Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01793

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01793

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК

 

Хариуцагч: “Н” ХХК

 

12 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Хонгорзул

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 12 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 “Б” ХХК нь “Н” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2015/09/18/1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Н” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 6 дүгээр хороо, ХМК-ийн 46А, 46Б, 46В дугаар байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажлыг хийж гүйцэтгэх, “Б” ХХК нь ажлын хөлсөнд 243 880 000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

 

1.2 “Н” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн замд хагарал, суулт үүсэж доголдол илэрсэн учир “Н” ХХК-ийн удирдлагуудад удаа дараа засварлахыг мэдэгдсэн боловч засварлаж өгөөгүй. Мөн “Н” ХХК нь зам барих тусгай зөвшөөрөлгүй болохыг мэдсэн учир тусгай зөвшөөрөл бүхий “Эвт” ХХК-тай гэрээ байгуулан 12 000 000 төгрөгөөр эвдрэл бүхий замын засварыг хийлгэсэн.

 

1.3 “Н” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зам барилгын ажлыг доголдолтой болохыг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Автозамын хяналтын ахлах байцаагч Д.Дуламрагчаагийн шинжээчийн дүгнэлтээр тус хотхоны баруун талын бохир усны шугамын трассын дагуу суулт өгсөн байна. Иймд зам талбай гүйцэтгэсэн баталгаат хугацаандаа шугамын трассын дагуу нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх нь зүйтэй гэж доголдолтой болохыг тогтоосон. Иймд “Н” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг засварласан 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Н” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэлд дурдсан ажлыг 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгч, улсын комисс ажиллаж мөн хүлээн авсан. Гэтэл ажлыг хүлээн авснаас хойш 7 жилийн дараа, шинжээчийн дүгнэлт гарснаас хойш 4 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

2.1 “Н” ХХК нь чанар стандартын шаардлага хангасан ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Харин гэрээний төлбөрөө 100 хувь авч чадаагүй хохирч тус компани манай компанийн төлбөрийг н.Баярмагнай гэх хувь хүнд шилжүүлснээс болж өнөөдрийг хүртэл энэ замын ажлыг хийсэн төлбөрийн үлдэгдлээ гуравдагч этгээд нарт өгч чадахгүй нөхцөл байдалтай тулгарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18-03/01 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2018/138 дугаартай тусгай зөвшөөрөл, “Б” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 24/10 дугаар, мөн өдрийн 24/11 дугаар албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2015/09/18/1 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2018/05539 дугаар захирамж, 2018 оны 7 дугаар сарын 01/2018 дугаартай шинжээчийн дүгнэлт, хяналт судалгаа шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн асфальтбетон хольцын дээжийн шинжилгээний дүн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00189 дугаар тогтоол баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч шүүхэд баримт гаргаж өгөөгүй.

 

5. Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 781 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/00620 дугаар шийдвэр нотлох баримтыг цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил баталгаат хугацаанд эвдэрч муудсан. Чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон. Энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч засан сайжруулаагүй тул уг доголдлыг бусдаар гүйцэтгүүлж, 12 000 000 төгрөгийн зардал гарсан. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Чанарын шаардлага хангасан ажлыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18-03/01 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2018/138 дугаартай тусгай зөвшөөрөл, “Б” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 24/10 дугаар, мөн өдрийн 24/11 дугаар албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2015/09/18/1 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2018/05539 дугаар захирамж, 2018 оны 7 дугаар сарын 01/2018 дугаартай шинжээчийн дүгнэлт, хяналт судалгаа шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн асфальтбетон хольцын дээжийн шинжилгээний дүн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00189 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 781 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/00620 дугаар шийдвэр нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2015/09/18/1 дугаартай “Улаанбаатар хот СХД-ийн 6-р хороо, ХМК-ийн 46А, 46Б, 46В-р байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний дагуу хариуцагч нь СХД-ийн 6-р хороо, ХМК-ийн 46А, 46Б, 46В-р байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 243 880 000 төгрөгөөр харилцан тохиролцсон нь гэрээ болон талуудын тайлбар, мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/00620 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 781 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00189 дүгээр тогтоолоор тус тус нотлогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дахин нотлох шаардлагагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Маргааны зүйл нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил нь баталгаат хугацаанд биет байдлын доголдол илэрсэн, үүнийг нэхэмжлэгч нь бусдаар засан сайжруулсан зардал буюу хохирол болж байна. 

 

7. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно. Түүнчлэн, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.

 

8. Гэрээний 4.2-т хариуцагч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажилдаа 3 жилийн баталгаа өгсөн байх бөгөөд уг хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хариуцагч засварлах үүргийг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний 5.2-т “гэрээт ажлын хугацаа ажил эхэлснээс хойш ажлын 15 хоног байх бөгөөд гэрээ зурагдсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан байх бөгөөд талууд уг гэрээний хугацаанд хариуцагч ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй. Иймд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацаа болох 3 жил 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болж байна.

 

9. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанарын доголдлыг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 01/2018 дугаартай шинжээчийн дүгнэлт баримтаар илрүүлсэн гэх бөгөөд хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т “Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх гомдлын шаардлага гаргах хугацааг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар 3 жил гэж тооцно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болж байна.

 

10. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-т зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. Иймд нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа дуусах 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацааг тооцвол түүний гэрээний үүргийн талаар хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж байх бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

11. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанарын доголдолтой гэдгийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 01/2018 дугаартай шинжээчийн дүгнэлт гэх баримтад үндэслэсэн бөгөөд уг доголдлыг арилгуулахаар “Эвт” ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 18-03/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг 12 000 000 төгрөгөөр “Эвт” ХХК-иар буюу бусдаар хийж гүйцэтгүүлэн, 12 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон.

 

12. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчлэх бөгөөд мөн зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.

 

13. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал хамаарна.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдол болон уг доголдлыг арилгахад гарсан зардал буюу хохирлоо нотлох үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч болон “Эвт-Уул” ХХК нарын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 18-03/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгчид 12 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг чанарын доголдолтой гэж үзэх үндэслэл 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 01/2018 дугаартай шинжээчийн дүгнэлт гэх баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, доголдлыг арилгуулахаар нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан гэх дээрх гэрээ, мөн гэрээний 5.1-д ажлын хөлс 12 000 000 төгрөг гэж заасан нь доголдлыг арилгуулахаар 12 000 000 төгрөгийн бодит хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас хохирол 12 000 000 төгрөгийг шаардах үндэслэлгүй байна.

 

15. Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

16. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-д холбогдох, 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН