Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/01489

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/01489

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “З” ХЗХ

 

Хариуцагч: О.Т

 

Нэхэмжлэлийн шаардлага: 38 354 204 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч О.Т, хариуцагчийн өмгөөлөгч Э.У.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “З” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч О.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 354 204 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Хариуцагч О.Т 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “З” ХЗХ-той 45000138 дугаартай, барьцаат зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 11 587 683 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 11 587 683 төгрөг, 49 сарын хүүгийн төлбөр 12 491 521 төгрөг, нийт 24 079 204 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.2 Хариуцагч О.Т 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “З” ХЗХ-тай 46000224 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн. Тэрээр 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, 53 сарын хүүгийн төлбөрт 9 275 000 төгрөг, нийт 14 275 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие дээрх мөнгийг бодитоор аваагүй. Зээлийн буцаан төлөлт гэж хийж байгаагүй.

2.1 2011 онд манай хоршооны санхүүгийн тайлангаар 7 500 000 төгрөгийн зөрүү мөнгө гарсан. Уг мөнгийг хэн дутаасан, яагаад энэ дутагдах болсныг тогтоож чадаагүй. Тэр үед манай хоршоо Хас банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд Хас банкнаас зээлийн шалгалт орсон. Улмаар нэхэмжлэгч нь уг 7 500 000 төгрөгийг намайг зээл авсан мэтээр надтай гэрээ байгуулсан. Уг мөнгийг би бодитоор аваагүй. Улмаар миний бие жирэмсний амралтаа аваад 2014 оны 9 дүгээр сард ажилдаа ороход хүү, нэмэгдүүлсэн хүүтэйгээ нийлээд 15 000 000 төгрөг болсон байсан тул надтай уг 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дахин шинэчилж байгуулсан. Хас банкнаас зээлийн гэрээний биелэлт шалгах тул намайг 2 сар зээлийг эргэн төлөлт хийсэн мэт болгож, миний цалингаас суутгасан.

 

2.2 Мөн миний бие 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “З” ХЗХ-тай байгуулсан гэх 46000224 дугаартай зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөг аваагүй. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “З” Хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хавсралт, “З” ХЗХ-ны тодорхойлолт, өрхийн зээлийн өргөдөл, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45000138 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 46000224 дугаартай зээлийн гэрээ, дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, кассын тайлан, орлогын мэдүүлэг, кассын зарлагын ордер, зээл олголтын тайлан, зээлийн эргэн төлөлтийн тайлан, “З” ХЗХ-ны зээлийн хорооны хурлын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дугаар тогтоол, тэмдэглэл, кассын тайлан, зээлийн эргэн төлөлт, кассын орлого, зээл олголт, “З” ХЗХ-ны эрсдэлийн хорооны хурлын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар тогтоол, тэмдэглэл, гишүүнд элсэхийг хүссэн өргөдөл, гишүүний анкет, гишүүний 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 435 дугаар гэрээ, хувь нийлүүлсэн хөрөнгийн тайлан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас “З” ХЗХ-ны тэргүүлэгчдийн болон зээлийн хорооны гишүүдийн хурлын гэх 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл, “З” ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 11 дүгээр тогтоол, тэмдэглэл, “З” ХЗХ-ны дарга Г.Баасанжавд гаргасан гэх 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б.Н-гийн өргөдөл, нотлох баримтын шаардлага хангаагүй 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ч.Ц, Г.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Шүүхийн санаачилгаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас “З” ХЗХ-ны улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, тогтоол, гэрчилгээ, дүрмийн хуулбар, Б.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагааг тус тус цуглуулсан.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45000138 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 11 587 683 төгрөг, хүүгийн төлбөрт 12 491 521 төгрөг, нийт 24 079 204 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 46000224 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 9 275 000 төгрөг, нийт 14 275 000 төгрөг, бүгд 38 354 204 төгрөг гаргуулах.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Зээлийн гэрээг байгуулсан боловч зээлийг бодитоор шилжүүлж, аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “З” Хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хавсралт, “З” ХЗХ-ны тодорхойлолт, өрхийн зээлийн өргөдөл, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45000138 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 46000224 дугаартай зээлийн гэрээ, дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, кассын тайлан, орлогын мэдүүлэг, кассын зарлагын ордер, зээл олголтын тайлан, зээлийн эргэн төлөлтийн тайлан, “Зоосхүрд” ХЗХ-ны зээлийн хорооны хурлын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дугаар тогтоол, тэмдэглэл, кассын тайлан, зээлийн эргэн төлөлт, кассын орлого, зээл олголт, “З” ХЗХ-ны эрсдэлийн хорооны хурлын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар тогтоол, тэмдэглэл, гишүүнд элсэхийг хүссэн өргөдөл, гишүүний анкет, гишүүний 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 435 дугаар гэрээ, хувь нийлүүлсэн хөрөнгийн тайлан, “З” ХЗХ-ны тэргүүлэгчдийн болон зээлийн хорооны гишүүдийн хурлын гэх 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл, “З” ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 11 дүгээр тогтоол, тэмдэглэл, “З” ХЗХ-ны дарга Г.Баасанжавт гаргасан гэх 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б.Наранцэцэгийн өргөдөл, гэрч Ч.Цэцэгмаа, Г.Баасанжав нарын мэдүүлэг, “З” ХЗХ-ны улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, тогтоол, гэрчилгээ, дүрмийн хуулбар, Б.Наранцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хавтаст хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45000138 дугаартай, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 46000224 дугаартай зээлийн гэрээ авагдсан. 45000138 дугаартай зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 30 хоногийн 2.2 хувийн хүүтэй, хариуцагчид зээлүүлэх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар, 46000224 дугаартай зээлийн гэрээнд 5 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 30 хоногийн 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тус тус заасан байна. Талууд дээрх зээлийн гэрээг байгуулсан үйл баримт буюу зээлийн гэрээнд хэн аль нь гарын үсэг зурж, тэмдэг дарсан, байгуулсан талаар маргаагүй.

 

6. Маргааны зүйл нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид үндсэн зээлийг шилжүүлсэн буюу талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн эсэх нь маргааны зүйл болж байна.

 

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Түүнчлэн, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар мөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцож, талуудын хооронд гэрээний үүрэг үүсдэг.

 

7.1 Хадгаламж зээлийн хоршооны зээл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зохицуулалтад хамаарах бөгөөд мөн зүйлд болон гэрээнд зааснаар зээлдүүлэгч “З” ХЗХ нь зээл 15 000 000 төгрөг, мөн 5 000 000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлснээр гэрээний үүрэг талуудад үүсэж, гэрээ байгуулагдсанд тооцно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид зээл 15 000 000 төгрөг болон 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагчид гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэг тус тус үүснэ.

 

7.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээл 15 000 000 төгрөг болон 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээ, хариуцагч нь зээлийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй.

 

7.3 Хэрэгт авагдсан баримтаар дээрх 2 зээлийн гэрээнд хэдийгээр хариуцагч гарын үсэг зурсан байх боловч гэрээний зүйл болох 15 000 000 төгрөг болон 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хэрэгт “З” ХЗХ-ны 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн кассын зарлагын ордерт зээл 15 000 000 төгрөгийг хариуцагчид олгосон, хариуцагч нь хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурсан, мөн тус хоршооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23:00 огноотой зээл олголтын баримтаар зээл 5 000 000 төгрөгийг хариуцагчид олгосон, хариуцагч нь гүйлгээ хийсэн хэсэгт гарын үсэг зурсан байх боловч зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...хариуцагчийн өмнөх зээлүүдийг хааж, нэгтгэн 15 000 000 төгрөгийн болон 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан” гэх тайлбараар нэхэмжлэгч нь зээл 15 000 000 төгрөг болон 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотлох баримт болох тул нэхэмжлэгчийн уг тайлбар нь зээлийг хариуцагчид шилжүүлсэн гэх дээрх баримтыг үгүйсгэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөх зээлийг хааж, нэгтгэсэн буюу өмнөх үүргийг дуусгавар болгож шинээр үүрэг үүсгэсэн гэх тайлбараар баримтаар нотолж чадаагүй байхаас гадна энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

7.4 Нөгөөтээгүүр, зээлийн эргэн төлөлтийн талаарх хоршооны орлогын мэдүүлгүүд нь хариуцагчийг 46000224 дугаартай, 45000138 дугаартай зээлийн гэрээний дагуу мөнгийг буцаан төлж байсныг нотолж чадахгүй байна. Учир нь, уг баримтыг дээрх 2 гэрээний үүрэгтэй хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45000138 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 11 587 683 төгрөг, хүүгийн төлбөрт 12 491 521 төгрөг, нийт 24 079 204 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 46000224 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 9 275 000 төгрөг, нийт 14 275 000 төгрөг, бүгд 38 354 204 төгрөгийг шаардах эрхгүй байна.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох 38 354 204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч О.Т-д холбогдох,  38 354 204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “З” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН