Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02154

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02154

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э

 

Хариуцагч: Н.Б

 

Хариуцагч: Б.А

 

Хариуцагч: Ж.Х

 

Хариуцагч: Б.О

 

Хариуцагч: Б.С

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ү.А

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ж.Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.А, Ж.Х, Б.О, Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Н.Б өмгөөлөгч Б.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ү.А итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Э.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Хонгорзул.

 

Хариуцагч Н.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Н.Б, Б.А, Ж.Хэрлэнчимэг, Б.О, Б.С  нарт холбогдуулан тэдний хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Миний бие 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ү.А, Ж.Э нартай газар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэгж талбарын 1600701488 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 гудамж, 1Б тоот хаягт байршилтай, 482 м.кв газрыг 20 000 000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл тухайн газрыг хариуцагч нар өмчилж байгаа үндэслэлээр газрыг чөлөөлж өгөөгүй.

 

1.2 Ж.Э нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар газар өмчлөх эрхийг олж авсан. Хариуцагч нар түүний дараа 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Н.Б-ийгийн  гэрчилгээнд заасан нэгж талбарын дугаарыг Ж.Э болон Ц.Э-ын нэгж талбарын дугаараас өөрөөр бичсэнээс болж давхацсан гэж үзэж байна. 2004 оны 10  дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар 18639312877311 гэсэн нэгж талбарын дугаараар анхны өмчлөгч Ж.Э, Ү.А нар бөгөөд тэдний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэж байсан. Уг нэгж талбарын дугаар Ж.Э-оос Ц.Э руу шилжихдээ 16701488 гэсэн дугаараар солигдсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 тогтоолоор тухайн нэгж талбарын дугаар дахь газрын хаяг өөрчлөгдсөн. Түүнээс болж нэгж талбар болон хэмжих нэгжийн дугаар нь хуучин нэгж талбарын дугаараар өөрчлөгдсөн. Тиймээс нэгж талбарын дугаараар давхардаж газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Нэгж талбарын дугаар өөр мэт харагдаж байгаа боловч нэг газар дээр 2 гэрчилгээ олгогдсон.

 

1.3 Газрын анхны өмчлөгч Ж.Э, Ү.А нар байсан. Иймд нэхэмжлэгчийн хувьд газрыг хууль ёсоор эзэмшиж байсан анхны өмчлөгч Ж.Э, Ү.А нараас хууль ёсны хүчин төгөлдөр гэрээгээр худалдаж авсан тул нэхэмжлэгч нь уг газрын хууль ёсны өмчлөгч болно.

 

1.4 Хариуцагч нарын газар өмчлөх эрх нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр. Иймд Иргэний  хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 84.3, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.Бат-Өлзий хариу тайлбартаа: Уг газрыг би хүүхдүүдийн хамт хамтран өмчилдөг. Улсын бүртгэлтэй 18639312877311 дугаарт бидний өмчлөлд бүртгэлтэй байгаа. Бид газар хуваарилдаг, гэрчилгээ бичиж өгдөг хүмүүс нь биш бөгөөд хууль дүрмийн дагуу газрыг эзэмших, өмчлөх эрхийг олж авсан. Хэрэв газар давхцуулан олгосон бол буруутай албан тушаалтнууд хариуцах ёстой. Иймд бид хууль ёсны дагуу өмчилж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Б.А, Ж.Х, Б.О, Б.С нар хариу тайлбартаа: Тухай газрыг бид эцэг Н.Б хамт 2007 оноос хууль ёсны дагуу өмчилж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ү.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э тайлбартаа: Тухайн газар нь миний өмчлөлд байсан бөгөөд 2004 онд Н.Бат-Өлзийн хүсэлтээр түүнийг уг газарт түр амьдруулж байсан. Улмаар миний бие уг газрыг 2019 онд нэхэмжлэгчид худалдсан. Гэтэл уг газрын өмчлөх эрх хариуцагч нарын нэр дээр бүртгэлтэй байсан. Миний бие Н.Бат-Өлзийд уг газрын худалдаагүй байхад өмчлөх эрхийн гэрчилгээ түүнд олгогдсонд гайхаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс 000387940 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, гэрэл зураг, кадастрын зураг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0083 дугаар шийдвэр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Хариуцагч нараас 000020052 дугаар гэрчилгээ, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, хариуцагч нарын эд хөрөнгөтэй эсэх талаарх 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн лавлагаа, гэрэл зураг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр З.Болдыг гэрчээр асуусан. 

 

8. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлтээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Баянгол дүүргийн газрын алба, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн Г-2205001566 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1600701488 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 гудамж, 1Б тоот хаягт байршилтай, 482 м.кв газрын түүхчилсэн лавлагаа, холбогдох баримтыг, Нийслэлийн засаг даргын тамгын газраас Нийслэлийн засаг даргын 2005 оны 74 дүгээр, 487 дугаар захирамж болон холбогдох баримтыг бүрдүүлж, газрын давхардлын талаар шинжээч томилсон, гэрчээр Л.Гүндэгмааг асуусан.

 

9. Шүүх Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас улсын бүртгэлийн Г-2205001566 дугаарт бүртгэлтэй, 1600701488 нэгж талбарын дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 гудамж, 1Б тоот хаягт байршилтай, 482 м.кв газрын түүхчилсэн лавлагаа, холбогдох баримтыг, улсын бүртгэлийн Г-2205002865 дугаар бүртгэлтэй, нэгж талбарын 18639312877311 дугаартай,Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 гудамж, 1В тоот хаягт байршилтай, 482 м.кв газрын түүхчилсэн лавлагаа, холбогдох баримтыг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2020/6127 дугаар захирамж, мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0083 дугаар шийдвэр, шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/3429 дугаар албан бичгийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ү.Амаржаргал, Ж.Эрдэнэноров нараас улсын бүртгэлийн Г-2205001566 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1600701488 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1Б тоот хаягт байршилтай, 482 м.кв газрыг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл уг газар дээр хариуцагч нар улсын бүртгэлийн Г-2205002865 дугаар бүртгэлтэй, нэгж талбарын 18639312877311 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1В тоот хаягт байршилтай, 482 м.кв газрын өмчлөх эрхийг бүргүүлсэн нь хууль бус тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс уг газрыг чөлөөлүүлэх.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Бид хууль ёсны дагуу уг газрыг өмчилж авсан. Төрийн эрх бүхий байгууллага давхардуулж өмчлөх эрхийг бүртгэсэнд хариуцагч нар буруугүй тул хариуцагч нарыг хууль бус эзэмшигч гэж үзэхгүй.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нэхэмжлэлийг дэмжиж оролцсон.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улсын бүртгэлийн Г-2205001566 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1600701488 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1Б тоот хаягт байршилтай, 482 м.кв газрын 000387940 дугаар гэрчилгээ, Улсын бүртгэлийн Г-2205002865 дугаар бүртгэлтэй, нэгж талбарын 18639312877311 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1В тоот хаягт байршилтай, 482 м.кв газрын 00020052 дугаар гэрчилгээ, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, хариуцагч Б.Амарзаяа, Н.Бат-Өлзий, Ж.Хэрлэнчимэг нарын эд хөрөнгөтэй эсэх 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дэлгэрэнгүй лавлагаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2/2663 дугаар, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3/1675 дугаар албан бичиг, хавсаргасан баримт, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/3251 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/96 дугаар, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 12/2711 дугаар албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1493 дугаар, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1169 дүгээр албан бичиг, хавсаргасан баримт, гэрэл зураг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04-02/5969 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/6409 дугаар албан бичиг, хавсаргасан баримт, шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамж, 1 дүгээр хавсралт, гэрч Л.Гүндэгмаа, З.Болд нарын мэдүүлэг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 7/5523 дугаар албан бичиг, хавсралт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2020/6127 дугаар захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/3429 дугаар албан бичиг, мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0083 дугаар шийдвэр зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ү.А, Ж.Э нарт Зүүн наран 16 дугаар гудамж, 1 тоот хаягт байршилтай, 482.13 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн. Улмаар Ү.А, Ж.Эрдэнэ нар нь уг газрыг улсын бүртгэлийн байгууллагад 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрсдийн өмчлөлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаснаар уг газрыг нэгж талбарын 18639312877311 дугаартай, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1Б тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар улсын бүртгэлийн Г-2205001566 дугаар бүртгэж, тэдэнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

 

6. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар арын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 10 дугаар хороог хувааж, 22 дугаар хороог шинээр байгуулснаар дээрх газар нь Баянгол дүүргийн 22 дугаар хороонд харьяалагдаж, 18639312877 дугаар нэгж талбар нь 1600701 дугаар болж өөрчлөгдсөн байна.

 

7. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаар захирамжаар хариуцагч нарт Зүүн наран 16 дугаар гудамж, 1 тоот хаягт байршилтай, 482.13 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн. Улмаар хариуцагч нар нь уг газрыг улсын бүртгэлийн байгууллагад 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрсдийн өмчлөлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаснаар уг газрыг нэгж талбарын 18639312877 дугаартай, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1В тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар улсын бүртгэлийн Г-2205002865 дугаар бүртгэж, хариуцагч нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ү.А, Ж.Э нар нь нэгж талбарын 16007018 дугаартай, улсын бүртгэлийн Г-22050015 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/, Зүүн наран 16 дугаар гудамж, 1Б тоот хаягт байршилтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нэхэмжлэгчид 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлснээр тухайн газар нь нэхэмжлэгчийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй байна.

 

9. Талууд нэгж талбарын 16007014 дугаартай, улсын бүртгэлийн Г-2205001 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1Б тоот хаягт байршилтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь нэгж талбарын 18639312877 дугаартай, улсын бүртгэлийн Г-2205002 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1В тоот хаягт байршилтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газартай давхацсан нь шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0083 дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар газрын давхцалын талаарх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Түүнчлэн, талууд газар давхацсан үйл баримтын талаар маргаагүй.

 

10. Талууд хэн аль нь дээрх газрыг хууль ёсны дагуу өмлөх эрхтэй эсэх нь маргааны зүйл болж байна.

 

11. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлага гаргаж буй этгээд өөрөө тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, өмчлөх эрхийг зөрчиж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмших, ашиглах буюу шаардлага гаргаж буй этгээдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нь тогтоогдсон байхыг шаардана.

 

12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 00 дугаар шийдвэрээр Ц.Эн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Б.А, Ж.Х, Б.Одзаяа, Б.С, Н.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Б.А, Ж.Х, Б.О, Б.С, Н.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0083 дугаар шийдвэрээр нэгж талбарын 1600701488 дугаартай, улсын бүртгэлийн Г-2205001 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1Б тоот хаягт байршилтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон нэгж талбарын 18639312877311 дугаартай, улсын бүртгэлийн Г-2205002865 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1В тоот хаягт байршилтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь давхацсан байхаас гадна “...Зүүн нарангийн 16-1в гэсэн хаягаар, түүнд хавсаргасан кадастрын зургаар 1в гэж тэмдэглэсэн байх бөгөөд анхнаасаа уг газарт 1в гэсэн хаяг огт байхгүй, Ц.Энхбатын худалдаж авсан газартай давхардсан байсан”, “...одоогийн Зүүн нарангийн 16-р гудамж, 1б тоот хаягийг гуравдагч этгээд өөрөө нэрлэн төрийн байгууллагад хаджээ” гэж дүгнэсэн байна.

 

14. Иймд дээрх нотлох баримт болон шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг хариуцагч нарын хувьд тухайн газрын хууль бус өмчлөгч гэж үзэх нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид тухайн газрыг өмчлөх эрх нь худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн, энэ талаарх улсын бүртгэл хүчинтэй байх тул нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч гэж үзэхээр байна. Харин хариуцагч нарт тухайн газрыг өмчлөх эрх нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр үүссэн байх боловч шүүхийн шийдвэрээр уг шийдвэрийг хүчингүй болгосон байхаас гадна хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрсдийгөө тухайн газрын хууль ёсны өмчлөгч гэх татгалзлаа баримтаар нотолж чадахгүй байна. Иймд хариуцагч нарыг тухайн газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 

15. Талуудын шүүхэд гаргасан тайлбараар маргаан бүхий газар нь хариуцагч нарын эзэмшилд байгаа нь тогтоогдож байна.

 

16. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь маргааны зүйл болж буй газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нар нь газрыг чөлөөлөх үүрэгтэй.

 

17. Иймд дээрх үндэслэлээр улсын бүртгэлийн Г-2205001566 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1600701488 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1б тоот хаягт байршилтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Г-22050016 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 16007014 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1б тоот хаягт байршилтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Н.Б, Б.А, Ж.Х, Б.О, Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН