК-ийн   итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Б ХХК нь 1996 онд “Атар-Өргөө” ХК-ийн нийт эзэмшлийн 40 хувийн хувьцааг худалдан авсан бөгөөд 1996 оноос хойш одоог хүртэл “Атар-Өргөө” ХК-ийн үйл ажиллагааг удирдан, удирдлагын багийг сонгож, хамтран ажиллаж байгаа 69 000 хувьцааг эзэмшигч юм. “Б” ХХК нь “Атар-Өргөө” ХК-ийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар удаа дараа “Атар-Өргөө” ХК болон бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж байсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч компаниуд нь “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааг холбогдох хууль тогтоомжийг илтэд зөрчиж, хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хувьцаа худалдан авсан байдаг. Компанийн тухай хуульд зааснаар “Б” ХХК-ийн хараат компани нь “Атар өргөө” ХК бөгөөд хараат компанийн үйл ажиллагааг удирдах, удирдлагын багийг сонгоход чухал үүрэгтэй оролцдог. Гэтэл “Атар-Өргөө” ХК-ийн нийт хувьцааны хяналтын багц буюу 39,86 хувийг нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох “Т” ХХК  , “У” ХХК 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч оны ажлын сүүлийн өдөр нэг өдрийн дотор арилжааг хийсэн байдаг. Яагаад ажлын сүүлийн өдөр гэж байна гэхээр нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн асуудлаар 2017 онд бүхэлдээ “Атар-Өргөө” ХК-ийн нээлттэй арилжааны хувьцааны арилжааг бүхэлд нь зогсоосон байсан. 9 сарын хугацаатай арилжаа зогсоосон байхад Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл ирээд Хөрөнгийн бирж дээр арилжаа хийгдэхээс хоёр хоногийн өмнө арилжаа хийх эрхийг сэргээсэн байсан. Хоёр хоногийн өмнө арилжаа сэргэмэгц 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий 6 хувьцаа эзэмшигч /3 гэр бүлийн эхнэр, нөхөр хүмүүс/ хувьцаагаа зарж, худалдах захиалгыг өгсөн. Гэтэл маргааш өдөр нь компанийн 40 хувьтай тэнцэх 4 тэрбум төгрөгийн хувьцааг нэг өдрийн арилжаагаар хоёр цагийн дотор худалдан авсан. Энэ арилжаа нь Монгол Улсад жишиг тогтоохоор хурдан хугацаанд хийгдсэн. Арилжаа хийх, хөрөнгийн эх үүсвэр зэргээс харахад урьдчилан тохиролцож, магадгүй дунд нь зуучлагч байхыг үгүйсгэхгүй, учир битүүлгээр хийгдсэн. Дээр нь “Б” ХХК-ийн зүгээс удаа дараа хувьцаа эзэмшлийн хувь хэмжээгээ нэмэгдүүлье, хувьцаагаа зарах хүмүүс байна уу гэж мэдэгдсээр байхад ямар ч мэдээлэл байхгүйгээр бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй, мөн төлөөлөн удирдах зөвлөлд мэдээлэл байхгүй хаалттай, нууцаар хувьцааны арилжаа явагдсан байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Атар-Өргөө” ХК нь Компанийн тухай хуулиар нээлттэй хувьцаат компани. Нээлттэй хувьцаат компанийн хувьд хувьцаа худалдах ажиллагаа маш хаалттай хүрээнд явагдсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16:00 цагийн орчимд манай компанийн удирдлагууд болон “Б” ХХК-ийн удирдлагууд хувьцаа худалдагдсан талаарх мэдээллийг 1коп.тп мэдээллийн сайтаас авсан. Компанийн хяналтын багцын хувьцаа болон түүнээс дээш хувийн хувьцааг нэгдмэл сонирхолтой этгээд худалдан авах сонирхолтой байгаа, худалдан авах ажиллагааг удирдан чиглүүлэх, эсвэл хувьцаа худалдан авах замаар бизнес, хамтын ажиллагаа хийх талаар санал уулзалт 2017 онд огт хийгдээгүй. “Атар-Өргөө” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд ирээгүй. Давуу эрхтэй хувьцаа эзэмшигч болон томоохон хувьцаа эзэмшигч нарт энэ талаар мэдээлэл огт ирээгүй. Хариуцагч компаниудтай холбоотой ажил хэргийн, бизнесийн, аж ахуйн нэгжтэй гэрээ хийсэн хамтын ажиллагааны ямар нэг үйл баримт байхгүй. Огт мэдэгдэхгүй нууцаар холбогдох хууль тогтоомжийг зөрчин худалдан авах ажиллагаа хийсэн. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.4 дэх хэсэгт заасан үүргүүдийг хариуцагч огт биелүүлээгүй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэгт заасныг зөрчиж огт мэдэгдэхгүйгээр “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааны хяналтын багц хувьцааг худалдан авч, хууль зөрчжээ. “Б” ХХК нь компанийн үйл ажиллагааг удирдаж, удирдлагын багийг бүрдүүлэхдээ хэнтэй хамтран ажиллахаа мэдэх боломжгүйгээр энэ асуудал шийдэгдсэн. Гэхдээ ганцхан хяналтын багцад хязгаарлалт тавьдаг. Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай" журмаар харилцааг нарийвчлан зохицуулсан. Холбогдох байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо энэ журмыг хэрэглэхдээ зарим нэг тохиолдолд учир дутагдалтай дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал, компанийн хяналтын багцын хувьцааг хоёр төрлийн этгээд худалдан авдаг. Огт хувьцаа эзэмшдэггүй этгээд сайн дурын үндсэн дээр хувьцаа худалдан авах саналыг мэдэгдэл хэлбэрээр гаргана. Тэр мэдэгдлээ тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр мэдэгдэнэ. “Б” ХХК-д танилцуулаад, “Б” ХХК тухайн хувьцаа худалдах ажиллагаанд оролцох эсэх, ямар үнээр оролцох, худалдан авах ажиллагаанд өрсөлдөх эсэхээ шийддэг. Иймд чухал ач холбогдолтой байхад огт санал гаргалгүйгээр 28-ны өдөр хоёрхон цагийн дотор “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааг худалдан авсан. Гол асуудал юундаа байна гэхээр саналын мэдэгдэл ирүүлсний дараа яах ёстой вэ гэхээр худалдан авах ажиллагаанд оролцоод хэрвээ хувьцаа эзэмшигч болж чадах юм бол Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн газар бүртгүүлэх асуудал байдаг. Гэтэл өрсөлдөөн байхгүй, бусдад мэдэгдэхгүй, цор ганц ялагч тодорсонд гомдолтой байгаа. Огт хувьцаа эзэмшдэггүй компани нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтраад тухайн компанийн хяналтын багц хувьцааг татан төвлөрүүлсэн бол татан төвлөрүүлэхдээ заавал санал гаргана. Харин сайн дурын үндсэн дээр гаргасан энэ саналыг гаргалгүйгээр хувьцааг худалдан авсан бол Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэх саналыг гаргахгүй. Гаргах хууль зүйн үндэс ч байхгүй. Хувьцаагаа худалдаж байгаа 6 нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн хувьцааны эзэмшлийн хувь 18, 10, 5 хувь байсан. Тэд нарын хувьцааны нийлбэр хяналтын багцаас давсан гэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны н.Долгорсүрэн байцаагч дүгнэлт хийхдээ "...энэ хүмүүсийн хувьцааны нийлбэр нь “Атар-Өргөө” ХК-ийн хяналтын багц байна. “Т” ХХК  , “У” ХХК нар тус тусдаа хувьцаа худалдан авах захиалга ирүүлжээ. Тийм учраас хяналтын багц худалдан авсан гэж үзэхгүй байна" гэсэн. Бид нар хувьцаагаа захиран зарцуулсан, худалдсан 6 нэр бүхий хувьцаа эзэмшигчтэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй. Хуулийн шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн этгээдүүдтэй хамтран ажиллах асуудал байхгүй. Зөрчлийн хэрэг шалгагдсан, прокурорууд хэвээр үлдээсэн. Гэхдээ тэр ажиллагаанд ямар асуудал тавьсан гэхээр хууль зөрчөөгүй гэдгийг тогтоогоогүй. Танайхыг хууль ёсны хувьцаа эзэмшигч гэж тогтоогоогүй. Хууль зөрчсөн хувьцаа эзэмшигч гэдэг асуудлыг тогтоох эрхтэй субъект нь биш. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт зохицуулалтын газрын байцаагч н.Долгорсүрэн ямар шийдвэр гаргасан бэ гэхээр энэ нь зөрчил биш байна, зөрчлийн шинж буюу Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байхгүй байна. “У” ХХК-ийн   66,3 хувийн хувьцааг “Т” ХХК, 32 хувийг н.Баатарсайхан дангаараа эзэмшдэг. Бид нар нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэдгийг албан бичгээр ч тэр, баримтаар ч тэр, хариуцагч нар өөрсдөө ч тэр хэлж байна. Бид нар хяналтын багцаас доогуур хэмжээгээр тус тусдаа хуваагаад авсан учраас хяналтын багц биш гэж тайлбарлаад байна. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт байх үзэл санаа чинь ерөөсөө дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй гэж байгаа. “У” ХХК, “Т” ХХК нь удирдлагаараа ч тэр, хувьцаа эзэмшигчдийн хувьд ч гэсэн нэгдмэл сонирхолтой компаниуд. Нэгдмэл сонирхолтой этгээдүүд худалдаж авч байгаа болохоор 33,3 хувь гэсэн шаардлага тавигдана. Иймд “Атар-Өргөө” ХК-ийн нийт хувьцааны хяналтын багцын хувьцаа буюу 33,3 хувиас дээш хувьцааг хариуцагч компаниуд нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль зөрчин худалдан авсан болохыг тогтоолгох, худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК  -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...”Б” ХХК нь өөрийгөө “Атар-Өргөө” ХК-ийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч гэж яриад байна. “Б” ХХК нь тус компанийн бусад хувьцаа эзэмшигчийн нэгэн адил хувьцаа эзэмшигч, “Б” ХХК нь “Атар-Өргөө” ХК-ийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд өөрийн эзэмшиж байгаа хувьцааны тоогоор саналын эрхтэй оролцдог болохоос “Б” ХХК нь ямар нэг давуу эрхтэйгээр шийдвэр гаргах асуудал байхгүй. Нөгөө талаас “Б” ХХК нь урт удаан хугацааны турш “Атар-Өргөө” ХК-ийг өөрийн хувьцаа эзэмшлийн хувиар эрх мэдлийг хэрэгжүүлсэн гэдэгтэй маргахгүй. “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааны арилжаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хаалттай байсан, бусад хувьцаа эзэмшигч нарын эрхийг маш их зөрчиж байна, бусад хувьцаа эзэмшигч нарын хувьцаа өмчлөх эрхийг хэрэгжүүлж чадахгүй байна, хувьцаагаа худалдаж чадахгүй байна гэх хүсэлтүүдийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаад Санхүүгийн зохицуулах хороо хувьцаагаа зарахад шаардлагатай шалтгаан нөхцөл арилсан эсэх талаарх тайлбарыг ирүүлэх хугацааг “Атар Өргөө” ХК-д зааж өгсөн. Ингээд хариу тайлбар ирүүлээгүй учир Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааны арилжааг нээсэн байдаг. Тухайн компанийн хувьцааг манай компанид зарсан этгээдүүд энэ хувьцааны арилжааг нээгдэхийг маш удаан хугацааны турш хүлээсэн байсан. Арилжаа нээгдээд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болонгуут тухайн хүмүүс хувьцаагаа худалдан борлуулъя гэдэг саналыг харилцдаг брокер диллерын байгууллагад өгсөн байсан. Энэ нь цаг хугацааны хувьд 2017 оны 12 дугаар сарын 26, 28-ны өдөр буюу шинэ жилийн амралтын цаг хугацаа дөхсөн үе таарсан болохоос энэ ямар нэг байдлаар тухайн арилжааг нууцаар хийсэн зүйл байхгүй. Нөгөө талаас блок арилжаа хийсэн гэж байна. Блок арилжаа хийгдээгүй, энгийн арилжаа хийгдсэн байгаа. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт хяналтын багцыг худалдаж авах гэж байгаа ба хяналтын багц нь тухайн компанийн гаргасан энгийн хувьцааны 1/3 буюу түүнээс дээш энгийн хувьцааг хяналтын багц гэнэ гэж заасан. Тэгэхээр энэ хяналтын багц гээд байгаа 33,3 хувиас дээш хувь биш, “Т” ХХК   авсан захиалга нь хяналтын багц биш байсан, Мөн тухайн хувьцаа зарсан этгээдүүдийн хувьд мөн тус тусдаа өмчлөлийн хувьцаанууд байсан, хамгийн дээд хэмжээ нь 17,9 хувь байсан ба хяналтын багцын хэмжээнд хүрэхгүй хувь хэмжээтэй байсан. Манай компанийн хувьцаа худалдан авах захиалга нь хяналтын багцын захиалга биш юм. Энэ бол тус тус энгийн арилжаагаар хийгдсэн арилжаа. Ингээд цаг хугацааны   хувьд   манай   компани   Хөрөнгийн   бирж   дээр   арилжаалагдаж байгаа хувьцаануудын мэдээллийг байнга сонирхож байдаг учраас брокерын байгууллагаас мэдээлэл ирсний дагуу арилжаа нээгдсэн компаниудын хувьцаа захиалгад орох боломжтой болохоор худалдан авсан. Энэ бол хяналтын багцын арилжаа биш байсан. Бид “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааг худалдан авсан тухайгаа өөрсдөө компаниудад мэдэгдсэн. Тухайн өдрийн арилжаанд “Атар-Өргөө” ХК өөрсдөө оролцох боломжтой байсан. Цаг хугацааны хувьд 12 дугаар сарын 26-ны өдөр арилжаа нээгдсэн, 12 дугаар сарын 27-ны өдөр захиалга хийгдсэн, 12 дугаар сарын 28-ны өдөр арилжаа хийгдсэн. Хөрөнгийн биржийн сайт дээр хувьцааны захиалгууд, худалдах хувьцааны захиалга бүгд нээлттэй байгаа. Энд ямар нэг байдлаар нуусан зүйл байгаагүй. “Атар-Өргөө” ХК өөрснөө мэдээллийг аваагүй байх. Хувьцаа худалдан авах ажиллагаа хууль бус болсон гэж “Атар-Өргөө” ХК шат шатанд Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу шалгуулсан байдаг. Мөн ажиллагаатай холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтнууд, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулсан байдаг. Шат шатны байгууллагуудаас хууль зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт, хариуг “Атар-Өргөө” ХК-д тухайн үед өгч байсан. Нэгэнт “Т” ХХК-ийн худалдан авсан хувьцаа 19,93 хувь, нөгөө талаас “У” ХХК нь “Т” ХХК  -ийн нэгдмэл сонирхол бүхий этгээд учраас тус компанийн хувьцаа нийлээд “Атар-Өргөө” ХК-ийн хяналтын багцын хэмжээнд буюу 39,93 хувьд хүрсэн. Тийм учраас Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхол бүхий этгээдийн хамтран худалдан авсан этгээд гэж заасны дагуу тендер саналыг хууль ёсны дагуу зарлаад, энэ тухай мэдэгдлийг “Атар-Өргөө” ХК болон түүний төлөөлөн удирдах зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг байгууллагуудад холбогдох дүрэм журмын дагуу мэдэгдсэн байгаа. Хуульд заасны дагуу 60 хоногийн дотор тендер саналаа хэрэгжүүлж, бусад хувьцаа эзэмшигч нарт байгаа хувьцааг худалдан авах санал гаргасан. Энэ дагуу бид нар үүргээ хэрэгжүүлсэн. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Энд компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хүсэлтэй этгээд гэж байгаа. Бидний авсан хувьцаа хяналтын багц байгаагүй, 19,93 хувь байсан тул бид санал гаргах, нийтэд мэдэгдэх зүйл бидэнд хамааралгүй юм. Тухайн үед бидний зүгээс үйлчилгээ үзүүлж байгаа брокер диллерийн байгууллагаас энэ талаар тодруулж асууж байсан. Энэхүү хувьцааны хэмжээ хяналтын багцын хэмжээ биш учир нийтэд зарлах зохицуулалт хамааралгүй гэж зөвлөсөн гэж хэлмээр байна. “У” ХХК, “Т” ХХК   нь Иргэний хуулийн дагуу тус тус хуулийн этгээдийн эрхийг бие даан хэрэгжүүлдэг компаниуд болно. Ийнхүү бие даасан хуулийн этгээдүүд нь Компанийн тухай хууль болон дүрмийн дагуу бие даан шийдвэр гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааг худалдан авах саналыг ажлын өдрүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргасан. Хяналтын багцыг татан төвлөрүүлнэ гэдэг Монгол улсын төдийгүй дэлхийн санхүүгийн зах зээлд байдаггүй. Харин мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлнэ, хадгаламж татан төвлөрүүлэх гэдэг асуудал банкны зах зээлд яригддаг. Тийм учраас хувьцаа татан төвлөрүүлэх, хяналтын багц татан төвлөрүүлэх гэсэн ойлголт огт байхгүй болно. Бие даасан хоёр хуулийн этгээд тус тусдаа өөрсдийнхөө хуулиар олгогдсон эрхийн дагуу хувьцаа худалдан авах санал гаргасан. Хэрвээ тэдгээр нь хяналтын багц худалдан авах санал гаргасан бол анхнаасаа хяналтын багц худалдан авъя гэсэн саналыг гаргах ёстой байсан. Тэгэхээр эд нар бие даасан хуулийн этгээд учир өөр өөрсдийнхөө эрх хэмжээний хувьд хувьцаа худалдан авсан байгаа. “Б” ХХК нь 1996 оноос хойш “Атар-Өргөө” ХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг тул давуу эрхтэй гэж байна. Давуу эрх гэж зүйл Компанийн тухай хуульд байхгүй. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн хурал бол компанийн дээд удирдлага бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурал ньТөлөөлөн удирдах зөвлөлийг, Төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх удирдлагыг сонгоно гэж заасан байгаа. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг нь хоёр тусдаа зохицуулалт, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг нь хяналтын багцыг худалдаж авахаас өмнө санал гаргах, Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг нь худалдаад авсны дараа санал гаргах, бид нар худалдаж авахаасаа өмнө тус тусдаа саналаа өгсөн. Бид нар “Атар-Өргөө” ХК-ийн худалдах хувьцааны тоо ширхэгийг урьдчилаад мэдээд бичсэн байна гэдэг нь хууль бус зүйл биш. Хөрөнгийн биржэд хэн хэдэн төгрөгийн хувьцаа худалдан авах талаар захиалга өгөх эрхтэй. Хөрөнгийн биржийн хувьцааны саналыг цаг тутамд үзээд шалгаж байсан бол мэдэх боломжтой байсан. Нөгөө талаасаа хувьцаагаа худалдсан этгээдүүд “Атар-Өргөө” ХК-д хувьцаагаа зарах саналыг тавьж байсан байдаг. Тэгээд худалдаж авахгүй болохоор нээлттэй зах зээлд арилжаа нээгдэнгүүт худалдах санал гаргасан гэж зөрчлийн хэрэг шалгах үед тайлбар өгч байсан. Тэгэхээр хувьцааны арилжаанд “Атар-Өргөө” ХК өөрсдөө оролцох боломжтой байсан. Бид нар хувьцаа худалдан авах санал гаргахдаа хэд нь биелэгдэх байсныг мэдээгүй. Цаг хугацааны хувьд манай өгсөн захиалга, тухайн компанийн өгсөн захиалга Би ди сек хөрөнгийн биржийн өгсөн тайлбарт цаг хугацаагаараа байгаа. Бид нар нэгдмэл сонирхолтой юу гэдэгт маргаагүй. Нэгэнт манай компанийн авсан хувьцаанууд арилжаа хийгдсэний дараа хяналтын багцын хэмжээнд хүрсэн тул бид зохих ёсоор мэдэгдсэн. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт компанийн хувьцааг дангаараа буюу холбогдох этгээдтэй хамт, эсвэл хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг бүхэлд нь эсхүл хяналтын багцаас дээш хувийг худалдан авахаар сайн дурын үндсэн дээр гэсэн байна. Хувьцаа эзэмшдэггүй гэдэгтээ бид нар маргаагүй. Тухайн компанийн хувьцааг бүхэлд нь эсхүл хяналтын багцаас дээш хувийг гэж байна. Бид нар бүхэлд нь худалдан авах санал гаргаагүй. “Т” ХХК-ийн хувьцаа худалдан авах санал нь хяналтын багц биш байсан. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.11 дэх хэсэгт эрх бүхий байгууллагаас тогтоосон журам зөрчөөд санал гаргасан, эсхүл санал гаргаагүй компанийн хувьцааг худалдан авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэж байгаа. Энэ ажиллагаа зохих ёсоор хийгдсэн талаар Санхүүгийн зохицуулах хороо шалгасан. “Т” ХХК   хувьцаа худалдан авах захиалга өгөхдөө хэдэн хүн захиалга өгөхийг мэдэж байсан мэт яриад байна. Хувьцаа эзэмшигч нар хувьцаагаа худалдах захиалгаа бидэнд биш, Хөрөнгийн биржэд өгдөг. Бид нар түүнийг мэдээд шийдвэртээ тусгана гэсэн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг бид хэрэгжүүлсэн гэдэгт нөгөө тал маргахгүй байна. Энэ бол хуулийн дагуу хийгдсэн. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан заалт нь компанийн хувьцаа эзэмшдэггүй этгээд компанийн нийт хувьцааг бүхэлд нь буюу хяналтын багцаас дээш хувийг гэж байгаа тул “Т” ХХК-ийн хувьцаа худалдан авах захиалга хяналтын багц биш байсан. Тийм учраас Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны 239 дүгээр тогтоолоор батлагдсан хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журамд заасан санал гаргах нөхцөл, заалтад хамааралгүй. “Т” ХХК-ийн худалдан авсан хувьцааны хэмжээ хяналтын багцад хүрээгүй ба нөгөө талаас бид нар хувьцаа худалдан авсны дараа Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлсэн. Энэхүү хувьцаа худалдан авсан ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

Хариуцагч “У” ХХК-ийн   итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "...”Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэг байна. “У” ХХК нь хувьцаа худалдан авах захиалгаа дангаараа энгийн хувьцаа худалдан авах санал гаргасан. Энэ нь хяналтын багцад хүрэхгүй 19,93 хувь байдаг. “Б” ХХК-ийн яриад байгаа хяналтын багц худалдан авах саналыг Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар заавал гаргана гэсэн тайлбартай санал нийлэхгүй байна. “У” ХХК нь Компанийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Атар-Өргөө” ХК-ийн 19,63 хувийн хувьцааг худалдан авах саналыг Хөрөнгийн биржид гаргаад, тухайн арилжаа биелэгдсэн. Арилжаа биелэгдсэний дараа Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж, холбогдох байгууллагад мэдэгдсэн. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг баримтлан Т ХХК, У ХХК-иудад холбогдуулан гаргасан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль зөрчин хувьцаа худалдан авсан болохыг, худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Компанийн тухай хууль /2011 он/-ийн 8 дугаар бүлэг, 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нээлттэй хувьцаат компанийн хяналтын багц болон түүнээс дээш хувийн хувьцааг худалдан авах хүсэлтэй этгээд нь дангаараа аль эсвэл нэгдмэл сонирхол бүхий этгээдтэй хамтран хувьцаа худалдан авах гэж байгаа бол худалдан авах саналаа нийтэд мэдээлэх замаар санал гаргах үүргийг хуулиар хүлээдэг. Хариуцагч "У" ХХК-ийн нийт хувьцааны 66.3 хувийн хувьцааг "Т" ХХК, 32 хувийн хувьцааг Ц.Баатарсайхан дангаараа эзэмшдэг болох нь “У" ХХК-ийн дүрмээр /2 дугаар ХХ-ийн 1 13 дахь тал/, хувьцаа худалдан авах тухай "У" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08/07 дугаартай шийдвэрийг "Т" ХХК болон Ц.Баатарсайхан нар хамтран гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар /ХХ-ийн 71 дэх тал/ тус тус тогтоогдож, хариуцагч компаниуд нь ''Атар-Өргөө" ХК-ийн хяналтын багц буюу 39.86 хувьтай тэнцэх 69.424 ширхэг хувьцааг худалдан авахаар нэгдмэл сонирхолтой этгээдүүд хамтран шийдвэр гаргасан. Хариуцагч нар нь хоорондоо нэгдмэл сонирхолтой этгээдүүд болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь баримтаар нотлогддог. Гэвч Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасан үүргээ биелүүлэлгүй, хуульд заасан шаардлагыг зөрчиж хувьцаа худалдан авсан. Угтаа бол хяналтын багц хувьцаа худалдан авах тухай саналаа мэдэгдэл хэлбэрээр бичгээр гаргаж мэдэгдлийг "Атар-Өргөө" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид тус тус хүргүүлэх үүргийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу нийтэд нэгэн зэрэг мэдээлэх үүргийг хүлээдэг. Хуульд заасны дагуу хувьцаа худалдан авах саналын мэдэгдлийг ирүүлснээр бусад хувьцаа эзэмшигч нар хувьцаа худалдан авах ажиллагаанд оролцох, шударгаар өрсөлдөх, хувьцаа эзэмших эрх олж авах зэрэг эрхүүдийг нэгэн зэрэг эдлэх чухал ач холбогдолтой юм. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт /ШШ-ийн 8-р хуудасны сүүдийн догол мөрөнд 9 дүгээр хуудасны эхний догол мөрөнд/ хувьцаа худалдан авах санал гаргахтай холбоотой хуулийн зохицуулалт болох Компанийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг үндэслэж хувьцаа худалдан авахтай холбоотойгоор сайн дурын үндсэн дээр нийтэд мэдээлэх замаар санал гаргах болон үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр санал гаргах гэсэн хоёр төрлийн хэлбэр байгааг тодотгосон атлаа нээлттэй хувьцаат компанийн хяналтын багц хувьцааг худалдан авах гэж буй этгээдүүдэд хоорондоо нэгдмэл сонирхолтой бол хуулиар тусгайлан үүрэг хүлээдэг онцлог зохицуулалтыг харгалзаж үзэлгүйгээр хариуцагч нар нь тус тусдаа хуулийн этгээдүүд бөгөөд худалдан авсан хувьцааны хэмжээ нь хяналтын багцад хүрэхгүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар илтэд үндэслэлгүй алдаатай дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байна. Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, факт нь баримтын хүрээнд тогтоогдсон боловч анхан шатны шүүх хуулийг илтэд буруу ойлгож тайлбарласнаас шалтгаалж алдаатай шийдвэр гаргахад хүргэжээ. Учир нь нээлттэй хувьцаат компанийн хяналтын багц худалдан авч буй этгээдүүдэд тооны шаардлага тавигддаггүй бөгөөд гагцхүү хоорондоо нэгдмэл сонирхолтой бол нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн худалдан авч буй хувьцааны нийлбэр нь хяналтын багц болон түүнээс дээш бол хуульд заасан тодорхой үүргүүдийг авч хэрэгжүүлж бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангасны үндсэн дээр хувьцаа худалдан авах ажиллагаанд оролцохыг хуулиар шаарддаг.

Монгол Улсын Их хурлаас 2011 онд батласан Компанийн тухай хуулийн гол үзэл санаа нь бизнесийн орчныг дэмжих зорилгын хүрээнд компанийн үйл ажиллагаа тогтвортой байх гол үндэс нь комнанийн засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн эрхийг хамгаалах, компанийн удирдлагын болон бизнесийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн. Энэ ч үүднээсээ хуульд бусдын бизнесийг булаах, компанийг эзэрхийлэн худалдан авахаас сэргийлэх хуулийн хязгаарлалтуудыг хуульчилж өгсний нэг нь компанийн хяналтын багцыг худалдан авах сонирхол бүхий этгээдүүдэд тавигдах шаардлагыг тодорхой зааж өгсөн бөгөөд хувьцаа худалдан авагч нар нь хоорондоо нэгдмэл сонирхолтой бол хуульд болон хуулиар эрх олгосон холбогдох журамд заасан үүргүүдийг шат дараатай хэрэгжүүлсэний үндсэн дээр худалдан авах ажиллагаанд оролцох хууль зүйн боломж нээгддэг онцлогтой юм. Гэтэл анхан шатны шүүх хуулийн үзэл санаа, практик үр дагавар, хууль зүйн ач холбогдолыг харгалзаж үзэлгүйгээр, хуульд заасан шалгуур буюу хувьцаа олж авах хүсэл сонирхол бүхий этгээдүүд хоорондоо нэгдмэл сонирхолтой болох нь нотлох баримтаар болон өөрсдийн тайлбараар тогтоогдсоор байтал тус тусдаа компани, тус бүр авсан хувь хэмжээ нь компанийн хяналтын багцад хүрэхгүй байна гэж илэрхий алдаатай дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үзэл санааны эсрэг, алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн. Хувьцаа олж авсан хоорондоо нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь тухайн хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохдоо хурлаар хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд нэг байр суурьтай оролцож хамтын шийдвэр гаргадаг тул бусад хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөх нөхцөл шууд бий болдог. Иймд Компанийн хуульд нэгдмэл сонирхолтой байх гэдэг хууль зүйн шалгуур нь компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах чухал ач холбогдолтой юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь нээлттэй хувьцаат компанийн хяналтын багц хувьцааг худалдан авах хүсэл сонирхол бүхий этгээд нь өөрийн нэгдмэл сонирхолтой хэдэн ч этгээдүүдтэй хамтарч хуульд заасан хяналтын багцын хувь хэмжээнээс доош хувиар худалдан авах захиалгыг тус тусдаа гаргах замаар чөлөөтэй худалдан авч бусад хувьцаа эзэмшигч нарын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчих, цаашлаад бизнесийг аль нэг компани, эсвэл тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд булааж авч болох хортой үр дагаврыг үнэт цаасны зах зээлийн харилцаанд үүсгэж байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Т” ХХК  , “У” ХХК-д  холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Атар-Өргөө” ХК-ийн хяналтын багц хувьцааг хууль зөрчин худалдан авсан болохыг, уг худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “Т” ХХК   Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар “хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авахдаа Компанийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу нийтэд мэдээлэх замаар худалдан авах журмыг зөрчсөн” гэж тайлбарласныг, хариуцагч тал эс зөвшөөрч “Т” ХХК  , “У” ХХК нь “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдан авах захиалга тус тусдаа өгсөн нь тухайн компанийн хувьцааг бүхэлд нь эсхүл хяналтын багцыг худалдан авах захиалга байгаагүй, уг арилжаа хийгдсэнээр “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааны хяналтын багцад хүрсэн тул Компаний тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК болон “Атар-Өргөө” ХК, түүний Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэл хүргүүлсэн гэж мэтгэлцэж байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 7, 141, 142, 202, 221, 234-235 дугаар талд авагдсан баримтаас үзвэл “Атар-Өргөө” ХК нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 174 136 ширхэг энгийн хувьцаа гаргасан, 330 хувьцаа эзэмшигчтэй гэж “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д бүртгүүлсэн байх ба “Атар-Өргөө” ХК-ийн хүсэлтийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо  2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн үнэт цаасны арилжааг зогсоож, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нээсэн үйл баримт тогтоогдсон байна.

“Атар-Өргөө” ХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Цэцгээ тус компанийн 30 974 ширхэг хувьцаа, Ж.Сайнжаргал 3 945 ширхэг хувьцаа, Д.Гончигдорж 140 ширхэг хувьцаа, Ч.Тогтохбаатар 22 059 ширхэг хувьцаа, М.Эрдэнэчимэг 8 707 ширхэг хувьцаа, Д.Давааням 3 599 ширхэг хувьцааг худалдах захиалгын гэрээг үнэт цаасны  “Би Ди СЕК ҮЦК” ХК-тай 2017 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдөр байгуулж, уг хувьцаануудыг тус үнэт цаасны компаниар зуучлуулан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Т” ХХК  , “У” ХХК-д  арилжаалсан болох нь тогтоогдсон бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан талаар шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч “Т” ХХК, ”Улаанбаатар гурил” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөрөнгийн биржээр нийтэд зарлагдсан үнэт цаасны арилжаагаар тус тусдаа “Атар-Өргөө” ХК-ийн 19.93 хувийн хувьцаа эзэмшигч болсон, мөн хариуцагч нар нь нэгдмэл сонирхолтой этгээд болохын хувьд уг худалдан авсан хувьцаа нь “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааны 39.86 хувь буюу хяналтын багцад хүрсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг нэгдмэл сонирхолтой этгээдүүд хяналтын багц авах хүсэл зоригтой байснаа далдалж тус тусдаа хувьцаа худалдан авах захиалга өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Хэргийн 1 дүгээр хавтасны 30-31, 76-249, 2 дугаар хавтасны 1-159 дүгээр талд авагдсан зөрчлийн хэргийн баримтаар “Атар-Өргөө” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхдалайгийн гаргасан гомдлоор Санхүүгийн зохицуулах хорооноос зөрчлийн хэрэг нээж, уг зөрчлийн хэргийг “Т” ХХК , “У” ХХК нь “Атар-Өргөө” ХК-ийн хувьцааг эзэмшдэггүй, тус компанийн хувьцааг 2 компани тус тусдаа захиалга өгч худалдан авсан нь хяналтын багцад хүрээгүй тул зөрчлийн шинжгүй гэж үзэж тус хорооны 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ньтогтоогдсон байна.

Иймээс “У” ХХК, “Т” ХХК-ийн тус тусдаа худалдан авсан 19.93 хувийн хувьцаа нь “Атар-Өргөө” ХК-ийн хяналтын багцад хүрээгүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам болон Үнэт цаасны тухай хуулийн 22.1.1, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан хяналтын багц худалдан авахаар өгсөн захиалга гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Учир нь Компаний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалт нь хувьцаат компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авах хүсэлтэй байгаа тохиолдолд сайн дурын үндсэн дээр нийтэд санал гаргахаар, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалт нь нэгдмэл сонирхолтой этгээд хувьцаат компанийн хувьцааг худалдан авсан нь хяналтын багцад хүрсэн үед үүргээ хэрэгжүүлж санал гаргахаар тус тус зохицуулсан байна.

Хариуцагч нар Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК болон “Атар-Өргөө” ХК, түүний Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч компаниуд тус тусдаа худалдан авсан 19.93 хувийн хувьцаа нь “Атар-Өргөө” ХК-ийн энгийн хувьцааны хяналтын багцад хүрээгүй тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зөрчиж хувьцаа худалдан авсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ