Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/02122

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .............................. тоотод оршин суух, Б ургийн овогтой Д Б /РД:................/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................. өөрийн байранд байрлах, Э ХХК холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Э ХХКийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б,

Гэрч Г.Э, Г.ОО, Г.Г, Л.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК холбогдуулан Э ХХК ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Д.Б миний бие 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Э ХХК ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хууль тогтоомжийг баримталж, аливаа алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллаж ирсэн. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Э ХХК захирал солигдсон бөгөөд Ш.А нь захирлаар томилогдсон. Ш.А тус төвийн захирлаар томилогдсоноос хойш төвийн бүхий л тасаг, албадын удирдах ажилтнуудыг ажлаас чөлөөлж шинээр томилсон. Энэ цаг үеэс эхлэн мөн миний ажлыг авахаар элдэв янзын дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэнэт А/33 тоот тушаал гаргаж надад урьдчилан мэдэгдэж танилцуулалгүй ямар нэгэн тайлбар авалгүйгээр хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дахь хэсэгт заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулж буй үндэслэлээ тушаалдаа дараах байдлаар тусгасан байна. Үүнд, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны Ахлах нягтлан бодогч Б нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй мөн санхүү нягтлан бодох бүртгэлийн ажлын зөрчил гаргасан, тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь өгдөггүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан тул 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс ахлах нягтлан бодогч албан тушаалаас тушаал бууруулан Эд хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллуулсугай гэжээ. Миний зүгээс дээрх албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг дараах үндэслэлээр хууль бус, огт үндэслэлгүй гэж байна. Үүнд: Надад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж байгаагүй тохиолдол огт байхгүй бөгөөд намайг яг ямар үүрэг, даалгаврыг биелүүлээгүй гэж үзэж байгаа талаараа сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа тусгаагүй мөн тушаал гаргасан талаараа мэдэгдэхээ ч тайлбарлаж хэлээгүй. Ийм зөрчил огт гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болгон тушаалдаа тусгасан нь огт үндэслэлгүй юм. Ямар төрлийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөрчил гаргасан болохоо миний бие өөрөө ч сайн ойлгохгүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл бүхий л ажил, чиг үүргээ холбогдох хууль тогтоомж, удирдлагаас өгөгдсөн чиглэлийн дагуу хийсээр ирсэн. Миний ойлгож байгаагаар Э-д ажиллаж байгаа резидент эмч нарын 2022 оны 01 дүгээр сарын цалинг 02 дугаар сард олгосон, Нийгмийн даатгалын нөхөн тайлан гаргахаар цалингийн нягтлан бодогч Д албан бичиг төлөвлөж оруулсан явдлыг санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөрчил гаргасан гэж үзэж байх шиг байна. Гэвч резидент эмч нарт 2022 оны 01 дүгээр сарын цалинг олгох, зардал гаргах зөвшөөрлийг Ш.А захирал 2022 оны 01 дүгээр 31-ний өдөр А/20 тоот тушаал гарган олгосон. Тус тушаалын дагуу 2022 оны 02 дугаар сарын 01-ний 68 тоот албан бичгээр Сангийн яаманд хандаж цалингийн зардал гаргах хүсэлтээ гаргаж улмаар резидент эмч нарын цалинг тооцон олгосон. Тэдгээр резидент эмч нарын дундаас Б.Бадамгарав гэх эмч жирэмсний болон амаржсаны амралт авах дөхөж байхад нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасрах гээд байгаа тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдлийг Хүний нөөцийн албанд гаргасан байдаг. Улмаар миний бие Хүний нөөцийн албанаас өгсөн зөвшөөрлийн дагуу нийгмийн даатгалын тайланг нөхөж гаргах асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн. Эндээс үзвэл Ш.А захирал нь резиндент эмч нарын цалин олгоход эхлээд тушаал гаргаж дараа нь Сангийн яаманд албан ёсоор бичгээр хүсэлт гаргаж зардал гаргах зөвшөөрөл авсны үндсэн дээр ажлын 2-3 хоногт цалин олгодог журамтайг мэдсээр байж сарын сүүлийн ажлын өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тушаал гаргасан явдлыг миний зүгээс намайг зөрчил гаргасан мэтээр харагдуулах гэсэн санаатай үйлдэл гэж үзэж байна. Мөн ажиллагсдын цалин олгох асуудал нь миний ганцаар шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш бөгөөд удирдлагаас өгсөн тушаал, шийдвэрийг үндэслэн холбогдох журмын дагуу явагддаг тул миний бие дээрх асуудалд ямар нэгэн зөрчил, дутагдал огт гаргаагүй болно. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Коронавирус Ковид-19- ийн халдвар авч мөн өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд эмнэлгийн магадалгаагаар ажлаас түр хугацаанд чөлөөлөгдсөн байсан. Гэсэн хэдий ч намайг ажлаас эмнэлгийн магадалгаагаар түр чөлөөлөгдсөн хугацаанд миний ажлыг хүлээн авч орлон ажиллах хүнийг удирдлагын зүгээс томилоогүй тул би өөрийн биеийн байдлаа үл хайхран зайнаас ажил үүргээ гүйцэтгэж байсан. Энэ хугацаа нь аж ахуйн нэгж байгууллагуудын жилийн эцсийн тайлан тооцоогоо гаргадаг ажлын ачаалал ихтэй үе байсан учраас миний бие байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, жилийн эцсийн тайлан тооцоогоо хугацаанд нь гаргах үүднээс ажил үүргээ зайнаас гүйцэтгэж санхүүгийн тайлангаа удирдах дээд байгууллага болох ................ тогтоосон хугацаанд нь гаргаж 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр программд шивж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр яаманд албан бичгийн хамт хүргүүлсэн. Миний бие санхүүгийн тайланг цаг хугацаанд гаргасан болох яамны сайдын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн яамны харьяа агентлаг, газар, нэгжийн удирдлагуудад хүргүүлсэн А/420 тоот албан бичгээр нотлогдох бөгөөд тус албан бичигт яамны харьяа агентлаг, газар, нэгжийн удирдлагуудад санхүүгийн тайлангаа 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор гаргаж программд шивж оруулахыг үүрэг болгосон байдаг. Мөн миний бие өөрийн ажлын тайлан, төлөвлөгөөг холбогдох журамд заасан хугацаанд илгээдэг боловч П.Ж дэд захирал ямар нэгэн үндэслэл хэлэлгүйгээр тайлан, төлөвлөгөөг хүлээн авалгүй буцааж баталгаажуулдаггүй. Тайлан, төлөвлөгөөгөө тогтоосон хугацаандаа явуулдаг болох нь миний албаны цахим шуудан, ажлын дотоод мессенжер зэргээр тодорхой нотлогдох болно. Иймээс миний бие сахилгын шийтгэл ногдуулах аливаа зөрчил, алдаа дутагдал гаргаагүй байхад огт үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан явдлыг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана" гэж мөн Э ХХК хөдөлмөрийн дотоод журам-ын 2.3.3-т ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хэлтэс албадын удирдлагын саналыг харгалзан зөвлөлийн хурлаар хэлэлцэж захирлын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан байтал Ш.А захирал сахилгын шийтгэл ногдуулахдаа надад урьдчилан мэдэгдэж |тайлбар аваагүй, холбогдох тасаг, албадын дарга нараас саналыг нь авч зөвлөлийн хурлаар хэлэлцэлгүйгээр дур мэдэн санаатайгаар хууль бус шийдвэр гаргасан. Мөн надад сахилгын шийтгэл ногдуулсан А/33 тоот тушаалд намайг тус тушаалд намайг тус төвийн бүтэц, орон тоонд огт байхгүй албан тушаал болох эд хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллуулах шийдвэр гаргасан атлаа өнөөдрийг хүртэл ажилд томилсон тушаал ч гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг ч шинэчлэн байгуулаагүй байна. Гэтэл Э ХХК захирал Ш.А нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөн л үндэслэлгүйгээр, хууль зөрчиж А/73 тоот тушаал гарган намайг ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасны дагуу ажлаас халсан байна. Иймээс миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд, миний бие 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/33 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байсан хэдий ч Э ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс Ахлах нягтлан бодогчийн ажлаа 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Г.ООд хүлээлгэн өгсөн. Улмаар миний бие 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн байсан бөгөөд тус хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгт давсаг сойх, хярзан нөхөх мэс засалд орж шаардлагатай эмчилгээ хийлгэсэн. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс ажилдаа цагийн хуваарийн дагуу очиж байсан. Энэ хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Э ХХК захирал Ш.А нь намайг Э ХХК бүтцэд огт байхгүй. Эд хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллуулсугай гэж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 тоот тушаалд дурдсанаас өөрөөр ямар нэгэн албан тушаалд томилсон тушаал гаргаагүй, надтай хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй. Мөн надад энэ хугацаанд цалин хөлс огт олгоогүй. Э ХХК захирал Ш.А нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 3.6.8, Хөдөлмөрийн дотоод журмын 1.10 дугаар зүйлийн 1.10.1, 1.10.2, 2.2 дугаар зүйлийн 2.2.11, 2.2.11.6-д тус тус заасныг үндэслэл болгож, тушаалын нэг дэх хэсэгт Ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул Үндсэн хөрөнгө бараа материал хариуцсан нягтлан бодогч Д овогтой Бг 2022 оны 05 сарын 17-ны өдрөөс Үндсэн хөрөнгө бараа материал хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй" гэж дурдсан байна. Энэхүү тушаалаас дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож болно гэж заасан байдаг. А/73 тоот тушаалаас харахад намайг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Хуульд зааснаар ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан түүндээ ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар харилцан тохиролцож тусгах шаардлагатай байдаг бөгөөд хэрэв ажилтан гэрээнд тусгасан ноцтой зөрчилд тооцогдох зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар дуусгавар болгох урьдчилсан нөхцөл бүрдэнэ. Гэтэл ЭХЭМҮТ-ийн захирал Ш.А надтай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй. Иймээс намайг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд хууль бус юм. А/73 тоот тушаалын үндэслэл хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 3.6.8 дахь хэсгийг үндэслэн гэжээ. Дээр дурдсанчлан надтай огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж хэнтэй, хэзээ байгуулсан, ямар хөдөлмөрийн гэрээг үндэслэж тушаал гаргаад байгаа нь ойлгомжгүй, хууль бус байна. Мөн А/73 тоот тушаалдаа Хөдөлмөрийн дотоод журмын 1.10 дугаар зүйлийн 1.10.1, 1.10.2, 2.2 дугаар зүйлийн 2.2.11, 2.2.11б дахь хэсэгт тус тус заасныг үндэслэсэн байдаг. Тус журмын 2.2.11 дахь хэсэгт Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас гадна байгууллагын ажлын онцлогийг харгалзан хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдлуудад ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар цуцална. Үүнд: 2.2.11.6. ажилтан ажлын 3 өдөр дараалан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэж тус тус заажээ. Эндээс үзвэл миний бие ажил тасалсан гэх зөрчил огт гаргаагүй байхад үүнийг хэн, хэрхэн шалган тогтоосон нь болон хэзээнээс хэдний хооронд ажил тасалсан гэж үзэж байгаа нь мөн л тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасаар байтал мөн л А/33 тоот тушаалыг гэнэт, надад урьдчилан мэдэгдэж тайлбар авалгүйгээр гаргасантай адилаар гэнэт гаргаж, надад сахилгын шийтгэл ногдуулах болсон талаараа урьдчилан мэдэгдэж тайлбар авалгүйгээр тус тушаалыг гаргасан. Урьдчилан надад мэдэгдэж тайлбар аваагүй болох нь тус тушаалаас шууд харагддаг. Тухайлбал, намайг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс ажлаас чөлөөлж байгаа талаар тушаалд тусгасан атлаа тушаалыг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргаж мөн өдрийнхөө орой надад утсаар мэдэгдэж тушаалын хуулбар хувийг өгсөн. Мөн А/73 тоот тушаалдаа ... Үндсэн хөрөнгө бараа материал хариуцсан нягтлан бодогч Д овогтой Бг 2022 оны 05 сарын 17-ны өдрөөс Үндсэн хөрөнгө бараа материал хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байна. Д.Б миний биеийг хэн, хэзээ, ямар тушаал шийдвэр гарган Үндсэн хөрөнгө бараа материал хариуцсан нягтлан бодогч-ийн албан тушаалд томилсныг би өөрөө ч мэдэхгүй, огт тийм зүйл болоогүй байхад ийнхүү намайг томилогдоогүй албан тушаалаас халсан нь огт үндэслэлгүй бөгөөд хууль бус байна. Иймээс Д.Б миний бие Э ХХК-ийн захирал Ш.Агийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/73 тоот ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил буюу Ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, Эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлөлт хийж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Э ХХКнэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Б нь Э ХХК 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ахлах нягтлан бодогчоор 5 жил ажилласан. Д.Б нь хөдөлмөрийн гэрээ, Санхүү нягтлан бодох бүртгэлийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт болон Нягтлан бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь удаа дараа биелүүлэхгүй, хариуцлага алдсан, ажлын цаг баримталдаггүй зэрэг зөрчлүүдийг удаа гаргаж, удирдлагуудаас удаа дараа сануулсаар байтал дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргасан. Иймээс түүнд ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаартай Албан тушаал бууруулан ажиллуулах тухай тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цалинг нь бууруулахгүйгээр уг тушаалаар үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчоор томилсон. Өмнө нь ахлах нягтлан бодогчид ажил үүрэгт хамааралтай үүргээ биелүүлэхийг дараах байдлаар удаа дараа сануулж, шаардаж байсан. Үүнд, Ахлах нягтлан бодогч Д.Бгийн ажлын байрны 5-ын үндсэн зорилтын хүрээнд Холбогдох тайлан, мэдээг цаг тухайд нь гаргаж өгөх гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн. Э ХХК 2021 оны бичмэл тайланг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны дотор яам руу явуулсан. Энэ тайланд төвийн бүх алба, тасаг нэгжүүд өөрсдийн харьяалах албаны дарга болон тасгийн эрхлэгч нар өөрсдийн холбогдох хэсгийг жилийн эцсийн байдлаар нэгтгээд явуулдаг боловч Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба ирүүлээгүй. Энэ талаар Э ХХК-ийн шуурхай хурал дээр Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан Н.Х тайлангаа хугацаанд нь ирүүлэхийг түүнээс удаа дараа хүссэн. Мөн Хүний нөөцийн албаны дарга, Хуулийн зөвлөх Б.Ц нь төвийн хэмжээнд Хууль хэрэгжилтийн тайлангаа хугацаандаа ирүүлэхийг шуурхай хурал дээр болон телеграммаар шаардсан боловч Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанаас тайланг хугацаандаа ирүүлээгүй.

ГТт2-

 
  Text Box: ГТт2-


Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Ж 2021 оны төвийн хэмжээнд бүх алба, тасаг нэгжүүдээс 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын дагуу ирүүлэхийг удаа дараа хүссэн боловч ирүүлээгүй. Ахлах нягтлан бодогч Д.Бгийн ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд заагдсан төвийн ажилчдын цалин, цалингийн суутгалд хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, тогтоосон хугацаанд олгох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Э ХХК Ерөнхий захирал Ш.А нь 2022 оны 01-р сарын 10, 31-ны өдрийн хуралдаан дээр төвийн бүх цалинг цаг хугацаанд нь буулгахыг анхааруулсан байдаг. Гэвч резидент эмч нарын цалинг цаг хугацаанд нь буулгаагүй хоцроосноос резидент эмч Б.Бадамгарав ...2020 оны 10 сараас эхлэн Э ХХК-ийн  эмчээр суралцаж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж байна. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахын тулд тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас 12 сарын хугацаанд үүнээс 6 сар нь тасралтгүй төлсөн байх шаардлагатай байдаг. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 11-нд жирэмсний, төрөхийн өмнөх листний материалыг харьяа Нийгмийн даатгалын газарт цахимаар бүрдүүлж өгөхөд 2022 оны 01 дүгээр сарын цалин тухайн сардаа ороогүйн улмаас сүүлийн 1 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, нийгмийн даатгалын төлөлт тасарч, сүүлийн 6 сарын тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангахгүй байгаа тул жирэмсний төрөхийн өмнөх тэтгэмж авах эрх цуцлагдахад хүрч байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тайлангаар гарган өгч, хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр резидент эмч нарын цалин 150,399,416 төгрөг манай дансанд орж ирсэн байдаг. Гэвч ахлах нягтлан бодогч Д.Бгийн хариуцлагагүй үйлдлээс болж резидент эмч нарын цалинг цаг хугацаанд буулгаж чадаагүй, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буулгасан байна. Дээрх резидент эмч нарын цалинг хоцроосон тухайгаа Нийгмийн даатгалын ерөнхий газарт явуулах албан бичгийн төсөл боловсруулан оруулж ирэхдээ Д.Б нь 2022 оны 01 сарын резидент эмч нарын цалингийн санхүүжилт хоцорч 2022 оны 02 сард орсонтой холбоотой 01 сарын нийгмийн даатгалын тайлан дээр резидент эмч нарын цалинг тайлан дээр тусгаагүйгээс шалтгаалж Буджав овогтой Бадамгарав резидент эмчийн жирэмсний амралтын тэтгэмж авахад тасалдал үүсэж байгаа тул 2022 оны 01 сарын нийгмийн даатгалын тайланд залруулга хийх зөвшөөрөл олгоно уу гэж бичин өөрийн хариуцлага алдсан байдлаа нуун дарагдуулж, худал хуурамч мэдээлэл бичсэн албан бичиг төлөвлөж байсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа танилцуулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Д.Бд өөрийн ажлын байрны хүрээнд хийх ёстой ажил, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй байгаа болон дахин алдаа дутагдал гаргавал сахилгын арга хэмжээ авах тухайгаа Ерөнхий захирал Ш.А байнга өөрт болон хамт олны дунд байнга сануулж анхааруулсаар ирсэн боловч алдаа зөрчил гаргасаар байсан. 2013 онд батлагдсан яамны А/413 тоот тушаалаар төвийн дүрэм, бүтцийг баталсан. Үүнд Үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчийн орон тоо-2 батлагдсан байдаг. Ахлах нягтлан бодогч Г.ОО үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. Харин түүний оронд ахлах нягтлан бодогч Д.Бг Үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчоор албан тушаал бууруулсан боловч цалин бууруулахгүйгээр сэлгэн ажиллуулах тушаал гарсан. Харамсалтай нь Д.Б нягтлан өнөөдрийг хүртэл ажлаа хийгээгүй 1 сар болж 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын шалгалт орж, тус аудитаас санхүүгийн холбогдолтой баримтуудыг цаг хугацаандаа гаргаж өгөхийг шаарддаг боловч ахлах нягтлан бодогч Д.Б нь аудитаас шаардсан бичиг баримтуудыг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй удаасан зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 энэ хуулийн 17.1-д заасан эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх", Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т 14.2.3.аудиторын шаардсан баримт, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх зэрэг заалтуудыг зөрчсөн. Үүнийг Х ХХК-ийн Аудитын аудитор АЭ ХХК захиралд утсаар мэдэгдсэн байдаг. Төвийн стратеги төлөвлөгөөний дагуу эд хөрөнгийг бар коджуулаагүй нь ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд заагдсан хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, төвийн өмчийн тооллогын үйл ажиллагааг зохион байгуулахад хяналт тавих, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах зэрэгт заасан үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Нягтлан бодох бүртгэлийн албанд ажиллаж байгаа Эмийн нөөцийн нягтлан бодогч П.О нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажлын байран дээрээ согтуу ирсэн байхад Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга нь мэдсээр байж түүний нуун дарагдуулж ямар нэгэн аргаж хэмжээ авахгүй ажиллуулж байсан нь ажлын байрны тодорхойлолтын II зорилтын хүрээнд болох тооцооны нягтлан бодогч болон нярав нарын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.11-д өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах зэрэг үүргээ зөрчсөн үйлдэл болсон. Дээрх зөрчлүүдийг гаргасан тул ахлах нягтлан бодогч Д.Бг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн АУЗЗ дугаартай Албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, Үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчоор томилсон байна. Иймд дээрх тушаал нь хуулийн дагуу гарсан, ажилтны гаргасан зөрчлийн дагаварт тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/33 тоот тушаалаар Д.Б нь хэд хэдэн зөрчил гаргасан гэж албан тушаал бууруулан үндсэн хөрөнгийн нягтлан бодогчоор томилсон байдаг. Ингээд Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 21- ний өдөр ахлах нягтлан бодогчийн ажлаа хүлээлгэж өгөөд, энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр асуудлаа шийдүүлнэ гэж хэлээд үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажлаа хүлээж аваагүй, мөн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл өвчтэй байсан. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс ажилдаа ирж байгаа нэрийдлээр ирц бүртгэлийн код оруулж бүртгүүлсэн хэдий ч тэр хүн ажлын байран дээрээ ажлаа хийж гүйцэтгэдэггүй. Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажлаа хүлээж авахгүй, тушаал буруу гарсан шүүхээр асуудлаа шийдүүлж байна гээд цагаа бүртгүүлдэг гэх боловч ажлын байран дээрээ байдаггүй. Ажлын бүртгэлийн ирц кодоор бүртгэдэг учраас хэн нэгэн өмнөөс нь бүртгүүлэх боломжтой, өөрөө бүртгүүлсэн байлаа ч ажил үүргээ биелүүлэх ёстой ажлын байран дээрээ байдаггүй зэргээр тогтоогдоно. Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 259 дүгээр албан бичигт Д.Б нь Эмэгтэйчүүдийн кабинетад 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн цаг авч үзүүлсэн ба тухайн үед үзлэгээ бүртгэх гэхэд битүүмжтэй байсан тул үзлэг бүртгэж болохгүй байгаа тухай тайлбарлаж явуулсны дараа битүүмжээ гаргасан гэсэн зурвас илгээсний дагуу үзлэгийг бүртгэсэн. Ингээд Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн эмч дээр ирж эмнэлгийн хуудас бичүүлэх тухай тайлбарлаж зөвхөн эмнэлгийн хуудас олгох боломжгүй хугацаа хоцорсон тухай тайлбарлаж зөвхөн эмнэлгийн магадалгаа бичиж өгөх боломжтой гээд магадалгаа олгосон байна. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эмнэлгийн хуудсыг цахимаар бичиж олгож эхэлсэн ба эмнэлгийн хуудас бичигдсэн эсэхийг шалгахад эмнэлгийн хуудас бичигдээгүй байна гэжээ. Тус эмнэлгээс олгосон гэх №81 дугаартай 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эмнэлгийн магадалгаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журам-ын хэдэн хэдэн заалтыг зөрчсөн байна. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Эмнэлгийн магадалгаа нь дор дурдсан нэр төрөлд хуваагдана. 2.1.1-д Хувь хүн өвчин, осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах, эмчлүүлэх, сувилуулах. жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, хөл хоригдох, өвчтөн асрах зэрэг асуудалтай холбогдуулан гаргах магадалгаа. Дөрөвдүгээр зүйлийн 4.1-д "Энэ журмын 2.1.1-д заасан асуудлаар эмч дангаараа магадалгаа гаргаж болох ба энэ тохиолдолд өөрийн албан тушаал, овог нэрийг бичиж, гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарж баталгаажуулна, 4.5-д Эмнэлгийн магадалгаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадалгаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна гэжээ. Гэтэл тус магадалгаа нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэдэг нь засвартай, мөн Ерөнхий эмчийн гарын үсэг байхгүй, байгууллагын тэмдэггүй зэрэг зөрчлүүд байх тул тус эмнэлгийн магадалгааг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. Энэ асуудлаар тайлбар авч, хурал хийх гэсэн боловч Д.Б нь би шүүхээр асуудлаа шийдүүлж байгаа учраас би чамтай уулзахгүй, энэ талаар тайлбар хэлэхгүй гээд өрөөнөөс гарч явсан. Ингээд Хөдөлмөрийн гэрээний 3.6.8-д Ажилтан ажлын 3 өдөр дараалан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11.6-д Ажилтан ажлын 3 өдөр дараалан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4,123 дугаар зүйлийн 123.2.5, хөдөлмөрийн гэрээний 3.6.8, Хөдөлмөрийн дотоод журмын 1.10 дугаар зүйлийн 1.10.1, 1.10.2 /ажлаас халах/, 2.2 дугаар зүйлийн 2.2.11, 2.2.11.6 дэх хэсгийн тус тус заалтуудыг үндэслэн үндсэн хөрөнгийн нягтлан бодогч ажлаас нь чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй гарсан. Мөн ажлаас чөлөөлөхтэй холбогдуулан тойрох хуудсаар тооцоо нийлэн ээлжийн амралтын мөнгө гэж нийт 1,672,120 төгрөгийг түүний цалингийн данс болох 824003975 дугаартай дансанд шилжүүлсэн. Иймд нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өнгө үү гэжээ.

 

 

4.Хэрэгт нотлох баримтаар Э ХХК 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ажилтан ажилчидтай хийх хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 8, 9/, Э ХХК санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 10-13/, Б.Бадамгаравын 2022 оны 02 дугаар сарын 27-ны хүсэлт /1хх-ийн 22/, Д.Бгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-ийн 24-28/, Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 дугаартай тушаал /1хх-ийн 42/, Э ХХК 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ажилтан ажилчидтай хийх гэрээ /1хх-ийн 43-46/, Э ХХК санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 47-50/, ...... захирлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн Б/118 тоот тушаал /1хх-ийн 51/, ...... захирлын 2022 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн А/33 тоот тушаал /1хх-ийн 52/,  сайдын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 413 дугаартай тушаал /1хх-ийн 54-64/, Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал /1хх-ийн 65/, Э ХХК захирлын 2017 оны 12 сарын 13-ны өдрийн А/139 дугаартай тушаал /1хх-ийн 101,102/, төвийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/79 тоот тушаал /1хх-ийн 103-106/, төвийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 тоот тушаал /1хх-ийн 107-116/,  төвийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 тоот тушаал /1хх-ийн 117-128/, ...... захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/295 тоот тушаал /1хх-ийн 129/,  төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/60 тоот тушаал /1хх-ийн 130-131/, Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/А0150054 дугаартай албан шаардлага /1хх-ийн 133/, Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ......... дугаартай албан шаардлага /1хх-ийн 134/, Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1......... дугаартай албан шаардлага /1хх-ийн 135/, Б.Б хүсэлт /1хх-ийн 136/, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст гаргасан Б.Бадамгаравын өргөдөл /1хх-ийн 137/, Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 138/, Б.Б нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 139/, Б.Б шинжилгээний хариу /1хх-ийн 142-145/, Нийгмийн даатгалын тайлангийн залруулгын тухай /1хх-ийн 147-148/, Э ХХК захирлын 2022 оны 01 дүгээр сарын 31-гий өдрийн А/20 дугаартай тушаал /1хх-ийн 149/, 2022 оны 02 дугаар сарын 09-ний №3121554 дугаартай төлбөрийн хүсэлт /1хх-ийн 150-155/, Шуурхай хурлын тэмдэглэл /1хх-ийн 156-201/, Хурлын тэмдэглэл /1хх-ийн 202/, Э ХХК захирлын 2022 оны 02 дугаар сарын 14-ний А/23 дугаартай тушаал /1хх-ийн 203/, 2022 оны 02 дүгээр сарын 21-ний өдрийн Э ХХК ахлах нягтлан бодогч Д.Бгийн ажлыг хүлээлцүүлсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 204-220/, Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07/593 тоот /1хх-ийн 224,225/, Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 222/А0170064 тоот албан шаардлага /1хх-ийн 226/, Аудитаар илэрсэн алдаа зөрчлийн жагсаалт /1хх-ийн 227,228/, Э ХХК 2020 оны санхүүгийн тайлангийн аудитын зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө /1хх-ийн 229-231/, Э ХХК 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө /1хх-ийн 232-250 2хх-ийн 1,2/, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Д.Бгийн ирүүлсэн 4 фото зураг /2хх-ийн 20-23/ Монгол улсын яамны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/6565 тоот /2хх-ийн 25/, 2022-1-10--2022-01-20 дансны хуулга /2хх-ийн 26/ Э ХХК санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны цалингийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 27, 28/, Э ХХК 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажилтан ажилчидтай хийх хөдөлмөрийн гэрээ /2хх-ийн 29, 30/, Э ХХК 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажилтан ажилчидтай хийх хөдөлмөрийн гэрээ /2хх-ийн 31, 32/, Э ХХК санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны цалингийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 33-36/, 2022 оны 05 сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх үзлэгийн тэмдэглэл /2хх-ийн 43-51/, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө /2хх-ийн 52-61/, Э ХХК 2021 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан /2хх-ийн 62-78/, Д.Бгийн аудитор Г.Эийн емайл хаяг руу санхүүгийн баримтуудыг явуулж байсан гэх талаарх баримтууд /2хх-ийн 79-88/, Э ХХК захирлын 2022 оны 05 сарын 19-ны өдрийн А/73 тоот тушаал /2хх-ийн 94/, Эмнэлгийн магадалгаанууд /2хх-ийн 95-98/, Эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэсэн стори,өвчний түүх /2хх-ийн 99-101/, Э ХХК ССНББА-ны ня-бо Д.Бгийн 2022 оны 1,2,5 дугаар сарын ирцийн бүртгэл /2хх-ийн 109-111/, Э ХХК санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны цалингийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 112-113/, Э ХХК ажилтан ажилчидтай хийх хөдөлмөрийн гэрээ /2хх-ийн 114, 115/, 2022 оны 05 дугаар сарын цалин /2хх-ийн 116, 117/, Э ХХК захирлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/146 дугаартай тушаал /2хх-ийн 118/, Э ХХК захирлын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/20 дугаартай тушаал /2хх-ийн 119/, Э ХХК захирлын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/125 дугаартай тушаал /2хх-ийн 120/ баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК холбогдуулан Э ХХКийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

2.1.Нэхэмжлэгчийн тайлбараар Э ХХК захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байна.

 

3.Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу шийдвэрлэв.

 

4.1.Зохигч талууд дараах үндэслэлээр маргасан байна.

4.1.1.Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 тоот тушаалын тухайд би сахилгын зөрчил гараагүй, албан тушаал бууруулах тушаал дээр бичигдсэн зөрчлүүд тодорхойгүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хурлаар хэлэлцүүлэх ёстой. Хурлаар хэлэлцүүлээгүй.

...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалаар томилоогүй албан тушаалаас халсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасанд тооцсон. Тушаалд заасан ажил тасалсан зөрчил гараагүй гэж,

4.1.2.Хариуцагч Э ХХКнэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 тоот тушаал үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч Д.Б хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй. ...Санхүү нягтлан бодох бүртгэлийн зөрчил гаргасан. Тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь өгдөггүй зөрчлийг удаа дараа гаргасан. ...Резидент эмч нарын 2022 оны 01 дүгээр сарын цалинг хоцроосон зөрчил гаргасан.

...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаал хууль зөрчөөгүй. Д.Б ажилд ирээд ажил хийхгүй байж байгаад явдаг байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж, гэрээнд гарын үсэг зураагүй. Ажил тасалсан зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.

 

5.Э ХХК захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 тоот тушаалыг хүчингүй болгох, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

 

5.1.Э ХХК захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 20.2.6, 20.2.9, 20.2.10, 20.2.11, 20.2.13, хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогч Д.Б нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, мөн санхүү нягтлан бодох бүртгэлийн ажлын зөрчил гаргасан, тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь өгдөггүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан тул 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Ахлах нягтлан бодогч албан тушаалаас тушаал бууруулан Эд хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

5.2.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.3.Э ХХК захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 тоот тушаалаар Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогч Д.Бг ахлах нягтлан бодогч албан тушаалаас тушаал бууруулан эд хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэсэн. Э ХХК захирлын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн А/01 тоот тушаалын 5 дахь хавсралтын 5.5-д Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны орон тоог тогтоосон байх бөгөөд үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогч 2 орон тоотой байна. Харин эд хөрөнгийн нягтлан бодогч гэсэн орон тоо байхгүй байна. /1хх-ийн 114/

 

5.4.2022 оны 02 сарын 17-ны өдөр ахлах нягтлан бодогч Д.Бд сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар хуралдаж, хуралдаанаар Д.Бг резидент эмч нарын 2022 оны 01 дүгээр сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, урамшуулал зэргийг хоцроосон, тайлан төлөвлөгөөг хоцроодог, гаргаж өгдөггүй, Аудитаас шаардсан баримт материал гаргаж өгөөгүй, шаардлага хангахгүй тайлан гаргасан үндэслэлээр албан тушаал буурах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 202/

 

5.5.Шүүхэд гэрч Г.Ггийн мэдүүлэг, зохигчдын тайлбар, Э ХХК захирлын захирлын 2022 оны 01 сарын 31-ний өдрийн А/20 дугаар тушаал, Төрийн албаны цалингийн системийн баримтаар резидент эмч нарын цалин 2022 оны 01 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын дансанд орж, ахлах нягтлан бодогч Д.Б санхүүжилт орсныг 2022 оны 01 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж, захирлын 2022 оны 01 сарын 31-ний өдрийн А/20 дугаар тушаалаар резидент эмч нарын 2022 оны 01 дүгээр сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, урамшуулал зэргийг олгохоор шийдвэрлэж, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нотлогдож байна. /1хх-ийн 147-150/

 

5.6.2022 оны 01 сарын 10-ны өдрийн шуурхай хуралд захирлаас гүйлгээ, цалинг эрт зуруулах үүрэг, 2022 оны 01 сарын 31-ний өдрийн шуурхай хуралд захирал цалин урамшууллыг цаг алдахгүй олгож байх үүрэг өгсөн байна.

 

5.7.Нэхэмжлэгч Д.Б 2022 оны 01 сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 сарын 27-ны өдөр хүртэл өвчний учир чөлөөтэй байсан нь эмнэлгийн магадалгаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгч чөлөөтэй байсан талаар, нэхэмжлэгч санхүүжилт орсон талаар мэдэгдэх үүрэгтэй талаар маргаагүй. /2хх-ийн 95/

 

5.8.Резидент эмч нарын цалин байгууллагын дансанд орсныг ахлах нягтлан бодогч Д.Б 2022 оны 01 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд мэдэгдээгүйг түүний өвчтэй байсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.

 

5.9.2021 оны 12 сарын 06-ны өдрийн шуурхай хуралд Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан Н.А Санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны тайланд юу тусгах шаардлагатай талаар хэлж /1хх-ийн 161/, 2021 оны 12 сарын 20-ны өдрийн шуурхай хуралд захирлаас хууль зүйн тайланг 5 хоног хэтрүүлсэн, хэзээ өгөх талаар тайлбар авсан, Захирал болон Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан Н.А тоног төхөөрөмж баркоджуулах ажлын явцын талаар асуусан байна.

 

5.10.Шүүхэд гэрч Г.А...Аудитын даргаар 02 дугаар сарын 23-ны өдөр хянуулсан, ...Санхүүгийн тайлаг нэгтгэх, санхүүгийн тайлангаар илэрхийлэгдэж байгаа бүх тайланг шалгах, нягтлах нь ахлах нягтлан бодогчийн үүрэг юм. Ахлах нягтлан бодогч нь тооцооны нягтлан бодогчоос тайлангаа аваад нэгтгэхдээ алдааг нягтлан үзэж шалгах ёстой байтал шалгаагүй, ...Тэр үед Д.Б Ковид өвчин тусаад өвчтэй байсан учраас хугацаанд нь авсан гэж үзсэн гэх мэдүүлэг өгчээ.

 

5.11.Д.Б нь аудитаас шаардсан бичиг баримтуудыг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй удаасан зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж хариуцагч тайлбарласан боловч гарсан зөрчлийг тогтоосон баримт буюу зөрчлийн талаар баримтгүй, аудитаас тайланг хугацаанд нь өгсөн гэж үзжээ.

 

5.12.Шуурхай хуралд хууль зүйн тайланг 5 хоног хэтрүүлсэн, хэзээ өгөх талаар тайлбар авсан байх боловч тайланг хугацаанд нь гаргаж өгөлгүй хоцроосон нь ямар хохирол, зөрчил үүсгэсэн энэ нь зөрчил мөн болохыг тогтоосон, түүнийг нотолсон баримтгүй байна.

 

5.13.Төвийн стратеги төлөвлөгөөний дагуу эд хөрөнгийг бар коджуулаагүй, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, төвийн өмчийн тооллогын үйл ажиллагааг зохион байгуулахад хяналт тавиагүй, эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах зэрэгт заасан үндсэн үүргээ биелүүлээгүйг тогтоосон баримт мөн хэрэгт авагдаагүй, хариуцагч нотолж чадаагүй байна.

 

5.14.Мөн Э ХХК Аудитаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Ерөнхий захирал Ш.А, ахлах нягтлан бодогч Д.Б, нягтлан бодлогч Н.Ц нар үндсэн хөрөнгө, санхүүжилтийн орлого, нийт зардал, өглөг авлага, бараа материал, төсвийн гүйцэтгэл, шилэн данстай холбоотой 7 зөрчлийг илрүүлж алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэлийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байна.

 

5.15.Хэрэв ажилтан зөрчил гаргасан эсэхийг тогтоолгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан бол ажил олгогчийн уг шийдвэрийг хууль бус буюу үндэслэлгүй гэж үзнэ.

 

5.16.Нягтлан бодох бүртгэлийн албаны Эмийн нөөцийн нягтлан бодогч П.О нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажлын байран дээрээ согтуу ирсэнтэй холбоотой аргаж хэмжээ авахгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.11-д өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах, ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах үүрэгт шууд хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй байна.

 

5.17.Иймд ахлах нягтлан бодогч Д.Бг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/ЗЗ дугаар тушаалаар албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, Д.Бг ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

6.Э ХХК захирлын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлагын тухайд

 

6.1.Э ХХК захирлын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, хөдөлмөрийн гэрээний 3.6.8, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11, 2.2.11б-д заасныг үндэслэн ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн үндсэн хөрөнгө бараа материал хариуцсан нягтлан бодогч Д.Бг ажлаас чөлөөлсөн байна.

 

6.2.Э ХХК Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас гадна байгууллагын ажлын онцлогийг харгалзан хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдлуудад ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар цуцална. 2.2.11.б-д ажилтан ажлын 3 өдөр дараалан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэж тус тус заажээ. /1хх-ийн 84/

 

6.3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд ажил тасалсан хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна.

 

6.4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан ЭХЭМҮТ-ийн ирцийн бүртгэлд Д.Б 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдөр хүртэл ажилдаа ирсэн болох нь ирц бүртгэлд бүртгэгдсэн байна. /2хх-ийн 109/

 

6.5.Хариуцагч нь нэхэмжлэгчийг цагийн бүртгэлд бүртгүүлсэн ч ажлаа гүйгээгүй гэж тайлбарласан боловч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг гүйцэтгээгүй, ажил тасалсан болохыг тогтоосон баримтгүй байна.

 

6.6.Дээрхээс дүгнэвэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2.5-д заасныг баримтлан Д.Бг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

6.7.Зохигч талууд нэхэмжлэгчийн цалинг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд тооцож олгосон талаар маргаагүй. Нэхэмжлэгч Д.Бгийн ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /бүтэн ажилласан хугацаа болох 2021 оны 10, 11, 12 сарын дундаж цалин хөлс 5,372,517 төгрөг, 1 сарын дундаж цалин 1,790,839 төгрөг /-оор, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 30 хоног тооцож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,790,839 төгрөг байна.

 

6.8.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

 

6.9.Мөн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Д.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийх үүрэгтэй.

 

6.10.Иймд хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 1,790,839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, Д.Бгийн ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

6.11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Э ХХК захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бг Э ХХК ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч  төвөөс 1,790,839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн  төвд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР