Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01521

 

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01521

 

 

 

Р.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/02033 дугаар шийдвэртэй,

Р.Ц-ын нэхэмжлэлтэй

Б.Э-т холбогдох,

3,882,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие “Соната 6 авна” гэсэн зар фэйсбүүкт тавихад Б.Э- надтай холбогдож “Соната 6 биш, Соната 7 автомашин байна, 5,000,000 төгрөгөөр танд өгнө гэж уулзах үед тэрээр аав н.Бз-тайгаа хамт байсан бөгөөд “автомашиныг банк бус санхүүүгийн байгууллагын 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, сар бүр 400,000 төгрөгөөр 5 удаа миний данс руу төлөөд машиныхаа нэрийг шилжүүлээд авчих, одоо байгаа 3,000,000 төгрөгөө өгчих” гэсэн. Би хамт явсан н.Б- эгчийнхээ данснаас 3,000,000 төгрөгийг Б.Э-ын данс руу шилжүүлсэн.

Засварын газар автоашиныг үзүүлэхэд доод явах эд анги солих шаардлагатай гэсэн тул 4 амортизатор, 2 дугуй, втулк, тос, маслыг нь 480,000 төгрөгөөр сольсон бөгөөд тухайн үед бичиг баримтыг үзэхэд 2010 онд үйлдвэрлэгдсэн гэсэн байсан. Маргааш өглөө автомашин асахгүй байхаар нь засварын газар үзүүлэхэд “задаргаа орсон мотортой машин байна” гэсэн. Автомашин доголдолтой буцааж өгнө гэхэд Б.Э-ын аав н.Бз- Соната 7 маркийн автомашинаа буцаан авч, “0000 УБУ улсын дугаартай Соната 6 маркийн автомашиныг 3,480,000 төгрөгтөө аваад яв, үлдэгдэл 1,520,000 төгрөгийг наад машин чинь банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй, зээлийн хуваарийг харж байгаад тохирч болох байлгүй дээ” гээд авчирж өгөхөд нь авсан. Б.Э- луу залгаад утсаа авахгүй болохоор нь аав н.Бз-тай нь яриад “банк бус санхүүгийн байгууллагынхаа эргэн төлөлтийнхээ хуваарийг хэлээд өгөөч” гэхэд “Б.Э- хөдөөнөөс ирээгүй, хүүхэд ирэхээр хараад өгье” гээд хэлж өгөөгүй.

Намайг 2020 оны 10 сард гудамжинд машинтайгаа явж байхад 2 залуу ирээд “наад машин чинь “Тб” ББСБ-ын зээлийн автомашин, н.Бз- гэх хүн 2020 оны 7 дугаар сарын 20-нд зээлээр худалдаж аваад зээлээ төлөөгүй” гэсэн тул автомашиныг өгөхөөс өөр аргагүй болсон. Б.Э-т, н.Бз- нар луу залгахаар утсаа авдаггүй. Б.Э-тай уулзаж, мөнгөө авах гэж өөрийн зардлаар Улаанбаатарт 4 удаа ирсэн.

Иймд Б.Э-аас машины урьдчилгаа 3,000,000 төгрөг, засварын зардал 480,000 төгрөг, шатахууны зардал 402,200 төгрөг нийт 3,882,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Р.Ц- нь зарын дагуу автомашин авахаар холбогдож, 2010 онд үйлдвэрлэгдсэн, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй автомашиныг урьдчилгаа 3,000,000 төгрөг өгч, худалдан авахаар тохиролцсон. Р.Ц- нь автомашины гэрчилгээг харж байж авсан тул “оныг нь худлаа хэлсэн” гэх тайлбар үндэслэлгүй.

Р.Ц- нь “ламд үзүүлэхэд тохирохгүй машин байна, 800,000 төгрөгөөр техник сольсон буцаая” гээд урьдчилгаа 3,000,000 төгрөг дээр нь 800,000 төгрөг нэмж, нэхсэн. Б.Э-ын аав н.Бз- нь Р.Ц-т буцааж өгөх мөнгө байхгүй байсан тул өөрийн приус 10 маркийн автомашиныг үнэ тохирч авахыг санал болгоход аваагүй. Дүүдээ авсан байсан Соната 6 маркийн автомашиныг харуулж, банк бусын нэр дээр байдаг, 3,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг хэлэхэд болж байна гээд аваад явсан.

Р.Ц- нь машиныг аваад 2 сар болоход төлөлт хийгээгүй тул утсаар асуухад “хэт өндөр үнэтэй машин байна, эхний төлөлтийг нь хийчих, дараа сараас би өөрөө төлье” гэж хэлсний дагуу н.Бз- 750,000 төгрөг төлсөн. Уг автомашиныг “Тб” ББСБ-аас зээлээр худалдан авахдаа 2,500,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн ба Р.Ц-т машин шилжүүлсний дараа банк бус санхүүгийн байгууллагад 750,000 төгрөг төлсөн. Р.Ц- нь “Тб” ББСБ-д сар бүрийн төлбөр хийгээгүй, өөрийн буруугаас автомашинаа хураалгасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, учир нь н.Б- гэдэг хүний данснаас Б.Э-ын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Э- нь энэ хэргийн хариуцагч биш, Р.Ц-, н.Бз- нар нь хэлцэл хийсэн. Мөн Соната 7 маркийн тээврийн хэрэгсэл нь н.Н- гэх хүний нэр дээр байдаг тул Б.Э-аас нэхэмжлэх эрхгүй. Б.Э- зөвхөн өөрийн дансыг ашиглуулсан, н.Бз-, н.Н- нар нь гэр бүлийн хүмүүс, энэ хэрэгт Б.Э- нь ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Б.Э-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,402,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ц-т олгож, үлдэх 480,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас тэмдэгтийн хураамж 69,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ц-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэл дээрээ н.Бз- 0000 УБӨ “Соната-6” маркийн машиныг авч ирээд банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй машин гэж хэлсэн талаар дурдсан байдаг гэтэл шүүх хурал дээр огт мэдээгүй мэтээр худлаа зөрүүтэй мэдүүлж байгаад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Энэхүү байдлаас Р.Ц- нь н.Бз-тай хэлцэл хийсэн болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх талуудын хооронд хэлцэл байгуулсан гэх үндэстэй. Хариуцагч Б.Э- нь гуравдагч этгээд буюу "Тб" ХХК-н өмчлөлийн 0000 УБӨ улсын дугаартай, Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид Б.Э- эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Уг хэлцэлийг Р.Ц- н.Бз-тай байгуулж, тээврийн хэрэгслийг шилжүүлсэн Р.Ц- "Тб" ББСБ-аас ирсэн хүмүүс н.Бз- гэх хүн манайхаас зээлээр авсан гэж хэлээд аваад явсан” гэж мэдүүлсээр байхад Б.Э-тай хэлцэл хийсэн гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх 0000 УБӨ тээврийн хэрэгслийн эзэмшигчээс хэнтэй, ямар хэлцэл хийсэн талаар асууж тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг үнэн зөв үнэлж дүгнээгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Зохигч автомашин худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг эрхийн доголдолтой гэж мэдээгүй, Б.Э- нь өөрийн ээжийнхээ өмчлөлийн машиныг бусдад худалдасан нь эрхийн доголдолтой. Нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж аваад 480,000 төгрөгөөр засвар хийлгэсэн. Соната 7 маркийн автомашиныг Р.Ц- авч яваагүй, Б.Э-т буцааж өгсөн. 3,000,000 төгрөг өгөөд бодитоор автомашин авсан зүйл байхгүй, эрхийн доголдолтой автомашин худалдсан гэдгийг мэдээд өгсөн авснаа буцаахаар болсон. Тухайн үед Б.Эрхэмбаяр шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй учраас барьцаа болгож Соната 6 маркийн автомашиныг авч явсан. Соната 6 маркийн автомашин нь Б.Э-ын өмчлөлийнх биш. Анхан шатны шүүхийн дүгнэлт зөв тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Р.Ц- нь хариуцагч Б.Э-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 3,882,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Р.Ц-, Б.Э- нар “Соната-7” маркийн 0282 УБӨ дугаартай тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөгийг худалдагчийн данс руу шилжүүлсэн талаар маргаагүй анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

3.2. Нэхэмжлэгч Р.Ц- нь автомашин худалдан авахаас татгалзсаныг хариуцагч Б.Э- зөвшөөрч, оронд нь Соната 6 маркийн автомашиныг санал болгосныг нэхэмжлэгч зөвшөөрч хүлээн авсан байна.

 

3.3. Уг автомашин нь “Тб кредит” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах фидуцийн гэрээний зүйл болсон тул Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар эрхийн доголдолтой эд хөрөнгө байна.

 

3.4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргийг Б.Э- биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар төлсөн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

3.5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхтэй ба өөрт учирсан хохирлыг нотлох үүрэгтэй. Засварын зардлыг нотлоогүй гэж анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосоон ба нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй.

 

3.6. Харин анхан шатны шүүх хариуцагчаас 402,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ дүгнэлт хийгээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо найруулгын алдаа гаргаж Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/02033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “252 дугаар зүйлийн 252.1, 254 зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1” гэж өөрчилж, “3,402,000 төгрөг” гэснийг “3,000,000 төгрөг гэж, 480,200 төгрөгийг” гэснийг “880,200 төгрөг гаргуулах хэсгийг” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “69,382 төгрөг” гэснийг “62,950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                      ШҮҮГЧИД                                        С.ЭНХБАЯР

                                                                                                 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА