Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/02196

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Г.Ариунаа, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: ................................... тоотод оршин суух, И ургийн овогтой Д У /РД:................./-ийн нэхэмжлэлтэй, 

  Хариуцагч: ................................... тоотод оршин суух, Б ургийн овогтой М А /РД:...................../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У  нар оролцов.

 

Зохигчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч М.А д холбогдуулан гэм хорын хохиролд 40,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

 

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ............... тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 100 квм талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.А-тай хамтран өмчилж ирсэн. 2014 оноос хойш өмчлөл үүссэн байдаг. Хамтран өмчилж байхдаа Б.А, Б.Гын эхнэр бизнесийн харилцаатай байсан. Энэ өмчлөлийг тодорхой өр авлагад тэнцүүлж өмчлөх болсон. ................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ............................. тоот захирамжаар Б.Г үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчид шилжүүлэх шийдвэр гарсан. Худалдаа хөгжлийн банканд эрх нь шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Хариуцагч нь ямар буруутай үйлдэл хийсэн бэ гэвэл Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.9, 21.3.2-д зааснаар үйлдэл хийхдээ хууль зөрчсөн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ............ дугаар шийдвэрээр дүгнэсэн. Тухайн хөрөнгийг бид үнэлүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний газар нь 73,470,000 төгрөгөөр үнэлсэн. Үүн дээр үнэлгээний зардал нэмэгдээд 36,735,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Анх 40,000,000 төгрөгөөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Хариуцагчийн хувьд Нотариатын тухай хуульд зааснаар хуулиар төрийн тодорхой үйлдлийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрлийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд юм. Энэ үйлдлийг өөрөө 2015 онд 3 жилийн хугацаатай итгэмжлэл хийхдээ итгэмжлэл хийлгэх гэж байгаа этгээд өөрийн биеэр ирнэ гэсэн зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь шүүхээр тогтоогдсон асуудал байдаг. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д зааснаар бид хохирлоо нэхэмжилж байна. Шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу тайлбар гаргасан. Өөрсдийнх нь гараар бичүүлсэн гэж маргадаг боловч тухайн үйл баримт хэргийн нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Буцаан нэхэмжлэх талаар нэхэмжлэл гаргаагүй гэдэг. Бидний хувьд нэхэмжил гаргах боломжгүй болсон. Худалдаа хөгжлийн банк руу шилжсэн учир учирсан хохирлоо нэхэмжилж байна. Мөн залилан мэхэлсэн гэдэг боловч энэ талаар хавтаст хэрэгт баримт байхгүй. Иймд шүүх хуралдаан дээр дурдсан хууль зүйн үндэслэл болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэм хорын хохирол гэж нэхэмжлээд байна. Санаатай болон болгоомжгүй үйлдэл байна гэсэн асуудал яриад байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохоос нотариат санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн ямар нэгэн эрх зүйн акт байхгүй. Өмнөх шүүх хуралдаанд би дурдаж байсанчлан тухайн хүмүүст итгэмжлэлийн цаашид гарах үр дагаврын талаар хэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Эсхүл нотариат тухайн итгэмжлэлийг олгоход хүчингүй болгох ч юм уу ийм нөхцөл байдлаар шүүхийн шийдвэр гараагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад тухайн үед нэхэмжлэгч Д.Уийн иргэний үнэмлэх байсан. Д.У, Б.Г болон Б.А нар хамт очиж энэ итгэмжлэлийг хийлгэсэн. Иргэний үнэмлэхтэй тулгаж үзээд М.А нотариатч итгэмжлэлийг хийсэн. Нөгөөтэйгүүр хэзээ хойно мэдсэн гэдэг асуудлаар Д.У нэхэмжлэлээ анх бичсэн байдаг. Яагаад үүнийг өмнө мэдэх боломжгүй байсан талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулж асуугаагүй. Өнөөдөр хууль бус үйлдлээс, эсхүл нотариат итгэмжлэл хийж өгснөөс болоод би хохирчихлоо гэж үзэхэд яагаад тухайн үед нь цагдаад Б.Г, Б.А нарыг шалгуулаагүй юм. Тэр хүмүүсийг дурдахгүй мөн гэрчээр асуухгүй байж зөвхөн нотариатын үйлдлийг хүчингүй болгох шаардлага гаргаад байна. Гэтэл эд хөрөнгөөр хохирсон хамтран өмчлөгч гээд байгаа хүн нь өөрийн нөхөр гэх Б.Гтой нийлж хуурамчаар бичиг баримтыг авч яваад нотариатаар итгэмжлэл хийлгэж эд хөрөнгийг барьцаалах асуудал үүсгэсэн гэж үзэж байсан бол тухайн үед Б.Г, Б.А нарт холбогдуулж энэ асуудлыг яагаад яриагүй юм бэ? Нотариат зуун хувь хууль зөрчиж, нотариатын хууль зөрчсөнөөс бусдын өмчлөх эрх зөрчигдсөн байна гэх хавтаст хэргийн хүрээнд авагдсан баримт байхгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлтэй байна гэж нэхэмжилсэн. Гэм хор гэдэг нь юугаар илэрхийлэгдэж тогтоогдож байгаа юм бэ? Дан ганц нотариатын үйлдлээр гэм хор учирч байгаа гэвэл өрөөсгөл байна. Бусад этгээд болох Б.Г, Б.А нар нь ямар үүрэг оролцоотой оролцож байна. Жинхэнэ гэм хорыг энэ хүмүүс учруулж байгаа юм уу? Энэ үндэслэлээр эрх бүхий байгууллагын эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татсан тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол тухайн хэрэгт байдаггүй. Энэ асуудал яригдсанаас хойш хариуцагч Б.Г гэдэг хүнийг цагдаагийн байгууллагад хайх өргөдөл өсөн боловч эрэн сурвалжлагдаж байгаа гэдэг үндэслэлээр асуудалд хандаж өнөөдрийг хүргэсэн. Уйгагүй тууштай явагдсаны эцэст Б.Гыг олж гэрчээр асуулгахад тухайн үед зөвшөөрөл өгч нотариат дээр итгэмжлэл хийлгэсэн асуудал ярьдаг боловч хуурамчаар энэ итгэмжлэлийг хийлгэсэн гэдэг асуудал ярьдаггүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын ................. дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ............ тоот албан бичиг, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д.Уээс Б.Год олгосон итгэмжлэл, ................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ............................. дугаар захирамж, Нотариатын бүртгэлийн дэвтрийн Итгэмжлэл хийснийг бүртгэсэн баримт, Д.У, Б.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн .................................. дугаар шийдвэр,

Хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, гэрчилгээ, гэрч Б.А, Б.Г нарын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкнаас зээл, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, зээлдэгчийн анкет, тодорхойлолт, мэдээлэл өгөх маягт, зээлийн өргөдөл, зээлийн мэдээлэл, зээлийн хувийн хэрэг, Шүүхийн тусгай архиваас ................. дүүргийн иргэний хэргийн шүүхэд Б.Гын гаргасан тайлбар, итгэмжлэл, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийг шүүх нотлох баримтаар гаргуулан авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч М.А д холбогдуулан гэм хорын хохиролд 40,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 3,265,000 төгрөгөөр багасгаж, 36,735,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч М.А нь Нотариатын тухай хууль, журам зөрчсөн үйл ажиллагааны улмаас Д.У нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө алдсан. Хариуцагчийн хууль бус үйлдэл шүүхээр тогтоогдсон тул учирсан хохирлоо Иргэний хуульд зааснаар шаардаж байна гэж тодорхойлсон.

4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Нэхэмжлэгч Д.Уийн иргэний үнэмлэх нь Б.Г, Б.А нарт очиж, тэд уг иргэний үнэмлэхийг ашиглаж нотариат дээр очиж үйлдэл хийлгэсэн эсэхэд дүгнэлт хийх ёстой. Д.У нь өөрийн хамтын эд хөрөнгөөсөө авч чадахгүй нөхцөл байдал үүссэн, Д.Уийн зөвшөөрөл байхгүй байхад түүний эд хөрөнгийг бусдад шилжүүлснийг хожим мэдсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч Б.Г, Б.А нарт холбогдуулан цагдаагийн газарт гомдол гаргаагүй байна. Нотариатыг татаж буй нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Д.Ут хохирол учирсан, гэм хор учруулсан гэж үзэж байгаа бол Б.Г, Б.А нараас нэхэмжлэх ёстой. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэр, Нотариатын тухай хуулийн зүйл заалтуудыг үндэслэж буй шалтгаанууд нь үндэслэлгүй байна гэж тайлбарлажээ.

 

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 5/, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д.Уээс Б.Год олгосон итгэмжлэл /хх-ийн 6/, ................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ............................. дугаар захирамж /хх-ийн 7-9/, Нотариатын бүртгэлийн дэвтрийн Итгэмжлэл хийснийг бүртгэсэн баримт /хх-ийн 10-11/, Д.У, Б.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ий 12/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, гэрчилгээ /хх-ийн 39-41/, гэрч Б.А, Б.Г нарын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээл, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, ................. дүүргийн иргэний хэргийн шүүхэд Б.Гын гаргасан тайлбар, итгэмжлэл, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж зэрэг нотлох баримтаар Д.У, Б.А нарын өмчлөлийн ................. дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа Морингийн зам гудамж 57 байр, зоорийн давхрын баруун талын хойд хэсэгт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцааны гэрээ байгуулах, барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг эрх олгосон итгэмжлэлийн дагуу Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлд .................. тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ. Улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Худалдаа хөгжлийн банк нь ................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч Б.Г, Б.А нарт холбогдуулан 27,881,512 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг тухайн хэргийн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г зөвшөөрч, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ийнхүү Б.Г, Б.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгө болох ................. дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа Морингийн зам гудамж 57 байр, зоорийн давхрын баруун талын хойд хэсэгт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн нь тогтоогдож байна.

 

6.Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн .................................. дугаар шийдвэрээр нотариатч М.А нь 2015 оны 09 сарын 07-ны өдөр .............. дугаар итгэмжлэл хэлцлийг гэрчлэх нотариатын үйлдлийг хийхдээ үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй, нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчилгээ аваагүй итгэмжлэгч Д.Уийн гарын үсгийг хуурамчаар зурсан Итгэмжлэл хэлцлийг гэрчилж, Б.Год ................. дүүрэг, ..................... талбайтай, үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцааны гэрээ байгуулах, барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг эрх олгосон итгэмжлэл хийсэн нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.5, 21.3.1, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.2, 35.3, 41, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3, 4.1.1-т заасныг зөрчсөн болохыг тогтоож, нотариатын үйлдлийг хүчингүй болгон шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 26-27/

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заанаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

8.Хөрөнгийн үнэлгээний төв 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ................. дүүрэг, ...................... байр, зоорийн давхрын баруун талын хойд хэсэгт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг 73,470,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргасан байна. Хариуцагч тус үйл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 36,735,000 төгрөгийн талаар маргаагүй.

 

9.Дээрхээс дүгнэвэл хариуцагч М.А нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.5, 21.3.1, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.2, 35.3, 41, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3, 4.1.1-т заасныг зөрчсөнөөс нэхэмжлэгч Д.У үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ алдаж, эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдож байна гэж үзэв.

 

10.Иймд хариуцагч М.А ээс гэм хорын хохиролд 36,735,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У т олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

11.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 341,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.А ээс 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ут олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А ээс 341,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ут олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД Г.АРИУНАА

 

Ж.КУЛЬДАНА