Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00637

 

БГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02468 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаар магадлалтай, 

БГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ТБТ ХХК, УБГ ХХК-д тус тус холбогдох, 

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль зөрчин хувьцаа худалдан авсан болохыг, худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч БГ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь 1996 онд А-Ө ХК-ийн нийт эзэмшлийн 40 хувийн хувьцааг худалдан авсан бөгөөд 1996 оноос хойш одоог хүртэл А-Ө ХК-ийн үйл ажиллагааг удирдан, удирдлагын багийг сонгож, хамтран ажиллаж байгаа 69.000 хувьцааг эзэмшигч юм. БГ ХХК нь А-Ө ХК-ийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар удаа дараа А-Ө ХК болон бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж байсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч компаниуд нь А-Ө ХК-ийн хувьцааг холбогдох хууль тогтоомжийг илтэд зөрчиж, хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хувьцаа худалдан авсан байдаг. Компанийн тухай хуульд зааснаар БГ ХХК-ийн хараат компани нь А-Ө ХК бөгөөд хараат компанийн үйл ажиллагааг удирдах, удирдлагын багийг сонгоход чухал үүрэгтэй оролцдог. Гэтэл А-Ө ХК-ийн нийт хувьцааны хяналтын багц буюу 39,86 хувийг нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох ТБТ ХХК, УБГ ХХК 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч оны ажлын сүүлийн өдөр нэг өдрийн дотор арилжааг хийсэн байдаг. Яагаад ажлын сүүлийн өдөр гэж байна гэхээр нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн асуудлаар 2017 онд бүхэлдээ А-Ө ХК-ийн нээлттэй арилжааны хувьцааны арилжааг бүхэлд нь зогсоосон байсан. 9 сарын хугацаатай арилжаа зогсоосон байхад Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл ирээд Хөрөнгийн бирж дээр арилжаа хийгдэхээс хоёр хоногийн өмнө арилжаа хийх эрхийг сэргээсэн байсан. Хоёр хоногийн өмнө арилжаа сэргэмэгц 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий 6 хувьцаа эзэмшигч /3 гэр бүлийн эхнэр, нөхөр хүмүүс/ хувьцаагаа зарж, худалдах захиалгыг өгсөн. Гэтэл маргааш өдөр нь компанийн 40 хувьтай тэнцэх 4 тэрбум төгрөгийн хувьцааг нэг өдрийн арилжаагаар хоёр цагийн дотор худалдан авсан. Энэ арилжаа нь Монгол Улсад жишиг тогтоохоор хурдан хугацаанд хийгдсэн. Арилжаа хийх, хөрөнгийн эх үүсвэр зэргээс харахад урьдчилан тохиролцож, магадгүй дунд нь зуучлагч байхыг үгүйсгэхгүй, учир битүүлгээр хийгдсэн. Дээр нь БГ ХХК-ийн зүгээс удаа дараа хувьцаа эзэмшлийн хувь хэмжээгээ нэмэгдүүлье, хувьцаагаа зарах хүмүүс байна уу гэж мэдэгдсээр байхад ямар ч мэдээлэл байхгүйгээр бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй, мөн төлөөлөн удирдах зөвлөлд мэдээлэл байхгүй хаалттай, нууцаар хувьцааны арилжаа явагдсан байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй А-Ө ХК нь Компанийн тухай хуулиар нээлттэй хувьцаат компани. Нээлттэй хувьцаат компанийн хувьд хувьцаа худалдах ажиллагаа маш хаалттай хүрээнд явагдсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16:00 цагийн орчимд манай компанийн удирдлагууд болон БГ ХХК-ийн удирдлагууд хувьцаа худалдагдсан талаарх мэдээллийг icon.mn мэдээллийн сайтаас авсан. Компанийн хяналтын багцын хувьцаа болон түүнээс дээш хувийн хувьцааг нэгдмэл сонирхолтой этгээд худалдан авах сонирхолтой байгаа, худалдан авах ажиллагааг удирдан чиглүүлэх, эсвэл хувьцаа худалдан авах замаар бизнес, хамтын ажиллагаа хийх талаар санал уулзалт 2017 онд огт хийгдээгүй. А-Ө ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд ирээгүй. Давуу эрхтэй хувьцаа эзэмшигч болон томоохон хувьцаа эзэмшигч нарт энэ талаар мэдээлэл огт ирээгүй. Хариуцагч компаниудтай холбоотой ажил хэргийн, бизнесийн, аж ахуйн нэгжтэй гэрээ хийсэн хамтын ажиллагааны ямар нэг үйл баримт байхгүй. Огт мэдэгдэхгүй нууцаар холбогдох хууль тогтоомжийг зөрчин худалдан авах ажиллагаа хийсэн. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.4 дэх хэсэгт заасан үүргүүдийг хариуцагч огт биелүүлээгүй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэгт заасныг зөрчиж огт мэдэгдэхгүйгээр А-Ө ХК-ийн хувьцааны хяналтын багц хувьцааг худалдан авч, хууль зөрчжээ. БГ ХХК нь компанийн үйл ажиллагааг удирдаж, удирдлагын багийг бүрдүүлэхдээ хэнтэй хамтран ажиллахаа мэдэх боломжгүйгээр энэ асуудал шийдэгдсэн. Гэхдээ ганцхан хяналтын багцад хязгаарлалт тавьдаг. Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай" журмаар харилцааг нарийвчлан зохицуулсан. Холбогдох байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо энэ журмыг хэрэглэхдээ зарим нэг тохиолдолд учир дутагдалтай дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал, компанийн хяналтын багцын хувьцааг хоёр төрлийн этгээд худалдан авдаг. Огт хувьцаа эзэмшдэггүй этгээд сайн дурын үндсэн дээр хувьцаа худалдан авах саналыг мэдэгдэл хэлбэрээр гаргана. Тэр мэдэгдлээ тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр мэдэгдэнэ. БГ ХХК-д танилцуулаад, БГ ХХК тухайн хувьцаа худалдах ажиллагаанд оролцох эсэх, ямар үнээр оролцох, худалдан авах ажиллагаанд өрсөлдөх эсэхээ шийддэг. Ийм чухал ач холбогдолтой байхад огт санал гаргалгүйгээр 28-ны өдөр хоёрхон цагийн дотор А-Ө ХК-ийн хувьцааг худалдан авсан. Гол асуудал нь саналын мэдэгдэл ирүүлсний дараа яах ёстой вэ гэхээр худалдан авах ажиллагаанд оролцоод хэрвээ хувьцаа эзэмшигч болж чадах юм бол Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн газар бүртгүүлэх асуудал байдаг. Гэтэл өрсөлдөөн байхгүй, бусдад мэдэгдэхгүй, цор ганц ялагч тодорсонд гомдолтой байгаа. Огт хувьцаа эзэмшдэггүй компани нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтраад тухайн компанийн хяналтын багц хувьцааг татан төвлөрүүлсэн бол татан төвлөрүүлэхдээ заавал санал гаргана. Харин сайн дурын үндсэн дээр гаргасан энэ саналыг гаргалгүйгээр хувьцааг худалдан авсан бол Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэх саналыг гаргахгүй. Гаргах хууль зүйн үндэс ч байхгүй. Хувьцаагаа худалдаж байгаа 6 нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн хувьцааны эзэмшлийн хувь 18, 10, 5 хувь байсан. Тэд нарын хувьцааны нийлбэр хяналтын багцаас давсан гэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны н.Долгорсүрэн байцаагч дүгнэлт хийхдээ "...энэ хүмүүсийн хувьцааны нийлбэр нь А-Ө ХК-ийн хяналтын багц байна. ТБТ ХХК, УБГ ХХК нар тус тусдаа хувьцаа худалдан авах захиалга ирүүлжээ. Тийм учраас хяналтын багц худалдан авсан гэж үзэхгүй байна" гэсэн. Бид нар хувьцаагаа захиран зарцуулсан, худалдсан 6 нэр бүхий хувьцаа эзэмшигчтэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй. Хуулийн шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн этгээдүүдтэй хамтран ажиллах асуудал байхгүй. УБГ ХХК-ийн 66,3 хувийн хувьцааг ТБТ ХХК, 32 хувийг н.Баатарсайхан дангаараа эзэмшдэг. Бид нар нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэдгийг албан бичгээр ч тэр, баримтаар ч тэр, хариуцагч нар өөрсдөө ч тэр хэлж байна. Бид нар хяналтын багцаас доогуур хэмжээгээр тус тусдаа хуваагаад авсан учраас хяналтын багц биш гэж тайлбарлаад байна. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт байх үзэл санаа чинь ерөөсөө дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй гэж байгаа. УБГ ХХК, ТБТ ХХК нь удирдлагаараа ч тэр, хувьцаа эзэмшигчдийн хувьд ч гэсэн нэгдмэл сонирхолтой компаниуд. Нэгдмэл сонирхолтой этгээдүүд худалдаж авч байгаа болохоор 33,3 хувь гэсэн шаардлага тавигдана. Иймд А-Ө ХК-ийн нийт хувьцааны хяналтын багцын хувьцаа буюу 33,3 хувиас дээш хувьцааг хариуцагч компаниуд нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль зөрчин худалдан авсан болохыг тогтоолгох, худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч ТБТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...БГ ХХК нь тус компанийн бусад хувьцаа эзэмшигчийн нэгэн адил хувьцаа эзэмшигч, БГ ХХК нь А-Ө ХК-ийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд өөрийн эзэмшиж байгаа хувьцааны тоогоор саналын эрхтэй оролцдог болохоос БГ ХХК нь ямар нэг давуу эрхтэйгээр шийдвэр гаргах асуудал байхгүй. Нөгөө талаас БГ ХХК нь урт удаан хугацааны турш А-Ө ХК-ийг өөрийн хувьцаа эзэмшлийн хувиар эрх мэдлийг хэрэгжүүлсэн гэдэгтэй маргахгүй. А-Ө ХК-ийн хувьцааны арилжаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хаалттай байсан, бусад хувьцаа эзэмшигч нарын эрхийг маш их зөрчиж байна, бусад хувьцаа эзэмшигч нарын хувьцаа өмчлөх эрхийг хэрэгжүүлж чадахгүй байна, хувьцаагаа худалдаж чадахгүй байна гэх хүсэлтүүдийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаад Санхүүгийн зохицуулах хороо хувьцаагаа зарахад шаардлагатай шалтгаан нөхцөл арилсан эсэх талаарх тайлбарыг ирүүлэх хугацааг А-Ө ХК-д зааж өгсөн. Ингээд хариу тайлбар ирүүлээгүй учир Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А-Ө ХК-ийн хувьцааны арилжааг нээсэн. Тухайн компанийн хувьцааг манай компанид зарсан этгээдүүд энэ хувьцааны арилжааг нээгдэхийг маш удаан хугацааны турш хүлээсэн байсан. Арилжаа нээгдээд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болонгуут тухайн хүмүүс хувьцаагаа худалдан борлуулъя гэдэг саналыг харилцдаг брокер диллерын байгууллагад өгсөн байсан. Энэ нь цаг хугацааны хувьд 2017 оны 12 дугаар сарын 26, 28-ны өдөр буюу шинэ жилийн амралтын цаг хугацаа дөхсөн үе таарсан болохоос ямар нэг байдлаар тухайн арилжааг нууцаар хийсэн зүйл байхгүй. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт хяналтын багцыг худалдаж авах гэж байгаа ба хяналтын багц нь тухайн компанийн гаргасан энгийн хувьцааны 1/3 буюу түүнээс дээш энгийн хувьцааг хяналтын багц гэнэ гэж заасан. Тэгэхээр энэ хяналтын багц гээд байгаа 33,3 хувиас дээш хувь биш, ТБТ ХХК авсан захиалга нь хяналтын багц биш байсан, Мөн тухайн хувьцаа зарсан этгээдүүдийн хувьд мөн тус тусдаа өмчлөлийн хувьцаанууд байсан, хамгийн дээд хэмжээ нь 17,9 хувь байсан ба хяналтын багцын хэмжээнд хүрэхгүй хувь хэмжээтэй байсан. Манай компанийн хувьцаа худалдан авах захиалга нь хяналтын багцын захиалга биш юм. Бид А-Ө ХК-ийн хувьцааг худалдан авсан тухайгаа өөрсдөө компаниудад мэдэгдсэн. Тухайн өдрийн арилжаанд А-Ө ХК өөрсдөө оролцох боломжтой байсан. Цаг хугацааны хувьд 12 дугаар сарын 26-ны өдөр арилжаа нээгдсэн, 12 дугаар сарын 27-ны өдөр захиалга хийгдсэн, 12 дугаар сарын 28-ны өдөр арилжаа хийгдсэн. Хөрөнгийн биржийн сайт дээр хувьцааны захиалгууд, худалдах хувьцааны захиалга бүгд нээлттэй байгаа. Энд ямар нэг байдлаар нуусан зүйл байгаагүй. ТБТ ХХК-ийн худалдан авсан хувьцаа 19,93 хувь, нөгөө талаас УБГ ХХК нь ТБТ ХХК-ийн нэгдмэл сонирхол бүхий этгээд учраас тус компанийн хувьцаа нийлээд А-Ө ХК-ийн хяналтын багцын хэмжээнд буюу 39,93 хувьд хүрсэн. Тийм учраас Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхол бүхий этгээдийн хамтран худалдан авсан этгээд гэж заасны дагуу тендер саналыг хууль ёсны дагуу зарлаад, энэ тухай мэдэгдлийг А-Ө ХК болон түүний төлөөлөн удирдах зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг байгууллагуудад холбогдох дүрэм журмын дагуу мэдэгдсэн байгаа. Хуульд заасны дагуу 60 хоногийн дотор тендер саналаа хэрэгжүүлж, бусад хувьцаа эзэмшигч нарт байгаа хувьцааг худалдан авах санал гаргасан. УБГ ХХК, ТБТ ХХК нь Иргэний хуулийн дагуу тус тус хуулийн этгээдийн эрхийг бие даан хэрэгжүүлдэг компаниуд болно. Ийнхүү бие даасан хуулийн этгээдүүд нь Компанийн тухай хууль болон дүрмийн дагуу бие даан шийдвэр гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу А-Ө ХК-ийн хувьцааг худалдан авах саналыг ажлын өдрүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргасан. ТБТ ХХК-ийн худалдан авсан хувьцааны хэмжээ хяналтын багцад хүрээгүй ба нөгөө талаас бид нар хувьцаа худалдан авсны дараа Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлсэн. Энэхүү хувьцаа худалдан авсан ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул БГ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч УБГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани нь хувьцаа худалдан авах захиалгаа дангаараа энгийн хувьцаа худалдан авах санал гаргасан. Энэ нь хяналтын багцад хүрэхгүй 19,93 хувь байдаг. БГ ХХК-ийн яриад байгаа хяналтын багц худалдан авах саналыг Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар заавал гаргана гэсэн тайлбартай санал нийлэхгүй байна. УБГ ХХК нь Компанийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А-Ө ХК-ийн 19,63 хувийн хувьцааг худалдан авах саналыг Хөрөнгийн биржид гаргаад, тухайн арилжаа биелэгдсэн. Арилжаа биелэгдсэний дараа Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж, холбогдох байгууллагад мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02468 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг баримтлан ТБТ ХХК, УБГ ХХК-иудад холбогдуулан гаргасан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль зөрчин хувьцаа худалдан авсан болохыг, худалдан авсан хувьцаа нь саналын эрхгүй болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэгч БГ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс алдаатай шийдвэр, магадлал гаргахад хүргэсэн. А-Ө ХК-ийн хяналтын багцаас дээш хэмжээний хувьцаа буюу нийт хувьцааны 33.3%-иас дээш хувийн хувьцааг хариуцагч компаниуд болох ТБТ ХХК, УБГ ХХК-иуд нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулдаг салбарын гол хуулиуд болох Компани, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг ил тод бүдүүлгээр зөрчиж, бусад хувьцаа эзэмшигчдийг хувьцаа худалдан авах ажиллагаанд оролцуулалгүйгээр нууцаар, хууль бусаар хувьцаа олж авсан юм. Хариуцагч компаниуд нь хууль бусаар хувьцаа худалдан авсан өдөр буюу 2017.12.28-ны өдрөөс өмнө А-Ө ХК-ийн хувьцааг огт эзэмшиж байгаагүй бөгөөд хоорондоо нэгдмэл сонирхолтой буюу иргэн Ц.Баатарсайханы хоёр компани юм. Энэ шинж нь Компанийн тухай хуулийн 8 дугаар бүлэг “хувьцааны хяналтын багцыг худалдан авах”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хүсэлтэй этгээд нь энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээллэх замаар худалдан авах санал гаргана” гэж заасны дагуу нээлттэй хувьцаат компанийн хяналтын багц болон түүнээс дээш хувийн хувьцааг худалдан авах хүсэлтэй этгээд нь дангаараа аль эсвэл нэгдмэл сонирхол бүхий этгээдтэй хамтран хувьцаа худалдан авах гэж байгаа бол худалдан авах саналаа нийтэд мэдээлэх замаар санал гаргах үүргийг хуулиар хүлээдэг. Гэтэл энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, бусад хувьцаа эзэмшигч нарт болон Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид албан ёсоор мэдэгдэх үүргээ биелүүлэлгүйгээр хууль зөрчиж худалдан авах ажиллагаа зохион байгуулсан байтал анхан болон давж заалдах шатны шүүх үүсээд байгаа маргаан бүхий эрх зүйн харилцааг буруу тодорхойлсоноос шалтгаалж алдаатай илт үндэслэлгүй дүгнэлтэнд хүрч хэргийг шийдвэрлэсэн байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хувьцаат компанийн хувьцааг урьд нь огт эзэмшиж байгаагүй этгээдүүд урьдчилан тохиролцсоны үндсэн дээр анхнаасаа хяналтын багцаас дээш хэмжээний хувьцааг яг тэнцүү хэмжээгээр хувааж авахаар 2017.12.27-ны өдөр буюу арилжаанд оролцохоос нэг хоногийн өмнө урьдчилан шийдвэр гаргаж УБГ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хувьцааны тоо ширхэг, худалдан авах нэгж үнэ, зах зээлийн үнэ, хувь хэмжээ зэргийг урьдаар тохиролцож, улмаар маргааш өдөр нь 2 цагийн дотор нээлттэй хувьцаат компанийн хяналтын багцаас дээш хэмжээний хувьцааг хууль зөрчиж олж авсан. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ нэгдмэл сонирхолтой компаниуд нь тус тусдаа 19.93%-ийг худалдан авсан бөгөөд энэ нь хяналтын багцад хүрэхгүй байна гэж илтэд алдаатай дүгнэлт өгсөн. Худалдан авсан хувьцааны нийлбэрийг шалгуур болгоогүй. Харин давж заалдах шатны шүүх хариуцагч компаниуд нь анхнаасаа хяналтын багцаас дээш хэмжээний хувьцаа олж авах хүсэлтэй байсан гэдгийг баримтаар нотлоогүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт өгсөн байна. Учир нь хэргийн 71 дүгээр хуудсанд хариуцагч УБГ ХХК-ийн 2017.12.27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр авагдсан бөгөөд уг шийдвэр дээрээс анхнаасаа хяналтын багцаас дээш хэмжээний хувьцааг хоёр компани хувааж авах хүсэлтэй болох нь баримтаар тогтоогдсоор байтал нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь бодитойгоор үнэлээгүй болох нь харагдаж байна. УБГ ХХК-ийн 2017.12.27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь анхнаасаа хяналтын багц авах зорилгогүй байсан. Хяналтын багцын хэмжээнээс давсан болохыг сүүлд мэдсэн зэрэг хариуцагч нарын тайлбар бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан тайлбарт хөтлөгдөж улмаар алдаатай шийдвэр, магадлал гаргасан. Хууль хоорондын хэрэглээг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаас үзвэл уг заалт нь эрх олгосон буюу ерөнхий зохицуулалттай бөгөөд уг харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байдаг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 “...компанийн хувьцаа эзэмшигч дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран эсхул хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг бүхэлд нь, эсхүл хувьцааны хяналтын багцаас дээш хувийг худалдан авахаар сайн дурын үндсэн дээр санал гаргах” үүргийг хуулиар хүлээдэг. Энэхүү санал нь мэдэгдэл хэлбэртэй байх бөгөөд мэдэгдэлд юуг тусгах талаар Санхүүгийн зохицуулах хорооны 2015.05.20-ны өдрийн 239 дугаартай тогтоолоор батлагдсан "Хувьцаат компаниин хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-д маш тодорхой нарийвчлан зааж өгсөн байдаг. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8-д "Санал гаргагч нь хувьцаа худалдан авах саналыг нийтэд гаргахаас өмнө тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд энэ тухай мэдэгдэнэ гэж заасан байтал ямар ч мэдэгдэл, санал ирүүлээгүй хариуцагч нарын хууль зөрчсөн буруутай үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр саналын мэдэгдэл шаардлагагүй мэтээр ойлгомжгүй дүгнэлт өгсөн нь хууль хэрэглээний нэгдсэн ойлголт чиг баримжаагүй байгааг харуулж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компаниуд нь хоорондоо нэгдмэл сонирхолтой болох нь баримтаар буюу УБГ ХХК-ийн хэрэгт авагдсан дүрэм мөн УБГ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа мөн өөрсдийн тайлбараар нотлогддог боловч анхан болон давж заалдах шатны шүүх нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь мөн боловч тус тусдаа хувьцаа худалдан авах захиалга өгсөн нь хяналтын багц болон түүнээс дээш хувьцаа олж авахад чиглээгүй гэж илэрхий алдаатай дүгнэлт өгч хувьцаа олж авч байгаа этгээдүүдийн хүсэл зоригийг зөв тодорхойлж чадахгүй байна. Иймээс хариуцагч Таванбогд трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг мөн нотлох баримтаар шүүхийн журмаар хэрэгт авахуулах зайлшгүй шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодитой үүсээд байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйгээс алдаатай, илтэд үндэслэлгүй дүгнэлтийг өгсөн. Тухайлбал хариуцагч компаниуд нь А-Ө ХК-ийн хүвьцааг хууль зөрчиж худалдан авсан өдөр буюу 2017.12.27-ны өдрөөс өмнө их, бага хэмжээгээр ямар нэгэн байдлаар хувьцаа огт эзэмшиж байгаагүй буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан хувьцаа эзэмшдэггүй этгээдүүд юм. Хувьцаа эзэмшдэггүй нэгдмэл сонирхолтой этгээдүүд хамтарч хувьцаат компанийн хяналтын багцаас дээш хэмжээний хувьцааг хувааж авахаар урьдчилан тохиролцсон үйлдэл нь Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т шууд хамаарч байгаа буюу нийтэд мэдээлэх замаар хувьцаа худалдан авах санал гаргахыг, харин хувьцаа бага багаар худалдан авах замаар буюу өөрийн эзэмшлийн хувь хэмжээгээ нэмэгдүүлснээр хяналтын багц болон түүнээс дээш хувь хэмжээнд хүрсэн бол компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр санал гаргах хоорондоо ялгаатай онцлог зохицуулалтыг шүүх хооронд нь хольж хутгах, ялгаагүй ижил төстэй харилцаа мэтээр буруу тайлбарлаж алдаатай шийдвэр гаргасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд компанийн хуулийн хяналтын багц худалдан авахтай холбоотой, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох заалтыг хууль хэрэглээний түвшинд нэгдсэн зөв ойлголтгүй байх тул Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн хуулийн компани, аль эсвэл Компанийн засаглалын үндэсний зөвлөлийг тус хэрэг дээр шинжээчээр оролцуулах зайлшгүй шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодитой үүсээд байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

“БГ” ХХК нь “ТБТ” ХХК болон “УБГ” ХХК-д холбогдуулан тус компаниуд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “А-Ө” ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн, улмаар уг хувьцаа саналын эрхгүй болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

1. ”А-Ө” ХК нь нээлттэй буюу хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компани байна.

Нэхэмжлэгч “БГ” ХХК нь “А-Ө” ХК-ийн 69.654 ширхэг хувьцаа буюу компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 40 хувь эзэмшдэг, үйл ажиллагааг нь удирдаж, удирдлагын багийг сонгон ажиллаж байгаа нь тогтоогдсон тул Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “А-Ө” ХК нь “БГ” ХХК-ийн хараат компани байна.

Хариуцагч “ТБТ” ХХК нь хариуцагч “УБГ” ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 66.3 хувийг эзэмшдэг байх тул тус компани толгой компани, “УБГ” ХХК нь түүний охин компани байна.

Иймд “БГ” ХХК, “А-Ө” ХК-иуд, түүнчлэн “ТБТ” ХХК, “УБГ” ХХК-иудыг тус тус нэгдмэл сонирхол бүхий этгээд гэж үзэх нь Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.1.2, 6 дугаар зүйлийн 6.14-т заасантай нийцнэ.

2. Хэргийн баримт зохигчийн тайлбараас үзвэл “А-Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигч 3 гэр бүлийн 6 иргэн, өөрсдийн эзэмшдэг тухайлбал, Л.Цэцгээ 30.974 ширхэг, Ж.Сайнжаргал 3945 ширхэг, Д.Гончигдорж 140 ширхэг, Ч.Тогтохбаатар 22.059 ширхэг, М.Эрдэнэчимэг 8707 ширхэг, Д.Давааням 3599 ширхэг, нийтдээ 69.424 ширхэг хувьцааг нэг бүрийг 57.000 төгрөгөөр тус тус худалдахаар санал гаргаж, “Би Ди Сек ҮЦК” ХК-тай 2017 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд захиалгын гэрээ байгуулсан, энэ цаг хугацаанд “А-Ө” ХК-ийн нийт 34.712 ширхэг хувьцааг “ТБТ” ХХК, мөн тооны хувьцааг “УБГ” ХХК 1 бүрийг 57.000 төгрөгөөр худалдан авах санал гаргаж захиалгын гэрээг тус үнэт цаасны компанитай байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “ТБТ” ХХК, “УБГ” ХХК-иуд адил тоо, хэмжээтэй, ижил үнэ бүхий тус бүр 34.712 ширхэг буюу 19.93 хувийн хувьцааг худалдан авсан үйл баримт тогтоогджээ.

3. Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хяналтын багц гэж ойлгохыг Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан байна.

Компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хүсэлтэй этгээд нь Компанийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргах үүрэгтэйг Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т журамлажээ.

Компанийн хувьцааг худалдан авах саналыг, а.компанийн хувьцаа эзэмшигч дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран, эсхүл хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг бүхэлд нь, эсхүл хувьцааны хяналтын багцаас дээш хувийг худалдан авахаар сайн дурын үндсэн дээр, б.компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран худалдан авсан хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр гаргахыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2-т заасан байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх, хариуцагч “ТБТ” ХХК, “УБГ” ХХК-иуд нь “А-Ө” ХК-ийн тус бүр 34.712 ширхэг хувьцаа буюу 19.93 хувийг тусдаа гэрээ байгуулж худалдан авсан тул компанийн энгийн хувьцааны гуравны нэгд буюу хяналтын багцад хүрэхгүй, иймээс тухайн худалдан авсан арилжаа  Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д заасан “...нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргах” зохицуулалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний алдаатай байна.

Хариуцагч хоёр компани нь хувьцаа худалдан авах захиалгын гэрээг тусдаа байгуулсан хэдий ч “А-Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигч 3 гэр бүлийн 6 иргэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг, 28-ны өдрийн 8 цаг 30 минутад хувьцаагаа нэг бүрийг 57.000 төгрөгөөр худалдах саналыг үнэт цаасны арилжаа эрхлэгч “Би Ди Сек ҮЦК” ХК-д өгч захиалгын гэрээ байгуулсан, энэ цаг хугацаанд “А-Ө” ХК-ийн хувьцаа эзэмшдэггүй хариуцагч “ТБТ” ХХК, “УБГ” ХХК-иуд тухайн үнэт цаасны арилжаа эрхэлдэг компанид “А-Ө” ХК-ийн тус бүр 34.712 ширхэг хувьцааг нэг бүрийг 57.000 төгрөгөөр худалдан авах захиалгын гэрээг байгуулсан үйл баримт нь нэгдмэл сонирхол бүхий этгээд нэг цаг хугацаанд шийдвэр гаргаж, ижил хэмжээтэй хувьцааг, адил үнээр худалдан авах буюу “А-Ө” ХК-ийн хяналтын багцыг анхнаасаа худалдан авах хүсэл зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ ч утгаар тухайн компаниуд арилжаа хийгдсэний дараа Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор “А-Ө” ХК, Санхүүгийн зохицуулах хороонд 2018 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдөр буюу “А-Ө” ХК-ийн “хяналтын багц” буюу нийт энгийн хувьцааны 39.87 хувийг нэгдмэл сонирхлоор эзэмших болсноо мэдэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Иймд “ТБТ” ХХК, “УБГ” ХХК нь Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зөрчсөн, үүний улмаас тухайн худалдан авсан тус бүрийн 34.712 ширхэг буюу 19.39 хувийн хувьцаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар саналын эрхгүй байна.

Дээрх үндэслэлээр “БГ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо “ТБТ” ХХК, “УБГ” ХХК-иудын “А-Ө” ХК-ийн хувьцаа худалдан авсан үйлдлийг шалгаж, зөрчлийн хэргийн хэрэгсэхгүй болгосон нь шүүхээс маргааны үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийхэд саад болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар хариуцагч “ТБТ” ХХК, “УБГ” ХХК-д холбогдох “БГ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, “ТБТ” ХХК, “УБГ” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “А-Ө” ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн болох, улмаар худалдан авсан тус бүрийн 34.712 ширхэг буюу 19.93 хувийн хувьцаа саналын эрхгүй болохыг тус тус тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ