Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2022/00625

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х. Хаяг:Баян-Өлгий аймаг, Ц  сум 5 дугаар баг

 

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төв, Хаяг:Баян-Өлгий аймаг, Ц  сумын 5 дугаар баг

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчид холбогдуулан тус төвийн ерөнхий эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Х нь Баян-Өлгий аймгийн Ц  сумын 5-р багийн бага эмчээр 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 дахь жилдээ ажиллаж байгаа болно. Тэрээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байгаа, тангараг өргөж, иргэдийн эрүү мэндийн төлөө ажиллаж байгаа эмч бөгөөд, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно.

1.2 Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х д ямар ч шалтгаангүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Х нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй тул ажил олгогчийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнд сахилгын шийтгэл ногдуулах үед хуульд зааснаар тайлбар аваагүй, зөрчлийг нь шалгаж тогтоогоогүй бөгөөд хэн нэгэнд ямар нэгэн хохирол учраагүй байхад бусдын амь насыг эрсдүүлсэн мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй болжээ. Ямар учраас Х -аас арга хэмжээ авч байгаагаа нь тайлбарлаж өгөөгүй байна.

1.3 Үйлчлүүлэгч буюу өвчтөн өөрөө тухайн үед хайнга хандсаны улмаас өвчин нь хүндэрсэн байна. Өвчтөн би өөрөө аймгийн төв рүү явж хугарсан хөлдөө хадаас тавиулахгүй гэж байхад бага эмч Х нь түүнийг албадан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэнэ гэж албадах эрхгүй. Тухайн үйлчлүүлэгч энэ асуудлын улмаас хэн нэгэнд гомдолгүй байгаа.

1.4 Нэхэмжлэгч Хөдөлмөрийн дотоод журамд заасан ямар зөрчлийг гаргасан болохыг хариуцагч тайлбарлан өгч чадахгүй байна. Нэхэмжлэгч өмнө ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж ажил олгогчийн тушаалыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулж байсан. Ажил олгогч энэ удаа нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчид дээрх асуудлаар өс хонзон санаж байсантай холбоотой гэж үзэж байна.

1.5 Нэхэмжлэгч Х нь сумын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах гэсэн боловч одоогоор сумын маргаан таслах комисс байгуулагдаагүй тул шууд шүүхэд гомдол гаргаж байгаа болно.

1.6 Иймд Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн  ерөнхий эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 0 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ө ийн тайлбар, татгалзал:

2.1 Тус аймгийн Ц  сумын 5 дугаар багийн өвчтөн халтирч унаад дунд чөмөг хугарсан. Тухайн үед тус багийн бага эмч Х нь дуудлагаар очиж өвчтөнийг үзсэн. Дунд чөмөг хугарсан өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж рентген зураг авхуулаад гипс тавиулсан бол нэг сарын дараа өвчтөн бүрэн эдгэрэх боломжтой байсан. Гэтэл багийн бага эмч Х хугарсан хөлийг нь хөдөлгөөнгүй болгож боолт тавьж гэрт нь үлдээсэн. Үүнээс болж тухайн өвчтөний хөлийн хугарсан дунд чөмөг зөрж эдгэрсэн ба байнгын зовуурьтай байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт очсон.

2.2 Аймгийн Нэгдсэн эмнэлэгт арга хэмжээ авах боломжгүй хугацаа хожимдсон, хугарсан хөл идээлсэн, хүндэрсэн тул Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж удаан хугацаагаар эмчлүүлсэн. Дараа нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дахиж хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөнийг хүндрүүлж стандартад заагдаагүй эмчилгээ хийсэн тул тухайн арга хэмжээг авсан болно.

2.3 Мэргэжлийн сургууль төгссөн мэргэжлийн бага эмч сүүлийн үеийн технологи оношилгоо, шинжилгээнд тулгуурлан эмчилгээ, арга хэмжээ авах байтал батлагдаагүй ардын эмчилгээний аргаар /оточ/ өвчтөнд эмчилгээ хийлгэж эрүүл мэндэд нь туршилт хийж эрүүл мэндийг нь хохироосон тул сануулах арга хэмжээ тооцсон.

2.4 Нэхэмжлэгч Ц  сумын 5 дугаар багийн бага эмчээр ажилладаг. Тус баг 1800 гаруй хүн амтай ба хүүхдийн эндэгдэл олон удаа гарч байсан.  Өвчтөн эмнэлгийн тусламж авахаас татгалзсан ч гэсэн эмч энэ талаар эмнэлэгт мэдэгдэх ёстой. 21 дүгээр зуунд шинжлэх ухаан хөгжиж, нотолгоонд суурилсан шинэ эмчилгээний арга замууд нээгдсэн. Эмнэлгийн ажилтнууд дэвшилтэд эмчилгээнүүдийг нэвтрүүлж ажиллах ёстой. Магадлан итгэмжлэгдсэн сургууль төгссөн, лиценз авсан эмч хүн стандартын дагуу эмчилгээгээ хийх ёстой. 19 дүгээр зууны эмчилгээг 21 дүгээр зуунд эмчилгээ хийсэн мэтээр тайлбарлаж болохгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Н т олгосон итгэмжлэл, Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай тушаал болон хөдөлмөрийн гэрээ, Баян-Өлгий аймгийн Ц  сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ж , У  нарын казахаар бичсэн гэх гарын баримт зэрэг нотлох баримтуудыг,

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/112 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, Ц  сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, , Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Ө ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х д ямар ч шалтгаангүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Х нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй тул ажил олгогчийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнд сахилгын шийтгэл ногдуулах үед хуульд зааснаар тайлбар аваагүй, зөрчлийг нь шалгаж тогтоогоогүй бөгөөд хэн нэгэнд ямар нэгэн хохирол учраагүй байхад бусдын амь насыг эрсдүүлсэн мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй болжээ. Ямар учраас Х -аас арга хэмжээ авч байгааг нь тайлбарлаж өгөөгүй байна гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч тус аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ө  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:

Үүнд: Тус аймгийн Ц  сумын 5 дугаар багийн өвчтөн халтирч унаад дунд чөмөг хугарсан. Тухайн үед тус багийн бага эмч Х нь дуудлагаар очиж өвчтөнийг үзсэн. Дунд чөмөг хугарсан өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж рентген зураг авхуулаад гипс тавиулсан бол нэг сарын дараа өвчтөн бүрэн эдгэрэх боломжтой байсан. Гэтэл багийн бага эмч Х хугарсан хөлийг нь хөдөлгөөнгүй болгож ардын эмчилгээний аргаар /оточ/ тавьж гэрт нь үлдээсэн. Үүнээс болж тухайн өвчтөний хөлийн хугарсан дунд чөмөг зөрж эдгэрсэн ба байнгын зовуурьтай байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт арга хэмжээ авах боломжгүй хугацаа хожимдсон, хугарсан хөл идээлсэн, хүндэрсэн тул Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж удаан хугацаагаар эмчлүүлсэн.  Өвчтөнийг хүндрүүлж стандартад заагдаагүй эмчилгээ хийсэн тул сахилгын арга хэмжээг авсан  гэж маргажээ.

 

4.Маргааны үйл баримт болон хууль зүйн үндэслэлийн талаар шүүхээс хийсэн  дүгнэлт:

4.1 Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Ө  нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус сумын 5-р багийн бага эмч Х д сахилгын шийтгэл ногдуулах тухай 13 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь заалт, байгууллагын дотоод журмын 11.2.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Хөл хугарсан үйлчлүүлэгчийн хөлийг рентген зураг авхуулаагүй дур мэдэн стандартад заагдаагүй эмчилгээ хийж, боолт хийснээс болж тухайн үйлчлэгчийг эрүүл мэндээр хохироох, ам нас эрсдэх нөхцөл бүрдүүлсэн тул 5-р багийн бага эмч Х д нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байжээ. /Хавтаст хэргийн 4 дэх тал/

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж хуульчилжээ.

4.2 Хавтаст хэрэгт авагдсан ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Ө  болон ажилтан тус сумын 5 дугаар багийн бага эмч Х нарын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.1 дэх хэсэгт эрхлэх ажил, албан тушаалын нэр: “Багийн баг эмч”, 1.7 дахь хэсэгт Гүйцэтгэх үндсэн үүрэг: “энэхүү гэрээний 1.1-д дурдсан албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргүүдийг гүйцэтгэнэ /албан тушаалын тодорхойлолт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна/”, гэж талууд харилцан тохиролцсон байх ба хариуцагчаас багийн баг эмч ямар ажил үүрэг гүйцэтгэх эсэх талаарх албан тушаалын тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч Х нь албан тушаалын тодорхойлолтод заасан хөл хугарсан үйлчлэгчид анхан шатны ямар тусламжийг үзүүлээгүй эсэхийг нь тодорхойлох боломжгүй байна. /Хавтаст хэргийн 5-8 дугаар тал /

4.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд 5 төрлийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ.

4.4 Гэтэл мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч Х д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь мэдэгдэж, түүнээс тайлбар авсан эсэх талаарх бичгийн нотлох баримтыг хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно.

4.5 Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх хэсэгт “ Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ...хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын заавар, дүрэм, оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн харилцаанд ажилтны хүлээх үүргийг тодорхойлсон эрх зүйн бусад актыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж үзэж, дараах журмаар сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны 7.1.3 дахь хэсэгт “шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзах” 7.1.5 дахь хэсэгт” ямар хэлбэрийн шийтгэл ногдуулснаа ажилтанд мэдэгдэж, энэ тухай тушаалын хуулбарыг өгөх”, 7.1.7 дахь хэсэгт “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримтыг үндэслэн, зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтанд уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан боловч ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Ө  нь ажилтан Х д гаргасан гэх зөрчлийн талаар танилцуулж, түүнээс нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхийг олгосон эсэх талаарх бичгийн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг ажил олгогч зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

5.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хөл нь хугарсан үйлчлүүлэгч Б.У гийн амбулаторийн эмчлүүлэгчдийн картыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг картад анхан шатны эмчилгээ нь стандартад заагдаагүй эмчилгээ хийгдсэнээс болж тухайн үйлчлүүлэгчийг эрүүл мэндээр хохироосон, амь нас эрсдэх нөхцөл бүрдүүлсэн эсэх талаарх зүйл бичигдээгүй байгаа тул уг хөл нь хугарсан үйлчлүүлэгч Б.У гийн амбулаторийн эмчлүүлэгчдийн картыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

6.Ажил олгогчийн ажилтан Х д сахилгын шийтгэл ногдуулсан 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалд байгууллагын дотоод журмын 11.2.1.1 дэх заалтыг үндэслэн, уг заалт нь өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл байсан ба тушаалын нэг дэх заалтад ажилтан Х д нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай  бичигдсэн байх тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчээс ажилтанд хаалттай эсхүл нээлттэй сануулах сахилгын шийтгэлийн алийг нь ногдуулсан эсэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтад зааснаар ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна.

7.Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Х нь хөл нь хугарсан үйлчлүүлэгч Б.У д хугарсан хөлд нь боолт хийж өгч анхан шатны тусламж үзүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчаас  нэхэмжлэгч  Х “хөл нь хугарсан үйлчлүүлэгчид стандартад заагдаагүй эмчилгээ болох оточ хийж буруу эмчлүүлснээс болж хугарсан дунд чөмөг нь зөрж эдгэрч байнга зовуурьтай байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгээс арга хэмжээ авах боломжгүй хугацаа хожимдсон, хугарсан хөл нь идээлсэн, хүндэрсэн гэсэн үндэслэлээр Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон” гэж маргаж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Х нь дунд чөмөг нь хугарсан үйлчлүүлэгчийн хөлд оточ хийсэн эсэх, анхан шатны тусламж буруу хийгдсэн эсэх зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

8.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц  сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЖАРХЫНГҮЛ