Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01240

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01240

 

 

 

2022 07 01 210/МА2022/01240

 

Г ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/01489 дугаар шийдвэртэй

Г ХЗХ-ны нэхэмжлэлтэй О.Тд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 38,354,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунзориг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Д.Ариунзориг нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хариуцагч О.Т 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Г ХЗХ-той 45000138 дугаартай, барьцаат зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 11 587 683 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 11 587 683 төгрөг, 49 сарын хүүгийн төлбөр 12 491 521 төгрөг, нийт 24 079 204 төгрөгийг гаргуулна. Мөн хариуцагч О.Т 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Г ХЗХ-тай 46000224 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн. Тэрээр 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, 53 сарын хүүгийн төлбөрт 9 275 000 төгрөг, нийт 14 275 000 төгрөгийг нийт 38,354,204 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О.Т, түүний өмгөөлөгч Э.Уянга нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Миний бие дээрх мөнгийг бодитоор аваагүй. Зээлийн буцаан төлөлт гэж хийж байгаагүй. 2011 онд манай хоршооны санхүүгийн тайлангаар 7 500 000 төгрөгийн зөрүү мөнгө гарсан. Уг мөнгийг хэн дутаасан, яагаад энэ дутагдах болсныг тогтоож чадаагүй. Тэр үед манай хоршоо Хас банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд Хас банкнаас зээлийн шалгалт орсон. Улмаар нэхэмжлэгч нь уг 7 500 000 төгрөгийг намайг зээл авсан мэтээр надтай гэрээ байгуулсан. Уг мөнгийг би бодитоор аваагүй. Улмаар миний бие жирэмсний амралтаа аваад 2014 оны 9 дүгээр сард ажилдаа ороход хүү, нэмэгдүүлсэн хүүтэйгээ нийлээд 15 000 000 төгрөг болсон байсан тул надтай уг 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дахин шинэчилж байгуулсан. Хас банкнаас зээлийн гэрээний биелэлт шалгах тул намайг 2 сар зээлийг эргэн төлөлт хийсэн мэт болгож, миний цалингаас суутгасан. Мөн миний бие 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Г ХЗХ-той байгуулсан гэх 46000224 дугаартай зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөг аваагүй. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч О.Тд холбогдох, 38 354 204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн давж заалдах гомдлын агуулга: ... Манай Г ХЗХ хариуцагч О.Ттай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45000138 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу сарын 2.2%-ийн хүүтэй 15,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлүүлсэн. Мөн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дахин 46000224 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 3.5%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд дээрх зээлийн гэрээнүүд хэрэгт бусад нотлох баримтуудын хамтаар авагдсан. Хариуцагч О.Т нь тус ХЗХ-оос зээл авсан болон зээлээ эргэн төлж байсныг нотлох зээлдэгчийн хувийн хэрэг болох Г ХЗХ-ны тодорхойлолт, өрхийн зээлийн өргөдөл, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45000138 дугаартай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 46000224 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, барьцаа хөрөнгийн жагсаалт, орлогын мэдүүлэг, кассын зарлагын ордер, зээл олголтын тайлан, зээлийн эргэн төлөлтийн тайлан, Г ХЗХ-ны зээлийн хорооны хурлын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дугаар тогтоол, тус ХЗХ-ны эрсдэлийн хорооны хурлын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар тогтоол, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар зээл авсан болон зээлийн эргэн төлөлт зэргээр хангалттай нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид үндсэн зээлийг шилжүүлсэн буюу талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн эсэх нь эргэлзээтэй, гэрээний зүйл болох 15,000,000 төгрөг болон 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх ойлголтын зөрүүтэй үндэслэлээр хариуцагчид холбогдох 38,354,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч талаас гаргасан гомдол үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч Г ХЗХ нь О.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,354,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Г ХЗХ, О.Т нар 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 45000138 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 15,000,000 төгрөгийг, сарын 2,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 46000224 дугаар зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай байхаар тус тус тохиролцсон гэсэн бичгийн хэлцэл авагдсан байна. /хх.11-12/

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

6. Нэхэмжлэгч Г ХЗХ нь хариуцагч О.Тд зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөг болон 5,000,000 төгрөгийг бэлнээр буюу дансаар шилжүүлэн өгсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүхийн Г ХЗХ-ны тодорхойлолт, өрхийн зээлийн өргөдөл, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45000138 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, барьцаа хөрөнгийн жагсаалт, кассын тайлан, орлогын мэдүүлэг, кассын зарлагын ордер, Г ХЗХ-ны зээлийн хорооны хурлын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дугаар, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар тогтоолууд, тэмдэглэл, кассын тайлан, зээлийн эргэн төлөлт, кассын орлого, зээл олголт зэрэг баримтууд нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болохыг нотлохгүй талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. /хх.13-24/

7. Талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр хийж, хариуцагч О.Т гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг түүнд шилжүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх зээлийн гэрээг байгуулаагүй гэж дүгнэсэн нь буруу, уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

8. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул уг зээл, зээлийн хүү шаардах эрх үүсэхгүй талаар зөв дүгнэсэн байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч О.Тд холбогдох 38 354 204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХЗХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/01489 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО