Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01430

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/02154 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Э ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б , Б.А, Ж.Х , Б.О , Б.С нарт холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.Б гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бум-Аюуш, хариуцагч Б.А, Ж.Х , Б.О , Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Н.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, гуравдагч этгээд Ү.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ү.А , Ж.Э нартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэгж талбарын 1600701488 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 гудамж, 1Б тоот хаягт байршилтай, 482 м.кв газрыг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан. Энэхүү гэрээнд үндэслэж мөн өдрөө тус газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000387940 дугаартай гэрчилгээ олгогдсон. Ж.Э нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй болсон. Дээрх газар нь 2014 онд 18639312877311 тоот нэгж талбарын дугаартай байсан бөгөөд хожим Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 тоот тогтоолоор нэгж талбарын дугаарыг 1600701488 тоот гэж өөрчилсөн. Хариуцагч нар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар газар өмчлөх эрхтэй болсон байх бөгөөд уг өмчлөх эрхээ улсын бүртгэлд 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлснээр гэрчилгээг авсан байна. Н.Б гийн нэр дээрх Газар өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан нэгж талбарын дугаар нь Ж.Э болон Ц.Э ын нэгж талбарын дугаараас өөрөөр бичсэнээс болж давхацсан гэж үзэж байна. Хариуцагч нарын газар өмчлөх эрх нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.3, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.Б гийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь маргаан бүхий газрыг би хүүхдийнхээ хамт өмчилдөг бөгөөд нийт 5 хүний өмч юм. Улсын бүртгэлийн Г-2205002865 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18639312877311 дугаартай газар юм. Бид газар хуваарилдаг, гэрчилгээ бичдэг хүмүүс биш. Монгол Улсын бусад иргэдийн нэгэн адил хууль, дүрэмд зааснаар энэ газрыг эзэмших, өмчлөх эрхтэй болсон. Хэрэв газар давхцуулан олгосон бол буруутай албан тушаалтнууд хариуцах ёстой. Иймд бид нар уг газрыг хууль ёсны дагуу өмчилж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Б.А, Ж.Х , Б.О , Б.С нарын гаргасан хариу тайлбарын агуулга: Тухайн газрыг бид эцэг Н.Б гийн хамт 2007 оноос хойш хууль ёсны дагуу өмчилж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Ү.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э ын гаргасан хариу тайлбарын агуулга: Тухайн газар нь миний өмчлөлд байсан бөгөөд 2004 онд Н.Б гийн хүсэлтээр түүнийг уг газарт түр амьдруулж байсан. 2019 онд нэхэмжлэгчид худалдсан. Гэтэл уг газрын өмчлөх эрх хариуцагч нарын нэр дээр бүртгэлтэй байсан. Н.Б д уг газрын худалдаагүй байхад өмчлөх эрхийн гэрчилгээ түүнд олгогдсонд гайхаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Г-2205001566 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1600701488 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 1б тоот хаягт байршилтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Н.Б , Б.А, Ж.Х , Б.О , Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Н.Б гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий газарт миний бие 20 гаруй жил хүүхдүүдийнхээ хамт амьдарсан. Газрын бичиг баримтыг зохих ёсоор авсан. Мөн газрын албыг шүүх хуралдаанд дуудаж оруулаагүй, хэргийн газарт үзлэг хийгээгүй нь үндэслэлгүй. Монгол Улсын иргэн бүр 0.7 га газар өмчлөх эрхтэй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушын тайлбарын агуулга: ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0083 дугаар шийдвэрээр хариуцагч Н.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн. Уг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин уг үйл баримтыг нотлох шаардлагагүй. Ц.Э нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч мөн гэж үзсэн. Хариуцагч болон гуравдагч этгээд нар байгаа нь хууль бус эзэмшил мөн байна. Уг хууль бус эзэмшил нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Анхан шатны шүүхээс хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсөн нь үндэслэл бүхий байна. Н.Б нь манай аав анх тухайн газрыг Ж.Э ын газарт бууж байгаад, сүүлд уг газрыг тэгшлэж, эзгүй байсан газрыг авч, гэрчилгээ гаргуулж авсан гэж хэлсэн. Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг тайлбарыг хэлж маргасан. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтээр Н.Б болон гуравдагч этгээд нарын ярьсан давхцалгүй янзалсан газар байна уу гэж үзэхэд тухайн Н.Б н оршин сууж байгаа газар нь Ц.Э ын эзэмшлийн газартай давхцсан байдалтай байна гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Захиргааны хэргийн шүүхээс уг шинжээчийн дүгнэлтийг үнэлж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг нотлох баримтыг үндэслэсэн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Ү.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э ын тайлбарын агуулга: Хариуцагч тал газрын гэрчилгээ авсан гэж хэлээгүй. Манай хашаа хазгай байсан бөгөөд шороо асгаж, тэгшилсэн. Гэтэл сүүлд нь уг газрын гэрчилгээг гаргаж ирсэн. Тухайн газрын гэрчилгээ давхцаагүй бол асуудал үүсэхгүй. Миний 0.7 га газарт А, Б гэх 2 гэрчилгээ давхцсан. Мөн манай газар нь засмал зам руу орсон хашаа бөгөөд нэг талд нь газар авч, хашаа барих боломж байхгүй. Тухайн газрын гэрчилгээг надад үзүүлээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Н.Б гийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Н.Б , Б.А, Ж.Х , Б.О , Б.С нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна. /1хх 1,9, 2хх 60-61 /

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигч талуудын тайлбар зэргийг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

4. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Э нь гуравдагч этгээд Ү.А , Ж.Э нартай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу тэдгээрт 20,000,000 төгрөг төлж, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамжны 1б тоот хаягт байрлах 482 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалт бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр дээрх газрын хууль ёсны өмчлөгч болсон байна. /хх 1хх 91-96/

5. Хариуцагч Н.Б , Б.А, Ж.Х , Б.О , Б.С нарын газар өмчлөх тухай хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамжны 1 тоот хаягт байрлах 482,13 м.кв талбай бүхий газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. /1хх-106-108/

6. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0083 дугаартай шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дугаартай захирамжийн Н.Б , Ж.Х , Б.А, Б.С , Б.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /2хх-20-29/ Иймээс газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа эсэх талаарх талуудын маргааны үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, түүнийг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ.

7. Талуудын маргаж буй газрыг хариуцагч нар эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

8. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамжны 1б тоот хаягт байрлах 482 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.

9. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Газрын албыг татан оролцуулаагүй, маргаж буй газарт үзлэг хийгээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Маргааны зүйлийн талаар зохигчид болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Газрын албыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагааг явуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж гэж анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй юм.

Мөн зохигч талууд үзлэг хийлгэх хүсэлт анхан шатны шүүхэд гаргаагүй тохиолдолд шүүх санаачилгаараа уг ажиллагааг явуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлзэх зарчимд нийцэхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Н.Б гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/02154 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Б гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД