Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2022/00089

 

Х.Х-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, тус шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2022/00625 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *****оршин суух Н овогт Х.Х-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төв /дарга К.Ө /-д холбогдох,

Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагчийн төлөөлөгч К.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Х.Х нь Баян-Өлгий аймгийн Ц сумын ** дугаар багийн бага эмчээр 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэрээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж, тангараг өргөж, иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч бөгөөд, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

1.2. Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Х-нд ямар ч шалтгаангүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Х.Х нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй тул ажил олгогчийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнд сахилгын шийтгэл ногдуулах үед хуульд зааснаар тайлбар аваагүй, зөрчлийг нь шалгаж тогтоогоогүй бөгөөд хэн нэгэнд ямар нэгэн хохирол учраагүй байхад бусдын амь насыг эрсдүүлсэн мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Ямар учраас Х.Х-аас арга хэмжээ авч байгаагаа нь тайлбарлаж өгөөгүй.

1.3. Үйлчлүүлэгч буюу өвчтөн өөрөө тухайн үед хайнга хандсаны улмаас өвчин нь хүндэрсэн байна. Өвчтөн би өөрөө аймгийн төв рүү явж хугарсан хөлдөө хадаас тавиулахгүй гэж байхад бага эмч Х.Х нь түүнийг албадан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэнэ гэж албадах эрхгүй. Тухайн үйлчлүүлэгч энэ асуудлын улмаас хэн нэгэнд гомдолгүй байгаа.

1.4 Нэхэмжлэгч Хөдөлмөрийн дотоод журамд заасан ямар зөрчлийг гаргасан болохыг хариуцагч тайлбарлан өгч чадахгүй байна. Нэхэмжлэгч өмнө нь ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж ажил олгогчийн тушаалыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулж байсан. Ажил олгогч энэ удаа нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчид дээрх асуудлаар өс хонзон санаж байсантай холбоотой гэж үзэж байна.

1.5 Нэхэмжлэгч Х.Х нь сумын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах гэсэн боловч одоогоор сумын маргаан таслах комисс байгуулагдаагүй тул шууд шүүхэд гомдол гаргаж байгаа болно.

1.6 Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 13 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1.Тус аймгийн Ц сумын ** дугаар багийн өвчтөн халтирч унаад дунд чөмөг хугарсан. Тухайн үед тус багийн бага эмч Х.Х  нь дуудлагаар очиж өвчтөнийг үзсэн. Дунд чөмөг хугарсан өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж рентген зураг авхуулаад гипс тавиулсан бол нэг сарын дараа өвчтөн бүрэн эдгэрэх боломжтой байсан. Гэтэл багийн бага эмч Х.Х хугарсан хөлийг нь хөдөлгөөнгүй болгож боолт тавьж гэрт нь үлдээсэн. Үүнээс болж тухайн өвчтөний хөлийн хугарсан дунд чөмөг зөрж эдгэрсэн ба байнгын зовуурьтай байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт очсон.

2.2 Аймгийн Нэгдсэн эмнэлэгт арга хэмжээ авах боломжгүй хугацаа хожимдсон, хугарсан хөл идээлсэн, хүндэрсэн тул Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж удаан хугацаагаар эмчлүүлсэн. Дараа нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дахиж хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөнийг хүндрүүлж стандартад заагдаагүй эмчилгээ хийсэн тул тухайн арга хэмжээг авсан.

2.3 Мэргэжлийн сургууль төгссөн мэргэжлийн бага эмч сүүлийн үеийн технологи оношилгоо, шинжилгээнд тулгуурлан эмчилгээ, арга хэмжээ авах байтал батлагдаагүй ардын эмчилгээний аргаар /оточ/ өвчтөнд эмчилгээ хийлгэж эрүүл мэндэд нь туршилт хийж эрүүл мэндийг нь хохироосон тул сануулах арга хэмжээ тооцсон.

2.4 Нэхэмжлэгч Ц сумын ** дугаар багийн бага эмчээр ажилладаг. Тус баг 1800 гаруй хүн амтай ба хүүхдийн эндэгдэл олон удаа гарч байсан. Өвчтөн эмнэлгийн тусламж авахаас татгалзсан ч гэсэн эмч энэ талаар эмнэлэгт мэдэгдэх ёстой. 21 дүгээр зуунд шинжлэх ухаан хөгжиж, нотолгоонд суурилсан шинэ эмчилгээний арга замууд нээгдсэн. Эмнэлгийн ажилтнууд дэвшилтэд эмчилгээнүүдийг нэвтрүүлж ажиллах ёстой. Магадлан итгэмжлэгдсэн сургууль төгссөн, лиценз авсан эмч хүн стандартын дагуу эмчилгээгээ хийх ёстой. 19 дүгээр зууны эмчилгээг 21 дүгээр зуунд эмчилгээ хийсэн мэтээр тайлбарлаж болохгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2022/00625 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх Х.Х-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, болж өнгөрсөн нөхцөл байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хариуцлага алдсан нэхэмжлэгч Х.Х-ийн үйлдэл зөв мэтээр буруу шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

4.2. Нэхэмжлэгч Х.Х нь Ц сумын ** дугаар багийн өвчтөн Б.У  гэрт очиж үзэхэд уг өвчтөний хөл нь хугарсан байжээ.Х.Х нь өвчтөн Б.У  хугарсан хөлийг хөдөлгөөнгүй болгож, боолт тавьж гэрт нь үлдээсэн зөрчил гаргасан. Хүн эмнэлгийн дүрэм, журам ёсоор аливаа хүний эмч бол хөл нь хугарсан өвчтөнд цаг алдалгүй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэх арга хэмжээг шуурхай авч, нарийн мэргэжлийн буюу гэмтлийн эмч нарт үзүүлж шаардлагатай арга хэмжээ авхуулах үүрэгтэй. Ингээд хүний бага эмч Х.Х нь хөл нь хугарсан өвчтөнд эмнэлгийн үйлчилгээг тухайн үед буруу үзүүлсний улмаас уг өвчтөний өвчин даамжирч улмаар нь Улаанбаатар хот хүртэл очиж эмчлүүлж маш их зардал чирэгдэл гарсан. Тухайн үед өвчтөн Б.У  хүний бага эмч Х.Х нь надад эмнэлгийн үйлчилгээг зөв үзүүлээгүй, намайг худлаа үг хэлж тайвшруулсан, түүнд ажлын хариуцлага тооцож өгөхийг хүсэж амаар гомдол мэдүүлсэн. Чухам уг асуудалд тус багийн хүний бага эмч Х.Х нь ажлын хариуцлага алдсан тул түүнд сахилгын арга хэмжээ ногдуулсан. Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай тушаал хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

4.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2022/00625 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож,Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч К.Ө миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалснаар шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллагын даргын хэлж, тайлбарлаж буй зөрчил гээд байгаа зүйл тогтоогдоогүй. Тэрээр өвчтөний ар гэрийн хүмүүс өвчтөнд таяг авах, халамжаас тэтгэмж авах зэрэг асуудлаар өөрт нь ирэхэд өвчтөний тухай мэдсэн, үүний дараа ажилтнаас арга хэмжээ авсан тухай тайлбарладаг.

5.2. Болсон үйл явцын тухай тайлбарлахад хөдөө ууланд амьдардаг, малчин хүн хөлөө хугалсан тухай дуудлага өгөхөд сувилагч ажилтай Х.Х очсон. Ингээд очиж үзлэг хийхэд отчоор хөлөө боолгуулсан, аймаг, сумын төвд байрлах эмнэлэгт очихгүй, уламжлалт аргаар эмчилгээ хийлгэнэ хэмээн сумын төвд байрлах эмнэлэгт очихоос өвчтөн өөрөө татгалзсан. Ингээд дуудлагын дагуу очсон боловч өвчтөн буцаасан учир нэхэмжлэгчХ.Х буцаад явсан. Нэхэмжлэгч Х.Х тухайн эмчилгээг хийсэн, отчийг авчирч өвчтөний хөлийг болгуулсан мэтээр хариуцагч тал тайлбарлаж байна. Гэтэл бодит байдалд тийм зүйл болоогүй бөгөөд уг тайлбар нь үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгч Х.Хгийн хувьд сувилагч мэргэжилтэй, сувилагч ажилтай хүн бөгөөд бага эмч, сувилагчийн хийх ёстой үүргээ гүйцэтгэсэн. Харин хариуцагчийн хэлж байгаачлан эмчилгээ хийх, 21 дүгээр зууны тоног, төхөөрөмжийг ашиглах эрх бүхий этгээд биш. Мөн зөөврийн тоног төхөөрөмж сум байтугай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ч байхгүй.

5.4. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тогтоогоогүй, мөн ямар нэгэн хохирол, гомдол гараагүй, энэ тухай тогтоосон баримт байхгүй.  Хөлөө хугалсан гэж байгаа өвчтөний хувьд “Би Х.Хд ямар нэгэн гомдолгүй. Отчоор эмчилгээ хийлгэж хөл маань эдгэрэх байх гэж найдсан, сувилагчХ.Х буруу эмчилгээ хийгээгүй, би өөрөө эмнэлэгт явахаас татгалзсан” хэмээх гарын бичвэрээ шүүхэд гаргаж өгсөн.

5.5. Мөн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахад Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн талаар тайлбар авч, тогтоосон байх ёстой. Ажилтан гаргасан зөрчлийг хэзээ, хаана, ямар гарсан зөрчил бэ гэдгийг тогтоож байж шийтгэлээ хуулийн дагуу оногдуулах ёстой. Энд ажилтан ямар үүргээ зөрчсөн буюу хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын ямар заалтыг зөрчсөн нь тодорхой бус байна. Гэтэл хариуцагчийн хэлж байгаачлан цаашид ийнхүү асуудал гаргахаас сэргийлсэн, ажилтнаа чадваржуулж байна гэж гаргасан тайлбар нь үндэслэлгүй.

5.6. Өмнө хариуцагч нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас нь халж байсан боловч нэхэмжлэгчХ.Х шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр явсны эцэст ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч талын зүгээс өмнөх явдалд өс санаж, шалтгаангүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан гэж харж байна. Энд улс төр, намын үзэл бодол гаргасан асуудал мөн бий. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

            6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

 

7. Нэхэмжлэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчид холбогдуулан 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Нэхэмжлэгч Х.Х нь сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “...Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Х-д ямар ч шалтгаангүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Х.Х нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй тул ажил олгогчийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнд сахилгын шийтгэл ногдуулах үед хуульд зааснаар тайлбар аваагүй, зөрчлийг нь шалгаж тогтоогоогүй бөгөөд хэн нэгэнд ямар нэгэн хохирол учраагүй байхад бусдын амь насыг эрсдүүлсэн мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Ямар учраас Х.Х-оос арга хэмжээ авч байгааг нь тайлбарлаж өгөөгүй байна. гэж тайлбарлажээ.

 

9. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “...Тус аймгийн Ц сумын ** дугаар багийн өвчтөн халтирч унаад дунд чөмөг нь хугарсан. Тухайн үед тус багийн бага эмч Х.Х нь дуудлагаар очиж өвчтөнийг үзсэн. Дунд чөмөг хугарсан өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж рентген зураг авхуулаад гипс тавиулсан бол нэг сарын дараа өвчтөн бүрэн эдгэрэх боломжтой байсан. Гэтэл багийн бага эмч Х.Х хугарсан хөлийг нь хөдөлгөөнгүй болгож ардын эмчилгээний аргаар /оточ/ тавьж гэрт нь үлдээсэн. Үүнээс болж тухайн өвчтөний хөлийн хугарсан дунд чөмөг зөрж эдгэрсэн ба байнгын зовуурьтай байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт арга хэмжээ авах боломжгүй хугацаа хожимдсон, хугарсан хөл идээлсэн, хүндэрсэн тул Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж удаан хугацаагаар эмчлүүлсэн. Өвчтөнийг хүндрүүлж стандартад заагдаагүй эмчилгээ хийсэн тул сахилгын арга хэмжээг авсан... гэж шүүхэд маргасан байна.

 

            10. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн  2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар “** багийн бага эмч Х.Х-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь заалт, байгууллагын дотоод журмын 11.2.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хөл хугарсан үйлчлүүлэгчийн хөлийг рентген зураг авхуулаагүй дур мэдэн стандартад заагдаагүй эмчилгээ хийж, боолт хийснээс болж тухайн үйлчлүүлэгчийг эрүүл мэндээр нь хохироох, амь нас эрсдэх нөхцөл бүрдүүлсэн тул 5 дугаар багийн бага эмч Х.Х-д нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

           

    11. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн  2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалаар тус сумын ** дугаар багийн эмч Х.Х нь хөл хугарсан үйлчлүүлэгчийн хөлийг рентген зураг авхуулаагүй дур мэдэн стандартад заагдаагүй эмчилгээ хийж, боолт хийснээс болж тухайн үйлчлүүлэгчийг эрүүл мэндээр хохироох, амь нас эрсдэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж түүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч дунд чөмөг нь хугарсан ** дугаар багийн иргэн Б.У Ц сумын  ** дугаар багийн бага эмч Х.Х нь дуудлагаар очихдоо анхан шатны ямар тусламж үзүүлэх, эмчлэх талаар бага эмчийн ажил байдлын тодорхойлолтгүй, ** дугаар багийн бага эмч Х.Х нь ямар сахилгын зөрчил гаргасан нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.

 12. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж хуульчилжээ. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч Х.Хд сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй, нэхэмжлэгч Х.Х нь хэзээ, хаана, ямар сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримтгүй байхад ажилтан  нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг зөрчжээ. Энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

13. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчимд нийцсэн байна.

 

14. Хариуцагчаас “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, өнгөрсөн нөхцөл байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хариуцлага алдсан Х.Хгийн үйлдэл зөв мэтээр буруу шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. 13 дугаартай тушаал  хууль зөрчөөгүй гэж үзэж байна.” гэж давж заалдах гомдол гаргажээ.

 

 15. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэлтэй зөв тайлбарлаж, нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” журамд нийцжээ

 

16.  Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                       

                   

                       ШҮҮГЧ                                                             Д.КӨБЕШ