Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01563

 

 

 

 

 

 

 

 

2022 08 22 210/МА2022/01563

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02122 дугаар шийдвэртэй, Д.Бгийн нэхэмжлэлтэй, ХХХХ төвд холбогдох хххх төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 дугаар тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ХХХХ төвд ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж эхэлсэн. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалаар Д.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан ба уг тушаалыг урьдчилан мэдэгдэж танилцуулаагүй, ямар нэгэн тайлбар аваагүй.

Тус тушаалдаа сахилгын шийтгэл оногдуулж буй үндэслэлээ хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй,мөн санхүү нягтлан бодох бүртгэлийн ажлын зөрчил гаргасан, тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь өгдөггүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан гэжээ.

1.1. Миний бие хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажилласан бөгөөд ямар үүрэг, даалгаврыг биелүүлээгүй гэж үзэж байгаа талаараа сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа тусгаагүй.

Мөн санхүү, нягтлан бодох бүртгэлийн ямар зөрчил гаргасан болохоо ойлгохгүй байгаа ба ажил, чиг үүргээ холбогдох хууль тогтоомж, удирдлагаас өгөгдсөн чиглэлийн дагуу хийсэн. Резидент эмч нарт 2022 оны 01 дүгээр сарын цалинг олгох, зардал гаргах зөвшөөрлийг Ш.А захирал 2022 оны 01 дүгээр 31-ний өдөр А/20 дугаар тушаалаар олгосон. Тус тушаалын дагуу 2022 оны 02 дугаар сарын 01-ний 68 тоот албан бичгээр Сангийн яаманд цалингийн зардал гаргах хүсэлт гаргаж улмаар резидент эмч нарын цалинг тооцон олгосон.

Резидент эмч Б.Б-ын Хүний нөөцийн албанд гаргасан өргөдлийг миний бие Хүний нөөцийн албанаас өгсөн зөвшөөрлийн дагуу нийгмийн даатгалын тайланг нөхөж гаргах асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн. Резиндент эмч нарын цалин олгоход эхлээд тушаал гаргаж дараа нь Сангийн яаманд албан ёсоор бичгээр хүсэлт гаргаж зардал гаргах зөвшөөрөл авсны үндсэн дээр ажлын 2-3 хоногт цалин олгодог журамтайг захирал Ш.А мэдсээр байж 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тушаал гаргасан.

Ажилчдын цалин олгох асуудлыг би ганцаар шийдвэрлэх эрхгүй бөгөөд удирдлагаас өгсөн тушаал, шийдвэрийг үндэслэн холбогдох журмын дагуу явагддаг тул миний бие дээрх асуудалд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй.

Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ковид-19 цар тахлын халдвар авч мөн өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд эмнэлгийн магадалгаагаар ажлаас түр хугацаанд чөлөөлөгдсөн байсан. Гэсэн хэдий ч намайг ажлаас эмнэлгийн магадалгаагаар түр чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд миний ажлыг хүлээн авч орлон ажиллах хүнийг удирдлагын зүгээс томилоогүй тул зайнаас ажил үүргээ гүйцэтгэж, жилийн эцсийн санхүүгийн тайланг Эрүүл мэндийн яамнаас тогтоосон хугацаанд нь гаргаж 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр программд шивж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яаманд албан бичгийн хамт хүргүүлсэн.

Энэ нь Эрүүл мэндийн яамны сайдын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн яамны харьяа агентлаг, газар, нэгжийн удирдлагуудад хүргүүлсэн А/420 дугаар албан бичгээр нотлогдоно.

Мөн миний бие өөрийн ажлын тайлан, төлөвлөгөөг холбогдох журамд заасан хугацаанд илгээдэг боловч дэд захирал П.Ж ямар нэгэн үндэслэлгүйгээр хүлээн авалгүй буцааж баталгаажуулдаггүй.

Тайлан, төлөвлөгөөгөө тогтоосон хугацаандаа явуулдаг болох нь миний албаны цахим шуудан, ажлын дотоод мессенжер зэргээр тогтоогдоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, хххх төвийн хөдөлмөрийн дотоод журмын 2.3.3-т тус тус заасныг зөрчиж захирал Ш.А сахилгын шийтгэл ногдуулахдаа урьдчилан мэдэгдэж тайлбар аваагүй, холбогдох тасаг, албадын дарга нараас саналыг нь авч зөвлөлийн хурлаар хэлэлцэлгүйгээр дур мэдэн санаатайгаар хууль бус шийдвэр гаргасан.

1.2. Тус тушаалд намайг бүтэц, орон тоонд огт байхгүй эд хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллуулах шийдвэр гаргасан атлаа өнөөдрийг хүртэл ажилд томилсон тушаал гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй.

1.3. Захирал Ш.А нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр А/73 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасны дагуу ажлаас халсан. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгт давсаг сойх, хярзан нөхөх мэс засалд орж шаардлагатай эмчилгээ хийлгэсэн. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс ажилдаа цагийн хуваарийн дагуу очиж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Хуульд зааснаар ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан түүндээ ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар харилцан тохиролцож тусгах шаардлагатай байдаг бөгөөд хэрэв ажилтан гэрээнд тусгасан ноцтой зөрчилд тооцогдох зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар дуусгавар болгох урьдчилсан нөхцөл бүрдэнэ.

Гэтэл ЭХЭМҮТ-ийн захирал Ш.А надтай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй. Иймээс намайг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд хууль бус юм.

Тус тушаалд Хөдөлмөрийн гэрээний 3.6.8, Хөдөлмөрийн дотоод журмын 1.10 дугаар зүйлийн 1.10.1, 1.10.2, 2.2 дугаар зүйлийн 2.2.11, 2.2.11б-д заасныг үндэслэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11.6-д ажилтан ажлын 3 өдөр дараалан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцохоор заажээ. Үүнээс үзвэл, миний бие ажил тасалсан гэх зөрчил огт гаргаагүй. Намайг хэн, хэзээ, ямар тушаал шийдвэр гарган Үндсэн хөрөнгө бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд томилсныг би мэдэхгүй буюу ийм зүйл болоогүй байхад томилогдоогүй албан тушаалаас халсан нь огт үндэслэлгүй, хууль бус байна.

1.4. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлс огт олгоогүй. Иймд ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Агийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33, мөн оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/73 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, Эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлөлт хийж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.Б нь хххх төвийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ахлах нягтлан бодогчоор 5 жил ажилласан. Тэрээр хөдөлмөрийн гэрээ, Санхүү нягтлан бодох бүртгэлийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт болон Нягтлан бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь удаа дараа биелүүлэхгүй, хариуцлага алдсан, ажлын цаг баримталдаггүй зэрэг зөрчлүүдийг удаа гаргаж, удирдлагуудаас удаа дараа сануулсаар байтал дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргасан. Иймээс түүнд ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цалинг нь бууруулахгүйгээр уг тушаалаар үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчоор томилсон.

2.1. Ахлах нягтлан бодогч Д.Б нь ажлын байрны 5-ын үндсэн зорилтын хүрээнд холбогдох тайлан, мэдээг цаг тухайд нь гаргаж өгөх гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. хххх төвийн 2021 оны бичмэл тайланг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны дотор Эрүүл мэндийн яам руу явуулсан.

Энэ тайланд төвийн бүх алба, тасаг нэгжүүд өөрсдийн харьяалах албаны дарга болон тасгийн эрхлэгч нар өөрсдийн холбогдох хэсгийг жилийн эцсийн байдлаар нэгтгээд явуулдаг боловч Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба ирүүлээгүй. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн шуурхай хурал дээр Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан Н.Анандра тайлангаа хугацаанд нь ирүүлэхийг түүнээс удаа дараа хүссэн.

Мөн Хүний нөөцийн албаны дарга, Хуулийн зөвлөх Б.Ц нь төвийн хэмжээнд Хууль хэрэгжилтийн тайлангаа хугацаандаа ирүүлэхийг шуурхай хурал дээр болон телеграммаар шаардсан боловч Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанаас тайланг хугацаандаа ирүүлээгүй.

Ахлах нягтлан бодогч Д.Бгийн ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд заагдсан төвийн ажилчдын цалин, цалингийн суутгалд хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, тогтоосон хугацаанд олгох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. хххх төвийн Ерөнхий захирал Ш.А нь 2022 оны 01 дүгээр сарын 10, 31-ний өдрийн хуралдаан дээр төвийн бүх цалинг цаг хугацаанд нь олгохыг анхааруулсан. Гэвч резидент эмч нарын цалинг цаг хугацаанд нь тавиагүй хоцроосон. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай байгууллагын дансанд резидент эмч нарын цалин 150,399,416 төгрөг орсон ахлах нягтлан бодогч Д.Б-гийн хариуцлагагүй үйлдлээс болж 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цалинг тавьсан байна.

2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын шалгалт орж, тус аудитаас санхүүгийн холбогдолтой баримтуудыг цаг хугацаандаа гаргаж өгөхийг шаарддаг боловч ахлах нягтлан бодогч Д.Б нь аудитаас шаардсан бичиг баримтуудыг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй удаасан зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 энэ хуулийн 17.1-д заасан эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх", Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т 14.2.3.аудиторын шаардсан баримт, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх зэрэг заалтуудыг зөрчсөн.

Мөн Төвийн стратеги төлөвлөгөөний дагуу эд хөрөнгийг бар коджуулаагүй нь ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд заагдсан хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, төвийн өмчийн тооллогын үйл ажиллагааг зохион байгуулахад хяналт тавих, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасан үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.

Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанд ажилладаг Эмийн нөөцийн нягтлан бодогч П.О нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажлын байран дээрээ согтуу ирснийг албаны дарга нь мэдсээр байж түүний нуун дарагдуулж ямар нэгэн арга хэмжээ авахгүй нь ажлын байрны тодорхойлолтын II зорилтын хүрээнд болох тооцооны нягтлан бодогч болон нярав нарын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.11-д заасныг зөрчсөн. Дээрх зөрчлүүдийг гаргасан тул ахлах нягтлан бодогч Д.Б-г 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/ЗЗ дугаар албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, Үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчоор томилсон байна.

2013 онд батлагдсан Эрүүл Мэндийн Сайдын А/413 дугаар тушаалаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүрэм, бүтцийг баталсан. Үүнд Үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчийн орон тоо-2 батлагдсан байдаг. Ахлах нягтлан бодогч Г.О үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. Харин түүний оронд ахлах нягтлан бодогч Д.Бг Үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчоор албан тушаалд цалин бууруулахгүйгээр сэлгэн ажиллуулах тушаал гарсан.

2.2. Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ахлах нягтлан бодогчийн ажлаа хүлээлгэж өгөөд, энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр асуудлаа шийдүүлнэ гээд үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажлаа хүлээж аваагүй, мөн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл өвчтэй байсан. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс ажилдаа ирж байгаа нэрийдлээр ирц бүртгэлийн код оруулж бүртгүүлсэн хэдий ч тэр хүн ажлын байран дээрээ ажлаа хийж гүйцэтгээгүй, үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажлаа хүлээж авахгүй.

Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 259 тоот албан бичигт Д.Б нь Эмэгтэйчүүдийн кабинетад 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн цаг авч үзүүлсэн, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийлгэсэн гэх эмнэлгийн магадалгаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журам-ын хэдэн хэдэн заалтыг зөрчсөн байна.

Энэ асуудлаар тайлбар авч, хурал хийх гэтэл Д.Б нь би шүүхээр асуудлаа шийдүүлж байгаа учраас би чамтай уулзахгүй, энэ талаар тайлбар хэлэхгүй гээд явсан. Ингээд Хөдөлмөрийн гэрээний 3.6.8, хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д тус тус заасныг үндэслэн түүнийг Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч ажлаас нь чөлөөлсөн

Үүнтэй холбогдуулан тойрох хуудсаар тооцоо нийлэн ээлжийн амралтын олговорт нийт 1,672,120 төгрөгийг түүний цалингийн дансанд шилжүүлсэн. Иймд нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өнгө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хххх төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бг хххх төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч хххх төвөөс 1,790,839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2022 оны 02 дугаар сарын 17-ны А/33 дугаар тушаал үндэслэлтэй. Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд ковид-19 өвчнөөр өвдөж эдгэрсэн боловч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл байгууллага дээр өрөөндөө ажлаа хийсэн. Энэ хугацаанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгууллагын дансанд резидент эмч нарын цалин орсныг 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл бусдад хэлэлгүй тэднийг хохироосон.

Тэрээр энэ хугацаанд ажиллаж цалингаа бүтэн авсан тул энэ хугацаанд ажилдаа гаргасан алдаа дутагдалдаа тохирсон хариуцлагаа хүлээх нь шударга юм. Иймд түүний өвчтэй байх хугацааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.

Аудитаас шаардсан бичиг баримтуудыг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй удаасан зөрчлүүдийн талаар Г.Э мэдүүлсэн байтал зөрчлийн талаар баримтгүй, аудитаас тайланг хугацаанд нь өгсөн гэж буруу дүгнэсэн.

Хууль зүйн тайланг 5 хоног хоцроосон нь шуурхай хурлын тэмдэглэлд тусгагдсан байхад зөрчлийг нотлогдоогүй гэж буруу дүгнэсэн.

Нягтлан бодогч П.О-ийн ажлын байранд согтуу ирсэн ноцтой зөрчлийг нуун дарагдуулж, мэдэгдээгүй байхад шүүх Д.Бг мэдэгдэх үүрэггүй мэтээр үндэслэлгүй дүгнэсэн.

4.2. 2022 оны 05 дугаар сарын 09-ний А/73 дугаар ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй. Учир нь Д.Б-гийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс мөн сарын 19-ний өдөр хүртэл ажилдаа ирсэн нь ирц бүртгэлд бүртгэгдсэн гэж дүгнэсэн боловч уг зөрчилтэй холбоотой бусад нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй орхигдуулсан.

Мөн түүний ажлын байранд бусад ажилтнуудтай дэмий ярьж байгаад гараад алга болдог, хүний нөөцийн алба болон ахлах нягтлан бодогч нарт үндсэн хөрөнгө материал хариуцсан нягтлан бодогчийн ажлыг хүлээж авахгүй, хийхгүй, хөдөлмөрийн гэрээ хийхгүй, гэрээнд гарын үсэг зурахгүй гэсэн тайлбар хэлж ажил хийдэггүй талаар хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн байхад түүний ирцээ бүртгүүлсэн гэх үндэслэлээр зөвтгөж, уг зөрчилд хариуцлага хүлээлгэснийг буруутгасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-г резидент эмч нарын цалинг хугацаа хоцроож олгосон гэж дүгнээгүй ба энэ явдал нь түүний ковид19 цар тахлын халдвар авч эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд болсон тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримдууд болон шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлгээс Д.Б байгууллагын дансны мэдээллийг харах эрхтэй ч дансанд санхүүжилт орсон талаар мэдэгдэх, мэдэгдэлийн дагуу цалин олгох тушаал гаргах эрх бүхий субьект болох энэ сургалт сурталчилгааны албаны дарга Г.Г нь эмнэлгийн магадлагааны хугацаа дуусаад ажилдаа ороод 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр резидент эмч нарт цалин олгох тушаалын төслийг боловсруулж ерөнхий захиралдаа өгсөн ба ерөнхий захирал 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цалин олгох тушаал гаргасан.

Энэ дагуу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сангийн яамнаас энэ цалингийн төсвийг захиран зарцуулах эрх хүссэн албан бичиг өгсөн нь хэргийн материалд авагдсан. Иймд резидент эмч нарын цалинг олгох нь ганц Д.Бгийн үүрэг биш ба хугацаа хоцроосон нь сургалтын албаны дарга Г.Г, захирал Ш.А нартай холбоотой.

Гэрч Г.Э нь аудитын шалгалт хийхдээ ямар баримт материал шаардсаныг хэзээ гаргаж өгөөгүй талаар хариулаагүй.

Хуулийн хэрэгжилтийн тайланг хугацаанд нь өгөөгүйтэй холбоотой байдал эрүүл мэндийн яамны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, хүний нөөцийн албаны дарганы н.Ц-гийн Д.Бтай харилцсан телеграмм чатаар тогтоогдоно. Д.Б тус тайланг гаргах эрх бүхий итгээд биш, зөвхөн шаардлагатай мэдээллийг нь гаргаж өгөх үүрэгтэй байсан.

Нягтлан бодогч н.О-гийн зөрчлийг нуун дарагдуулсан учраас сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарладаг. Энэ талаар тушаалдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.11-д заасныг удирдлага болгосон.

Байгууллага нь ажилтнуудыг мэргэших, өдөр тутмын ажлыг хянах, сургалтад хамруулах үүрэг хүлээснээс сахилгын шийтгэл гаргасан эсэхийг шалгаж тогтоогоод субьект юм. Мөн энэ зөрчлийг тогтоосон баримтгүй.

Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд ажилдаа очсон нь ирцийн бүртгэлээс харагддаг. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А33 тушаалаар нэхэмжлэгчийг байгууллагын бүтэц орон тоо нь байхгүй эд хөрөнгийн нягтлан бодогч гэсэн албан тушаалд шилжүүлэн ажилуулснаас өөрөөр Д.Бг ямар нэгэн албан тушаалд томилоогүй ба хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар, мөн оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, тус төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэж дүгнэсэн нь зөв байна.

 

3.а. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар Д.Бг Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилж, тэрээр ажил олгогчтой 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан үйл баримт талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогджээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 7 дахь тал/

 

4. хххх төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалаар Д.Бг сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнд албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

/хэргийн 1 дүгээр хавтасны 15 дахь тал/

 

4.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар зохицуулсан.

 

5. Дээрх тушаалд санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогч Д.Бд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, санхүү нягтлан бодох бүртгэлийн ажлын зөрчил гаргасан, тайлан төлөвлөгөөгөө цаг хугацаанд нь өгдөггүй зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэл заасан байна.

 

5.а. Ажилтан нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлэх үүрэгтэй талаар талууд хөдөлмөрийн гэрээний 4.4.1-т тохиролцжээ. Уг үүргийг ажилтан зөрчсөн нөхцөлд түүнд сахилгын шийтгэл ногдуулдаг байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь ажлын байрны тодорхойлолтоор хххх төвийн ажилчдын цалин, цалингийн суутгалд хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, тогтоосон цаг хугацаанд нь олгох, татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр хуулийн хугацаанд шилжүүлэх, холбогдох тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаж өгөх үүрэг хүлээжээ.

 

5.б. Хариуцагч байгууллага сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ нэхэмжлэгч Д.Б 2021 оны тайлан, 2022 оны төлөвлөгөөг хоцроосон зөрчлийг гаргасан гэж тайлбарласан байна.

 

хххх төвийн хөдөлмөрийн дотоод журмын 1.14-т зааснаар Шуурхай зөвлөгөөнийг 7 хоног тутмын даваа гарагийн 09:30 цагт хийж үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцдэг байна. Тус төвийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр Д.Бд Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан Н.А Санхүү нягтлан бодох бүртгэлийн тасгийн ирүүлсэн тайланд тусгах зүйлсийн талаар болон эд хөрөнгийг бар коджуулах ажил хэрэгжихгүй байгаа талаар хэлсэн, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үеэр тус төвийн захирал хууль зүйн тайланг 5 хоног хоцроосон, хэзээ өгөх талаар тайлбар авсан, Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан Н.Анандра эд хөрөнгийн бар коджуулах ажлын талаар тус тус асууж байжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 82, 160-171 дэх тал/

 

Тус төвийн санхүүгийн тайлан хүргүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 тоот албан бичиг болон Эрүүл мэндийн яамны санхүүгийн тайлан ирүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1а/420 тоот албан бичиг зэргээс үзвэл нэхэмжлэгч Д.Б хариуцагч байгууллагын 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Эрүүл мэндийн яамнаас тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

/ хэргийн 1 дүгээр хавтасны 19, хэргийн 2 дугаар хавтасны 7 дахь тал/

 

Дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Д.Бг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаж өгөх үүрэг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

5.в. Мөн хариуцагч байгууллага сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ нэхэмжлэгч Д.Бг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр болсон 2021 оны санхүүгийн аудитын шалгалтаар шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхгүй удаасан зөрчлийг гаргасан гэж тайлбарласан байна.

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 2021 оны санхүүгийн тайланд аудит хийсэн Ай Жэй Эй Эйч ХХК-ийн аудитор, захирал Г.Э-гийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт ...санхүүгийн тайлан нэгтгэхдээ ... алдааг шалгаагүй, ...01 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд өгөх ёстой, ...материалуудаа хугацаандаа өгдөггүй гэжээ. /хэргийн 2 дугаар хавтасны 143-144 дэх тал/

 

Дээрх сахилгын зөрчлийг хариуцагч байгууллагын зүгээс тогтоосон баримтгүй, гэрчийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар эргэлзээгүйгээр нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Д.Б-г хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүрэг зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.г. Ахлах нягтлан бодогчийн ажлын байрын тодорхойлолтоор Д.Б нь ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь олгох үндсэн үүргийг хүлээсэн байх ба хариуцагч байгууллага түүний энэ үүргээ хэрэгжүүлэлгүй резидент эмч нарын цалинг хоцроож олгосон гэх үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн орлогын дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр резидент эмчийн цалин 1 сар, НДШ гэх утгаар 150,399,416 төгрөгийн орлого орсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 146 дахь тал/

 

Нэхэмжлэгчийн ...миний бие 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ковид-19 цар тахлын халдвар авч мөн өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд эмнэлгийн магадалгаагаар ажлаас түр хугацаанд чөлөөлөгдөж, зайнаас ажил үүргээ гүйцэтгэж байсан ч шаардлагатай үед ажлын байран дээр ирж ажилласан гэх тайлбараас үзвэл тэрээр тухайн цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр резидент эмч нарын цалин байгууллагын дансанд орсныг шалгаагүйгээс 01 дүгээр сарын цалинг хоцроож, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон үйл баримт тогтоогдсон.

 

5.д. Д.Б-г ажлын байрны тодорхойлолтод заасан төвийн ажилчдын цалин, цалингийн суутгалд хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, тогтоосон цаг хугацаанд нь олгох, татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр хуулийн хугацаанд шилжүүлэх үүргийг зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзнэ.

 

5.е. Иймд хариуцагч хххх төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Б-гийн гаргасан зөрчилд албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Харин уг тушаалд Эд хөрөнгийн нягтлан бодогчийн албан тушаалд ажиллуулсугай гэж техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзнэ. Учир нь хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Д.Б-г Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан албан тушаалд томилсон гэж тайлбарладаг ба тус төвийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 дугаар тушаалд нэхэмжлэгчийг Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн байна. Дээрх техникийн шинжтэй алдаа нь тус тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

5.ё. хххх төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалаар Д.Б-г тус өдрөөс ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд бууруулан томилсон гэж үзнэ. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Б-гийн хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг залруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

6. хххх төвийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.8, хөдөлмөрийн дотооод журмын 1.10 дугаар зүйлийн 1.10.1, 1.10.2, 2.2 дугаар зүйлийн 2.2.11, 2.2.11.б-д заасныг тус тус үндэслэл болгон Д.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 15 дахь тал/

 

Тус тушаалд Д.Бг ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлон түүнийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд ажил тасалсан гэж тайлбарлажээ.

 

6.а. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг дээрх тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

6.б. Нөгөө талаар хххх төв нь Д.Б-г албан тушаалж бууруулан өөр ажилд томилохдоо үүнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулж, цалин хөлс, ажил үүргийн хуваарийг талууд харилцан тохиролцох байсан. Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нөхцөлд Д.Бг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

 

Иймд Д.Б-г урьд эрхэлж байсан тус төвийн Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.2.2-т заасантай нийцнэ.

 

7. Нэхэмжлэгч Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш цалин аваагүй байх тул энэ өдрөөс шүүхийн шийдвэр гарган 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 1,790,839 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

7.а. Хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Д.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-г хххх төвийн Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тус төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ