Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/02067

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/02067

                           Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.У,

 

Хариуцагч: Ж.Э,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 35 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гэрч Л.Б.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Хонгорзул.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Ж.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Л.Б нь 2019 онд “...өөрийн охин Ж.Э нь цагаан хоолны зоогийн газар байгуулах гэж байгаа. Түрээслэх талбай бэлэн. БНХАУ-аас хоолны газрын зориулалттай тоног төхөөрөмжүүдээ бүрэн худалдаж авна, ...надад охин маань бизнесээ эхлүүлэх гэсэн боловч санхүүгийн хүндрэл учраад байна. Банкнаас зээл авах гэсэн боловч барьцаа хөрөнгөгүй, анх удаа бизнес эрхлэх гэж байгаа” гээд “...зээл олдохгүй байна, боломжтой бол миний охин Ж.Э уулзаад авах гэж байгаа зээлийн асуудал, эрхлэх гэж байгаа цагаан хоолны бизнесийн талаар сонсоод зээл олж өгөөч” гэж гуйсан.

 

1.2 Ж.Э уулзаж, надаас мөнгө зээлүүл ямар эх үүсвэрээр төлөх гэж байгаа талаар ярилцсан. Ж.Э нь “...богино хугацаанд авсан зээлээ төлнө, явуулах гэж байгаа цагаан хоолны газрын бизнес нь үр өгөөж сайтай, байрлал ч сайн ашиг орлого олох бүрэн боломжтой” гэж удаа дараа утсаар холбогдон хэлж, зээл авахыг хүссэн. Мөн “...3 сарын хугацаанд зээлийг төлнө, мөн нэмээд олсон ашгаасаа хувь өгнө” гэх зэргээр зээл авах хэрэгцээ шаардлага байгаагаа хэлсэн тул түүнд итгэж 35 000 000 төгрөг зээлүүлсэн.

 

1.3 Тохиролцсоны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 32 600 000 төгрөгийг бэлнээр Ж.Э акт үйлдэн хүлээлгэж өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус бэлэн бусаар Ж.Э-ийн банкин дахь данс руу шилжүүлсэн.

 

1.4 Гэвч Ж.Э нь 35 600 000 төгрөгийг зээлж авснаас хойш нэг ч удаагийн зээлийн төлөлт хийгээгүй, харилцан тохиролцсон үүргээ зөрчсөөр өнөөдрийг үрсэн.

 

1.5 Иймд зээлдэгч Ж.Э-ээс зээл 35 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ж.Э-тийн ээж Л.Б ресторан ажиллуулах санал гаргасан. Улмаар нэхэмжлэгч нь Л.Б-тэй хамтран ажиллахаар амаар хэлэлцэн тохиролцож, түүнд 35 600 000 төгрөг өгсөн.

 

2.1 Хариуцагчийн хувьд 35 600 000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваад Л.Б-д өгсөн. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтогдоогүй. Уг мөнгийг Л.Б нь аваад рестораныг  тохижуулах, засал чимэглэлээ хийх, тоног төхөөрөмж авахад зарцуулсан. Түүнчлэн, хариуцагч тухайн маргаанд хариуцвал зохих этгээд биш. Өөрөөр хэлбэл, тэрээр мөнгийг нэхэмжлэгчээс аваад Л.Баянгэрэлд өгсөн. Харин нэхэмжлэгч болон Л.Б нарын хооронд хамтран ажиллах хэлцэл байгуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 32 600 000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны мемориалын баримт, Голомт банкны дансны хуулга баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Л.Б-ээс гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчид зээл 32 600 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бэлнээр, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бэлэн бусаар 2 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бэлэн бусаар 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүрэгт нийт 35 600 000 төгрөг гаргуулах.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч нь Л.Б-тэй хамтран ажиллахаар тохирч, өөрийн хувь болох 35 600 000 төгрөгийг Л.Б-д өгөхдөө түүний төрсөн охин Ж.Энэрэлтээр дамжуулж өгсөн. Хариуцагч нь хариуцвал зохих этгээд биш.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 32 600 000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт, Хаан банк дахь Г.У 5028458000 дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн мемориалын баримт, Голомт банк дахь Г.Уранчимэгийн 1165119 дугаар дансны хуулга нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 32 600 000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 35 600 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч уг 35 600 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талууд маргаагүй.

 

6. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу хариуцагч нь зээл 35 600 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн эсэх нь маргааны зүйл болж байна.

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгчид хэлэлцэн тохиролцсон мөнгийг шилжүүлснээ, харин зээлдэгч нь мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгснөө тус тус нотлох үүрэгтэй.  

 

8. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Түүнчлэн, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2-т зааснаар  хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, мөн хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон тохиолдолд хэлцлийг хийсэн гэж үзнэ.

 

9. Хэрэгт авагдсан “Г.У нь 2019 оны 11 сарын 15-д Ж.Э-д 32 600 000 төгрөгийг шилжүүлж өгөв” гэх нотлох баримт болон Голомт банк дахь Г.У-гийн 1165119830 дугаар дансны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1 000 000 төгрөгийн зарлага, мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2 000 000 төгрөгийн зарлагад Whitetara zasvariin zardal8 Enerelt гэж тус тус тусгасан, мөг гэрчийн “...миний бие Г.Уранчимэгтэй Whitetara рестораныг хамтран ажиллуулахаар тохиролцож, Г.Уранчимэгээс 35 600 000 төгрөгийг рестораны засварын зардалд шилжүүлсэн” гэх мэдүүлэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдийгээр хариуцагчид дээрх мөнгийг шилжүүлсэн боловч уг үйл баримтаар талуудын хооронд хэлцлийн дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлын үндэслэлийн агуулга нь хариуцагчтай хэлцэл байгуулсан буюу хэлэлцэн тохиролцсон агуулгыг агуулаагүй байхаас гадна “Г.У нь 2019 оны 11 сарын 15-д Ж.Э-д 32 600 000 төгрөгийг шилжүүлж өгөв” гэх баримт болон нэхэмжлэгчээс хариуцагчид 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрх үүсэх үндэслэл болж чадахгүй байна. Талуудын хооронд мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл дээрх баримтаар, мөн уг маргаанд хариуцагчийг үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тус тус  тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь 35 600 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Э-д холбогдох 35 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.У-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН