Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2022/02033

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Р.Ц

Хариуцагч: Б.Э

3 882 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Ц, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гэрч О.Ц, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч Б.Э-т холбогдуулан 3 882 200 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие Завхан аймагт амьдардаг бөгөөд 2020 оны 08 сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэл худалдан авахаар ирж, Соната 5, 6 зарна, авна гэсэн фэйсбүүк группд машин авахаар соната 6 авна гэсэн зар тавихад Б.Э нь миний утас руу залган соната 6 биш, соната 7 автомашин байна, 5 000 000 төгрөгөөр танд өгнө, нисдэг машин дээр хүрээд ир гэсэн. Очиход тэрээр аав Б-тайгаа хамт ирсэн ба уг машин нь ББСБ-д 2 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй, сар бүр 400 000 төгрөгөөр 5 удаа миний данс руу төлөөд машиныхаа нэрийг шилжүүлээд авчих, одоо байгаа 3 000 000 төгрөгөө өгчих гэхээр нь би оношилгоонд оруулж, шалгуулна гэхэд Б.Э нь 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд орж ирсэн тэрэг оношилгоо шаардлагагүй, мотор кроп өөрийн орж ирснээрээ байгаа гэхээр нь миний бие хамт явсан Баярмаа эгчийнхээ данснаас 3 000 000 төгрөгийг Б.Э-ын данс руу шилжүүлсэн. Засварын газар очоод бичиг баримтыг нь үзэхэд 2010 оны машин байсныг Б.Э-т хэлэхэд ахаа уучлаарай би айгаад 2010 он гэж хэлж чадаагүй юм гэсэн, машины доод явах эд анги солих шаардлагатай байсан тул 4 амортизатор, 2 дугуй, түлк, тос, маслыг нь 480 000 төгрөгөөр сольсон. Маргааш өглөө нь нутаг буцах гээд машинаа асаах гэтэл асахгүй байхаар нь засварын газар үзүүлэхэд задаргаа орсон мотортой машин байна гэснийг Б.Э-т хэлэхэд Тавантолгойд жолооч хийдэг, намайг байхгүйд манай дүү нар унаад арын гупер, гадна талыг нь жоохон сэвтээж дуу оруулчихсан байна. Би анх шинэ машин авсан, задаргаатай машин аваагүй гэсэн. Машин доголдолтой байсан тул буцааж өгнө гэхэд Б.Э-ын аав Б нь Соната 7 маркийн автомашинаа буцаан авч, ... УБУ улсын дугаартай соната 6 маркийн автомашиныг Би дүүтэйгээ ярьчихлаа, энэ машиныг 3 480 000 төгрөгтөө аваад яв, үлдэгдэл 1 520 000 төгрөгийг наад машин чинь ББСБ-ийн зээлтэй, зээлийн хуваарийг харж байгаад тохирч болох байлгүй дээ гээд авчирж өгөхөд нь Завханаас ажлаас дуудаад байсан тул аргагүйн эрхэнд хэлснийх нь дагуу аваад явсан. Завханд ирээд Б.Э луу залгаад утсаа авахгүй болохоор нь аав Б-тай нь яриад ББСБ-ынхаа эргэн төлөлтийнхээ хуваарийг хэлээд өгөөч гэхэд Э хөдөөнөөс ирээгүй, хүүхэд ирэхээр хараад өгье гээд хэлж өгөөгүй. 2020 оны 09 сард аав Б-тай нь утсаар яриахад наад машин чинь ББСБ-аас 6 500 000 төгрөгөөр гарсан машин, одоо танайх 3 000 000 төгрөг өгөөд бичиг баримтаа шилжүүлж ав гэхэд нь юу яриад байгаа юм, 5 000 000 төгрөгөөр бодож авсан биз дээ гэхэд юм хэлэлгүй утсаа тасалсан. Намайг 2020 оны 10 сард гудамжид машинтайгаа явж байхад 2 залуу ирээд наад машин чинь Т ББСБ-ын зээлийн машин, Б гэх хүн 2020 оны 07 сарын 20-нд зээлээр худалдаж аваад зээлээ төлөөгүй гээд миний машиныг булааж авах гэсэн. Уг машин нь Б.Э-ын нэр дээр байгаагүй, Б.Э зээл аваагүй байсан тул Т ББСБ-д машинаа өгөхөөс өөр аргагүй болсон. Энэ тухай Б.Э-т хэлж, цагдаад мэдэгдэнэ гэхэд шүүх, цагдаад битгий өгөөч, ББСБ-д төлөх 3 000 000 төгрөгийг 1 500 000 төгрөг, 1 500 000 төгрөгөөр 2 хувааж төлж, машины бичиг баримтыг шилжүүлж өгье гэсэн боловч хулхидаад өөрөө болон аав Б нь утсаа авахаа байсан. Миний бие 2020 оноос хойш 3 480 000 төгрөгөө авч чадахгүй хохирч, машин ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Б.Э-тай уулзаж, мөнгөө авах гэж өөрийн зардлаар Улаанбаатарт 4 удаа ирсэн. Иймд Б.Э-аас машины урьдчилгаа 3 000 000 төгрөг, засварын зардал 480 000 төгрөг, шатахууны зардал 402 200 төгрөг нийт 3 882 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Р.Ц нь фэйсбүүк зар дээрээс машин авахаар холбогдож, хариуцагчтай уулзсан ба Б.Э-ын Соната 7 маркийн ...УБӨ улсын дугаартай машиныг надад банк бустай машин хэрэгтэй байна, урьдчилгаа 3 000 000 төгрөг өгье гэж худалдаж авахаар тохирсон. Уг автомашин нь 2010 онд үйлдвэрлэгдэн, 2018 онд Монголд орж ирсэн ББСБ-д зээлийн үлдэгдэлтэй байсан машин болно. Р.Ц нь машины гэрчилгээг харж байж авсан тул оныг нь худлаа хэлсэн гэх тайлбар үндэсгүй. Харин ламд үзүүлэхэд тохирохгүй машин байна, 800 000 төгрөгөөр техник сольсон буцаая гээд урьдчилгаа 3 000 000 төгрөг дээр нь 800 000 төгрөг нэмж, нэхэж ирсэн байдаг. Б.Э-ын аав Б нь Р.Ц-т буцааж өгөх мөнгө байхгүй байсан тул өөрийн приус 10 маркийн автомашиныг үнэ тохирч авахыг санал болгоход аваагүй тул дүүдээ авсан байсан Соната 6 маркийн автомашиныг харуулж, банк бусын нэр дээр байдаг, 3 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг хэлэхэд болж байна гээд аваад явсан. Р.Ц нь машиныг аваад 2 сар болоход төлөлт хийгээгүй тул утсаар асуухад хэт өндөр үнэтэй машин байна, эхний төлөлтийг нь хийчих, дараа сараас би өөрөө төлье гэж хэлсний дагуу Б.Э-ын аав Б нь 750 000 төгрөг төлсөн, үүнээс хойш 3 сарын дараа Р.Ц нь машины мөнгө хийж байна уу гэж харааж, доромжилж ярьсан байдаг. Уг автомашиныг Тайгын булаг ББСБ-аас зээлээр худалдан авахдаа 2 500 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн ба Р.Ц-т машин шилжүүлсний дараа 750 000 төгрөг ББСБ-д төлсөн. Р.Ц нь Тайгын булаг ББСБ-д сар бүрийн төлбөр хийгээгүй, өөрийн буруугаас машинаа хураалгачихаад Б.Э-аас 3 882 200 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, учир нь Б гэдэг хүний данснаас Э-ын данс руу 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Э нь энэ хэргийн хариуцагч биш, Ц, Б нар нь хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар гэрээг цуцалж 3 882 200 төгрөгийг шаардаж байна гэх боловч, гэрээг цуцалж байгаа бол ... Sonata 7 маркийн тээврийн хэрэгсэл н.Н гэх хүний нэр дээр байдаг тул Б.Э-аас нэхэмжлэх эрхгүй. Э зөвхөн өөрийн дансыг ашиглуулсан, Б, Н нар бол нэг гэрийн хүмүүс, энэ хэрэгт Б.Э нь ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 1236 дугаар прокурорын тогтоол, бензин авсан и-баримт, 2021 оны 08 сарын 21-ний өдрийн зарлагын баримт, С.Б-ийн Хаан банк дахь депозит дансны хуулга, 2020 оны 05 сарын 22-ны өдрийн №ЗГ00050276-1 зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, /хэргийн 6-11, 50, 76-78 тал/

Хариуцагч нь 2022 оны 03 сарын 22-ны өдрийн итгэмжлэл, Б.Эрхбаяр, П.Нэргүй нарын Хаан банк дахь депозит дансны хуулга, 2020 оны 08 сарын 22-ны өдрийн бичгээр байгуулсан гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хуулбар хувь/, /хэргийн 20, 53-60, 74 тал/

Шүүх Hyundai Sonata маркийн ...УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Т ХХК-ийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээг тус тус бүрдүүлсэн. /хэргийн 68-73 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Р.Ц-ын нэхэмжлэлтэй Б.Э-т холбогдох 3 882 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагчаас худалдаж авсан тээврийн хэрэгсэл нь эд хөрөнгийн болон эрхийн доголдолтой байсан тул гэрээг цуцалж, гарсан зардал, үнийг төлүүлнэ гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгч нь ББСБ-ын нэр дээр байсан машин худалдаж авсан боловч өөрийн буруугаас зээлээ төлөөгүй машинаа хураалгасан, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй, учир нь Б гэх хүний данснаас мөнгө шилжүүлсэн, Э нь энэ хэргийн хариуцагч биш, Ц, Б нар хэлцэл хийсэн гэж тус тус тайлбарлажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн ... Э-тай ... уулзаад Соната-7 маркийн машин 5 саяд худалдан авахаар тохирч, ... 3,000,000 төгрөгийг Э-ын данс руу шилжүүлсэн ..., хариуцагчийн ... Ц нь ... миний Соната-7 маркийн машиныг хараад авья, ... урьдчилгаа 3 саяыг өгөе гэж тохирсон ... гэх тайлбараар талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэх үндэстэй. /хэргийн 1, 21 тал/

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр тус тус заасан. Энгийнээр тайлбарлавал нэхэмжлэгч, хариуцагч нар тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах хүсэл зоригоо амаар илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл болох тээврийн хэрэгслийн марк, загвар, үнийг харилцан тохиролцжээ.

Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэйг заасан. Худалдах-худалдан авах гэрээ хэрхэн байгуулагдах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй бөгөөд талууд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах хүсэл зоригоо харилцан илэрхийлж, үнийг 5 000 000 төгрөгөөр тохиролцсон, энэ тухай маргаагүй тул зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Тээврийн хэрэгслийн үнэ 3 000 000 төгрөгийг 2021 оны 08 сарын 22-ны өдөр ...убе Mashinii vne гэх хуулгын агуулгатай шилжүүлсэн нь Б.Э-ын Хаан банкны ... дугаар дансны хуулга, С.Б-ийн Хаан банкны ... дугаар дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 53, 76 тал/

Нэхэмжлэгч Р.Ц нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох Sonata-7 маркийн тээврийн хэрэгсэл мотор нь задаргаа орсон, доод явах эд анги сольсон, асахгүй байсан гэж тайлбарлаж, засвар хийсэн баримт ирүүлсэнийг хариуцагч миний машинд хийх юм байхгүй, оношилгоонд орсон гэж няцаах боловч түүнийг нотлох баримт гаргаагүй. Sonata-7 тээврийн хэрэгслийг буцааж, оронд нь Sonata-6 тээврийн хэрэгслийг санал болгосон тухай талууд маргаагүйгээс үзэхэд Sonata-7 тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолтой гэх үндэстэй.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж, 253 дугаар зүйлийн 253.1-д худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл худалдагч Б.Э нь доголдолтой Sonata-7 тээврийн хэрэгслийг ижил эд хөрөнгөөр солих үүрэгтэй, худалдан авагч Р.Ц нь доголдолгүй ижил эд хөрөнгөөр солиулах, доголдол засварласан зардал төлүүлэх, эсхүл гэрээг цуцлахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Р.Ц нь өөрийн хамаатан гэх С.Б-ийн дансаар 3 000 000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулга, С.Б-ийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч Б.Э нь гуравдагч этгээд буюу Т ХХК-ийн өмчлөлийн ...УБӨ улсын дугаартай, Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Р.Ц-т сольж өгсөн нь Автотээврийн үндэсний төв-ийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 58 дугаар лавлагаа, түүний ... дүүд авсан байсан S6 машиныг үзүүлсэн, ... би банк бусд 2,5 сая урьдчилгаа төлсөн байгаа ба 3,5 сая үлдэгдэлтэй машин ..., нэхэмжлэгчийн ... машин унаад явж байхад Т ХХК-с явж байгаа гэх 2 залуу машин булаах гэж оролдсон гэх тайлбараар тус тус тогтоогдсон. Тодруулбал хариуцагч нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан гуравдагч этгээд Т ХХК-аас худалдагч Б.Э-т гомдлын шаардлага гаргахааргүй эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчжээ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Б.Э-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 402 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ц-т олгож, үлдэх 480 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 402 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 69 382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

К ХХК, П.Н нарын хооронд байгуулсан зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, П.Н-н Хаан банкны дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангах боловч тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж дүгнэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Б.Э-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 402 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ц-т олгож, үлдэх 480 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас тэмдэгтийн хураамж 69 382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ц-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэрэгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР