Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01310

 

 

 

 

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01793 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ХХК-ийн хариуцагч Н- ХХК-д холбогдуулан гаргасан, ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардалд 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэртөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б- ХХК нь Н- ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Н- ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 6 дүгээр хороо, ХМК-ийн 46А, 46Б, 46В дугаар байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажлыг хийж гүйцэтгэх, Б- ХХК нь ажлын хөлсөнд 243,880,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Н- ХХК-ийн хийж гүйцэтгэсэн замд хагарал, суулт үүсэж доголдол илэрсэн учир Н- ХХК-ийн удирдлагуудад удаа дараа засварлахыг мэдэгдсэн боловч засварлаж өгөөгүй. Мөн Н- ХХК нь зам барих тусгай зөвшөөрөлгүй болохыг мэдсэн учир тусгай зөвшөөрөл бүхий Эвт уул ХХК-тай гэрээ байгуулан 12,000,000 төгрөгөөр эвдрэл бүхий замын засварыг хийлгэсэн. Н- ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зам барилгын ажлыг доголдолтой болохыг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр автозамын хяналтын ахлах байцаагч Д.Дуламрагчаагийн шинжээчийн дүгнэлтээр тус хотхоны баруун талын бохир усны шугамын трассын дагуу суулт өгсөн байна. Иймд зам талбай гүйцэтгэсэн баталгаат хугацаандаа шугамын трассын дагуу нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх нь зүйтэй гэж доголдолтой болохыг тогтоосон. Иймд Н- ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг засварласан 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Н- ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэлд дурдсан ажлыг 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгч, улсын комисс ажиллаж мөн хүлээн авсан. Гэтэл ажлыг хүлээн авснаас хойш 7 жилийн дараа, шинжээчийн дүгнэлт гарснаас хойш 4 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Н- ХХК нь чанар стандартын шаардлага хангасан ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Харин гэрээний төлбөрөө 100 хувь авч чадаагүй хохирч тус компани манай компанийн төлбөрийг Н.Баярмагнай гэх хувь хүнд шилжүүлснээс болж өнөөдрийг хүртэл энэ замын ажлыг хийсэн төлбөрийн үлдэгдлээ гуравдагч этгээд нарт өгч чадахгүй нөхцөл байдалтай тулгарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н- ХХК-д холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус шийдвэрээр хариуцагч Н- ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажилд нь доголдол учирсан байна гэж дүгнэсэн. Нэгэнт доголдол үүссэн бол учирсан хохирлыг арилгах ёстой. Манай компанийн зүгээс энэ доголдол бүхий эвдрэл гэмтлийг засаж өгөхийг хариуцагч талд удаа дараа мэдэгдсэн, өөрсдөө засахыг санал болгосон байхад засаагүй тул арга буюу өөр компаниар засуулсан. Ингээд манай компани 1 ажлыг хоёр дахин хийлгэж төлбөрийг төлж хохирсон. Хариуцагч энэ ажил дахин хийлгэсэн талаар маш сайн мэдэж байсан. Ийм байхад нэхэмжлэлээ нотлоогүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Манай компани нь Б- ХХК-ийн ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгасан. Төлбөрийн хувьд Б- ХХК-тай маргаан үүсэж 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Манай компанийн хувьд 100,000,000 гаруй төгрөгийн нэхэмжлэл гаргахад, шүүх 10,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Б- ХХК-аас худал мэдүүлж, зохиомлоор энэхүү хэргийг үүсгэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараагаар П.Бадам эгч надтай холбогдож 10,000,000 төгрөгийг хувааж авъя, тэгэхгүй гэвэл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж цаг хугацааг чинь алдагдуулна гэж надад хэлсэн. Иймд өнөөдрийг хүртэл цаг хугацаа хожих зорилготой бид нарыг хохироож байгаад гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Н- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал гэх 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Н- ХХК нь барилгын асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Б- ХХК нь ажлын хөлсөнд 243,880,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, дээрх гэрээний ажлын хөлстэй холбоотой маргааныг 3 шатны шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 29-34, 60-72-р тал/

 

4.а.Мөн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна. Нэхэмжлэгч Б- ХХК нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгахад гарсан зардлыг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

4.б.Хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/2018 дугаар шинжээчийн дүгнэлтэд ... баруун талын бохир усны шугамын трассын дагуу суулт өгсөн байгаа нь шугамын дээд талын хэсгийн нягтруулалтыг хангалтгүй хийснээс болж суулт өгсөн байна. Иймд зам талбай гүйцэтгэсэн баталгаат хугацаандаа шугамын трассын дагуу нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх нь зүйтэй. гэжээ. /хх-ийн 18-р тал/

 

4.в.Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Н- ХХК-ийн гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь доголдлыг арилгуулахаар Эвт-Уул ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 18-03/01 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 12,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэжээ. /хх-ийн 6-р тал/

 

4.г.Дээрх гэрээний 1.2-т ... байрны баруун талд орших автозогсоолын засварын эвдэрсэн хэсгийн 210 м.кв талбайн засварын ажил ... гэсэн нь шинжээчийн дүгнэлтэд заасан ажил, үйлчилгээнээс зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчиийн дүгнэлтэд бохир усны шугамын дээд талын хэсгийн нягтруулалтыг хангалтгүй хийсэн талаар дүгнэсэн байхад нэхэмжлэгч Б- ХХК нь автозогсоолын засварын эвдэрсэн хэсгийг засварлуулах-аар Эвт-Уул ХХК-тай гэрээ байгуулсан гэж үзэхээр байх тул хариуцагч Н- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой шууд хамааруулан дүгнэх боломжгүй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч Б- ХХК нь Эвт-Уул ХХК-тай 12,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг төлсөн гэх баримт мөн хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ