Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01638

 

     2022          09            02                                        210/МА2022/01638

 

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/02196 дугаар шийдвэртэй,

Д.У-ийн нэхэмжлэлтэй

М.А-д холбогдох,

Гэм хорын хохиролд 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир /цахим/, хариуцагч М.А-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Морингийн зам гудамж, 00 дугаар байр, зоорины давхрын баруун талын хойно байрлах, Ү-22060337500 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оноос хойш Б.А-тэй хамтран өмчилж байсан.

1.2. Хариуцагч М.А- нь нотариатын ажил хийж байхдаа 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад борлуулах, барьцаанд тавих эрхийг 3 жилийн хугацаатай Б.Г-од олгосон.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02752 дугаар шийдвэрээр уг нотариатын үйлдлийг хүчингүй болгосон.

1.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/00745 тоот захирамжаар Б.Г- үүргийн гүйцэтгэлд уг үл хөдлөх эд хөрөнгийг  “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн.  

1.4. Нотариатын хууль бус үйлдлээс хохирол учирсан. Тухайн хөрөнгийг бид хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлэхэд 73,470,000 төгрөг болсон, түүний тал хувийг гаргуулна. Үүн дээр үнэлгээний зардал нэмж 36,735,000 төгрөгийг гаргуулж өгнө үү: 

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохоос нотариат санаатайгаар гэмт хэргийг үйлдсэн гэх эрх зүйн акт байхгүй.

2.2. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.Г-ын зээлийн гэрээний үүрэгт тооцуулан “Худалдаа хөгжлийн банк”ХХК-д шилжүүлсэн байдаг. Гэтэл Д.У- нь Б.Г-, Б.А- нараас дээрх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг буцаан авах нэхэмжлэл гаргаагүй байдаг.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулсан жинхэнэ хариуцагч Б.Г- байх тул түүнээс гаргуулан авах нь зүйтэй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.А-ээс 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А-ээс 341,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаадлагыг хангаагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй байдлаар үнэлж дүгнээгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.1. Хэрэгт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа Морингийн зам гудамж 00 дугаар байрны зоорийн давхарын баруун талын хойд хэсэгт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Д.У-, Б.А- нарын өмчлөлд бүртгэгдсэн байхад нэхэмжлэгч нь ямар учраас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэм хорын хохиролд 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй.

Үнэлгээний тайланд дурьдсан 73,470,000 төгрөгийн 50 хувийг нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор хариуцагч М.А-ээс нэхэмжилж байгаа гэх тайлбарыг гаргадаг боловч хууль бус итгэмжлэл хийхэд байлцсан нөгөө өмчлөгчид холбогдуулан шаардлага гаргахгүй байгаа нь ойлгомжгүй. Хэдийгээр хуульд нэхэмжлэгч хариуцагчийг өөрөө тодорхойлно гэж заасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад анхнаасаа харилцан тохиролцож нотариатын үйлдлийг хүчингүй болгосон гэж үзэх хардлагыг төрүүлдэг.

4.2. Мөн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар 5 жилийн дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ 2019 оны 11 сард үл хөдлөх эд хөрөнгийн талаархи лавлагааг авснаар бусдад шилжсэн талаар мэдсэн гэх боловч энэ асуудлаар Б.Г- болон Б.А- нарыг холбогдох хуулийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахгүй, хэрэгт хариуцагчаар ч оролцуулахгүй зөвхөн нотариатчийг буруутгаж нэхэмжлэл гаргасан.

4.3. Хариуцагч М.А-ийн хувьд анх нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаснаас эхлэн Б.А-ийг олж уулзаж Б.Г-ыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулах гэсэн боловч Б.Г- нь эрэн сурвалжлагдаж байгаа гээд ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Мөн гэм хорын хохиролтой холбоотой иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Баянгол дүүргийн цагдаагаас Б.Г-ын хаягийг тодруулсан ба М.А-ийн гаргасан гомдол хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй гээд Б.Г-той холбоо барих утас, гэрийн хаягийг өгснөөр дээрх иргэний хэрэгт гэрчээр асуулгаж асуудлын үнэн зөвийг олох гэж өөрт байгаа бүхий л боломжийг ашигласан.

4.4. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргасан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй байдлаар үнэлж дүгнээгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 73.470.000 төгрөгийн 50 хувь буюу 36.735.000 төгрөгийг хариуцагч М.А-ээс нэхэмжилсэн байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ хариуцагчаас 36.735.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хариуцагч М.А-ээс 40.000.000 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Д.У-т олгосугай гэж нэхэмжлэлийн үнийн дүнг зөрүүтэйгээр бичсэн.

4.5. Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/027852 дугаар нотариатын үйлдлийг хүчингүй болгосноос өөр хариуцагч М.А-ийг санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан болохыг нотолсон баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан байдалд Б.Г-, Б.А- нарын хууль бус үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу гэж үзэх үндсэн нөхцөл, шалтгаан байгаа эсэхийг тодруулаагүй. Гэм хорын хохиролыг шийдвэрлэхэд гэм буруу нь хуулиар тогтоогдсон байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тогтоохдоо хууль зүйн буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасныг зөв хэрэглэж тайлбарласан. Учир нь гомдолд дурдсан асуудлууд нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шинжээчийн дүгнэлтээр Д.У- ирээгүй болох нь нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрээр лиценз олгосон этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол тул өөрт учирсан хохирлын тал хувийг нь нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч М.А-д холбогдуулан гэм хорын хохиролд 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Д.У-, Б.А- нар Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа Морингийн зам гудамж 00 байр, зоорийн давхрын баруун талын хойд хэсэгт байршилтай 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчилж байсан,

нотариатч М.А-ийн гэрчилсэн итгэмжлэлийг үндэслэн Б.Г- нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг байгуулсан,

итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдэл хууль зөрчсөн нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/027852 дугаар шийдвэрээр тогтоогдсон,

Б.Г-, Б.А- нар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ын өдрийн 183/ШШ2017/00745 дугаар захирамжийн дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д шилжүүлсэн байдал тус тус тогтоогджээ. 

 

4. Шинжээч дээр дурдсан эд хөрөнгийн үнэлгээг 73,470,000 төгрөг гэж тогтоосон, уг хөрөнгийн өмчлөгч нь Д.У- болон Б.А- байсан тул нэхэмжлэгч нь үнэлгээний 50 хувиар өөрт учирсан хохирлыг тооцсон.

 

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм хорын хохирлыг гаргуулахаар М.А-ээс шаардаж буй боловч уг гэм хорыг Б.Г- учруулсан гэх хариуцагчийн тайлбарыг хэргийн бусад баримттай харьцуулан дүгнэвэл мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасан гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон эсэх, шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй бусад этгээдийн оролцоо, үйлдэл, гэм хорын хохирлын хэмжээг гэм хор учруулагчийн хооронд дахь шалтгаант холбоог үндэслэн тогтоож хэргийг шийдвэрлэх учиртай байжээ.

 

6. Дээр дурдсан нөхцөл байдлыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүх процессийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/02196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ш.ОЮУНХАНД

                                      

                                ШҮҮГЧИД                                                 С.ЭНХБАЯР

                                                                                        

                                                                                                  Э.ЗОЛЗАЯА