Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2021/04402/И |
Дугаар | 102/ШШ2022/01660 |
Огноо | 2022-05-03 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2022/01660
2022 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2022/01660 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Т
Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль
Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зэргийн, үр дүнгийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл зэрэгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ө.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Т.О.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Хонгорзул.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Т нь хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зэргийн, үр дүнгийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл зэрэгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Тус сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар намайг албан тушаалаа ашиглан бусдаас мөнгө авч, хувьдаа завшсан болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон үндэслэлээр ажлаас халсныг зөвшөөрөхгүй.
1.1 Тус сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдэг “М” ХХК-ийн захирал С.М нь баярын мэнд хүргэе гэж 100 000 төгрөг өгсөн. Уг мөнгийг би хувьдаа завшаагаагүй. Авлигатай тэмцэх газраас надад хариуцлага тооцохыг манай байгууллагад мэдэгдсэн. Уг албан бичигт намайг ажлаас халах талаар заагаагүй.
1.2 Авлигатай тэмцэх газрын албан бичгийг зөвшөөрөхгүй. Мөн ажлаас халах асуудлаар журамд зааснаар захирлын зөвлөлийн хурал хуралдаагүй. Хариуцагч нь сүүлд хуралдсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж өгсөн. Шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгч хуралдаагүй талаар мэдүүлсэн. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хариуцдаг байсан бөгөөд уг хөтөлбөрийг зохион байгуулах комиссын даргаар ажиллах хугацаандаа “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “М” ХХК-ийн захирал С.Мартаас багш нарын баярын мэндчилгээ болгоорой гэж өгсөн 100 000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь эрх бүхий байгууллага болох Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/12120 дугаар албан бичгээр тогтоогдсон.
2.1 Нэхэмжлэгчийн гаргасан дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.9, 7.2.14-т заасан ноцтой зөрчилд тооцогдож байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой бусдаас тус сургуульд өгсөн 100 000 төгрөгийг хувьдаа завшсан зөрчил гаргасан. Энэхүү тушаал нь түүний гаргасан зөрчилд тохирсон, хуульд нийцсэн шийдвэр болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/98 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Хөдөлмөрийн гэрээ, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/1 дугаар албан бичиг, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/57 дугаар тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/98 дугаар тушаал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02-09-356//55 дугаар албан шаардлага, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-15/190 дугаар албан бичиг, тус сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/32 дугаар тушаал, мөн өдрийн А/37 дугаар тушаал, тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотоод журам шинэчлэн батлах хуралд оролцсон багш, ажилчдын нэрс, Нийслэлийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежер албан тушаалын тодорхойлолт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаал, хавсралт, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/34 дүгээр тушаал, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоол, хавсралт, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/55-А/10/9 дугаар тушаал, хавсралт, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар хурлын тэмдэглэл, тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын 3 дугаар тэмдэглэл, сургуулийн дүрэм, “Үдийн цай” хөтөлбөрийг зохион байгуулах комиссын ажлын төлөвлөгөө баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүх сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт, цалингийн карт, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ажилтанд үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох журам, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 437 дугаар тогтоолыг цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Багш нарын баярыг тохиолдуулан бусдаас өгсөн 100 000 төгрөгийг хувьдаа завшаагүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас халсныг зөвшөөрөхгүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зэргийн, үр дүнгийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл зэрэгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Нэхэмжлэгч нь ажил үүрэгтэйгээ холбоотой бусдаас 100 000 төгрөг авч хувьдаа завшсан. Энэ нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул түүний ажлаас халсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хөдөлмөрийн гэрээ, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/12120 дугаар албан бичиг, Нийслэлийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/57 дугаар тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/98 дугаар тушаал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02-09-356//55 дугаар албан шаардлага, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-15/190 дугаар албан бичиг, тус сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/32 дугаар тушаал, мөн өдрийн А/37 дугаар тушаал, тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотоод журам шинэчлэн батлах хуралд оролцсон багш, ажилчдын нэрс, Нийслэлийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежер албан тушаалын тодорхойлолт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаал, хавсралт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/34 дүгээр тушаал, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоол, хавсралт, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/55-А/10/9 дугаар тушаал, хавсралт, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар хурлын тэмдэглэл, тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын 3 дугаар тэмдэглэл, сургуулийн дүрэм, “Үдийн цай” хөтөлбөрийг зохион байгуулах комиссын ажлын төлөвлөгөө, тус сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт, цалингийн карт, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ажилтанд үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох журам, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 437 дугаар тогтоол нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд ажиллахаар талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.
6. Ажил олгогч буюу хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/12120 дугаар албан бичиг, Дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.10, 12.2.14, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.9, 7.2.14-т заасныг үндэслэн ажилтан Ө.Т-ийг албан тушаалаа ашиглан бусдаас мөнгө авч хувьдаа завшсан болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон зөрчил гаргасан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон цуцалжээ.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалын талаарх гомдлоо 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлээгүй байна.
8. Талууд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/98 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэхэд маргасан.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ дээрх зүйлд заасан “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэснийг үндэслэжээ.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ нөхцөлд зөрчил мөн тогтоогдсон байхыг шаардахаас гадна талууд хөдөлмөрийн гэрээгээр ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтооно.
11. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 7.2.9-д “Гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт олгогдсон тусгай эрх хэмжээ, боломж, эд хөрөнгийг өөрийн ба бусдын ашиг сонирхлоор урвуулан ашигласан, ажил үүргийг хувьдаа ашигтай болгох тохиролцоо хийсэн, ийнхүү тохиролцохыг гуравдагч этгээдээс шаардсан, өөртөө ба хэн нэгэнд давуу байдал бий болгох замаар бусдаас аливаа үйлчилгээ, хөнгөлөлт, бэлэг, мөнгөн болон мөнгөн бус шагнал, урамшуулал авсан” гэсэн, мөн зүйлийн 7.2.14-т “Ажилтан өөрийн гүйцэтгэж буй ажил, албан тушаалтай холбоотойгоор ёс зүйн болон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол” гэсэн нь ноцтой зөрчилд тооцогдохоор заажээ.
12. Хариуцагч нь нэхэмжлэгчийн тус сургуульд “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаас “багш нарын баярт зориулан сургуулийн хамт олонд өгсөн 100 000 төгрөгийг хүлээн авч, хувьдаа зарцуулсан” гэх үйл баримтыг “албан тушаалаа ашиглан бусдаас мөнгө авч хувьдаа завшсан болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон” гэж үзэн, нэхэмжлэгчийн уг үйлдлийг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах гэрээний 7.2.9, 7.2.14-т заасан зөрчилд тооцон, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
13. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/12120 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаас “багш нарын баярт зориулан сургуулийн хамт олонд өгсөн 100 000 төгрөгийг хүлээн авч, хувьдаа зарцуулсан” нь “Үдийн цай” хөтөлбөрийг зохион байгуулах комиссын даргаар томилогдон ажиллаж байх ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4.5, 4.5-д заасныг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгчид хариуцлага тооцохыг хариуцагчид мэдэгдсэн байна. Түүнчлэн, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 437 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаас багш нарын баярт зориулан сургуулийн хамт олонд өгсөн 100 000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг зөрчсөн байх боловч “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаас нэхэмжлэгчид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан аливаа чиг үүрэг хэрэгжүүлэх, шийдвэр гаргуулах зорилгоор 100 000 төгрөг өгөөгүй, нэхэмжлэгч нь тухайн байгууллагатай холбоотой албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд 100 000 төгрөгийг аваагүй, хамтран ажилладаг байгууллагын хувьд Монголын багш нарын баярыг тохиолдуулан мэндчилгээ, хүндэтгэл үзүүлсэн, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд прокурорын тогтоол хүчин төгөлдөр байна.
14. Ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаас багш нарын баярт зориулан сургуулийн хамт олонд өгсөн 100 000 төгрөгийг хүлээн авч, хувьдаа зарцуулсан гэх үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.9-д заасан ноцтой зөрчилд хамааруулсан нь үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй ямар ажил үүрэг болон албан тушаал, мөн өөрт олгогдсон ямар тусгай эрх хэмжээ, боломж, эд хөрөнгийг өөрийн ба хэний ашиг сонирхлоор урвуулан ашигласан нь, мөн ямар ажил үүргийг хувьдаа ашигтай болгохоор ямар тохиролцоо хийсэн нь, ийнхүү тохиролцохыг гуравдагч этгээд хэнээс шаардсан нь, өөртөө ба хэнд давуу байдал бий болгох замаар хэнээс ямар үйлчилгээ, хөнгөлөлт, бэлэг, мөнгөн болон мөнгөн бус шагнал, урамшуулал авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.9-д хамааруулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
15. Түүнчлэн, нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг эрх бүхий байгууллагаас түүний гүйцэтгэж буй ажил, албан тушаалтай нь холбоотой гэж үзэн, ёс зүйн зөрчилд, гэмт хэрэгт, зөрчилд тооцож, тогтоосон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
16. Нөгөөтээгүүр, ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь эрх зүйн баримт бичгийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ нэхэмжлэгчийг гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл энэ талаарх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд нийцсэн байхыг шаарддаг. Гэтэл тушаалд нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан талаар тодорхой дурдаагүй атлаа хариуцагч нь түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн мэтгэлцсэн нь үндэслэл бүхий болж чадахгүй байна.
17. Иймд хариуцагч нь тушаалын хууль зүйн үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байх тул уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад нийцсэн гэж үзэх боломжгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.
19. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар нэхэмжлэгчийн үндсэн цалинг сарын 934 899 төгрөгөөр тогтоосон байна. Мөн ажил олгогчийн зүгээс уг үндсэн цалин дээр сар бүр зэргийн нэмэгдэл 93 490 төгрөг, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 233 725 төгрөг, нийт 1 262 114 төгрөгийн цалин хөлс сар бүр олгож байсан байх бөгөөд дээрх нэмэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлсөнд хамаарна.
20. Шүүх нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний ажилгүй байсан хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл гэж тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6 809 432 төгрөг /1 262 114 төгрөг \ 21.5 өдөр = нэг өдрийн 58 702 төгрөг * ажилгүй байсан 116 өдөр, нийт 6 809 432 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
21. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.
22. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 809 432 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Т-ийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиас 6 809 432 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Т-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Т-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123 901 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН